• Өнөөдөр 2024-05-19

Д.АНАР: Гуяныхаа махыг таслуулсан ч шүдээ зууж, тэвчээд Монгол Улсынхаа далбааг мандуулж байлаа

2021-03-19,   896

-НУТГИЙН АРД ОЛОН, БӨХӨД ХАЙРТАЙ ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ ДААЖ, ШУДАРГА БАРИЛДАХ ХҮСЭЛТЭЙ ХҮН ШҮҮ, БИ-

       ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Д.Анарыг уншигч та бүхэнтэй уулзуулж байна. Тэрбээр Монгол үндэсний бөхөөр хичээллэхийн зэрэгцээ самбо, жүдо зэрэг 10 гаруй бөхийн төрлөөр тив, дэлхийн олон тэмцээн, уралдаанд Монгол Улсынхаа нэрийг дуурсгасан нэгэн. 

       23 настайдаа улсын наадмын барилдаанаар улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулж явсан адтай, уртайгаас гадна ард олноо хүндлэгдсэн түүнтэй амьдрал болон бөхийн замналынх нь талаар дэлгэрэнгүй ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.

ДЭЛХИЙН БҮХ ТӨРЛИЙН БӨХИЙН СПОРТЫН НИЙЛБЭР НЬ МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХ

-Цар тахал, хөл хорио гэсээр бэлтгэл сургуулилалт хоцров уу. Энэ үеэр юу хийж байв аа?

-Хөл хорионы үеэр бэлтгэл бүрэн хангагдаагүй ч чадахаараа л бэлтгэж байлаа. Ирэх зун Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Гэрээрээ мөн хааяа уул, хадаар явж бэлтгэлээ базааж байна. 

-Гэрээрээ бэлтгэл хийх, зааланд очиж бэлтгэл хийх хоёрын ялгаа нь юу байв?

-Мэдээж орчин, нөхцөлөөс эхлээд их өөр шүү дээ. Бөхчүүдэд дэвжээний бэлтгэл их дутагдаж байна даа, энэ өдрүүдэд. 

-Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмын барилдаандаа хэр бэлдэж байгаа вэ. Реалити шоу, халз барилдаан гэсээр завгүй л байх шиг байсан?

-Улсын харцага цолтой найман бөхийн реалити шоу маань байнгын бэлтгэлээр хангаж байгаа. Бусад харцагатайгаа өдөр бүр хүчний, дэвжээний бэлтгэл хийж байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойн барилдааны бэлтгэл гайгүй хангагдаж байна л гэж хэлнэ дээ.

-Анх хэдэн настайгаасаа бөхийн спортыг сонирхож, амьдралаа болгохоор шийдсэн бэ?

-Би хүүхэд байхаасаа л “Сайн бөх болох юм сан” гэх мөрөөдөлтэй байсан. Тийм ч учраас аль ч бөхийн төрөлд хоёргүй сэтгэлээр хандаж ирсэн. Анх Дорнод аймгийн Дашбалбар суманд нэгдүгээр ангид сурч байхдаа цэргийн начин Мөнхжаргал багшийнхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилалт хийж, бөхийн спортод орох анхныхаа зам, мөрийг тавьж байлаа даа. Түүнээс хойш тасралтгүй бөхөөр идэвхтэй хичээллэж байна.

-Та зөвхөн үндэсний бөх гэлтгүй өөр олон төрлийн бөхийн спортоор хичээллэж, барилддаг. Бусад орны бөхөөр барилдаж байгаад үндэсний бөхөөрөө барилдахад ялгаа хэр мэдрэгддэг вэ?

-Дэлхийн улс болгон л өөрийн бөхийн төрөлтэй. Тэр болгоноор барилдахад ялгагдах зүйл маш олон. Манай үндэсний бөх маш баялаг түүхтэй. Би бусад бөхийн төрлөөр барилдахдаа Монгол үндэсний бөхийнхөө давуу талыг гаргаж барилддаг. Манай үндэсний бөх барьцтай, барьцгүй, хөл авч, хөлөөрөө барилдах зэргээр бөхийн маш олон төрлийн нийлбэр гэж хэлж болно. Би 10 гаруй бөхийн төрлөөр барилддаг хүний хувьд үндэсний бөх маань бүх бөхийн спортын нийлбэр гэж бодож явдаг.

