Коронавируст цар тахал, түүнээс улбаатай хэд хэдэн удаагийн хатуу хөл хорио өнөөгийн нийгмийн 3\2-ыг бүрдүүлж буй ядуу ангиллын айл өрхүүдэд хүчтэй “цохилт” болжээ. Хорооны халамжийн ажилтны ширээн дээр хүнсний талонд хамрагдах хүсэлт “овоорч”, хүнсний дэлгүүрүүд дахь өрийн хар дэвтэр улам зузаарч буй нь айл өрхүүдийн амьдрал хэрхэн уруудаж буйг бэлээхэн харуулаад өгч байна.
Ялангуяа өнгөрсөн сараас хойш айл өрхүүд хүнсний талонд хамрагдах хүсэлт гаргах нь эрс нэмэгджээ. Бид хүнсний талонд хамрагдах хүсэлт гаргасан хэд хэдэн айлын бодит амьдралыг сурвалжлахаар “Баянхошуу”-ны гэр хорооллыг зорилоо.
Зурагтын эцсээс Баруун, Зүүн салааны уулзвар хүртэл сунайсан гэр хорооллыг бүхэлд нь Баянхошуу хэмээн нэрийднэ. Нэршил нь “баян” гэх билэгдэлтэй ч бодит амьдрал дээр айл өрхүүдийнх нь ихэнх нь ядуу ангилалд багтана. Баянхошуунд урин цаг ирсэн янз ер алга, ард иргэдийн амьдрал ч, ахуй орчин ч бүхэлдээ сааралтаж үзэгдэх. Өвөлдөө хамгийн их утаатай, хавар, намартаа хамгийн их тоос шороотой байдгаас ч тэр биз.
Бид Баянхошууны төв замаас салж, Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг “Дэнж” гэх газрыг чиглэн өгслөө. Өгсөх тусам зам эвдэрч, хашаа ховордох аж. Уулын энгэрийг тэгшилж, үерийн амыг ирмэгдэж барьсан бор гэрүүд дуусахгүй мэт үргэлжилнэ. Ураг төрөл, хамаатан саднаараа айлсан, хоёр, гурван монгол гэрийг нэг байшингийн суурийн дайны талбайд бөөр бөөрөөр нь наан барьсан байх нь энд нийтлэг. Гэрүүдийн гадна цэцэрлэгийн насны хүүхдүүд өмдтэй, өмдгүй гүйлдэх мөн л нийтлэг дүр зураг. Эгц өгсүүр, энхэл донхол замаар зөрж уруудах суудлын тэрэгний жолооч сурмаг гэмээр, эсвэл согтуу ч гэмээр тоос манарган давхина. Хаяа нэг хоол хайн шогших нохой үзэгдэнэ. Бид ийн өгссөөр “Дэнж”-ийн оройд хүрлээ.
Тэнд өрх, бүрээс нь нар салхинд үжирч сиймийсэн хоёр бор гэр байх бөгөөд хашаагүй учир зүүн талын гэр рүү нь шууд явж орлоо. Нас өндөр гарсан буурай гал дээр боорцог хайран, утаа май болон сууж байв. Түүнийг С.Булгаа гэдэг бөгөөд өдгөө 80 нас зооглож буй ажээ. Харин хажуу гэрт нь бага хүү эхнэр, хүүхдүүдтэй амьдардаг гэнэ. С.Булгаа эмээгийн тэтгэвэр ихэнхдээ хүүхдүүд рүү нь “явчихдаг” учраас хүнсний талонд хамрагдахаар хороондоо хэд хэдэн удаа хүсэлт өгсөн хэдий ч хасагдсан гэнэ.
Учрыг нь асуухад “Би Ховд аймгийн хүн. Улаанбаатар хотод 2000-аад оны эхээр орж ирсэн. Энэ байгаа газраа буугаад бас ч хэдэн жил болчихлоо. Хөөрхий, хорооны хэсгийн ахлагч манайхаар ирдэг л юм. Ирэх тоолонд нь л “Хүнсний талонд хамруулж өгөөч, хөгшин миний тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй юм” гэж учраа хэлдэг. Тэгэхэд “За, хамруулж өгнө өө, хүлээж бай” гээд л буцдаг. Хаанаа, хэн нь зөвшөөрдөггүй болоод хамруулж болдоггүй юм бол, мэдэхгүй юм. Өөрөө яваад хөөцөлдье гэхээр хөл муу, хороо руу уруудаж, буцаад өгсөж чадахгүй.
Хөл хорионы үеэр хүүгийн минь ажлаас жаахан хүнс хандивлаж, нэмээд миний тэтгэврээр л энэ хоёр гэр бор хоногуудын давлаа” хэмээсэн юм.
Мөн тэрбээр “Тэтгэвэр буусан үед талх, сүүтэйгээ залгана аа, хөөрхий. Харин хэд хоноод дуусчихдаг болохоор мөнгөтэй үедээ гурилаа ахиу аваад боорцог хайраад тавьчихдаг юм. Талхны мөнгөгүй үед боорцгоо хөшиглөөд сууж байна гэдэг чинь болж байгаа биз дээ” хэмээн инээмсэглэж суулаа.
Бид С.Булгаа эмээгийнхээс гарч, уруудаад буцаж баруун уулынх нь энгэрийг өгслөө. Орой хэрд нь гарвал хашаагүй, жижиг байшингийн үүдэнд нас тогтсон нэгэн эр сууж байхтай таарч, цөөн хором ярилцсан юм. Түүнийг Ө.Баярсайхан гэдэг аж. Тэрбээр, Өмнөговь аймагт нүүрс тээврийн автомашин барьдаг байсан ч хөл хорионы өмнөхөн ажилгүй болжээ. том хөл хорионоос үүдэн ажилгүй болсон гэлээ.
