• Өнөөдөр 2024-04-19

Монгол Улс олимпын наадамд оролцсон түүх

2021-07-23,   799

            Манай улсад биеийн тамир спорт 1930-аад оноос эрчимтэй хөгжиж, гимнастик, хөнгөн атлетик, цана, дугуй, гарбөмбөг, бокс, ширээний теннис, чөлөөт бөх, буудлага зэрэг олон спорт хөгжиж эхэлсэн байдаг.
 
             Хүн төрөлхтний эв нэгдлийг илэрхийлж дэлхийн улс орнуудын шилдэг тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлддөг спортын хамгийн том баяр бол “Олимпын наадам” билээ. Өвөл, зуны олимпын наадам нь дөрвөн жилийн давтамжтай бөгөөд Олон улсын олимпын хорооны өндөр шалгуур үзүүлэлтээр шигшигдэн, сонгогдсон улс, хот найман жилийн өмнөөс бэлтгэлээ хангаж, зохион байгуулдаг гэдгээрээ онцлогтой.
 
           Монгол Улсад 1956 онд Монголын үндэсний олимпын хороо байгуулагдсан бөгөөд 1962 онд ОУОХ-нд гишүүнээр элссэн байна. Харин Монгол Улсын баг тамирчид зун, өвлийн олимпын наадамд 1964 оноос эхлэн оролцсон түүхтэй. Түүнээс хойш манай улсын баг тамирчид “Мехико-1968”, “Мюнхен-1972”, “Монреал-1976”, “Москва-1980”, “Сөүл-1988”, “Барселон-1992”, “Атланта-1996”, “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” зуны олимпын наадмуудад оролцоод байна. Мөн “Гренобыль-1968”, “Саппоро-1972”, “Лейк-Плэсид-1980”, “Сараево-1984”, “Калгари-1988”, “Альбервилль-1992”, “Лиллехамер-1994”, “Нагано-1998”, “Солт-Лейк-2002”, “Турин-2006”, “Ванкувер-2010”, “Сочи-2014”, “Пёнчан-2018” олимпын наадамд тус тус баг тамирчдаа илгээжээ.
 
           Монголын баг тамирчдаас өнгөрсөн хугацаанд өвлийн олимпын наадмаас нэг ч медаль хүртээгүй бол зуны олимпын наадмаас хоёр алт, есөн мөнгө, 14 хүрэл медаль нийт 25 медалийг 24 тамирчин хүртсэн байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр “Бээжин-2008” олимпын наадмаас алт, “Лондон-2012” олимпоос мөнгөн медаль хүртсэн монголдоо төдийгүй дэлхийд данстай шилдэг жүдоч юм.
 

           Хамгийн анх 1964 онд Австри улсын Инсбрук хотноо болсон өвлийн олимпын наадам, дараа нь “Токио-1964” зуны олимпын наадамд Монголын баг тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн билээ. НҮБ-д гишүүнээр элсээд Бүрэн эрхээ тунхаглаад удаагүй байсан Монгол Улсын баг тамирчид “Инсбрук-1964” өвлийн олимпын IX наадамд оролцсон түүхтэй.

     Энэ наадамд гүйлтийн цанаар Б.Дамдинжав, Б.Дашгай, Д.Баадай, Л.Дашдэмбэрэл, С.Нацагдорж, Б.Зундуй, Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов, биатлоны төрлөөр Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан, гүйлтийн тэшүүрээр Л.Цэнд, Л.Дашням, Ц.Лхамжав нар оролцсон нь олимпын наадамд анх удаа хурд, хүчээ сорьсон монгол тамирчид болж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 
 
         Монгол улс ийнхүү "Инсбрук-1964" өвлийн IX олимпын наадамд тэшүүрийн спортын төрөлд гурав, цанын спортын төрөлд 11 тамирчнаа илгээсэн нь өвлийн олимпын наадмын түүхэнд хамгийн олон Монгол тамирчин оролцсон тохиолдол юм. Тус наадамд Монголын багийн тугчаар Л.Цэнд /өдгөө гавьяат тамирчин/ оролцсон бол тэшүүрийн спортын төрөлд Ц.Лхамжав /гавьяат тамирчин/ Монголын өвлийн спортын түүхэнд тэшүүрийн төрлөөр оролцсон цорын ганц эмэгтэй тамирчин юм. Мөн биатлоны төрөлд өрсөлдсөн Б.Дамдинжав 14 орны 51 тамирчнаас 38 дугаар байрт орсон нь Монголын өвлийн олимпын наадмын түүхэнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт болж үлдсэн.
      Харин 1964 оны Токиогийн зуны олимпын XVIII наадамд манай баг тамирчид анх удаа оролцсон түүхийг сөхвөл, тус наадам 1964 оны аравдугаар сарын 10-24-нд Японы Токио хотноо буюу Ази тивд зохион байгуулсан анхны олимп байсан юм.
“Токио-1964” олимпын наадамд манай улс спортын таван төрөлд эрэгтэй 17, эмэгтэй дөрөв нийт 21 тамирчны бүрэлдэхүүнтэй амжилттай оролцсон байдаг.
   Улмаар 1968 онд хоёр дахь удаагаа Мехикогийн зуны олимпын XIX наадамд оролцохдоо чөлөөт бөхийн найм, спортын гимнастикийн тав, буудлага спортын гурав, хөнгөн атлетикийн хоёр тамирчин болон дасгалжуулагч, албаны хүмүүсээс бүрдсэн баг Америк тивд очиж байжээ. Энэхүү "Мехико-1968" олимпын наадмын аравдугаар сарын 20-ны өдөр чөлөөт бөхийн төрөлд барилдсан Монгол Улсын тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар олимпын хүрэл медаль, Ж.Мөнхбат олимпын наадмын анхны мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын иргэд болсон билээ.
 
        Мөн Зуны 32 дахь олимп Япон Улсын нийслэл Токио хотод долдугаар сарын 23-нд эхэлнэ. Өнгөрсөн онд болох байсан ч дэлхийг хамарсан цар тахлын улмаас хойшилсон "ТОКИО 2020" зуны олимп 16 хоногийн турш үргэлжлээд, наймдугаар сарын 8-нд дуусах юм. 1964 оны Токиогийн олимпод анх оролцож байсан Монгол Улсын хувьд арлын орны нийслэлд хоёр дахь удаа болох олимпод өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Монголын баг, тамирчид олимпод оролцох 40 эрхийг спортын 10 төрөлд, паралимпын найман эрхийг спортын зургаан төрөлд аваад байна.

        Мөн энэ наадамд манай улс анх удаа багийн спорт болон ширээний теннисний төрлөөр оролцох эрхээ авсан ба мөн анх удаа 10 өөр төрлийн спортоор оролцож байгаа юм.


Монгол Улс олимпын наадамд оролцсон түүх
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188