• Өнөөдөр 2024-05-05

Х.ДАВААХҮҮ: ХАМГИЙН ЗАВГҮЙ ХЭРНЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ МӨЧИЙГ НАМАР ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙ ДЭЭРЭЭ МЭДЭРДЭГ

2023-10-08,   1941

            Сэрүү татсан намрын өглөө  Сэлэнгэ аймгийн Баянгол сумыг зорилоо. Улаанбаатар хотоос 150 гаруй километрийн зайд орших тус сум руу ойртох сэтгэл тэнийж, цээж дүүрэн амьсгалах мэт санагдана. Яваад л байхад барагдахгүй, дуусахгүй мэт талд өвсний толгой гандаж, уулын оройд манан сааралтан үзэгдэх энэ өдөр тариан толгой халиурсан Сэлэнгэ аймагт намрын  ажил хэрхэн өрнөж байгааг сурвалжлахаар  яваа минь энэ.

           Эх дэлхий зөвхөн энэ улиралд зориулж өөрийнхөө өнгийг хэдэнтээ өөрчлөн. Эхэндээ ногоон, унасан навчсаар  хучуулаад шаргал, хяруу унасан өглөө уул, тал нь цагаан.  Сэлэнгэ аймагт хөл тавьж байгаагаа мэлтэлзэн урсах Хараа голыг хараад мэдэж болох ажээ. Хажуугаар нэвсийтэл өвс ачсан ачааны машин өнгөрнө. Зам дагуу наймаачид лангуун дээрээ шинэхэн дарсан жимс, хураасан ногоогоо дэлгэж Сэлэнгэ аймгийн иргэдийн завгүй нэг өдөр эхэлнэ. Өмнөх өдөр нь орсон борооноос болж өнөөдөр тэдний ажил бусад өдрийнхөөс арай орой эхэлж байгаа гэнэ. Баянгол сумын иргэдийн эчнээ танил тариаланч бол Х.Даваахүү. Сумандаа тариалан эрхлээд 25 жил болж буй түүний гэр бүлийг сумын хөдөлмөрч иргэдийн нэг хэмээн зааж өгсөн юм. “Түмэн бут” ХХК дээр очиход Х.Даваахүү эзэнгүй байлаа. Сураглавал тариалангийн талбайн хашааг мал эвдсэн тул янзлахаар явжээ. Тэдний үтрэмд хураасан буудайгаа хатаах их ажил өрнөж байв. Гурван эгнээ овоолсон буудайг дөрвөн ажилтан хэдэн талаас нь хүрздэн.  Нэг эгнээ дуусахад амсхийлгүй дараагийн эгнээ рүү орно.

           Удалгүй машины дуу хангинасаар тариаланч Х.Даваахүү ирлээ. Малгайгаа авч үсээ хойшлуулаад “Ахыгаа удаан хүлээв үү, ямар ажлаар ирсэн хүүхдүүд гэнэ ээ” гэсээр хураалттай буудай руу гараа оруулан дээш самраад алган дээрээ хэсгийг тасалж авав. Өнөөх буудайгаа  нүүрэндээ ойртуулж хэсэг ажиглаад “Уг нь ч хатаж л байна даа” гэсээр санаа алдана.Тэрбээр  “Намрын их хураалтын ажил есөн сарын сүүлч гэхэд цэгцэрчихсэн байдаг юм. Гэтэл энэ жил аравдугаар сар гарчихаад  байхад тариа хураалт дөнгөж 20 хүрэхгүй хувьтай байна. Хур ихтэй, нар ээсэн зун  болсон учраас тариа сайн ургасан. Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд энэ жилийнх шиг сайн ургац гараагүй юм. Гэтэл яг тариагаа хураах гэсэн есдүгээр сард 17 хоног бороо орлоо. Борооны дараа шууд тариа хураах боломж огт байхгүй, 1-2 хоног хүлээж, буудайгаа сэврээдэг юм. Гэтэл жаахан хатаад ирэхээр нь дахиад бороо орчихоод ургац хурааж авахаар бэлдэж байгаа хүмүүст хүндрэл учруулаад байна. Би 1000 гаруй га талбайгаас тариалан хураах ёстой ч өнөөдөр дөнгөж 100  гаруй га талбайгаас хураасан. Уг нь унац сайн байна. Гэхдээ их бороо орсны улмаас цавуулаг чанар нь муудсан. Сэлэнгийн эхний үеийн тариалалт тэнцэхгүй байх эрсдэлтэй байгаа. Цавуулаг чанар нь муу буудайгаар гурил хийж болохгүй” хэмээлээ.

