• Өнөөдөр 2025-12-22

АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР

2025-12-22,   107

Альпийн уулсын сэнгэнэсэн сэрүүн агаар

     Бид Чех Улсын Прага хотоос хөдөлж, Германаар дамжин Швейцар орохоор явлаа. Герман Улсын Баден-Вюртенбург мужийн оюутны хот хэмээх Фрейбург хотын ойролцоох хөдөөгийн Тосгонд хоноод өглөө нь Швейар руу хөдөлсөн. Европын улсуудын хооронд хилийн шугам, хилийн шалган нэвтрүүлэх пост үзэгдэхгүй байсан билээ. Харин Герман, Швейцар, Францын хилийн шалган нэвтрүүлэх пост дээр буутай гаалийн шалгагч харагдсан. Гэхдээ тэд машин болгоныг шалгаж, хүндрэл учруулахгүй. Зөвхөн сэжигтэй машиныг л шалгаж, торгодог юм байна. Германаас Швейцар  Улс руу оров.  Швейцар Улс Европ тивийн хамгийн өндөрлөг хэсэг Альпийн уулсын бүсэд оршдог болоод ч тэр юм уу, агаар, салхи нь үнэхээр таатай сайхан байлаа. Тосгон, суурин нь үүл, манан дунд  умбан сүндэрлэх өндөр уулсын оргил өөд өгсөн, шатлан баригдсан байх нь гайхалтай харагдана.

    Эдлэн газрын хашаанд хонь, ямаа, үхэр, адуу хүртэл тааваараа бэлчиж үзэгдэх нь таатай сайхан мэдрэмжийг төрүүлж байв. Монголын хөдөө нутгаар явж байгаа мэт сэрүү татсан, сэнгэнэсэн цэвэр сайхан агаарын үнэр хамар цоргиж, хацар, нүүр илбэх нь тааламжтай. “Монголын үнэртэй салхи” гээд л хачин чангаар хашхирмаар, байгалийн үзэсгэлэн сайхныг үгээр хэлэхийн аргагүй гоё. Мал сүрэг  байгаль, дэлхийгээ чимэж идээшлэх нь амьд халуун дулаан, сэтгэлд таатай эерэг мэдрэмжийг төрүүлдэг юм байна. Мал сүрэг, дураараа бэлчиж явааг харах сэтгэлд гүн амар амгалан, тайвширлыг бий болгох нь үнэхээр сайхан байлаа.

Уулсын дунд орших үлгэрийн диваажин

     Швейцар Улс нь Европ тивийн зүрхэнд оршдог байгалийн үзэмж, төгөлдөр цогцолсон, үзэсгэлэн төгс орон. Альпийн уулсын “Очир алмазан шигтгээ” бол яах аргаүй Швейцар мөн. Тус улсын нутаг дэвсгэр нь олон янзын уулархаг тогтоц, нуур, уулын жижиг түргэн урсгалтэй гол горхи, ойн төгөл, ногоон хөндий, цасан оргил, мөсөн гол зэрэг олон төрлийн  байгалийн гайхамшгийг багтаадаг.

    Үзэсгэлэнт байгаль, хот, тосгод, амтат бяслаг, шоколад, чанартай цаг, ган хат сайтай хутга, дэлхийн хаана ч байхгүй найдвартай банк ганцхан Швейцар Улсын брэнд болж чаджээ. Швейцарын байгаль, орчин үнэхээр үзэмж, төгөлдөр яруу. Тэд байгаль орчноо хамгаалах тал дээр дэлхийд тэргүүлдэг. Агаарын болон усны чанар нь маш өндөр түвшинд хүрсэн байна. Уулын гол, горхи нь тунгалаг бөгөөд цэнхэр туяатай урсах нь сонин. Будагч, цэвэршүүлэгч бодис хийсэн юм биш байгаа даа гэж андуурмаар.

     Мал сүрэг  тааваараа бэлчих, үлгэрийн мэт хөдөө суурингуудыг  нь хараад үнэхээр биширсэн. Швейцар Улс иргэдээ тайван, амар амгалан амьдрах бүх, нөхцөл боломжийг хангаж өгдөг юм байна.  Манай улс шиг мал, малчин хоёроо хумих төрийн бодлого явуулдаггүй аж. Монголд зургаан настай малчны хүүхдийг боловсрол олгох нэрийдлээр хамж аваад л хүчээр, албадан сургуульд оруулдаг.  Ээжүүдийг нь суурин газар, сум, аймгийн төвд нялх хүүхдээ харж суухаас өөр гарцгүй болгодог билээ. Дунд сургуульд 12 жил сураад, дахиад л дөрвөн жил их, дээд сургуульд, магистр, доктор гээд үргэлжлүүлэн 20 жил сурч байна. “Сурсан эрдэм сугаар гарав” гэдэг шиг 20 жил сурч, боловсрол, мэдлэг олж авсан иргэд  хөдөө, нутаг руугаа буцахгүй. Хотын хүн амыг өсгөж, түржрэлд хувь нэмэр болон ажилгүйчүүдийг эгнээг тэлж байгаа.  Хот суурин газрын паартай дулаан байранд өссөн хүүхэд буцаад малчин болно гэж байхгүй. Малчдын хүүхдүүдэд зориулсан зайны сургалт, гэрийн сургалт, шавь сургалт гээд боловсрол олгох сургалтын олон арга хэлбэрийг ашиглахгүй, бодлого боловсруулж, суудаг Боловсролын яамтай бид.

