• Өнөөдөр 2024-05-03

БАЯРТАЙ, ДАН ДЭЭЛТЭЙ САЙДУУД АА

      Сайдын зангараг дутмаг, сайн хийсэн ажил ч үгүй дан дээлтэй сайд нарт баяртай гэж хэлэх цаг нь болсон бололтой. Учир нь, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн гишүүнийг УИХ-ын гишүүдээс сонгох буюу давхар дээлтэй байж болно гэсэн заалтыг тусгасан байдаг. Тэгвэл өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар дээрх заалт нь Засгийн газрын давхар дээлтэй холбоотой гомдлыг хэлэлцэх гэж байна. Цэцийн шийдвэр аль талд байхаас хамаарч, Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдаж эхэлнэ. Цэцийн хуралдааныг угтан Ардын намын удирдлагууд ч алхам хийгээд эхэлсэн. Тухайлбал, Ерөнхий сайдын дэргэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр даргаар нь томилогдсон. Улмаар энэ сарын сүүлчээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ ээлжит бус чуулганаар оруулах зарыг нийтэд түгээгээд буй. Үндсэн хуульд, УИХ-ын тоог нэмэх, гишүүдийн давхар дээлний хязгаарлалтыг цуцлах, Ерөнхийлөгчийг парламентад сонгодог болгох зэрэг өөрчлөлт хийх таамаг бий. Хэрвээ энэ өөрчлөлтүүдийг хийвэл нэн түрүүнд Засгийн газрыг шинээр өөрчлөн байгуулна. Тэгэхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүд давхар дээлтэй байж болно гэж зөвшөөрвөл дан дээлтэй гишүүд маань баяртай болох нь ээ. Өөрөөр хэлбэл, ирэх есдүгээр сар гэхэд дан дээлтэй гишүүд маань сайдын суудлаа өгч, төрхөмдөө буцах нь.
 
 
     Дан дээлтэй сайд нарыг явуулахад хамгийн их яарч, оноос өмнө л шийдчих гээд байсан хүн бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Гэхдээ цэцтэй болон Төрийн тэргүүнтэй ойлголцож чадахгүй байгаа гэх шалтгаанаар өдий хүрсэн. Одоо харин амралт, зугаалгын сар дуусаж, хэсэг чимээгүй байсан асуудал эргэн сөхөгдөж, Ерөнхий сайдын хүсэл зорилго удахгүй биелэж, сайн ажиллаагүй ч үүргээ биелүүлж, сайдын суудалд хэсэг тухалсан хэдэн сайд нар маань буцах болж. Ер гишүүдээсээ сайд томилсноор  Засгийн газар хүч бяраа нэмж, орших уу, эс орших уу гэдгээ шийдэх учиртай.
 
   Байнга л мэргэжлийн бус гэж гоочлуулж, нүд үзүүрлэгдэж ирсэн дан дээлтэй сайд нарт маань нэг ёсондоо амар л шийдвэр гэмээр. Мэддэг, чаддагаа хийгээд явж байх нь илүү ч биз. Тийм болохоор зоригтойхон баяртай гэж хэлээд парламентын хаалгыг хаах хэрэгтэй.
   Харин дахин хэлэхэд, олигтой шийдвэр, онож буулгасан тушаал хомсхон дан дээлтэй сайд нар гомдож, туних аргагүй. Өөрсдийгөө харуулах, дан ч гэлээ хийдэг гэдгээ амжаад харуулчихсан бол өөр байсан ч байж магадгүй. Гэхдээ ер дутуу болгосон хоол шиг, эсвэл тойруулан хэлж байгаа үг шиг тэдний ажил урагшлахгүй байгаа нь үнэн. Хийсэн ажил, хэлж байгаа үг нь  ард түмний өмнө ч илхэн харагддаг. Ард түмний зүгээс тэр сайд нь, тэр нь ийм зүйлийг хийсэн шүү гээд хэлэх барьцтай зүйл лав байхгүй. Байсан нь үнэн, одоо харин баяртай гэж хэлээд гараа даллаад гарах хэрэгтэй. Салбар салбартаа очиж, чаддагаа хийх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд ажилласан сайд нарынхаа төрх байдлыг эргэн нэг бодвол ийм зүйл санаанд бууж байна.
 
    Соёлын сайд Ч.Номин телевизийн салбараас сайдын зэрэгт томилогдож, гоёж, гангалан гадаад, дотоодын арга хэмжээнд уригдаж явснаас хэтрээгүй. Араас нь Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар үргэлжийн хэл ам дагуулдаг Дарханы замаасаа эхлээд өргөж, өндийлгөж, өөд татсан нэг ч ажил хийсэнгүй байсаар удав. Л.Халтар сайдын ажил харин ч нэг мэлхийн хурд шиг байдгийг ард түмэн андахгүй. За, тэгээд Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын баригдаж дуусдаггүй барилгын ажил, Уул уурхай, хүн үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн барагдаж дуусдаггүй, шийдвэрлэж эцэслэдэггүй ажлууд үргэлжилсээр байгаа. Цар тахлын хугацаанд харин Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрвийх, дэрвийхээрээ ажилласан ч түүний шийдвэр “жул”, хийсэн ажил нь “балчир” хэвээр л байгаа. Харин Байгаль орчин, аялал жуудчлалын сайд Б.Бат-Эрдэнийн сайн урагшилж гавьдаггүй хэдэн аян гэхээс өөр хэтрэхгүй байгаа.
 
   Ер дан дээлтэй сайдууд маань албаа авснаас хойш нэг л гээд арга, эвээ олохгүй мунгинасаар, аятайхан шийдвэр ч байхгүй суусаар өдгөө хүрсэн ч маргаангүй үнэн. Тиймээс хэрэв Засгийн газрын гишүүд давхар дээлтэй байх эрхтэй болвол гомдолгүйхэн шиг ажлаа өгөөд, баяртай гэж хэлээд явах хэрэгтэй.
 

БАЯРТАЙ, ДАН ДЭЭЛТЭЙ САЙДУУД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-16 07:07:11
    Иргэн: 2-р ээлж хоолондоо орж дээ хир их бантагнуулах бол доо зөв хүмүүсээ олж сайдын сэнтийд залаасай. Улиг болж шүүмжлийн бай бологсод бүү байгаасай нэмэгдэхүүний байр солисоноор нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйг санаарай амлалтаа биелүүлэхгүй бга гишүүд сайд болоод сандал суудалд шигдээд ахиц дэвшил гаргах нь юу л бол!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-15 20:37:48
    Зочин: Давхар сайдууд нь ч адилхан ажиллаж чадахгуй байнаа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-15 15:24:12
    Дан: Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг ерөнхий сайдын дэргэд байгуулсан нь парламенат ёсыг үл тоосон хэрэг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188