• Өнөөдөр 2024-05-17

БАЯНХОНГОРЫН НААДАМ “ҮЙМҮҮЛЭГЧ” САРЛАГИЙН ЭЗЭН Д.БАТЖАРГАЛ: НААДМААР ЗҮГГҮЙТСЭН “ФЭЙС БОР” ЧИНЬ МАНАЙ ХОТНЫ ХАМГИЙН НОМХОН НЬ ШҮҮ ДЭЭ

2022-05-23,   8608

           ...“Та хэдийг Улаанбаатараас манайхыг зорьж явна” гэдгийг сонсоод нойр хүрсэнгүй. Отрын бор гэртээ яаж хүн оруулна аа. Сэтгүүлч ирж байгаа юм чинь Баянхонгорын наадмаар “сахилгагүйтсэн” бор гунын маань талаар асуух болно. Бор гунынхаа талаар юу ярих вэ” гээд эхнэртэйгээ шөнөжин шивэр авир гэж хонолоо. Нөгөө наадам үймүүлсэн “хэрэгт” унасан гуныг чинь “Фэйс бор” гэдэг болсон. Ижил сүргээ дагуулаад өнөөх маань өвөлжөөний ойролцоо байгаа байх даа. Отроор явж байгаа болохоор зутруу, хүн хүлээж авахад хэцүү, сарлаг маань ч байхгүй байна даа. Гэхдээ та хэд нэгэнт зорьсон бол хүрээд ирэхээс яах вэ. Сумын төвөөс гарахдаа заавал яриарай. Манай ийшээ ирэх зам тун бартаатай, баргийн машин явахгүй шүү. Замдаа таарсан айлуудаас “Даваасамбуу гуайн хүүхдүүд хаагуур зусаж байна вэ” гээд асуугаад явна биз. Голоо өгсөөд яваад байгаарай. Хайрханыг даваад л манайх гурван гэрээрээ хаваржиж байгаадаа, андашгүй” хэмээн утсаар ярин, зам зааж өгөх малчин эрийг Даваасамбуугийн Батжаргал гэдэг.

ЭРХЭТ ХАЙРХНЫ БЭЛД ХАВАРЖИХ АЙЛУУД

       Уншигчид түүнийг Баянхонгор аймагт болсон Бурхан шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадмын нээлтийг “үймүүлэгч” бор сарлагийн эзэн гэвэл эчнээ таних болов уу. Уншигчдын эчнээ танил болсон малчин залуугийн хотноос сурвалжилга бэлтгэхээр томилолт өвөртлөн Улаанбаатар хотоос гарч, тэртээ 700 орчим километрийн зайд орших Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд очоод түүнтэй утсаар ярьсан минь энэ. Д.Батжаргалынх Эрдэнэцогт сумын тавдугаар баг, Эрхэт хайрхны энгэр бэлд хаваржиж байгаа гэнэ. Эрхэт хайрхан Эрдэнэцогт сумын хамгийн өндөр уул. Завхан аймгийн Отгонтэнгэр, Архангайн Суварга хайрхантай бараа бараагаа харалцан оршдог гэнэ.  

ЭРХЭТ ХАЙРХНЫ ЭНГЭР БЭЛД ХҮРЭХИЙН ТУЛД БАРТААТ ЗАМААР ДАВХИНА

          Хад чулуутай ихтэй уулын замаар дөрөө харшуулан давхисаар бид Эрхэт хайрхны баруун суганд очлоо. Д.Батжаргалын хэлсэн бартаатай зам эндээс бүүр ч тодорч харагдах аж. Чулуун дундуур туучиж, Эрхэт хайрханы нуруун дээр очих юм байна. Зам гэж үнэхээр тамтаггүй, бартаа ихтэй юм аа. Зуны тэргүүн сар гарчихсан хэрнээ энд цас ханзраагүй, голын мөс бүрэн унаагүй, сэрүүхэн гэж жигтэйхэн. Гэхдээ цагийн аясаар салхины илд зөөлөрч, нялх төлийн дуу цангинасан уртын урт хавар энэ хангайд болж байна. Жолооны хүрдээ буруу мушгивал том чулуу машины тэнхлэг тэвхтэх гээд айдастай юм. Тогоруу шувуу дэлхий цөмөрчих байх гэсэндээ зөөлхөн зөөлхөн алхдаг юм гэнэ лээ. Түүнтэй адилхан манай машиныхан агаарт суух нь холгүй, амьсгаагаа түгжиж, замаас харцаа салгалгүй хоёр цаг орчим машинд нааш, цааш сэгсчүүлж, хайрхны оройд хүрэв. Энэ хүртлэх хугацаанд жолооч маань буцъя гэж хэдэн ч удаа хэлсэн юм, бүү мэд. Бид ч зорьсон айлдаа хүрэх гээд дүлий дүмбэ царайлж байгаад хайрхны оройд гараад авлаа. Эндээс хоёр километр яваад Д.Батжаргалынд очно. Гэхдээ бас л бартаа ихтэй зам зурайж байх ажээ. 

           Баянхонгор аймаг бороо ихтэй байна. Говийн сумдаар нь хүртэл өдөр болгон шахуу бороо шиврээд сайхан зун болж байгаа гэнэ лээ. Эрдэнэцогт суманд ч ялгаагүй бороо шивэрч, үүлсийн цаанаас нар дөнгөж цухуйх ажээ. Энхэл, донхол замаар 50 гаруй  километр давхисаар бид Эрхэт хайрхныг даваад малчин Д.Батжаргалын хотонд ирлээ. Чандманилан буусан гурван гэрийн яндангаар аргалын хөх утаа суунаглаж, малын хотонд ишиг, хурга майлалдаж, хүүхдүүд машины бараагаар гэрийн хаалга онголзуулж, уяан дээр нь морьд янцгааж, хүний чимээнээс үргэх аж. Олон хүн бужигнадаггүй, замын хүн дайран өнгөрдөггүй энэ нутаг хамгийн онгон дагшнаараа байгаа нь энэ байх. Уулсын орой, урд харагдах хөндийгөөр ганцхан бүдэг зам л баруунаас зүүн рүү чиглэжээ. Малын жимээс өөр гарсан мөргүй энэ нутагт Д.Батжаргалынх жилийн дөрвөн улирал урдаас хойшоо, хойноос урагшаа нүүдэлж, намаржиж, хаваржиж, өвөлжиж, зусдаг гэнэ. Зусландаа хараахан буугүй байгаа Д.Батжаргалынх ах, дүүгийнхтэйгээ хаваржиж байна.

ЗАЛУУ МАЛЧИН Д.БАТЖАРГАЛЫНХ ДӨРВӨН ХҮҮХЭДТЭЙ ӨНӨР АЙЛ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМЫН МАЛЧИН Д.БАТЖАРГАЛ, ЭХНЭР П.АЗБАЯР, ХҮҮ Б.ШИЙРЭВ НАР. 2022.05.19

             Биднийг очих үеэр гэрийн эзэн эзгүй байлаа. Тэрбээр биднийг ирэх сургаар сарлагаа хураахаар хойд хөндий рүү давхижээ. Гэргий П.Азбаяр нь хоёр хүүтэйгээ гэрээ сахиад үлдсэн байв. Тогоо дүүрэн борцтой цуйван хийж, гал дээрээ цай буцалгах тэрбээр “Та хэд яасан удав аа. Ганган машинтай улс яваад, хайрхны баруун дор элгээрээ хэвтсэн байх вий гэж айж байлаа. Ядахад манай энэ хавийн эрчүүд сарлагтаа яваад сураггүй алга боллоо. Олдохгүй байгаа юм болов уу даа. Уг нь бидний зургаас илүү хэдэн сарлаг, алдарт бор гуна, сарлагийн наадамд олон айрагдсан хар эрээн гунын маань зураг та бүхэнтэй сонинд байх болов уу гээд манай хүн мордсон. Зам айхтар байгаа биз, та хэд хайрхны аль талаар нь ирэв. Замд чинь хүн таарав уу. Манай ийшээ ч зорьж ирэхгүй бол хэцүү. Та хэд харин замаасаа буцалгүй хүрээд иржээ. Олон ч хүн “Сумын төвд эргээд ирлээ. Зам чинь ёстой явахад хэцүү юм” гээд замаасаа буцчихсан байдаг юм” гэж ярьсаар цайгаа самрав.