    Манай УИХ-ын 126 гишүүд бодит амьдралаас тасарсан, амьдралд хэрэгжихгүй 933 хуулийн үйлдвэрлэн, маргалдаж, цэцэрхэн суугаа. Монгол Улс төрийн бодлогоороо малчны залгамж халааг устгаад байгаагаа ойлгодог болов уу. Эрчимжсэн фермерийн мал аж ахуй бол нүүдлийн мал аж ахуйг устгаж, үгүй хийх хөшүүрэг болно. Харин хот суурин газар фермерийн аж ахуй байх нь зөв. Монгол Улсын төрийн түшээд, ХХААЯ-ныхан уламжлалт нүүдлийн мал ахуйгаа байгаль орчинтой нь, мал, малчинтай нь яаж авч үлдэх вэ гэдэг тал дээр ухаан бодлоо уралдуулах ёстой. Тэрнээс биш бэлчээрийг хувьчилж, малчдыг хоршоололд шилжүүлэх нь зөв алхам биш. Өмнөх хамтрал, комун, нэгдэлжих хөдөлгөөний алдааг давтахаас хэтрэхгүй.

   Швейцар Улсын хот, хөдөөг хослуулан хөгжүүлж буй хөгжлийн нууц нь уламжлалаа, байгаль орчноо унаган төрхөөр нь маш сайн хадгалан, орчин үеийн хөгжил, дэвшилтэй уялдуулж чадсанд байгаа болов уу. Монгол шиг татвар, торгуулиар улсын төсвөө бүрдүүлдэггүй. Манай улс шиг үнийн хөөрөгдөл, татварын дарамттай хуулиараа иргэд, аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчээ татаж, унагаадаггүй  юм байна. Улс, орноо, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүмүүсийг төрд ажиллуулдаг аж. Тийм болохоор нам төвтэй биш, иргэн төвтэй улсыг байгуулж чаджээ.

   Швайцарууд ур чадвар, мэдлэг боловсролыг чухалчилж үзэхээс гадна, сайн удирдлага, менежмент, оновчтой шийдвэр, иргэдээ бодсон алсын хараатай хөгжлийн хуулиар улс орноо чиглүүлэн хөгжүүлжээ. Харин манай УИХ-ын гишүүд татвар, торгуулиар улсын төсвөө бүрдүүлэх гэж иргэдээ туйлдуулж байгаа билээ. Өнгөрсөн 30 жилд манай сайд, дарга нар бүгд бизнес хийдэггүй байж, тэрбумтан болчихсон. Эрх мэдэл, ахуй хангамжаараа ард түмнээсээ илүү тасарчихсан баян амьдарч байгаа.  Дундаж амьдралаас уруудсан иргэдээ тэд “Улныхан” хэмээн элэглэн шоолох болсон. Тэдэнд ямар ч хууль, дүрэм үйлчилдэггүй. Харин Швейцарт иргэн болон албан тушаалтанд хууль, дүрэм нь ямар нэгэн ялгамжгүйгээр шударга,  адил, тэнцүү үйлчилдэг аж. Шударга шүүх, засаглалтай оронд төрийн хулгай, авлига нүүрэлдэггүй юм байна.

Швейцар Улсын төвийг сахих үзэл баримтлал

    Швецар Улс ямарч дайн, мөргөлдөөн, улс хоорондын эдийн засаг, газар нутгийн төлөөх маргаанд оролцдоггүй, төвийг сахидаг. Харин ч маргаан, зөрчилдөөнтэй улс орнуудыг эвлэрүүлэн жуучлах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байгаа. Гэтэл монголчууд бусдын нутаг руу халдан довтолж, дайн өдөөсөн улсыг магтаж, газар нутгаа хамгаалан тэмцэж байгаа улсыг фашист хэмээн үзэн ядах юм.

