-Олон улсын бодибилдингийн “IFBB” холбооны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Танд баярлалаа.
-Та Монголын бодибилдингийн түүхэнд анхны ДАШТ-ий хүрэл медалийг авчирч байсан. Тэр 2022 оны ДАШТ билүү?
-Тийм ээ. 2022 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан.
-ДАШТ-ээс алтан медаль хүртлээ.“Mr.Olympia”-д оролцох эрхийг авсан уу?
-Манай Олон улсын бодибилдингийн “IFBB” холбоонд “Mr.Olympia” гэж байдаггүй. Манай холбооны тамирчид тусдаа “Мистер олимп”, Амазон олимп”-д өрсөлддөг. Гэхдээ эрх авч оролцдоггүй. Хэн хүссэн тамирчин бүртгүүлээд оролцох, өрсөлдөх боломжтой байдаг.
-ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтыг тань үнэлж Монгол Улсын гавьяат тамирчин цолыг өгсөн үү?
-Тийм ээ. ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн миний амжилтыг үнэлж, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнасан. Монгол Улс бодибилдингийн “IFBB” холбооны гишүүн орон болоод 29 жил болж байгаа. Тус холбоо нь эгнээндээ 204 орны багтаасан дэлхийн том холбоо. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд “IFBB” холбооны гишүүн Монгол Улсын бодибилдингийн тамирчдын ДАШТ-ээс хүртэж байгаа анхны хүрэл медаль байгаа юм.
-Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэний дараа багагүй шүүмжлэлд өртсөн. Тухайн үед сэтгэл зүйд чинь хүнд туссан уу?
-Намайг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртээд МУГТ боллоо гээд шүүмжлээд эхэлсэн. Харин би гавьяат цолоо баталгаажуулж дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн. Бас л шүүмжлэл, хэл ам тасрахгүй яваад л байгаа. Зарим хүмүүс Монголд хоёр тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа холбоог ялгаж, салган ойлгохгүй байгаагаас болоод г шүүмжлэлийг өрнүүлээд байх шиг байна. Жижиг холбоодоос төрөн гарсан дэлхийн аваргууд олон байдаг. Хүмүүс ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчид гавьяат болоогүй байхад ДАШТ-ээс хүрэл медаль хүртээд МУГТ болчихлоо гээд шуугиад эхэлсэн л дээ. Бодибилдингийн спортоос төрөн гарсан таван гавьяат тамирчин бий. Магадгүй 5-10 жилийн дараа Монголд байгаа жижиг холбоод, том холбоод руугаа нэгдэн нийлэх байх. Тэр цагт л хүмүүс аль холбоо нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн том холбоо вэ гэдгийг ойлгох болов уу.
-Та багадаа балетаар хичээллэж байсан гэв үү?
-Бага байхдаа балетийн урлаг, спортоор хичээллэж байсан. Балетийн багш нар миний спортын суурийг маш зөв, сайн тавьж өгсөнд баярладаг. Миний багын мөрөөдөл тайзан дээр гарч алхах, тайзны урлагийг эзэмших, загвар өмсөх сонирхолтой байлаа. Би тэр тайзан дээр алхах мөрөөдөлдөө арай өөр замаар, фитнесийн спортоор дамжиж хүрсэн гэж боддог.
-Тэр сайхан урлагаа яагаад хүчний спортоор солих болов. Таны сонирхлыг фитнесийн спортын чухам юу нь татсан бэ?
-Өөрийгөө хөгжүүлэх арга зам хүнд олон байдаг. Бие галбираа зөв, өв тэгш хөгжүүлэх гэж сонгосон миний зам фитнес байсан. Энэ сонголт буруу байгаагүй гэдгийг цаг хугацаа нотлон харуулж байна. Хичээллэх тусам энэ спортод улам ихээр татагддаг юм билээ. Өдөр бүрийн бэлтгэлд өөрийн биеийг төгс урлахын төлөө хичээж, илүү ихээр хөдөлмөрлөн, зүтгэж явна. Хүний гоё сайхан галбирыг урлахад хязгаар гэж үгүй юм билээ.
-Ер нь зарим хүн бодибилдингийг их амархан спорт, төмөр өргөөд уураг, амин дэм хэрэглээд л амжилт гаргана гэж ярих нь бий. Тэр хүмүүст ханддаж юу гэж хэлэх вэ?
-Хүн, хүний фитнесийн спортыг харах өнцөг өөр л дөө. Жирийн хүмүүсийн нүдээр амарсан спорт шиг харагддаг байх. Мэргэжлийн түвшний тамирчин, сонирхогчдын түвшний тамирчдын ялгаа, заагийг мэдэхгүйгээс тэгэж ярьдаг болов уу. Тодорхой хэмжээнд жингээ хасаад сонирхогчдын түвшний тэмцээнд оролцоод явахаар амархан юм шиг харагддаг байж магадгүй. Харин мэргэжлийн түвшний тамирчдын хувьд маш хэцүү спорт. “Сайн явна гэдэг санааных, сайхан төрнө гэдэг заяаных гэдэг” үг бий.
Хүн бүрийн биеийн бүтэц, яс, булчингийн анатоми, галбир харилцан адилгүй өөр байдаг. Фитнесийн спортод төрөлхийн галбирыг хэрхэн урлаж, сайжруулах вэ гэдэг урлаг, ухаан, хөдөлмөр, хичээл зүтгэлээс шалтгаална. Зарим нэг төрөлхийн зөв сайхан галбиртай хүмүүс өөрийн биеийг зөнд нь гаргуунд нь хаяж, хэт их идэж таргалаад, залхуурч биеэ нөөгөөд, хөдөлгөөний дутагдалд орчихсон байх нь бий. Биеийн галбирын алдаа, дутагдалтай, ясны мурийлт, булчингийн сул дорой хэсгийг дасгал, хөдөлгөөнөөр засаж сайжруулах боломжийг фитнесийн спорт олгодог онцлогтой.