-Үндэсний бөхөөрөө Монголдоо барилдах, бусад бөхийн төрлөөр олон улсын тамирчидтай барилдахын ялгааны талаар хэлж өгөөч?

-Барьцнаас эхлээд ялгаа их. Орон орны үндэсний бөхөөр барилдахад бэлтгэл, сургуулилалтын ялгаа гардаг. Үндэсний бөхөөр барилдахын тулд үндэсний бөхөд тааруулсан бэлтгэл хийдэгтэй адил бүх төрлийн бөхийн спорт өөр өөрийн дэг жаяг, бэлтгэлтэй. 

БИ НАЙРАА, ДОПИНГИЙН АСУУДЛЫН АЛЬ АЛИНД НЬ НЭР ЦЭВЭР 

-Үндэсний бөхөд эд барилдаж яваа бөхчүүдээс хэнийг нь хамгийн гол өрсөлдөгчөө гэж хэлэх вэ?

-Маш олон бөх бий. Яг тэр, энэ гээд тодотгоод яах вэ. Бүхий л барилдааны нэгийн даваанаас таарсан болгон минь миний гол өрсөлдөгч шүү дээ. 

-Анх хэнийг харж, биширч, хүндэлж, тэр хүний мэхийг нь дууриаж, үлгэр дууриалал авдаг байсан бэ?

-Зургаан залуу заанаас Ц.Цэрэнпунцаг гарьдыг дэмжиж, барилдааныг нь үзэх дуртай байсан. Тэр хүнээс үлгэр дууриалал авдаг, мэхийг нь харж, биширдэг. Зөвхөн миний үеийнхэн гэлтгүй дээд үеийнхэнд маань ч зургаан залуу заан хэмээн ард олноо хүндлэгдсэн бөхчүүд урам өгч, бөхийн соёлыг түгээхэд маш их хувь нэмэр оруулсан гэж бодож явдаг.

-Таны хувьд үзэгчдийн нэрлэж заншсанаар найраанд орох ч юм уу, уначихъя гэж бодож барилдсан тохиолдол бий юү?

-Би 2019 онд улсын харцага цолоо хүртсэн. Харин өнгөрсөн жил допингийн асуудалтай холбоотойгоор дөрвийн даваанд өвдөг шороодсон. Миний хувьд найраанд орж байсан тохиолдол байхгүй. Үнэнч шударгаар бэлтгэл, сургуулилалтаа хийгээд л явж ирлээ. Миний барилдааныг үздэг нутгийнхаа ард олны итгэлийг дааж, шударга барилдаж, цолоо ахиулах хүсэлтэй. Тийм ч учраас би найраа, допингийн асуудлын аль алинд нь нэр цэвэр гэдгээ үзэгч олондоо хэлмээр байна.

-Анх бөхийн спорт сонирхож, бөх болно гэхэд чинь гэрийнхэн нь хэрхэн хүлээн авч байв?

-Гэр бүлийнхэн маань намайг хүүхэд байхаас л урам зориг өгч, дэмжиж ирсэн. Ээж минь бүх зүйлээр дэмждэг. Дээр нь ах, эгч нар маань нэмэгдэнэ. Мөн хань минь намайг бүх талаар дэмжиж, урамшуулж, хурцалдаг. Гэр бүлийнхэн маань надад хэзээ ч эргэлзэж байгаагүй. Түүнийх нь тус дэмээр л би өдий зэрэгтэй яваа юм болов уу. Манай гэр бүлийн хүнийг Хоролсүрэн гэдэг. БХИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Одоо бид хоёр хүүгийн аав, ээж болсон. 

-Хоёр хүүгээ бөхийн спортоор хичээллүүлье гэсэн сонирхол бий юү?

-Байлгүй яах вэ. Амжилт гаргахдаа гол нь биш. Бөхийн спортоор хичээллэж, монгол эр хүн ямар байх төлөвшил, хатуужлыг мэдүүлбэл үр хүүхдүүдийн минь амьдралд хэрэгтэй гэж боддог.

БӨХ БАРИЛДАХ, ШАТАР ТОГЛОХ ХОЁР АДИЛХАН

-Бөх хүн удамшдаг гэх юм билээ. Таны удамд бөхийн хүн бий юү?