ХӨДӨӨ АЖ АХУЙТАЙ ХОЛБОГДСОН 40 ЖИЛ

          Х.Даваахүү 1980 онд ХААИС-ийг механик инженерийн чиглэлээр төгсжээ. Төгсөөд хоёр жил яаманд ажиллаад Эвлэлийн төв хорооны илгээлтээр 1983 онд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн аж ахуйд инженерээр анх хөл тавьсан юм байна. Их сургуулийн ширээнээс босоод удаагүй байхдаа Сэлэнгэ аймагт ирсэн тэр нийт 40 жил газар тариалантай холбоотой ажил хөдөлмөр эрхэлжээ. Алган дээрээ авсан буудайгаа хэд өнхрүүлж үзээд хажууд зогсох ажилтантайгаа “Одоо дахиад хэд эргүүлэхэд уг нь сайхан хатах нь” хэмээн ярьж “Одоо тэр талаас хэд сайхан хүрзэдчих” гээд зааварлах нь хэзээний туршлагатай тариаланч гэдгийг нь харуулна. Ард иргэдийг хүнсээр тэтгэж, ургуулж, өсгөж байдаг учраас их буянтай мэргэжилдээ хэмээгээд  нүүр дүүрэн мишээнэ. “Үтрэм  ажил ихтэй ч жинхэнэ амьдрал бригад дээр л бужигнаж байгаа. Одоо хэдүүлээ ахынхаа тариа хурааж байгаа талбай руу явна” гээд ид ажил хаана өрнөж айгааг би харуулъя гэх шиг урд гараад аажуухан алхлаа. Автомашинтай 5-10 минут явах зайд Х.Даваахүүгийн тариалангийн талбай байрлана. Замдаа аймгийнхаа талаар бахархан ярих тэр “Сэлэнгэ аймаг Монгол Улсын намрын ургац хураалт, нөөцийн дийлэнх хувийг бүрдүүлж нийлүүлдэг. Газар нь үр шимтэй, тариа ногоо их ургах дуртай газар даа. Иргэд нь ч зүгээр сууна гэж ер байхгүй. Өрхийн тариалан эрхэлж гэрийнхээ хэрэглэх ногоог  тарьдаг хүмүүс олон бий” гэлээ. Автомашины цонхоор харж хэсэг чимээгүй явсан тэр ам нээж. “Сэлэнгэ аймагт илгээлтээр ирсэн нь их зол гэж боддог доо” гэв.

КОМБАЙН ДОТОР ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВАГДДАГ УЧИР ЗОГСООЖ БОЛОХГҮЙ

       Төмөр утас хэлхэж барьсан хашаан дотор шаргал тариан түрүү найгана. Цэлгэр талын дунд ногоон комбайн зогсохоо мэдэхгүй ажиллана. Харин наахан талд цагаан ачааны машин комбайнаас гарсан буудайг ачихаар ээлжээ хүлээн зогсоно. Ногоон комбайн нүд ирмэх зуур улаан буудайг хадаж, хамж авна. Комбайн биднийг зүглэн ирж явааг харсан Х.Даваахүү “Тариа хураалтын үед комбайныг зогсоох эрхгүй, болдоггүй юм. Энэ чинь бүтэн нэг үйлдвэрлэл, боловсруулалт явж байна гэсэн үг. Тариагаа хадна, цайруулж иш, уутыг нь ялгаж хаяна. Энэ бол зогсож болохгүй гол хүчний нэг” гэв.