Д.БАТЖАРГАЛЫН БАГА ХҮҮ БАЯРЖАРГАЛ

                Д.Батжаргал 36 настай, түүний эхнэр П.Азбаяр ч ойролцоо насных. Эднийх дөрвөн хүүхэдтэй, том нь охин, гурван бага нь хүү. Долдугаар ангийн хүүгээ сургуулиас нь гаргаад, малчин болгохоор бэлдэж байгаа гэнэ. Хамгийн бага хүү нь дөнгөж ой гарантай. Харин том охин, дунд хүү нь аймгийн төвд сургуульд сурдаг. П.Азбаяр өнгөрсөн жил Алдарт эхийн одонгоо авчээ. Тэрбээр “Хоёр хүүхдээ сургууль соёл бараадуулаад эмээтэй нь аймагт хүргэсэн. Том хүү маань ковидын үед хоёр жил сургуульдаа яваагүй. Гэртээ байсаар байгаад залхсан уу, яасан бүү мэд энэ жил сургуулиасаа гарсан. Аав нь “Сургууль бараадахыг нь бараадуулаад, малаа дагахыг нь дагуулъя” гээд хүүгээ сургуулиасаа гарахад нь хориглоогүй. Малд дуртай, дөртэй болохоор хэдэн малаа хараад амьдарна биз ээ. Хөдөөгийн бидэнд ч хүн хүч хэрэгтэй, бүл муутай байх шиг хэцүү юмгүй. Манайх шиг отроор явдаг байнга явдаг айлд тэр дундаа хүн хүч хэрэгтэй” гэлээ.

Д.БАТЖАРГАЛЫНХ ОТРООР ЯВЖ, МАЛАА ТӨЛЛҮҮЛЖЭЭ

              Эрхэт хайрхны энгэр бэлийг эмжиж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт байх Улаанцутгалан руу цутгадаг Эрхэтийн гол Д.Батжаргалын дөнгөж урдуур нь урсдаг. Энэ голоос энэ хавийн айлууд ундны усаа авч, малаа ундаалдаг ажээ. Д.Батжаргалын том хүү Б.Шийрэв морио услахаар гол руу хөдөллөө. Эднийх отроор явж, малаа төллүүлсэн учраас зутруу байгаа гэдгийг түүний эхнэр хэдэнтээ давтаж хэлэв. Санаа нь зовоод байгаа бололтой “Ширээ байхгүй болохоор идээгээ газар тавьлаа. Инээдтэй ч юм болж байна даа, манайх ганцхан сандалтай байна. Уг нь ч 10 хүрэхгүй хоногийн дараа зусландаа буулаа даа. Тэр үед л хоёр талд байсан бид нийлж авна даа. Манайх энэ жил арванхоёрдугаар сард оторт гарлаа. Манай нөхрийн ах, дүүгийнх айл аймаг байдаг юм. Бог маань төллөөд дууссан. Богоо төллүүлэх гэж л оторт их удлаа. Сарлаг маань тугалж дуусаагүй байна. Манай энд одооноос л гайгүй дулаарч байна. Тэрнээс их хүйтэн байдаг. Долоо, наймдугаар сард гайгүй сайхан дулаахан болдог. Зургадугаар сард ч бид хөвөнтэй дээлнээсээ тэр бүр амархан салчихгүй шүү дээ. Энэ хавар их сайхан өвөл, хавар боллоо шүү. Төлөө бүрэн гүйцэт бойжууллаа, мал маань сайн тарга тэвээртэй онд орлоо. Малчин бидэнд ч үүнээс илүү жаргал гэж хаа байх билээ дээ. Хүн, малгүй зоо тэнэгэр ногооны захаас атгаад авлаа. Одоо ч намар хүртэл айх аюулгүй, алцах юмгүй болсон доо. Хүүхдүүд маань удахгүй амраад ирнэ. Та хэд нэмээд хоол идээрэй. Шөлтэй хоол хийдэг байж уу. Баяржаргалаа, миний хүү гараарай, аав нь ирж байна уу” гэхтэй зэрэгцээд гэрийн суурин утас хангиналаа.

             Гэрийн эзэгтэй харилцуураа аваад “Улаанаа хэдэн гунаа олоо юу. Хүмүүс ирчихсэн байна. Бушуухан явуулаарай” гээд салгав. Тэгээд бидэнд хандаж “Ашгүй олсон гэнэ ээ. Өвөлжөөний тэндээс явахад 30 минут л болдог юм. Та хэд хоол, цай идээд хүлээж бай. Удахгүй давхилдаад л ороод ирнэ” гэв. Д.Батжаргалыг гэрийнхэн нь Улаанаа гэж дууддаг ажээ.

ЭМНЭГ СУРГАСАН НЬ

             Гэрийн гадаа пижигнэлдээд л явчихлаа. “Хүүе ээ, цулбуурыг нь сайн бариарай. Бахардуулчихваа” гээд нэг эмэгтэй чанга дуугаар хашхирав. Бид ч жижигхэн гэрийн хаалгаар нэгийгээ дайрах нь холгүй чихэлдэж, түргэхэн гаргав. Хажуу айлын хоёр залуу эмнэг сургаж байгаа гэнэ. Нэг нь хээр зүсмийн шүдлэн, хязаалан бололтой жижиг адуун дээр мордчихсон, нөгөөх нь цулбуураас нь зулгаагаад урд хөндий рүү таваргаж харагдлаа. Эмнэг адуу чамгүй булгиж байгаа харагдана. Тэгээд гэнэтхэн зогсоод, гэнэтхэн давхиад л байгаа бололтой байв.  Чангаар дуугараад байсан эмэгтэй хонины хашааны хажууд зогсонгоо “Хаврын адуу туранхай байлгүй яах вэ. Бахардчихлаа. Цулбуурыг нь дээш нь сайн бариарай” гэв. Залуугийн сургахаар унасан адуу хэдийнэ номхорчихсон уяа руу сажлав. Тэр эмэгтэй Д.Батжаргалын том ахынх нь гэргий ажээ. Гурван гэрээрээ хаваржиж байгаа учраас бүл ихтэй нь илт. Эмнэг сургаж байгаа хоёр залууг харахаар гурван гэрийн хаалгаар олон хүн гарч, гэрийн хаяад эгнээд зогссон байсан юм. Энэ хавийнхан одооноос долоо хоногтоо л нэг удаа эмнэг  сургаж байх юм гэнэ. Тэгэхгүй бол номхон хэдэн морь нь өвөл, хаваргүй унаж талхиад хүч тэнхээгүй болжээ. Тийм учраас хонины морь бэлдэж байгаа нь энэ. Д.Батжаргалынх нь тэмээнээс бусад халуун хошуут малтай. Уналга, ачилгандаа сарлаг, адуугаа сургаж, ашигладаг гэнэ. Заримдаа хол газарт хятад мотоцикль унана.

НААДАМ “ҮЙМҮҮЛЭГЧ” БОР САРЛАГА, Д.БАТЖАРГАЛ ХОЁРЫН ИРЭХ ЗАМЫГ ТОССОН НЬ

Д.БАТЖАРГАЛЫН ТОМ ХҮҮ ШИЙРЭВ МОРИО УСЛАХААР ЯВЖ БАЙГАА НЬ...