-“Морь удамшдаг” гэж ярьдаг шиг хүнд ч тийм зүйл байлгүй яах вэ. Аавын удамд их дээр үед даншигийн харцага цолтой бөх байсан гэсэн. Харин ээжийн талд аймаг, цэргийн цолтой хэд хэдэн бөх байсан юм билээ. Үүнтэй холбоотойгоор ч гэх юм уу хүүхдүүдээ бөхөөр хичээллүүлэх сонирхол их бий.

-Таны өөрийн барилдаан, бөхийн замналаараа үзэгчдэд харуулахыг хүсдэг зүйл чинь юу вэ?

-Бөх барилдах, шатар тоглох хоёр адилхан гэж ахмад бөхчүүд ярьдаг юм. Одоо ингээд бодоод байхад бөх гэдэг маш их оюун ухаан зарсан спорт. Харин үүнийг зөвхөн энэ спортод хайртай, бүх амьдралаа зориулсан бөхчүүд л дотроо мэдэрдэг гэж боддог.

-ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН НААДАМД БЭРТЭЛТЭЙ БАЙСАН Ч ШҮДЭЭ ЗУУЖ, ТЭВЧЭЭД МОНГОЛ УЛСЫНХАА ДАЛБААГ МАНДУУЛЖ БАЙЛАА-

-Барилдахдаа сүрдэж байсан бөх бий юү?

-Д.Рагчаа гарьд юм болов уу. Би аймгийн начин цолтой байхдаа 2012 оны Цагаан сарын барилдааны нэгийн даваанд Д.Рагчаа гарьдтай таарч байсан юм. Яг барилдаад, хоёр сэнжигнээс нь бариад авахад “аймаар” санагдаж билээ. Тэгээд “Улсын том цолтой бөхчүүд гэдэг чинь цаанаасаа төрчихсөн, ийм л сүр хүчтэй байдаг юм байна” гэж бодож байсан даа.

Тухайн үед барилдахад бяр, бэлтгэл, сургуулилалт дутуу бас хүүхдээрээ шахуу байсан. Тэгээд ч улсын наадмын түрүү үзүүрт яригддаг, мундаг бөхтэй барилдаж байгаа хэрэг шүү дээ. Д.Рагчаа гарьд бусад бөхтэй бяралхаж барилддаг, их бяртай хүн.

-Үндэсний бөхөд дүрмийн тал дээр ч юм уу, асуудалтай санагддаг зүйл байгаа юу?

-Зодогны стандартыг тогтоохгүй бол зарим бөх хэт бариу зодог өмсөхөөр бөхчүүд хэн хэнээсээ барьц олохгүй шүү дээ. Тэгээд л барилдаан удааширна. Жижиг биетэй хүн өөрөөсөө арай том биетэй хүнтэй таарлаа гэж бодоход том биетэй хүн нь барьц өгөхгүй байсаар золгох болно. Сүүлийн үед зодогны тал дээр ийм тактик гаргаад байна. Тиймээс зодогны тогтсон стандарт гаргах хэрэгтэй. Шуудагны уяа бас камераар шүүхгүй л бол барилдаанд хохирч байгаа бөх олон бий. Хэдий давсан ч хөлийн цэц нь хараагүй бол ялагдах тохиолдол ч байна.

-Бэртэл, гэмтэл гэдэг тамирчин хүний маш том дайсан. Танд бэртлээс болоод барилдаж чадалгүй өнжсөн, харамсаж явдаг тохиолдол бий юү?

-Бэртэл, гэмтэлтэй холбоотой асуудал зөндөө бий. Тамирчин хүний зовлон их. Хамгийн хэцүү нь бэртэл, гэмтэл. Бэртлээс болоод барилдаж чадахгүй гэртээ үлдэнэ гэдэг тамирчинд маш хэцүү байдаг. Би 2018 онд их спортоор Олон улсын тэмцээнд явж байхдаа гуяныхаа ар талын махыг тасдуулсан. Тэр үед надад маш хариуцлагатай байх хэрэгтэй ганцхан л барилдаан үлдээд байсан юм. Хэрэв би барилдаандаа нэг давж, хүрэл медаль хүртэх юм бол Монгол Улс багаараа медальт байрт жагсах байлаа. Тийм үед хүн их л юм боддог юм билээ. “Энд нутгаасаа хаа хол газар ирчихээд ганцхан барилдаанд тэсээд гарчихъя” гэж бодоод хөдлөх гэсэн хөдөлж болдоггүй. Өвчин намдаах тариа хийгээд ч нөлөөлдөггүй. Өвчин нь ч буурахгүй байсан. Тэгээд л шүдээ зууж, тэвчээд гарч барилдсан. Тэр барилдаандаа би ялалт байгуулж, манай улс багаараа хүрэл медаль авсан. Тийм олон зүйл болсны дараа медалийн тавцан дээр зогсож байхад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг юм билээ.