Комбайны жолоочийг Б.Баярсайхан гэдэг. Тэрбээр 20 гаруй жил комбайн жолооч хийжээ. Техник, машинд дуртай залуу хүү аавыгаа дагаж жолооч болсон гэнэ. Жижиг ногоон кабин руу гурван гишгүүр дажин гарна. Цэлгэр том цонхтой, үрүүлээс гадна тус үр нь чухал үүргийг гүйцэтгэх товчлуур, араагаар комбайн тоноглогджээ. Нэг хүн суухад зориулагдсан суудлын ард хураасан буудайн хэмжээг харах боломжтой жижиг цонх байрлана. Хөдөө аж ахуйн ажилд их сонирхолтой хүүхэд байсан учраас сургууль төгсөж ирээд шууд комбайн, тракторын жолооч болсон. Шаргал талд тариа хураагаад явах шиг жаргал хаана байх вэ. Халиурсан улаан буудай найгасан талбайд ирээд комбайнаа асаагаад ажилдаа гарах чинь миний жаргал. Улаан буудайг багцалж хуйлаад хэдхэн секундийн дотор буудайг нь ялгаж байгааг нь харах, сонсох сонирхолтой байдаг юм. Комбайнаа хүүхэд шиг халамжлан. Жаахан л эвгүй дуу сонсогдвол хаана юу нь эвдэрснийг олно, засна. Залуугаасаа оролдсон учраас сэлбэг нь л дутчихгүй бол өөрөө янзална. Хавар тарьсан цагаасаа эхлээд намрыг хүлээнэ. Комбайнтайгаа явж тариагаа хураах гээд тэр шүү дээ. Нэг өдөрт 10-20 га талбайгаас тариа хураах боломжтой. Бороо орж, шуурахад хэдэн тариандаа санаа зовоод маргааш нь хэрхэн хураахаа бодоод нойр хулжина гээд шүү дээ” хэмээв. Бид хоёрыг ярилцаж байх хооронд хэдийнэ нэг эгнээ тариа хурааж дуусжээ. Ажлаа төвөггүйхэн хийх тэр яриандаа  ер түүртэхгүй байгаа нь хиж байгаа ажилдаа гарамгайг илтгэх шиг. Комбайны буудай дүүрчээ. Угтуулан ирсэн буй ачааны машины жолооч хүрзээ барьсаар бууж ирнэ.

"Түмэнбут" ХХК-ын захирал Х.Даваахүү комбайн жолооч Б.Баярсайхан, жолооч Н.Батмөнх, Д.Энхбаяр нарын хамт

ХАНЬТАЙГАА ХАМТ ИЛГЭЭЛТЭЭР ИРЖ, ХАМТДАА ХӨДӨЛМӨРЛӨСӨӨР  ӨНӨӨДРИЙГ ХҮРГЭЖЭЭ

                Бидний очсон эхний тариалангийн талбайн ажил шувтрах тийшээ хандаж байлаа. Х.Даваахүү “Энүүхэнд өөр нэг тариалангийн талбай байгаа. Тэнд түр саатаж бригадын цай ууя” гэв. Саарал вагоныг тойроод улаан тракторт, усны савтай чиргүүл, комбайн байрлажээ. Вагоны гадна зогсож байсан дунд эргэм насны бүсгүй биднийг тосон ирж, дотор орохыг урилаа. Тэрбээр энэ бригадын тогооч ажээ. Нарийн вагоны хананд дараагийн хоолныхоо махыг бэлтгэн өлгөжээ. Хана түшүүлэн дөрвөн модон ор байрлуулж, дунд нь ширээ тавьжээ. Цэмбийтэл хураасан орон дээр ачаагаа эгнүүлэн тавьсан байлаа. Цай уух хооронд Х.Даваахүү ахын утас дуугарлаа “Тийм ээ, би байна. Өө халаг, хаагуур нь орчихов, хэний адуу байна. За ойлголоо, чи торгоож байгаарай” хэмээгээд санаа алдсаар утсаа таслав. “Бороо, салхинаас гадна мал тариалангийн талбай руу орох шиг хэцүү юм байхгүй. Нэг амтанд нь орсон адуу хашаа эвдэж ороод байдаг юм. Идэхээс гадна морь хамаг тариа тахалчихна. Тариаланч хүнд саад олон бий”. Вагоноос гараад хэсэг алхахад 1.20-1.40 метрийн өндөртэй тариа найгана.