          Хурга, ишиг майлалдаад эхтэйгээ нийлэх цаг нь болжээ. Гэрийн эзэгтэйчүүл “Шийрэв морио усалчихаад хониндоо явсан юм шиг байна. Хонь ирлээ, Баяржаргалаа ишгээ хашаарай” гээд бужигналдаж эхлэв. Энэ хотны айлууд хонио хоёр хуваажээ. Хургатай, сувай хонь гэж. Биднийг гадаа бужигнаж байх зуур цаг хэдийнэ явж өгчээ. Бараг цаг гаруйн хугацаа өнгөрсөн байлаа. Гэрийн эзэгтэй Азаа “Одоо уг нь ирвэл ирэхээр хугацаа болчихлоо. Хэдэн гуна нь эргэж буцаад явахгүй үйлийг нь үзэж байгаа байх. Хоёр залууг урдаас нь явуулдаг юм бил үү. Та хэд  мотоциклтой хамт явах уу. Өмнөөс нь тосоод үхэр, малынхаа зургийг аваад ирэхгүй юү. Гэрийн гадаа хүртэл туух юм бол нар жаргах байх” гэж ярилцсаар бид Д.Батжаргал ахын замын урьтаж тосохоор тэдний хотноос хөдөллөө.

          Манай зураглаач Отгоо малчин Баяраа, харин би Шүрээ гэх залуугийн ард сундалдав. Тэд мотоцикльд эрэмгий гэнэ. Уул хадаар яваад сурчихсан, барагтай л унадаггүй хэмээн “онгиров”. Бидний ирэх гэж хоёр цаг гаруй тонгочсон замаар тэд өдөрт хэд л бол хэдэн удаа сумын төв ордог гэнэ. Түүртэх зүйл байхгүй, хаана нь хад, хаана нь нүх байгаа гэдгийг нүдээ аниад явсан ч мэдэхээр болсон гэнэ. Баяраа мотоциклийн дуу, салхины исгэрээн дунд ярихдаа “Наадам, баяр ёслолын үеэр бартаатай замаар өдөрт дор хаяж гурав явна шүү дээ. Өглөө мал хуйгаа бэлчээрт гаргачихаад наадмын нээлт үзэхээ явж байгаа юм. Бага үдийн алдад буцаж давхиад ардах ажлаа зохицуулж, хонь малаа харчихаад буцаад сумын төв давхиж, соёолонгийн тоосонд орно. Харин орой нь давхиж ирээд, малаа хотлуулчихаад бүжгэнд орохоор явна. Тэгээд шөнө хагаслаж гэртээ ирнэ дээ. Гэртээ ирэхгүй бол манай энэ хавь хээрийн амьтай ихтэй. Эзгүй байх л юм бол хот руу боохой орно шүү дээ” гэсээр зогслоо. Тэгээд Шүрээ “Чи буугаад ярьж болдоггүй юм уу. Хүний бараа хараагүй юм шиг хашхираад байх юм” гээд бөөн инээд боллоо. Бид тэдний нутаглаж байгаагаас зүүн зүгт байрлах Уртын хошууг тойроод, айлын өвөлжөөний хажууд зогслоо. Өнөөх хоёр залуу дурангаа гаргаж ирээд, хойд зүгт дурандаж, “Улаанаа ахын бараа алгаа. Тэр хөтөл дээгүүр давж ирэх ёстой юм” гэв. Тэгснээ Шүрээ “Дурангаа өгч бай даа. Манай сувай сарлаг хаашаа явчихав. Өглөө намайг адуунаас ирэхэд хойд хөтлийн урд талд байсан юм даа. Төмөрөө ахыг сарлагтаа яв гэж хэлэхгүй бол болохгүй нь” гэлээ.