АХ БӨХЧҮҮДИЙН НУРУУНД ШАЛНЫ МОДООР МАССАЖ ХИЙЖ БАЙГААД БАРИГДААД НЭГ САЙН ЗАГНУУЛЖ БИЛЭЭ

-Залуу байхдаа ах нарынхаа гарын үзүүрт хэр зарагддаг байв. Тэр үеийн гэрэл гэгээтэй, сайхан дурсамжаасаа манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Том цолтой бөхчүүдийнхээ хувцсыг угаах, хоол хийх, хэрэгцээт юманд нь гүйх гэдэг бол бүх л бөхийн туулж өнгөрүүлсэн замналын нэг хэсэг. Ялангуяа наадмын барилдааны өмнө залуу бөхчүүдийн ажил ихэснэ шүү дээ. Гэхдээ энэ бүхэн маань надад маш их тус дэм болсон. Ядаж л зодог шуудгаа угааж, цэвэрч нямбай эвхэж сурч, хүний хэлсэн үгийг даадаг болдог юм. 

Наадмын бэлтгэл дээр ах нар маань залуусаар массаж хийлгэнэ. Бүр өглөө болтол шөнөжин массаж хийлгэх нь ч бий. Нэг өдөр би массаж хийж байтал нойр хүрээд болдоггүй ээ. Ерөөсөө унтчих гээд болж өгөхгүй болохоор нь шалны модоор холоос массажлаад унтаад өгсөн юм. Дараа нь баригдаад ах нартаа нэг сайн загнуулж билээ. Тухайн үед ах нар ч биднээр их тоглоно. Залуу байхад бэлтгэл дээр дуулж, бүжиглэж, шүлэг унших үе зөндөө (инээв). Тэр үеийг одоо бодоход сайхан байдаг. Тухайн үед заримдаа төвөгтэй санагддаг байсан ч одоо тэр үеэ хааяа үгүйлдэг шүү.

ДОПИНТОЙ ХОЛБОГДСОН БӨХЧҮҮДЭД “ХАРИУЦЛАГАА ЭР ХҮН ШИГ ХҮЛЭЭЧИХ ЭЭ” ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА

-Та допингийн тал дээр ямар байр суурь, үзэл бодолтой байдаг вэ?

-Би цаг үргэлж л допингийн эсрэг байр суурьтай байсаар ирсэн. Олон ч газар өөрийн байр сууриа илэрхийлж байлаа. Допингийн асуудал нь тухайн бөхийн генд өөрчлөлт оруулна. Мөн өрсөлдсөн бөхийнхөө амжилт, бэлтгэл, сургуулилалтыг үнэгүйдүүлнэ. Монгол үндэсний бөхийн дархлаа генээр дамжиж, удамшдаг. Тиймээс бөхийн өв соёл маань үүнээс болж, устаж, үгүй болох вий гэхээс айж байна. Би допингийг маш хатуу байр суурьтай эсэргүүцдэг. 

-Саяхан допин хэрэглэсэн бөхчүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл цацагдсан шүү дээ?

-Тухайн бөхчүүдийн допинтой холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Энэ асуудалд маш нухацтай хандаж, шийдвэр гаргах хэрэгтэй. Дараагийн хохирол нь юу байх, шинэ залуу бөхчүүдэд ямар үлгэрлэл үзүүлэх вэ. Залууст “Өө допин хэрэглэсэн ч хэрэгсэхгүй болгочихдог юм байна” гэх бодол суулгачихаж мэднэ. Ардын хувьсгалын 100 жилийн ойн барилдаанд маш олон бөх бэлдэж, үүнийг боломж гэж харж байгаа. Гэтэл маш олон бөхийн боломж дээр дээрх шийдвэр шиг асуудал гарах вий гэж бодож байна. “Яадаг юм. 100 жилийн ойгоор допин хэрэглээд нэг цол авчихъя. Дараа нь тэгээд л болгочихно” гэх буруу ухуулгыг хүмүүст хүргэх вий гэж эмээж байна. Хүн хариуцлагаа үүрэх ёстой. Бөхчүүд өөрсдөө ёс суртахуунтай байх хэрэгтэй. Монголын ард иргэд бөхийг ихэд хүндэтгэдэг. Тэр том хүндэтгэлийг бид даах ёстой. 

