• Өнөөдөр 2025-05-03

НҮҮДЭЛЧДЭЭС ҮҮСЭЛТЭЙ СПОРТЫН ТӨРӨЛ, ТОГЛООМ НААДАМ

2023-08-17,   1075

ИНДИАНЧУУДЫН ТОГЛООМ САГСАН БӨМБӨГИЙН СПОРТ БОЛЖЭЭ

Индианчуудыг нүүдэлчид байсан гэхэд эсэргүүцэн, үгүйсгэх хүмүүс олон бий. Сибирийн цаатан овог аймгууд Чукотын хойг, Брингийн хоолойгоор дамжин Америк тив рүү нүүдэлсэн нь түүх, архелогийн олдвор, баримтаар нотлогддог. Берингийн хоолойн урт нь 96 км, хоолойн дунд Диомидуудын арлууд бий.

Одоогоос 30 орчим мянган жилийн өмнө монгол төрхтнүүд тус хоолойг эх газар байхад нь гаталж, Америк тивийн анхны оршин суугчид болсон гэгддэг. Тийнхүү Хойд Америк тивд хүрсэн Монголорхог төрхтнүүд нь өмнө зүг нүүдэллэсээр 10 мянган жилийн өмнө гэхэд Өмнөд Америк тивийн өмнөд үзүүр болох Магелланы хоолой хүрсэн болох нь батлагдсан. Одоо хүртэл Аляска, Канадын эх газрын хойд хэсгээр тэлэнгид, чинас, ашина, ойгар, алагт, асуд аошила, тагна зэрэг овогтой цаатангууд амьдарсаар байгаа аж.

Индиан овог аймгуудын суурин газрын кавчукан бөмбөгөөр хананд хөндлөн байрлуулсан чулуун цагаригт хоёр талаас бөмбөг шидэж оруулан тоглодог байж. Үүнээс нь АНУ-ын Массачусетс мужийн Спрингфильд коллежийн Жеймс Нейсмит багш санаа авчээ. Тэрээр эртний индианчуудын савранд бөмбөг хийдэг уламжлалт тоглоомоос санаа аван сагсан бөмбөгийн спортыг анх бий болгосон гэдэг. Тэрээр хаалганы хажууд байсан хогийн савыг заалныхаа хананд өлгөөд, бөмбөг шидэж оруулан тоглох болжээ.

Сүүлдээ хогийн саваа арай боловсронгүй болгож, сагс хийсэн байна. Сагсанд бөмбөгөө оруулаад олон дахин очиж бөмбөгөө авахыг нь харсан заалны цэвэрлэгч "Нейсмит гуай та хогийн савныхаа ёроолын хайчилчихвал заавал дээшээ харайж бөмбөгөө авна гэхгүй амар юм биш үү" гэж хэлжээ. Үүнээс үндэслэж сагсан бөмбөг үүсчээ. Basket гэдэг нь сагс, Ball гэдэг нь бөмбөг гэсэн утгатай. Ингэж 1892 онд сагсан бөмбөгийг Нейсмит гэдэг хүн зохиосон гэж үздэг.

МОНГОЛЧУУДЫН МОРЬТ ТОГЛООМ ПОЛО

Италийн Венец хотын худалдаачин Николло Поло, дүү Матео, хүү Марко Пологийн хамт 1269 онд Ази тив рүү аялаж, тагнуулын мэдээ, материал, цуглуулан, судалгаа хийжээ.Тэд  их хаан Хубилайн дэргэд 1272-1289 он хүртэл 17 жил алба хааж, түүний элч төлөөлөгчөөр ажилласан байдаг. Харин Марко Полог Италидаа буцаж ирэх үед нь монголын тагнуул хэмээн шоронд хорьжээ.

Марко Поло шоронд байхдаа  тангуулын мэдээ, материалдаа тулгуурлан "Орчлонгийн элдэв сонин" номоо бичүүлжээ. Тэр номондоо морьтон монголчууд баг болон хуваагдан  ногтны цулбуураа бөмбөг мэт бөөрөнхийлэн зангидан ташуураар цохиж нааддаг тоглоом бий гэсэн нь мэдээг оруулжээ. Харин энэ тоглоомынх учрыг ойлгоогүй италичууд тус мэдээллийг номонд нь оруулалгүй хассан гэнэ.

Харин 1800 оны үед  Энэтхэгийн моголчууд поло тоглож байсан гэсэн түүхэн мэдээ бий. Энэтхэгийн эзлэн суусан Моголын эзэнт гүрнийг англичууд мөхөөсөн юм. Англичууд, моголчуудын уламжлалт морьт  тоглоомыг 1870-аад оны үед поло тоглоом гэж нэрлэн, анхны дүрмийг нь зохиож дэлхий дахинд дэлгэрүүлэн хөгжүүлсэн байна. Поло тоглоомын спорт нь Араб, Европын өндөр том биетэй морьдоос илүүтэйгээр намхан жижиг биетэй, манивер сайтай, хурдтай монгол моринд илүү цохицсон спорт юм. Сүүлийн үед заан поло, тэмээн поло, сарлаган поло хэмээн өргөжин хөгжиж байгаа билээ.

АТРЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ХЭМЭЭХ ШАТАР

Шатрын үүсэл гарлыг яв цав тогтоогоогүй ч Энэтхэг Улсад МЭ VI зуунд үүссэн гэж Английн судлаачид дэлхий дахинд анх мэдээлсэн байдаг. Энэ нь ч аргагүй юм. Энэтхэгийн захирч байсан Монгол буюу моголчууд  урду буюу ордондоо шатар тоглодог байжээ. Харин оросын эрдэмтэд  Араб, Иран, Персээс гаралтай гэж үздэг. Хэрэв энэтхэгчүүд шатрыг зохиосон бол өөрсдийн шүтээн үхэр, заан, сармагчинг дүрслэх байсан. Харин Араб, Персүүд зохиосон бол арслан, бар, хилэнцэт хорхой, шонхор шувуу, нэг бөхтэй тэмээг дүрслэн оруулах байсан биз ээ. Шатрыг Ойрх Дорнодын лалын шашинтан улсууд Төв Азийн нүүдэлчин аймаг сүмэр, дарвид нараас авсан гэдэг мэдээ арай үнэнд илүү ойртоно. Шатрыг атрын тулаан гэж нэрлэх нь бий. Харин оросууд шаг, мад гэдгээр нь шахматы гэж нэрлэдэг билээ.

Монголчуудын аман зохиолд  шатрын тухай үлгэр домог, оньсого хүртэл бий. Уулгүй талд, усгүй газар, хүнсгүй цэрэг, цусгүй байлдана хэмээх оньсого байдаг. Шатар нь шинэ соргог газар нутаг, атар хээр талыг цагаан бар буюу барс, бэрстэй, цагаан хонь, цагаан морь, цагаан үхэр, цагаан тэмээтэй, цагаан дээлтэй ноён, хар бар, хар тэмээ, хар морь, хар ямаа, хар үхэр тэрэг, хар дээлтэй ноёнтой ухаанаа уралдуулан шинэ малын бэлчээр газар нутгийг нь эзлэх тоглоом билээ.

Монголчууд цагаан хонь, харь ямааг бог,  хар, цагаан тэмээ, морь, үхэр тэргийг бод хэмээн нэрлэдэг. Оросууд богийг хүү буюу пешка гэдэг. Монгол шатар таван хошуу малыг дүрслэн сийлсэн байна. Харин Европынхон түүнийг дүрслэхэд хэцүү байсан болохоор амар хялбар дүслэлийг олж хийсэн нь өнөөгийн шатрын дүрслэл билээ. Тэд хоёр бөхтэй тэмээний бөхийг дүрслэхийн тулд тэмээний оройд хэрчлээс гаргасан байдаг юм.

Монгол шатарт “Тэрэгтэй морин довтолгоо”, “Yр гэсэн тэмээний өрсөлт”, “Хоёр тэмээний тэшилт”, “Хоёр морины хатираа” зэрэг гарааны хувилбарууд, “Хорин дөрөв буюу хоёр тэмээн тойруулга”, “Алаг арав”, “Морин дөрөв”, Морин гурав”, “Түмэн түүхий”, “Холбоо үгийн чимэгт хорт таван шаг”, “Буурал морины бухалт”, “Таван халуун”, “Уран бэрийн хожил” зэрэг уран сайхан хожлууд байдаг.

 Х.Дарамбазар агсан олон жилийн хээрийн судалгааны бүтээлдээ шатрын талаар мэдээлэл оруулж, хойч үеийнхэндээ үнэтэй ховор материал үлдээсэн ачтай хүн. Тэрбээр шатар Монголоос эх авч Саха, Индиан, Майя, Хараппа, Сүмэр соёлд угшиж, Хиндү, Энэтхэг рүү нэвчиж, Арабаар дамжин Европт тархсан гэжээ.

ХҮННҮГЭЭС ҮҮДЭЛТЭЙ ГО ДААМ

Го даам бол хоёр тоглогчид зориулсан стратегийн хөлөгт тоглоом юм. Үүнийг Хойд хятадыг захирч байсан Өмнөд, зүүн Хүннүгийн Тоба аймгийн нэрээр хятадууд  вэйгу буюу Вэй улс хэмээн нэрлэдэг байжээ. Японоор го буюу улс, гүрэн гэдэг. Харин солонгосууд бадук, падук, монголчууд мягман хэмээн нэрлэдэг.

 Го нь эртний хятадад МЭӨ 5-р зууны үед үүсэн дэлгэрсэн гэж үздэг юм билээ. Го нь энгийн дүрэмтэй боловч тоглогчоос дайн байлдааны тактик  стратегийн ур чадвар ихээхэн шаарддаг тоглоом юм. Хүннүчүүд хар чулуугаар дайсныг, цагаан чулуугаар өөрийн талыг дүрслэн өрж, дайн байлдааны тактикаа боловсруулан ярилцдаг байжээ.

Түүнийг нь судалсан хятадын сэтгэгчид санаа авч го даамыг зохиосон гэх нь бий. Гэхдээ зөвхөн хааны ордны язгууртан, эхэс дээдэс дайн байлдааны тактик зохиож ярилцахдаа хэрэглэн тоглодог байв.  Хятадын энгийн ард түмний дунд төдийлэн дэлгэрч чадаагүй гэдэг. Харин япончууд, хятадуудаас сурч бүх нийтийн спорт тоглоом болгон хөгжүүлэн, дэлгэрүүлж, өв уламжлан өнөөг хүртэл авч ирэн орчин үеийн спортын нэгэн төрөл болгон хөгжүүлсэн юм.

Эртний Тоба хэмээх Жо Вэй аймгийн үед  дайн байлдааны тактик боловсруулахдаа хар, цагаан чулуугаар наран хүрээ, саран бүслэлт, үнэгэн хууралт, үүл, манан арга, бухан дайралт, буурын шавалт, түнэр харанхуй, түүдгэн гал, цүүцэн дайралт, цөмлөх цохилт, зүрх сугалах, чонон ав, чандаган үсрэлт, харцагын шүүрэлт, хааны хүрээ, хасын гэрэл, Солонгон хууралт хэмээн маш олон тактикийн нэрийг хэрэглэн хар, цагаан чулууг өрдөг байжээ. Го гэдэг үг нь улс гүрэн эзлэх  гэсэн утга агуулгыг илэрхийлдэг аж.

 

МОНГОЛ МОРЬТ ХАРВАА

Байт харвааны спортын үндэс, суурь нь монгол үндэсний хараа  гэдэгтэй цөөнгүй гадны эрдэмтэд санал нэгддэг. Монголчууд бүр чулуун зэвсгийн үеэс л хүн төрөлхтний анхны хавчаахай нумыг ан ав хийхдээ хэрэглэж эхэлсэн учраас тэр. Яс чулуун зэвтэй сум бүхий хавчаахай нум Монголын анхны төрт улсын үед хэлбэрээ өөрчилж сайжирч, тусгал нь холдсон байдаг.

Хүннүгийн авьяаслаг гар урчуудын ур ухаан шингэсэн модон голч, эвэр элэг, шөрмөсөн аралтай болсон нь өнөө цагт хэрэглэж буй нумын үндсэн хэлбэр болсон байна. Зөвхөн ан ав, цэрэг дайны зориулалтаар ашигладаг байсан нум сумыг удалгүй баяр наадмын үеэр хэрэглэх болсон нь баримт бичигт тэмдэглэгдэн үлджээ. Тиймээс монгол үндэсний сур багаар бодоход 2700 жилийн настай гэсэн үг юм. Тэр цагаас хойш  сумны хэлбэр хийц ч өөрчлөгджээ. Хүрэл болон төмрөөр зэвийг нь хийж, хойд хэсгийг нь өдөлсөн нь сумны цэцийг сайжруулсан байна. Түүнчлэн түүхэн сурвалжуудад ирвэсийн шөрмөст болон буга, хандгай, янгир, үхрийн эвэр, элэгт гэх олон төрлийн нумны нэр дурдагдсан байдаг.

Хамгийн эртний харвааны наадмыг монголчууд бөмбөг намнах тоглоом гэж нэрлэж байжээ. Монгол цэргүүд тайван цагт харваж наадахын зэрэгцээ дайн байлдаан, ан ав хийх бэлтгэлээ базаах боломж олгодог цөөн наадмын нэг нь бөмбөг намнах тоглоом байсан аж. Бүр Хүннү, Киданы үеэс үүсэлтэй уг тоглоом нь 20-иод метрийн зайтай газарт байгаа байг морины давхиан дунд богино модон сумаар харвах дүрэмтэй. Гэхдээ бай нь нэг биш нилээн хэд байх бөгөөд тус бүр арваад метрийн зайтай босоо шон байрлуулж, оройд нь гурван бөмбөг өлгөн түүнийгээ онодог байжээ. Улмаар бай хоорондын зайг ойртуулснаар оролцогчдоос хурд шаардах болсон гэдэг.

Онон голын Нэрчүүгээс олдсон Чингисийн чулууны бичигт Буха Сочихай гэдэг газар Хамаг Монголын ард олон хуран цэнгэх үед Чингис хааны ач хүү Есүнхэ гурван зуун гучин таван алд газар сум харван оносон тухай өгүүлсэн нь зэв нүүлгэх наадам тэмцээний хамгийн хол зайг харвасан амжилтыг тэмдэглэсэн баримт юм. Эртний монголчууд сур харвахыг зэв нүүлгэх гэдэг байжээ. Өнгөрсөн зууны шувтарга үе хүртэл зүүн монголчууд сур харвах тэмцээнээ зэв нүүлгэх гэж нэрлэдэг байсан аж.

 МОНГОЛ ОНЬСОН ТОГЛООМ

Хүн төрөлхтний түүхэнд монголчуудын оруулсан оюун ухааны том хувь нэмрийн нэг нь монгол тоглоом наадгай юм. Монгол ардын тоглоом наадгай нь олон төрөлтэй бөгөөд үүнээс цухас дурьдвал: Шагайн тоглоом, хөлөгт тоглоом, оньсон тоглоом, аман наадам, уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ, өрж эвлүүлдэг тоглоом, шамбалын хүрд, хуруу гараар наадах наадгай, шүүрэх,булаалдах наадгай, тооцоолох наадгай, эвхэх,хайчлах наадгай, илбэ,мэрэг, мөсөн дээрх наадам, эрийн гурван наадам зэрэг олон төрлийн арвин баялаг тоглоом наадгай бий.

Бидний өвөг дээдс 15 төрлийн 3000  шахам тоглоом наадгайгаар нааддаг байж. Малчин түмний тоглоомын санг оньслох, эвлүүлэх, уран ээдрээ тайлах, шагайн наадгай, хөлөгт тоглоом, аман наадам голлон бүрдүүлдэг. Монголын үндэстэн ястнуудын өвөрмөц тоглоомууд ч олон бий. Хүннү гүрний үед оньсон тоглоомоор тоглож байсан баримт байдаг. Оньс бол өөрөө нүүдлийн соёл иргэншлээс гаралтай. Манай өвөг дээдэс жилийн дөрвөн улиралдаа тохируулж, нүүж суухын тулд гэр орон, эд хогшил, хашаа саравчаа бүгдийг нь хялбархан задалж, угсарахаар бодож хийдэг байжээ.

Энэ нь явсаар оньсны үндэс болж хөгжсөн. Монгол гэр. ор, ширээ, авдар, тавиур, айрагны бүлүүр хүртэл оньс байдаг. 1974 онд Унгарын зохион бүтээгч, архитектор  Рубик Эрнё гурван хэмжээст эвлүүлдэг тоглоом кубик хэмээх  "Шидэт шоо"-г бүтээсэн. Тэрбээр хүннүчүүдийн хойч үе болох Мажарын талын нүүдэлчдийн оньсон тоглоомоос санаа авсан байдаг билээ. ОХУ-ын Тагна тува, Якут,  Хар мөрөн, Монгол Дагуур, Агнуурын тэнгис, Хүрлийн арлын монгол угсаатан, Америкийн Аляска, Канадын хойгийн цаатангуудад модон оньсон тоглоом байдаг. Мөн Өмнөд Америкийн Андын нурууны индианчуудын зарим овог аймагт хүртэл модон оньсон тоглоом бий.

 

 

 

 

 

 

 

.

 


НҮҮДЭЛЧДЭЭС ҮҮСЭЛТЭЙ СПОРТЫН ТӨРӨЛ, ТОГЛООМ НААДАМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188