“Бороо салхинаас болоод тариа гудайчихаж. Уг нь борооноос өмнө тэнгэр өөдөө тэмүүлэн ургачихсан байсан юм. Байгаль гэдэг өгч, ургуулж байгаа шигээ заримдаа буцаагаад авчихдаг юм. Тариан талбайдаа жил бүр сэлгэлт хийж, бордоо бодох хэрэгтэй. Манайх энэ жил азот болон хүнсний бүтээгдэхүүнд хор болохгүй бордоогоор бодсон гэв. Одоо гурил хийхэд тэнцэхгүй буудайг тэжээл  болгох талаар ярилцаж, шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Хайран сайхан буудай хаягдах болчихоод байна шүү дээ. Тариалан бол баг хамт олны ажил. Гэр бүлийн минь хүнийг Л.Алимаа гэдэг. Туршлагатай агрономич. Бид хоёр хамтдаа Сэлэнгэ аймагт илгээлт аваад ирж байлаа. Хоёулаа хөдөө аж ахуйн чиглэлийнх болохоор нэгнийгээ ойлгож, аливаа асуудлын гарцыг хамтдаа хайж, шийддэг. Өнөөдрийг хүртэл хамтдаа олон зүйлийг даван туулсан байна” гэв. Яриагаа түр завсарлан Х.Даваахүү гартаа тариан түрүү аваад алгандаа хавсарч буудайг нь ялгаад “Гайхалтай шүү, хавар тарьсан нэг жижигхэн үр одоо гарт минь 30 гаруй ширхэг буудай болчихсон байна гэдэг. Ийм л учраас ухдаг биш ургадаг алт гэдэг юм. Би хамгийн завгүй хэрнээ аз жаргалтай мөчийг намар тариалангийн талбай дээрээ л өнгөрүүлдэг дээ” гэв.

                Бидний яриа үүгээр өндөрлөж, сугсарсан тариан дундаас гарлаа. Адуу орсон гэх тариалангийн талбай руу хашаагаа засах багажаа авсаар тэр ухас хийлээ. Хязгаар нь харагдахгүй уулсын дунд сувд шиг тодрон үзэгдэх гэрүүд, өнгө будгийг нь тааруулаад зурчихсан юм шиг ногоон шаргал модод, салхиа даган найгах улаан буудай сэрчигнэн дуугарна. Хот айл  нь цэмцгэр, иргэд нь завгүй Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нэг өдөр дуусах болоогүй л байлаа.


 

 


Х.ДАВААХҮҮ: ХАМГИЙН ЗАВГҮЙ ХЭРНЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ МӨЧИЙГ НАМАР ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙ ДЭЭРЭЭ МЭДЭРДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-06 05:34:43
    Хүслэн: Сайн бна уу? Гоё бичсэн бна. Удмын минь бахархалт хүмүүс юм шүү дээ. Нийтлэлийн зураг өгөх боломжтой юу? Ах нартаа хэвлэж өгье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-05 21:31:14
    Чулуунбаатарын Алтанцэцэг: Ангийн анд маань үнэхээр хөдөлмөрч хүн шүү, үүнийхээ үр шимийг ч хүртсээр яваа, чамаараа бас Алимаагаараа үргэлж бахархаж байдаг шүү. Ургац арвин байг ээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188