-Та допин хэрэглэсэн гэх бөхтэй барилдсан. Яг барилдаж байх үеэр сэргээшийн төрлийн зүйл хэрэглэсэн эсэх нь мэдрэгдсэн үү?

-Барилдаж байхдаа допин хэрэглэсэн гэж яаж мэдэх вэ. Адилхан л бэлтгэл, сургуулилалтаа хийж ирсэн бөхчүүд. Допин тариулна гэдэг чинь дааврын хэмжээг нь ихэсгээд хүнийг бараг л араатан шиг болгочихно гэсэн үг. Хүн алдсан бол алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ хүнийг алдсан байхад нь тэглээ, ингэлээ гээд байх сонирхол надад байхгүй. Би хэлсэн, хэлээгүй хүмүүс шүүмжилж байна. Зарим нэг нь буруу хүмүүстэй нийлсний улмаас допин хэрэглэсэн юм болов уу гэж боддог. Миний хувьд асуудалд орсон бөхчүүдийг “Хариуцлагаа эр хүн шиг хүлээчих ээ” л гэж хэлнэ.

ӨӨРИЙН ХУРИМТЛУУЛСАН ТУРШЛАГАА ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ӨВЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ

-Орчин үеийн техник, технологийн дэвшил Монгол үндэсний бөхөд их нөлөөлж байх шиг. Үндэсний бөхийн ирээдүйн талаар ямар төсөөлөлтэй байна вэ?

-Монгол бөхийн ирээдүй цэвэр ариун, үнэн шударга, допин зэргийн дэмий зүйлээс хол л байгаасай гэж боддог. Орчин үеийн техник, технологи яаж ч хөгжсөн залуус бөхөө барилдсаар л байх болно. Үндэсний бөхийн уламжлал, өв соёл хадгалагдана. Гэхдээ бөхийг шинэлэг байдлаар авч явж ч болох байх. Надад бол нэг их ялгаагүй. Бөхчүүд бидний хамгийн гол зорилго нь үзэгч түмнийг уран мэхээр баясгах, цэнгүүлэх юм шүү дээ. Үүнийгээ сайн хийж байвал бидний зорилго биелж байна гэсэн үг. Үүнээс л бид таашаал авч бас хоолоо олж иддэг. Миний бодлоор найраагүй, допингүй, ард түмэнд хүндлэгдсэн хэвээр нь л авч үлдвэл бусад жижиг өөрчлөлт хамаагүй.

-Ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?

-Ойрын 7-8 жилдээ үндэсний бөхөөрөө барилдана. Энэ олон жил хичээллэж ирснийх өөрийнхөө туулж чадах хүртэл явна. Харин дараа нь өсөх ирээдүйтэй хүүхэд, залуусыг үндэсний бөхийн спортоор бэлтгэх багш болно гэж боддог. Түүнээс биш, бизнес эрхлэх зэрэг бусад төрлөөр явж чадахгүй байх. Хүн өөрийнхөө чаддаг, мэддэг, сурсан юмаа хийх шиг сайхан юм байхгүй. Чаддаг, мэддэг, хуримтлуулсан туршлагаа хүүхэд, залууст зааж, өвлүүлж үлдээх далдын хүсэл дотор минь байдаг.

-Ярилцсанд баярлалаа. Таны спортын замналд амжилт хүсье.

-Намайг урьж, ярилцсан танай хамт олонд маш их баярлалаа. Намайг дэмждэг хүн маш олон байдаг. Би тэднийхээ хүчээр л өдий зэрэгтээ яваа. Гэр бүл, ханьдаа маш их баярлалаа. Мөн надад алтан сургаалиа хайрлаж ирсэн Ц.Шийрэв багшдаа баярлалаа гэж хэлье. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.АНАР: Гуяныхаа махыг таслуулсан ч шүдээ зууж, тэвчээд Монгол Улсынхаа далбааг мандуулж байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188