Энэ тухайгаа “Би говьд жолооч хийдэг байсан ч ажилгүй болоод хоёр сар гаруй болж байна. Манай эхнэр “Өргөө” амаржих газар сувилагч хийдэг. Одоогоор эхнэрийнхээ цалингаар л амьдарч байна. Гараад ажил хайя гэхээр нас гологдоод байх болж.
Гэртээ ажилгүй суугаад байхаар яг үнэндээ архи л уух гээд байдаг болчихдог юм байна. Манай энэ хавиар ажилгүй, архи ууж өдрийг бардаг миний насныхан их олон. Хааяа нийлж уучих гээд байдаг боллоо.
Яаж ажил төрөлтэй болдог юм билээ л гэж бодож сууна. Өмнө нь хоёулаа ажил хийгээд байхаар амьдрал болоод л байдаг байлаа. Харин одоо бол ёстой элгээрээ хэвтэж байна. Миний дүү манай хөргөгчийг нээгээд харсан ч болно. Хоосон шахуу л юм бий” хэмээн ярьсан юм.
Ийн ярилцаж байх зуур түүний эхнэр ирж яриа өрнүүлсэн юм. Тэрбээр “Манайх өмнө нь гэрт амьдардаг байхдаа хүнсний талон авдаг байсан. Би цалингийн зээл авч, нөхөр минь хэдэн сарын цалингаа нэмээд энэ жижиг байшинг барьсан юм. Тэгтэл манайхыг байшинтай болж, амьжиргааны төвшин нь сайжирсан гээд хүнсний талоноос хассан байсан. Бид хүнсний талонд хамрагдах хүсэлтээ дахин өгөөд байгаа. Хэд хэдэн удаагийн хөл хориог хүндхэн л давлаа” хэмээсэн юм.
Бид Ө.Баярсайханыхаас гарч, Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны иргэдэд хүнсний талоноор үйлчилдэг “Мөнгөн унага” хүнсний дэлгүүрт очсон юм. Тус дэлгүүр нийт 82 өрхөд хүнсний талоноор үйлчилдэг ажээ. Иргэд хүнсний талоноор үйлчлүүлэхдээ хүнсний гол нэрийн 10 бүтээгдэхүүнээс кг, ширхэг, боодлын үнэ хамаарахгүйгээр сонгож болох ч импортын болон тансаг хэрэглээний хэмээгдэх бүтээгдэхүүн сонгохыг хоригложээ. Тухайлбал мах, дайвар бүтээгдэхүүний хувьд гэхэд хиам болон лаазалсан, дахин боловсруулсан махан бүтээгдэхүүн авах эрхгүй. Энэ нь тансаг хэрэглээний нэр төрлийн бараанд тооцогдож буй юм. Мөн архи, тамхийг хүнсний талоноор олгодоггүй. Өөрөөр бол иргэд хүнсний талоноор хоол хүнсэндээ зайлшгүй хэрэгтэй мах, гурил, будаа сэлтээ л авах боломжтой байдаг ажээ.
“Мөнгөн унага” дэлгүүрийн эзэн “Манайхаас хүнсний талоны бүтээгдэхүүн авч буй зарим иргэд машин унаж, үнэтэй гар утас барьсан харагддаг л юм. Бодвол зохих шалгуурыг нь хангасан болоод л хүнсний талонд хамрагддаг байх. Гэхдээ ийм хүмүүс олон биш ээ. Сүүлийн жил орчмын хугацаанд манай дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэд ихэвчлэн өр зээл тавих болсон. Өрийн дэвтэр ч зузаарсаар л байна. Өгөх хэцүү, өгөхгүй байх бүр хэцүү байдгийг хүнсний дэлгүүр ажиллуулдаг хүмүүс бүгд мэднэ дээ. Өөр зээл тавьж буй хүмүүс ихэвчлэн л хүнсний талонд хамрагдах юм сан гэж ярьж явдаг” хэмээн учирлаж байлаа.
Бид хүнсний талонд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо хэрхэн нэмэгдэж байгаа, хүсэлт гаргасан ч хамрагдаж чадаагүй хэчнээн өрх байгааг Сонгинохайрхан дүүргийн VII хорооны халамжийн байцаагч Б.Чулуунцэцэгээс тодруулахад “Хүнсний талонд хамрагдах өргөдөл их ирж байна. Өргөдөл ирсний дараа гэрээр нь очиж, үзлэг хийдэг юм аа. Гэр орны байдал, эдэлж хэрэглэж буй цахилгаан бараа, цалин орлого гэхчлэн олон зүйлсийг харж байж хүнсний талонд хамруулах эсэхийг шийддэг. Үнэхээр амьдрал нь хэцүү айл өрхүүдийг аль болох хамруулахыг л хичээдэг. Сүүлийн үед цар тахлаас болоод айлуудаар явах боломжгүй байна. Одоогоор надад 60 гаруй өргөдөл ирчихсэн байгаа” гэлээ.
Энэ мэтчилэн өдөр ирэх тусам хүнсний талонд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо эрс ихэсжээ. Хөл хорионоос болж хөдөлмөрийн насныхны тал хувь нь шахуу ажилгүй болсон учраас одоогоор хөгшдийн тэтгэвэр, хүүхдийн мөнгө, хүнсний талон гурав л айл өрхүүдийн амьжиргааг залгуулж байна.
Иргэд хөл хорионы дараа хүнсний талоны эрэлд гарцгаажээ |
|
2025-04-18 16:03:45
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 06:00:00
2025-04-18 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |