• Өнөөдөр 2024-05-02

ИХЭР ЗАЯАНД ТӨРСӨН БӨХЧҮҮД

2024-01-11,   602

Хүмүүний энэ нарт хорвоод ихэр заяанд төрнө гэдэг ховор хувь тавилан яах аргагүй мөн. Ихэр төрөөд үндэсний бөх, чөлөөт бөх, самбо, жүдо бөхөөр барилдаж яваа бөхчүүд цөөнгүй бий.

УЛСЫН НАЧИН ЛО.ЭНХБАЯР, ЛО.ЭРХБАЯР

Чөлөөт бөхөд ах дүү болон ихэр бөхчүүд чамгүй олон бий. Ховд аймгийн Дарви сумын харъяат Монгол Улсын гавьяат тамирчин улсын начин Лодойн Эрхбаяр. Монгол үндэсний бөхөд хүчин түрэн орж ирсэн 1964 оны алдарт  луу жилтэй бөхчүүдийн нэгэн билээ. 1990 оны улсын баяр наадмын тавын даваанд улсын начин (өөрийн ихэр) О.Эрхбаяраараа тав давж, улсын цолтны их гэр бүлд багтсан хүчтэн юм. Тэрбээр 1989 онд Швейцарийн Мартинид болсон ДАШТ-ий 74 кг-ын жинд хүрэл медальт хүртсэн.

Харин түүний ихэр Ховд аймгийн Дарви сумын харъяат Лодойн Энхбаяр, чөлөөт бөхийн ОУХМ, улсын начин цолтой. 1990 онд Хятадын Бээжин хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд барилдаж мөнгө, 1991 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний 74 кг-ын жинд түрүүлж, Ази тивийн аварга болсон. Чөлөөт бөхийн Монгол Улсын зургаан удаагийн аварга юм. 1989 оны улсын баяр наадмын тавын даваанд дархан аварга Д.Дамдиныг давж улсын цолтны их гэр бүлд багтсан юм.

Ло.Энхбаяр 1989 онд дэлхийн аваргад явахаар бэлтгэл хийж байх үедээ мөрөндөө бэртэл авч оронд нь Ло.Эрхбаяр яваад хүрэл медальтай ирж байсан юм билээ. Тэр үед ДАШТ-д монголын  Л.Энхбаяр хүрэл медаль авлаа гэсэн бол Монголчууд харин Ло.Эрхбаяр ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ гэж байжээ.

ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН А.ЭНХЭЭ,  МОНГОЛ УЛСЫН АВАРГА ОУХМ А.ТАЙВАН

Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ, ОУХМ Авирмэдийн Тайван нар чөлөөт бөхийн 62 кг жинд барилддаг байсан.  Гавьяат А.Энхээ 1985 оны ДАШТ-ий мөнгө, 1986 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Түүний гаргасан амжилтыг тодотгож 1981 онд спортын мастер, 1985 онд олон улсын хэмжээний мастер, 1990 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгожээ. Авирмэдийн Энхээ, Авирмэдийн Тайван нар1961 оны зургадугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төржээ.

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Л. НЯМ, СПОРТЫН МАСТЕР Л.ДАВАА

Монголд эмэгтэй чөлөөт бөхийг үүсгэн санаачилсан анхны багш дасгалжуулагч бол Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсанзундуй Ням юм. Тэрбээр 1977 оны “Нөхөрлөл” олон улсын тэмцээний аварга. 1978 оны ДАШТ ийн дөрөвдүгээр байр. 1978-1979 оны найрамдалт армиудын “СКДА” олон улсын тэмцээний аварга. 1978 оны “Динамо”  ОУ-ын тэмцээний аварга 1978 оны “Интернационал”  ОУ-ын тэмцээний аварга, 1979 оны “Динамо” ОУ-ын тэмцээний мөнгөн медальт, 1981 оны Якутын ОУ-ын тэмцээний аварга юм. Мөн 1981 оны “Сельская жезинь” ОУ-ээс алт, 1981.1982.1979. оны “Дан Колов”. “Али Алиев”-ийн нэрэмжит ОУ-ын тэмцээнээс хүрэл медаль, 1983 оны “Тбилисийн цом” тэмцээнээс хүрэл медаль, 1982 оны “Сельская жезинь” тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Үүнээс гадна 1984 оны “Динамо” тэмцээнээс алт, 1984 оны “Интернационал” тэмцээнээс алтан медаль, Чөлөөт бөхийн (1981.1982.1983.1984 оны )  УАШТ-ий дөрвөн удаагийн аварга  юм. Түүний ихэр спортын мастер Лувсанзундуйн Даваа юм.

АЗИЙН АВАРГА Ц.НАРАНЖАРГАЛ, БАЙЛДААНЫ САМБОЧИН Ц. НАРАНТОГТОХ

Монголын жүдо бөхийн эмэгтэй шилдэг тамирчдын нэг, Ази тивийн аварга, ОУХМ Ц.Наранжаргал юм. Түүний ихэрийг Цэнд-Аюушийн Нарантогтох гэдэг. Тэд хамтдаа жүдо бөхөөр “Женко” клубт хичээллэж байсан. Харин Ц.Нарантогтох байлдааны самбо, холимог тулааны спорт руу шилжсэн юм.

ОУХМ Ц.Наранжаргал багийн ДАШТ-ий мөнгөн медальтай, Ази тивийн аварга,  ААШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай. Азийн наадмын гурван хүрэл медальтай. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий 11 удаагийн аварга. Тэрбээр өөрийн ихэр Ц.Нарантогтохын араас холимог тулааны “MFC” холбоонд тулалдаж, улмаар  АНУ-ыг зорьж, тулалдах эрхээ авсан билээ.

ЧӨЛӨӨТИЙН Д.ГОМБОДОРЖ, Д. ТҮГЖДОРЖ

Доржваанчигийн Гомбодорж чөлөөт бөхийн ОУХМ, оюутны дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын хүрэл медальтай. Монгол Улсын чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д долоон удаа түрүүлсэн. Тэрбээр УАШТ-ий 66, 74, 79 кг гэсэн гурван өөр жинд түрүүлж байлаа. Азийн наадам, Азийн АШТ, оюутны ДАШТ, өсвөр үе, залуучуудын Азийн АШТ, Дмитрий Коркин, Геннадий Махутов, Динмухамед Кунаев, Уурхайчдын цом, “Mongolia Open” тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байв.  Д.Гомбодорж 1998 онд өөрийн ихэр Д.Түгждоржийн хамт олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд багшийн шавь болон “Хангай” клубийн чөлөөт бөхийн секцэнд орж байжээ. Харин түүний ихэр ОУХМ Доржваанчигийн Түгждорж УАШТ-д хоёр удаа түрүүлсэн, хос алтан медальтай юм.

УАШТ-ИЙ АВАРГА ИХЭР БӨХЧҮҮД

Чөлөөт бөхийн УАШТ-д ихэр бөхчүүдээс ОУХМ Д.Гомбодорж УАШТ-д долоон удаа, Д.Түгждорж хоёр түрүүлж байжээ. Монгол Улсын гавьяат тамирчин Ло.Эрхбаяр хоёр удаа,  ОУХМ Ло.Энхбаяр зургаан удаа түрүүлсэн байна. Харин Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ дөрвөн удаа, ОУХМ А.Тайван нэг удаа УАШТ-д түрүүлжээ.

Ихэр төрж, бөхийн спортод  хамтдаа барилдаж яваа арав гаруй бөх бий. Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр ширхэг арвай тогтохтой адил ховор тавилан гэдэг. Гэтэл тэр дунд ихэр төрж, хоёулаа бөх болж барилдаад явж байна гэдэг бас  хувь тохиол юм . Тэднээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Ховдын Дарви сумын харъяат улсын начин Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр нар байна. Мөн Ховд нутгийн уугуул Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт А.Энхээ, ОУХМ А.Тайван, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ Л.Ням, спортын мастер Л.Даваа, жүдо бөхийн Ази тивийн аварга, ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал, байлдааны самбо бөхийн улсын аварга Цэнд-Аюушийн Нарантогтох нар болон аймаг, сумын цолтой бөхчүүд ч байдаг.


 

 


ИХЭР ЗАЯАНД ТӨРСӨН БӨХЧҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188