-Та аль клубийн тамирчин бэ. Фитнесээр хэд дэх жилдээ хичээллэж байж энэ амжилтад хүрэв?
-Би фитнесийн спортоор анх 2000 онд хичээллэж эхэлсэн. “Тайхар” клубийн тамирчин байлаа. Тус клуб 2010-аад оны үед хаагдсан. Түүнээс хойш Монголын бодибилдингийн хөгжлийн холбооны тамирчин гэж яваа. Олон жил хичээллэсэн ч дунд нь 7-8 жилийн хугацаанд завсарлаж байлаа. Ер нь тамирчдын амжилт гаргах нь харилцан адилгүй байдаг. Насаараа фитнесээр хичээллээд амжилт гаргаж чадаагүй яваа тамирчид ч бий. Богино хугацаанд 5-6 жилийн дотор өндөр амжилт гаргасан тамирчид ч байдаг. Тухайн хувь тамирчны хөдөлмөр, хичээл зүтгэлээс амжилт гаргах нь харилцан адилгүй өөр, өөр байдаг юм.
-Олон улс, тив, дэлхийн тэмцээнд өөрийн гаргасан амжилтаас сонирхуулахгүй юу?
-Ер нь олон улс, тив, дэлхийн тэмцээнд анх оролцож байх үедээ “Топ-6”-д байнга л шахуу ордог байлаа. Фитнесийн спортоос завсарлага авахын өмнө Монгол Улсын аварга, Зүүн Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Ази тивийн аваргын алт, хошой мөнгө, хошой хүрэл медаль хүртэж байв. Завсарлагын дараа спортдоо эргэн ирээд тив, дэлхийн тэмцээнд илүү өндөр амжилтуудыг гаргасан байгаа. Олон улсын бодибилдингийн “IFBB” холбооны ДАШТ-ээс Монголын тамирчид гурван медаль хүртсэн байдаг. Түүний хоёрыг нь би хүртсэн байгаа.
-Монголд бодибилдинг, фитнессийн хэдэн холбоо байдаг юм бэ. Тус, тусдаа УАШТ хийгээд, өөр, өөр ангиллын ДАШТ-д оролцоод байна уу?
-Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хоёр том холбоо байгаа. Бусад жижиг холбоодын талаар сайн мэдэхгүй. Тийм болохоор өөр өөрсдийн холбооны УАШТ-ийг хийдэг. Улсын аварга болсон тамирчид тус тусын холбооны Азийн аварга, ДАШТ-д өрсөлддөг.
-Дэлхийн аварга болчихлоо. Одоо таны цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл юу байна вэ?
-Дэлхийн аварга тамирчин болсондоо их баяртай байгаа. Дэлхийн аварга болчихлоо гээд сэтгэл ханаж, энэ спортоо орхих бодол байхгүй. Олон жил хичээллэсэн спортоо шууд хаях нь эрүүл мэндэд сайнгүй нөлөөтэй. Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар байдаггүй. Тийм болохоор илүү их өндөр амжилт гаргахын төлөө хичээж зүтгэж байна. Цаашид хобби маягаар энэ спортоо амьдралынхаа хэвшил болгон хаялгүй, тамирчид болон сонирхогч, хүүхэд, залууст зөв үлгэр дуурайлал болохыг төлөө хичээж, зүтгэх болно. Хүний бие хэр их булчингийн масс авах боломжтой байдаг юм тэр хязгаар хүртэл, өөрийн биеийг урлах бодолтой байна.
Ер нь фитнесийн спорт их хөрөнгө, санхүүжилт шаарддаг спортын төрөл байгаа юм. Тэмцээний зардал мөнгөгүйгээс шалтгаалж, зарим нэг тэмцээнд явж чадахгүй өнжих нь байдаг. Санхүүгийн боломж гарвал манай тамирчид олон тэмцээн, уралдаанд оролцох байх. Монгол Улсад бодибилдингийн спорт эрчимтэй, хүчтэй хөгжиж байна. Клубууд шинээр олноор байгуулагдах болсон. Үүнийг дагаад олон холбоод байгуулагдан үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа.
Б.СУГАРСҮРЭН: Өөрийн биеийг төгс урлахыг хичээж, илүү ихээр хөдөлмөрлөхийн төлөө зүтгэж явна |
|
2025-05-06 18:56:32
2025-05-06 17:51:29
2025-05-06 17:50:07
2025-05-06 17:33:33
2025-05-06 16:25:35
2025-05-06 15:27:44
2025-05-06 13:35:02
2025-05-06 12:40:28
2025-05-06 09:56:18
2025-05-06 09:31:55
2025-05-06 07:00:29
2025-05-06 07:00:00
2025-05-06 07:00:00
2025-05-06 07:00:00
2025-05-06 07:00:00
2025-05-06 07:00:00
2025-05-06 07:00:00
2025-05-05 20:01:37
2025-05-05 18:34:22
2025-05-05 18:28:48
2025-05-05 18:21:27
2025-05-05 18:21:10
2025-05-05 18:16:02
2025-05-05 17:46:16
2025-05-05 17:25:08
2025-05-05 17:14:04
2025-05-05 17:03:49
2025-05-05 16:56:41
2025-05-05 16:52:11
2025-05-05 16:45:19
2025-05-05 16:29:20
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |