• Өнөөдөр 2024-03-29

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: АШИГЛАЛТЫН ХУГАЦАА НЬ ДУУССАН ДУЛААН ДАМЖУУЛАХ ШУГАМ ДАХИАД ХАГАРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

2022-09-15,   663

   Ногоорон харагддаг байсан модны навч шаргалтаж нэг нэгээр газарт бууж, өглөө оройдоо сэрүүхэн болж байгаа нь тун удахгүй өвлийн улирал айлчлан ирэх гэж байгааг сануулна. Улаанбаатар хот өвлийн улиралд утаа, түлш, хагарсан шугам сүлжээ гээд олон асуудалтай тулгардаг. Тиймээс энэ жилийн өвлийн улирлын бэлтгэл хэр байгаа талаар энэхүү өдрийн сурвалжилгаараа тодруулахыг зорилоо.

     Их хот хөл хөдөлгөөн ихтэй. Хичээл сургууль нь эхэлсэн багачууд нааш цааш холхих автобусны буудал дээр нэгэн эмэгтэй утсаар ярина. “Өвлөөс өмнө байрныхаа гадна дулаалгыг хийлгэмээр байна. Чи нэг үнийг нь судлаад өгөөч , хуучны байр учраас халаалт нь сайн ирэхгүй юм” гэсээр автобусанд суув. Эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын хувьд өвлийн улиралд нь шугам хоолой нь хагарах, түлш нь ховордох, халтиргаа гулгаа ихсэх гээд асуудал ихтэй. Энэ дундаас орон сууцны айлуудад тохиолддог хамгийн хүнд асуудал нь дулаан, халуун хүйтэн ус холбох хоолойн гэмтэл билээ. Шугам, хоолой тавигдаад олон жилийн нүүрийг үзсэн тул цаг хугацааны эрхэнд эвдэрдэг. Дулааны урь орсон цагаас эхэлсэн шугам хоолойн засвар орон сууцны дулаан өгөх цагтай уралдан дуусна. Энэ жил дулааны шугам сүлжээн засвар үйлчилгээ хэрхэн явагдсан талаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Пүрэвжамцаас тодруулсан юм. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангасан, орон сууцууд руу дулаан өгөхөд асуудалгүй. Халаалт залгаж чадаагүй хоёр газар байгаа. Алтай хотхоны ойролцоох байр болон гэмтлийн эмнэлгийн урд байрлах гурван байр бий. Цөөн газар шугам гэмтсэн байсныг бид өнөөдөр янзалсан. Орон сууц, цэцэрлэг сургууль, эмнэлгийн байгууллагын халаалтыг өнөөдрөөс өгч байгаа бол аж ахуй нэгжийн дулааныг аравдугаар сарын 1-нээс эхэлж өгнө. Манайд хамааралтай нийт 1223 километр шугам бий. Тэгэхээр бүх шугамыг нэг бүрчлэн үзэх, засварлах боломжгүй. 60 хувь нь насжилт нь дуусан хуучин шугам сүлжээ байгаа. Бид жил бүр өөрсдийн хөрөнгөөр нийт шугам сүлжээний хоёр хувьтай тэнцэхүйц шугамыг засдаг. Бид өвлийн улиралд хагарч гэмтэж болзошгүй 11 шугамыг засаж янзалсан. Мөн өвлийн улиралд шугамд  гэмтэл гарсан тохиолдолд дор нь засварлаж ажиллана” гэв.

ЭНЭ ЖИЛ ГАР АРГААР ЦАС, МӨС ХАЙЛУУЛАХ БОДИС ЦАЦАХГҮЙ

      Өвлийн улиралд маргаан дагуулах нэг асуудал бий. Халтиргаа гулгааг багасгах зорилгоор нийслэлийн хот тохижилтын газар  цас, мөс хайлуулах давс, мөс цацдаг. Өнгөрсөн өвөл авто машин дээрээс хүрздэн цацаж байгаа дүрс бичлэг нийтлэгдэж олны анхаарлыг татаад амжсан. Тэгвэл энэ жил хот тохижилтын газар өвлийн улиралд ашиглах нөөцөө хэр сайн бүрдүүлсэн талаар  холбогдох газраас тодрууллаа. “Энэ жил 383 тонн давс, 2077 тонн бодис нөөцөлсөн. Ер нь энэ жилийн нөөц хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нийт 13 ширхэг давс, бодис цацах автомашинтай бөгөөд нэмэлтээр гурван ширхэг ачааны машинтай. Бодис нь ямар ч мөс, цасыг хайлуулах боломжтой байдаг учраас өвлийн эд хүйтний үед хэрэглэдэг. Харин давсыг хавар, намрын улиралд ашигладаг” гэж Хот тохижилтын баазын ерөнхий инженер Ө.Ганболд хэллээ. Мөн тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч “Өнгөрсөн жил шиг  гар аргаар автомашин дээрээс бодис, давс цацахгүй, зориулалтын техник байгаа. Өнгөрсөн жил автомашин дээрээс цацсан нь нэг дүүргээс хийсэн ажил байсан” талаар дурдсан юм.

НИЙТ 600 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ХЭРЭГЦЭЭНЭЭС БЭЛЭН 100 МЯНГАН ТОНН ТҮЛШ БАЙГАА

      Харин гэр хорооллын айлууд өвлийн улиралд гал алдахгүйгээр, гэртээ дулаан өвөлжихийг хүснэ. Энэ хүсэлтэй нь шууд холбогдох зүйл нь яах аргагүй сайжруулсан шахмал түлш билээ. Худалдаалагдаж эхэлсэн цагаасаа хүрэлцээ, дулааны элч зэргээрээ заримдаа шүүмжлэлд өртдөг энэхүү бүтээгдэхүүний нөөцийн талаар бид сонирхсон юм. “Тавантолгой түлш” ХХК мэргэжилтэн  Г.Даваабаатар “Нийт 200 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөх төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс 110 мянган тонныг агуулахад нөөцөлсөн. Өнөөдрөөс худалдаалагдаж эхэлнэ. Улаанбаатар хотын нийт хэрэгцээ нь 600 мянган тонн байдаг үүнээс бэлэн 100 мянган тонн сайжруулсан түлш байгаа. Түүхийн эдийн хувьд 200 гаран мянган тонн байгаа. Мөн 300 мянган тонны түүхийн эдийн татан авалт хийгдэнэ. Нийт 650 цэгт худалдаалагдана. Өнөөдөр 483 нь эхний ээлжид нээгдэнэ. Үлдсэн нь аравдугаар сарын 1-нээс нээгдэж, арваннэгэн сарын 1-ны өдөр гэхэд бүрэн нээгдэнэ. Нүүрсний картаараа зургаан нүүрс авах журам хэвээрээ. Нийт 31 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж, хот доторх тээвэрлэлтийн хариуцдаг” гэв.
 
    Монголчууд энэ жил өнгөрсөн жилүүд шиг “ичих”-гүйгээр ажиллана гэсэн төлөвлөгөөтэй. Тиймээс ч хотынхыг дулаан сайхан хавартай золгуулах ажлаа сайн хийсэн талаар холбогдох аж ахуй нэгжийнхэн хэлсэн юм. Тэд өөрсдийн ажилдаа онц дүн тавьж бэлэн байгаагаа хэлсээр байлаа.
 

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: АШИГЛАЛТЫН ХУГАЦАА НЬ ДУУССАН ДУЛААН ДАМЖУУЛАХ ШУГАМ ДАХИАД ХАГАРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188