• Өнөөдөр 2024-04-30

“ЗҮРХНИЙ ХИЛЭН”-ГИЙН ЭРБОЛДЫН ДҮРЭЭС ЭХЛЭЭД БҮХ УРАН БҮТЭЭЛИЙГ НЬ ҮЗЭХ ДУРТАЙ ШҮҮ, М.БАЯРБАТ АА

2024-01-13,   1049

                  Жүжигчин М.Баярбатын дүрүүд их сонирхол татам. “Хэцүү анги” киноны Тэнүүн бол хүн бүрийн зүрх сэтгэлд хэдийнэ дархлагдсан. Тус бүтээлээс хойш хүмүүс нэрээр нь дуудахаас илүүтэй “Тэнүүн тийм нэг кинонд тоглосон байна” гэж ярих нь элбэг. Харин М.Баярбат жүжигчин "Анхны 60 ангит кино болох "Хэцүү анги" кинонд арван жилийн сурагч болж тоглоход гоё байсан. Оюутныхаа ширээнээс дөнгөж өндийгөөд л анхны дүрээрээ эргээд арван жилдээ оччихсон. Тэгээд кино зураг авалтын үеэр "Сэрүүлэг" сургуулийн хүүхдүүдтэй хамт оюутны байранд байрлаж байлаа" гэсэн. Чинээлэг айлын эрх танхи мөртлөө зөөлөн сэтгэлтэй, зөвд тэмүүлэгч хүүгийн дүрийг үзэгчдэд хүргэснийхээ араас тэрбээр  “Аз жаргалын шок” киноны Цэнгэлийн дүрээрээ үзэгчдийг жинхэнэ “шок”-нд оруулсан.

Учир нь, киноны эхэнд Онцгой байдлын албанд ажилладаг залуу тэрбээр нэг өглөө сэрэхэд л эхнэрийнхээ биед орсон байдаг. Энэ үйл явдлаас хойш тэр эмэгтэй хүний дүрийг үзэгчдэд хүргэнэ.

            Бардам, сэхүүн мөртлөө зөөлөн сэтгэлтэй дүрээр  урлагт хөл тавьсан түүнийг үзэгчид "Аз жаргалын шок" киноны дүрээс М.Баярбат гэх жүжигчнээр нь харж эхлэх бөгөөд "Ямар ч дүрийг бүтээчих уран бүтээлч юм" гэж “онилон” харж, дараагийн дүрийг таамаглан хүлээх болсон. Мэдээж “Дурсамж төгсгөл үгүй” киноны Мэндбаярын дүрийг нь үлдээх аргагүй. Дүрийн хувьд өөрчлөлт, тэсрэлт бага боловч одоо ч үзэхэд дулаан дотно бүтээл. “Хэцүү анги” киноны Гэрэлийн дүрд тоглосон жүжигчин Б.Бадамцэцэгтэй тус кинонд дахин хос болж тоглох бөгөөд арван жилийн сурагчдын дурлал, шохоорхол, хэдийнэ амьдрал зохиох насан дээрээ ирсэн залуусын хайр сэтгэлийн өрнөлөөрөө л эл хоёр бүтээл ялгаатай юм.

Гэм хоргүй, хөгжилтэй ч гэмээр дүрийнх нь нэг бол “Хар сувдны нууц” киноны генерал Батаа.

            Ажлаа хийж яваа ч сахилгагүй, овжин зальтай хүмүүсээс үүдэн багахан сорилт тулгарч байгаа дүр. Ингэж тэр уран бүтээлийн сууриа зөөлөн, зөв дүрээр тавьж байгаад өгсөх тусмаа чангарч, жүжигчний чадвар, ажиллагаа шаардсан олон ч бүтээлийн дүрээр үзэгчдэдээ бэлэг барьсан. Уран бүтээлчийнхээ хувьд сайн ч ажилласан, дүрээ сайтар бэлдсэн нь үзэх бүрд илэрч, мэргэжилдээ өсөн, “өдөлж” байгаа нь үзэгчдийн хайр талархалд мөнхөд байх нэг үндэс болдог.

         Түүнд чадал, чадвар, авьяас, өгөгдөл бий гэдгийг гярхай найруулагч О.Бат-Өлзий, уран бүтээлийн дотно нөхөр Б.Тамир нар мэдэрч, мэдсэн учир бүтээл бүхэндээ хангалттай ч “шавхаж” чаддаг. “Миний ах атаман”-ны Цэнгэлийн дүр гэхэд гаднаа хатуу ширүүн нэгэн мэт боловч дотроо өнчрөл хагацал үзсэн, өр зөөлөн, багадаа салсан ахтайгаа уулзана гэсэн итгэлээр өөрийгөө өндийлгөн яваа дүр.