       Бидний зогсож байгаа энэ газарт жижигхэн цөөрөм байдаг юм байна. Цөөрмийн дээд хэсгээр мөс нь хайлаагүй байгаа ч доод талаараа ус нь мэлтэлзэж байлаа. Хоёр ангир халуун орноос хэдийнэ ирчихжээ. Цөөрөмдөө нам жимхэн, аюулгүй ганганалдаж байсан юм. Өнөөх хоёр залуу дурандаад л байх юм Д.Батжаргалын сураг алга. Тэгээд бид дээшээ давхиж, Хөтөл дээр хүлээхээр болоод хөдлөв. Дов сондуул, хад асган дундуур давхилдаж, ойж буусаар Хөтөл дээр ирлээ. Д.Батжаргал 10 орчим тооны сарлаг туучихсан хойд нуруун дээгүүр гарч ирж байгаа харагдлаа. Түүний тууж явсан сарлаг дунд бор зүсмийн гурав, хүзүүндээ сэтэртэй хар алаг нэг, хар өнгийн хэд хэдэн гуна байгаа харагдана. Харин Д.Батжаргал ах мотоцикльтойгоо өвөлжөө рүүгээ явжээ.

Д.БАТЖАРГАЛ: НААДАМ "ҮЙМҮҮЛСЭН" ГЭЭД БАЙГАА БОР ГУНА ЧИНЬ ЭХНЭР БИД ХОЁРЫН АНХНЫ ТУГАЛ

         Ярзайсан цагаан шүдтэй, нүдээрээ инээсэн туранхай бор залуу мотоциклоосоо буугаад “Сайн явцгааж байна уу. Хэдэн сарлаг маань хойшоо давчихжээ. Тэгээд удчихлаа” гэсээр биднийг малын бэлчээртээ угтлаа. Тэр “Нөгөө наадам “үймүүлсэн” гээд байгаа гуна чинь энэ байна гээд бор өнгийн сарлаг руу заав. Харин тэр сэтэртэй юм шиг хүзүүндээ хадаг зүүчихсэн байгаа алаг гуна нь манай хурдан сарлаг. Хэд хэдэн удаа уралдаж, зургаан айраг хүртсэн” гэв.

НААДАМ ҮЙМҮҮЛСЭН "ФЭЙС БОР"

 

         Наадмын нээлт үймүүлсэн гэх бор сарлаг сагсгар сүүлээ мандуулаад, савгаа намируулан тонгочин оодогноод хачин сайхан байна аа. Онгироод ч байгаа юм шиг үе үе сонин дуу авиа, хөдөлгөөн гаргаад жигтэйхэн байна. 14-хөн настай бор гуна бусдыгаа дагуулаад хад асгатай уул руу л тэмүүлээд байх юм. Хүнээр бол тэр их дураараа бололтой. Дураараа явсан түүнийг эзэд нь араас нь хөөхөөр тонгочиж, мөөрч шогшоод байх юм. Тэгээд сарлагийн сүрэгт орохоороо ганцаараа чангаар мөөрөөд, байнга хамт явдаг дөрөв, таван сарлагийнхаа араас хар хурдаараа давхиж, тэмүүлнэ гэж яана.

 Энэ хооронд түүний эзэн Д.Батжаргалаас малын бэлчээрт ганц, хоёр асуулт асууж амжив.  

-Танай мал сайхан тарган байна шүү. Ийшээ ногоо ч сайхан ургажээ.

         -Тийм ээ, өнгөрсөн өвөл, хавар их сайхан байлаа шүү. Мал, малчин хоср нь онд мэнд ороод, ногооны захтай золгоод авсан. Одоо ч бороо жаахан ороод, нар гарвал ногоо ч нүд ирмэхийн зуурт л ургана даа.

-Та нөгөө алдарт бор гунаа уядаг юм уу?

