• Өнөөдөр 2024-05-19

ИРЭХ ОНЫ ТӨСӨВ ЭЗДЭЭ “ЦАТГАХ” УУ

         Намрын чуулганы хуралдаан ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ. Энэ удаагийн чуулганы хуралдаанаар нэн тэргүүнд хэлэлцэх чухал асуудлын нэг нь ирэх оны төсөв юм. 2022 оны төсвийн тухай хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэх  учиртай. Үүнтэй холбоотой Засгийн газар ирэх оны төсвөө боловсруулж, эхний байдлаар хэлэлцүүлээд байгаа. 
 
        Сангийн сайдын мэдээлж буйгаар ирэх жил төсвийн хэмнэлтийн горимд шилжиж, халамжийн бодлогоо хумих гэнэ. Угтаа бол өмнөх жилүүдэд төрөөс үзүүлсэн халамжийнхаа дийлэнхийг нь цуцалж, ирэх жилүүдэд иргэдэд “амиа бодох” бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Цар тахлын хүнд үе гэж төрөөс үзүүлсэн тэр их “хайр халамжаа” ирэх жил зогсоож, улсынхаа эдийн засагт анхаарахаар төлөвлөсөн байна. Оройтсон борооны хойноос цув нөмрөв гэгчээр ирэх жилд төсвөө хэмнэж, “Төрөөс хэрэгжүүлсэн алдаатай бодлогоо засаж залруулна” хэмээн  сайд дарга нар ам уралдан ярих боллоо. 
 

 Тухайлбал, хүүхэд бүрт олгож байгаа 100 мянган төгрөгөө 20 мянган төгрөгт нь буцааж, иргэдийн гар дээр бэлэн олгохгүй, хадгаламж хэлбэрээр ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийнэ хэмээн чихэн дээр цэцэг ургуулж байгаа харагдана лээ. Төрөөс даасан ус, цахилгааны мөнгөө ч өөрсдөө төлж, иргэдэд үзүүлсэн халамжаа тэр чигт нь зогсоох төсөв боловсруулж байгаагаа Сангийн сайд  Б.Жавхлан саяхан танилцуулсан. Үнэн хэрэгтээ Засгийн газар эдийн засгийн бодит үнэнтэй нүүр туулж, аргаа барж байгаа шүү гэдгээ ил далдаар илэрхийлж байгаа бололтой. 

 
            Цар тахлын нөлөөгөөр төсвийн орлого их хэмжээгээр тасалдсан, их хэмжээний төсвийн алдагдал хүлээсэн, гадаад өрийн хэмжээ нэмэгдсэн зэргээр манай улсын хувьд эдийн засгийн хүндхэн цаг үетэй нүүр тулаад буй. Тиймээс ч ирэх оны төсвийг хэрхэн хэлэлцэж, батлах бол гэдэг нь олны анхаарал татсан гол чухал асуудлын нэг болоод байна. Төсвийн орлогоо хэрхэн бүрдүүлж, эдийн засгаа аврах бол гэдэг нь тэр чигтээ МАН-ын хар толгойгоороо хариуцах асуудал болсон. Гэвч тэдэнд шавхаад гарах нөөц хөрөнгө байхгүй, ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч нь болж байгаа гэнэ. 
 
Амьхандаа эрх баригч намынхан улсын төсөв улайж, “өрийн дарамтанд” орсноо үхтлээ нууж байгаа ч булавч бултайж даравч далдайна гэгчээр асуудлууд ар араасаа ундарч, нууж хаагаад ч дийлэхээргүй, үнэнтэй нүүр тулах болов.  Эдийн засгийн тооцоололгүй, төсвийн зөв удирдлагагүйн горыг ирэх жилүүдэд амсаж, иргэд бүсээ чангалахаас өөр аргагүй нөхцөлд хүрэх нь тодорхой болжээ. Шатахууны хомстол, үнийн хөөрөгдөл, зэрэг өнөөдрийн тулгамдаж буй асуудлууд ердөө эхлэл нь. Цаашид төрөөс иргэддээ барих гэнэтийн бэлэг олон байгаа нь тодорхой биз.
 

          Сүүлийн жилүүдэд сонгуульд зориулсан хөөсөрсөн төсөв баталж, улстөрчид тойрогтоо хэдэн тэрбумаар нь төрийн мөнгийг хайр гамгүй цацсан. Түүгээр ч зогсохгүй цар тахлаар далимдуулж, төсвийн хөрөнгөө халамж болгоод тараачихсан нь өнөөдөр улсын төсвийг улайхад хүргээд буй. Цар тахлын хүнд үед үр ашиггүй зардлаа танаж, хэмнэх, төсвийн зөв зарцуулалт хийх шаардлагатайг эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс сануулсаар байхад эрх баригчид төсвийн мөнгөөр туйлсан нь өнөөдөр амаа барихад хүргээд байна. Хамгийн тод жишээг дурдахад Хэнтий аймагт эхлүүлсэн "Андлалын хөшөө"-ний 200 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт өнөөдөр үр дүнгүй, цаг хугацаа алдсан төсвийн зарцуулалт байлаа. 

 
       Жил дараалсан их хэмжээний алдагдалтай төсөв эдийн засгийг хямрал руу түлхэж, өрийн дарамтад орох нөхцөлийг бүрүүлж байгаа нь нууц биш юм. Тодруулбал, УИХ 2020 оны оны төсөвт тодотгол хийж, 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан бол 2021 онд 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж, төсвийн алдагдал түүхэнд байгаагүй дээд хэмжээндээ хүрээд буй. Цаашлаад ирэх он гэхэд Монгол Улсын төсөв 10 их наяд төгрөгийн алдагдал хүлээхэд хүрээд буй. 
 
       Хамгийн гол нь ирэх жилүүдэд томоохон хэмжээний өрүүдээ төлөх бөгөөд энэ өрөө барагдуулах хөрөнгө байхгүй байгаа нь эрх баригчдын толгойны өвчин болоод байгаа юм. Засгийн газрын гадаад өр 8.7 тэрбум ам.доллар байгаагаас 2024 он хүртэл 4.7 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийх графиктай ажиллаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байлаа. Харамсалтай нь, Засгийн газар ирэх жилд өрөө төлөх хөрөнгөгүй учир дахин бонд гаргаж, өрийг өрөөр дарахаар зэхэж эхэлсэн тухай ч их сурвалжууд мэдээлжээ. Улстөрчид, эрх баригчид эдийн засгийн хямрал, иргэдийн нуруунд үүрүүлж буй ачаагаа “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, хөл хорио руу чихэж байгаа ч үнэн хэрэгтэй энэ бүхнийг ажрахгүй даваад гарах боломж манайд хангалттай байлаа. 
 
Ирэх оны төсөв “бай”-гаа онож, эздээ “цадах” уу гэдгийг олонхын бүлэг энэ намар шийдэх нь.
 

ИРЭХ ОНЫ ТӨСӨВ ЭЗДЭЭ “ЦАТГАХ” УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188