Тийм хүний бодлогоширсон, хянамгай, болгоомжтой дүрийг бидэнд итгүүлж чадсан. Гэхдээ хүссэн зүйлээ авахад амьдрал биднээс ямархан золиос шаарддагийг түүний дүрээр харуулсан.

         Цаашлаад мөн хайр нь гаднаа хал нь дотроо ахын дүрд оноосон нь “18 нас би чамд хайртай” киноны Алтангадас. Дүүгийнхээ сайн сайхны төлөө бүхнийг хийж буй ах.

            Зөөлөн, арай дотогш, даруухан, хөгжилтэй, хатуу чанга гээд бүхий л зан чанарыг агуулсан дүрд тэр “Зүрхний хилэн” кино хүртэл ийн тоглож, үзэгчид “М.Баярбатаас өшөө ч дүр гарна” гэж хүлээж байсан. Үнэхээр ч тэр хэний ч хүлээлт, итгэлийг гонсойлгохгүйгээр шилийн сайн эр Эрболдын дүрийг тултал бүтээж чадсан. Эрэмгий дайчин, уриалан манлайлагч, эрдүү Эрболдыг ёстой бахдал төртөл амилуулсан. Үзэгчийн хувьд энэ дүр нь одоо ч санаанаас гарахгүй, М.Баярбат жүжигчний тоглосон бүтээлийг үзэх бүрд санаанд буудаг. Эрболдын дүрийнхээ тухай “Миний анхны түүхэн киноны гол дүр. Түүхэн дүр уран бүтээлчээс их ур чадвар шаарддаг юм байна. МУГЖ Г.Золбоот ахын “Киноны зураг авалт дуусахад бараг шилийн эр болчих санагдлаа” гэдэг шиг л. Үнэхээр шилийн сайн эрс гэдэг мундаг эрчүүд байсан юм байна” гэдгийг мэдэрсэн” гэсэн байдаг.

 

         Үнэхээр ч халуун сэтгэл, хамаг бүхнээрээ эх орон, элгэн садан, аав, ээж, хайртай бүхнийхээ төлөө тэмцсэн, юунаас ч халирахгүйгээр дайдсан тэдний дотор нь орж, эмзэглэл, санаашрал, зовнил бүхнийг нь дүрдээ шингээн уудлан гаргасан нь үзэх бүрд мэдрэгддэг.

           Дараа нь ажилласан “37-р Точка” киноны Ялалт,  “Маш нууц-1” киноны Содном, “Байтагбогд” киноны Гоминданы армийн захирагч Кан Си Зан,  “Буруу өрөг” киноны Зэлмэ, “Зура” киноны дүрүүд нь ч тус бүрдээ онцлог, түүнээс өндөр чадвар шаардсан бүтээл байсныг үзэгчид андахгүй. Тэр дундаа Зэлмэ зэвүүн зальхай Олдохын хэргийг илрүүлэхийн тулд хэрхэн ажиллаж, ямархнаар нэхдэг билээ дээ. Ялалт харин бүх асуудлыг өөр дээрээ үүрч, өөрөө хохирдог. Авсан дүрээ ямагт өөртөө суулган тордож, онцлогийг нь гаргаж бүтээдэг учир түүний дүр үзэгчдэд сонирхолтой, содон, хүлээлт дүүрэн байдаг болов уу гэж дүрүүдийнх нь араас бодогддог юм. Ингээд харахаар өнөө бидний сайн таних Тэнүүн олон сайхан дүрийг дэлгэцийн урлагт бүтээж чаджээ. Уран бүтээлчийнхээ хувьд сайн ч өсөж. “Фантастик” бол нөхөрлөл, итгэлээр гагнагдсан гинж. Энэ гинжийг хэн ч таслахгүйгээр уран бүтээлээ хийгээд урагшлах зарчимтай.

Иймээс тэр нөхөдтэйгээ, гал дүрэлзүүлэгч найруулагч Б.Тамиртайгаа замын холыг туулах биз ээ. Одоо харин тэр дүрээ ямархнаар нэмж өрөхийг л харах үлдлээ.


“ЗҮРХНИЙ ХИЛЭН”-ГИЙН ЭРБОЛДЫН ДҮРЭЭС ЭХЛЭЭД БҮХ УРАН БҮТЭЭЛИЙГ НЬ ҮЗЭХ ДУРТАЙ ШҮҮ, М.БАЯРБАТ АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188