          -Үгүй үгүй, уяхгүй. Ердийн хөсөгт явдаг манай хотны хамгийн номхон гуна шүү дээ. Харин би хар алаг гунаа наадамд сойдог юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас болоод наадам болсонгүй. Энэ жил наадам болбол явна гэсэн бэлтгэлтэй л байна. Баянхонгорын наадмаар авир гаргасан гуныг маань хүмүүс “Фэйс бор” гэж нэр өгсөн байна лээ. Надаас илүү “Фэйс борын эзнийх хаана вэ” гэвэл хүмүүс илүү сайн таних байх. Уг нь бол их сайхан номхон, дөлгөөхөн, уналга, ачилгад хэрэглэдэг гуна шүү дээ. Тэр өдөр юу болоод наадмын талбайгаар “зүггүйтсэн” юм мэдэхгүй. Арга ч үгүй биз дээ. Ердийн хөсөгт явдаг гунаа өнгө өнгийн дээл өмссөн, чанга дуу хөгжимтэй газар оруулчихаар зүрх нь хөөрчихсөн байх гэж боддог.

-Та тэр үед нь хажууд нь байсан юм уу?

            -Байгаагүй ээ. Манай хотныхон, эхнэр, хүүхдүүд маань байсан. Би өөр газарт бүртгэл хийлгэж байсан юм. Тэгээд хотны нэг залуу ирээд “Бор гуна чинь бужигнуулж байна. Наадмын хүмүүс рүү дайраад байна” гэж хэлсэн. Үнэндээ итгээгүй. “Ямар бор гуна вэ” гэсэн чинь “Ачаа ачиж ирсэн хөсгийн бор гуна” гэж хэлсэн. Уг нь манай хамгийн номхон гуна. Фэйс бор чинь эхнэр бид хоёр гэр бүл болоод, тусдаа гарахад гарсан хамгийн анхны тугал юм” гээд тэр өндийлөө. Сарлагийн сүрэг нь хойшоо давах гээд байсан учир тэр буцаахаар хөдлөв.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 


БАЯНХОНГОРЫН НААДАМ “ҮЙМҮҮЛЭГЧ” САРЛАГИЙН ЭЗЭН Д.БАТЖАРГАЛ: НААДМААР ЗҮГГҮЙТСЭН “ФЭЙС БОР” ЧИНЬ МАНАЙ ХОТНЫ ХАМГИЙН НОМХОН НЬ ШҮҮ ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-24 14:15:11
    Chimdee: Goyo survaljlaga bnaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-24 14:15:10
    Chimdee: Goyo survaljlaga bnaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-24 14:15:08
    Chimdee: Goyo survaljlaga bnaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-24 08:19:15
    Ganaa: Goe surbaljlaga boljee bayrlalaa shine sonin bailaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-24 06:21:49
    Basgii: Goe cyrvaljlaga bolcon bn deexen veiin cetgvvlch cyrvaljaga goldyy l xuduu oron nytag manchnii xotnooc xiideg baijdee cvvlin veiin xeden cetgvvlch nertei munu ungu xaican cetgvvlchded vlger dyyrailal bolxoor goe cyrvaljaga boljee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-23 20:57:59
    Энхжаргал: .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-23 20:57:58
    Энхжаргал: .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-23 13:06:48
    Л: Ёстой хөөрүү хог байна даа ямар сайхан нийтлэл вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-23 13:02:56
    Batdorj: Ymar goy surwaljilga we
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-23 13:01:33
    Сараа: Ёстой гоё нийтлэл болжээ. дараагийн дугаараа тэсэн ядан хүлээе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-23 12:20:28
    Эргэлтэд баярлалаа: Ёстой гоё сурвалжилга уншлаа, дараагийн цувралыг нь тэсэн ядан хүлээе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-23 10:39:54
    Кк: Хөөрүү амьтад шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-23 08:13:08
    Дайриймаа: Бор сарлаг манай бараан дээгүүр харайгаад гарч билээ .Харин ямар ч бараа хэмхрээгүй .Манай яг хаалганы хажуу талд 2 хүүхэдтэйгээ тоглоом зарж байсан шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188