   Монгол Улс төвийг сахиж, дайн байлдааныг зогсоох, энхийн үйлсэд хувь нэмрээ оруулах ёстой. Тэрнээс биш хүчтэй улсад нь ая тал засаж, хүч султайг нь үзэн ядах үзлийг дэвэргэх нь буруу. Орос, Манжийн хувилдааны гэрээгээр Монгол Улс хэдэн хэсэг болгож хуваагдан амьдарч байгаа түүхээ эргэн нэг санах хэрэгтэй. Орос, Украины дайны золиос болж хэдэн мянган монгол угсаатан буриад, тува, халимаг, саха, хакасын залуус амь насаа алдаж байна.

   Швейцар Улс цэргийн аливаа мөргөлдөөнд оролцдоггүй. Дэлхийн хамгийн удаан төвийг сахисан улс хэвээр байна. Энэхүү төвийг сахисан бодлого нь Швейцарын үнэт зүйл болж, энх тайванч байдал нь олон улсад тус улсын нэр хүндийг нь өндөрт өргөж байгаа билээ. Швейцар Улс хүний үзэл бодол, эрх чөлөөг хамгийн ихээр эрхэмлэн хамгаалагч орон. Улс төрийн цагаачдыг хүлээж авдагч, Швейцарын нийт хүн амын тоо 10 саяд хүрсэн тохиолдолд Европын холбооноос үл хамааран цагаачлалын хуульдаа өөрчлөлт оруулах санаачилга гаргах юм байна.

Альпийн нурууг дагасан аялал жуулчлал

    Дэлхийн томоохон аялал жуулчлалын орон бол яах аргагүй Швейцар юм. Тус улс нь өнгөрсөн 2024 онд 14.5 сая гадаадын жуулчин хүлээн авчээ. Жуулчид 18.9 тэрбум франкийг 2024 онд тус улсад зарцуулсан байх юм. Швейцар Улс 8.5 сая хүн амтай. Албан ёсны хэл нь Герман, Франц, Итали, Романш хэл гэнэ. Швейцар Улсын газар нутгийн 60 хувийг Альпийн нуруу эзэлдэг. Швейцар нь өндөр уулс, байгалийн үзэсгэлэнт тосгодуудаараа алдартай. Зерматт, Санкт Мориц зэрэг дэлхийд алдартай шилдэг цанын баазуудтай. Альпийн уулс нь швейцарчуудын амьдрал, соёл, аялал жуулчлалд чухал нөлөө үзүүлдэг. Монгол Улс шиг далайд гарцгүй орон.

Женев нуурын эрэгт орших швейцарын Женев хот

    Швейцарын Холбооны Улсын 26 мужийн хоёр дахь том хот нь Женев юм байна. Тус хот улсынхаа баруун хэсэгт Женев нуурын эргийн баруун төгсгөлд оршдог. Женев хот XVIII зуунд Францын католик шашны нөлөөнд орж, Францын нэг хэсэг байжээ. 1798 онд Францад өрнөсөн хувьсгалын дараа Напелеоны дайны төгсгөлд Франц Улс Женевийг алдаж улмаар 1815 онд Швейцарын холбоонд нэгдсэн байна. Женев хотын түүхэн газар зүйн байрлал болон Францтай хиллэдэг зэргээс хамааран Франц хэлийг албан ёсоор өнөөг хүртэл хэрэглэж байгаа аж. Женев хотын төвд 203 мянган оршин суудаг. Харин Женев хотын метрополитан бүсэд нэг сая хүн амьдарч байгаа аж.  Женев хот хүн амьдрахад хамгийн таатай дэлхийн шилдэг арван хотын гуравдугаар тогтмол жагсаж байгаа гэнэ.



    Швейцар Улсад Монгол Улсын 4000 гаруй иргэн оршин суудаг гэсэн албан бус мэдээлэл байна.  Женев хот Рон гол, Женев нуураас тусгаарлагддаг хэсэгт байрлана. Женев хот Альпийн нуруу, Жура гэсэн хоёр уулсаар хүрээлэгддэг аж. Женев нуурын Зүүн болон зүүн өмнөд хэсэг нь Франц Улсын нутаг дэвсгэр юм байна. Женев хот дэлхийн дипломат харилцааны төв болж чаджээ. Энд Нэгдсэн үндэстний байгууллага болон Улаан Загалмайн агентлагуудын төв байр зэрэг олон улсын байгууллагууд олноор байрлажээ. Олон улсад Женев хотыг “Женевийн конвенц”-оор нь сайн мэднэ.

Женев хотын цэцгэн цаг 

       Швейцаруудын байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахын бэлгэ тэмдэг болсон “Цэцгэн цаг” дэлхийд алдартай. Тус цагийг бид очиж, сонирхсон. Авто замын уулзварын хажууд байх тус цэцгэн цагийг харахад тийм сүртэй биш. Швейцар Улс цаг үйлдвэрлэгчдэдээ зориулан мөн байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахын бэлгэ тэмдэг болгон 1955 онд уг цагийг зохион бүтээжээ. Энэ бол техникийн, дизайн урлаг, цэцэрлэгжүүлэлтийн гайхамшиг гээд олон талын ур ухааныг илтгэх бүтээл болжээ. Цагийн диаметр нь таван метр ба жилийн турш өөрчлөгдөх, нийтдээ 6500 цэцэгсээр цагийг бүрсэн байна. 

Женев хот дахь Нэгдсэн үндэстний байгууллагын байр

     Женев хот дахь НҮБ-ын байр нь 1966 оноос Европ тив дахь НҮБ-ын гол төв байр болсон байна. Энд жилдээ 8000 орчим хурал, чуулган болдог аж. Биднийг очиход ажлын цаг дууссан байлаа. Тийм болохоор НҮБ-ын байрыг дотогш орж сонирхож чадаагүй. Тус НҮБ-ын хажуугийн талбайд 12 метр өндөртэй аварга том сандал байлаа. Сандлыг үзэж сонирхон зураг дарж явтал “Та нар монголчууд уу” гэж нэг хүн дуугарсанд бид ихэд гайхаж хартал, “ТВ-9” телевизийн захирал асан Ц.Энхбат ах бичлэг хийж явав. Тэрбээр Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн ажлын шугамаар явж байгаа гэлээ. Монголдоо тэр болгон таарч, уулзаад байдаггүй хүнтэй хүний нутагт тааарсандаа бид их баярласан.

     Тэрхүү талбайд байрлах аварга сандлыг 5.5 тонн мод ашиглан хийжээ. Женев хотод 1997 онд болсон мина буюу тэсрэх бөмбөг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцид эрх бүхий хүмүүс гарын үсэг зурахгүй уджээ. Тэр үеэр Даниель Берсе, Луи Женев гэх хоёр хүн энэхүү сандлыг бүтээж, НҮБ-ын хажуугийн авто замын уулзварын баруун талбай дээр байрлуулжээ. Олон нийт конвенцид гарын үсэг зуртал энэхүү сандлыг талбайгаас холдуулахгүй хэмээн мэдэгдэж байж. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл байсаар байна. Энэхүү аварга том сандал хүний эрх, эрх чөлөө, энх тайвныг хамгаалахаар дэлхий нийт хуралддаг ч бодит байдал дээр энх тайван, хугархай хөлтэй сандал шиг тогтворгүй байгаа гэдгийг илэрхийлж байгаа ажээ.

Альпийн оргил дунд орших өвлийн олимпын “Өлгий” Шамони

    Өвлийн олимпын анхдугаар наадам 1924 онд Альпийн нурууны Монблан оргилын бэлд орших, Францын Шамони тосгонд зохион байгуулагджээ. Шамони тосгон Альпийн нурууны цавчин өндөр, эгц хадан ханатай, үзэсгэлэнт уулсын дунд орших юм. Кино болон үлгэрт гардаг шиг үүлэн манан дунд умбасан гайхалтай үлгэрийн мэт эртний барилга, байшинтай тосгон байлаа.

   Альпийн нуруу нь Франц, Швейцар, Итали, Монако, Лихтенштейн, Австри, Герман, Словен зэрэг найман улсыг дамнан 1200 км үргэлжилдэг аж.  Альпи гэдэг үг нь Франц хэлээр "Цагаан уул" гэсэн утгатай гэх.  Альпийн нуруунд  Баруун Европын ноён оргил болох Мон Блан уул сүндэрлэнэ. Франц, Итали хоёр улсыг дамнан оршдог Мон Бланыг 1957-1965 оны хооронд хоёр улсыг холбосон 11.6 км-ийн урттай тунел байгуулан холбосон байна. Шамони уулсын ноён оргил нь 4810 метр өндөртэй  гэнэ. Кабль караар хоёр дамжин оргилд хүрэх ажээ.

    Шамони нь Францын зүүн өмнөд хэсэгт орших Рона-Альп мужид харьяалагддаг. Шамони тосгон нь олон улсын жуулчдын тэр дундаа спорт, адал явдал эрэлхийлэгчдийн анхаарлын гол төв юм байна. Европын экстрем спортын тосгон хэмээгдэх Шамони нь дэлхийн хэмжээний цанын баазтай төдийгүй ууланд авирагчдын зорин очдог газруудын нэгээр хэдийнээ алдартай болжээ. 

Швейцар Улс Женев хот 2025.11.18.

 

 


 

 


АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188