• Өнөөдөр 2024-05-03

V ТОЙРОГ: НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, ЖДҮ-ИЙН ДЭЭРЭМ, БАНКНЫ ЛУЙВАР, ШАТАХУУНЫ ШАХАА, ГАЗРЫН НАЙМААНЫ “ХАР ТАМГА”-ТАЙ МАН-ЫН 10 ГОРИЛОГЧ

2024-04-09,   4600

       Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Өмнөх дугаартаа бид УИХ-ын сонгуулийн IV тойрог буюу Булган, Орхон, Хөвсгөл аймагт АН, МАН-аас горилогчдыг танилцуулсан. Харин энэ удаад V тойрог буюу Төв, Дархан, Сэлэнгэ аймагт МАН-аас горилогчдыг танилцуулж байна. 
       УИХ-ын сонгуулийн V тойрогт УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Жавхлан, Ч.Ундрам, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Ж.Эрдэнэбат, Г.Дамдинням, Б.Баттөмөр, Боомтын сайд Б.Тулга, Дарханы Засаг дарга Б.Азжаргал, Дарханы ИТХ-ын дарга С.Насанбат, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Лүндэг, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь, “Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Л.Наранбаатар нарын нэрс яригдаж буй.  
 
Гэхдээ, Төв аймгаас Төрийн түшээгээр тасралтгүй зургаа сонгогдож, “зурагдсан пянз” шиг болсон Н.Энхболд залууст зайгаа тавих цагт нь болсон гэж үзсэн бололтой, тун нам гүм байгаа. Гэхдээ намынхаа жагсаалтын эхэнд бичигдээд гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Түүнд тийм хуял, хүсэл бий. УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь он гарснаас хойш Дархан, Сэлэнгээр үе үе үзэгдэж байгаад саяхнаас сураг алдарсан. Ерөнхийлөгчийн зөвлөх С.Лүндэг өвөөгийнхөө нэр сүрээр Төв аймагт торойно гэсэн тооцоололтой эргэж, тойрч байсан ч тойрог томоссоноос хойш дахин үзэгдээгүй. Дарханы Засаг дарга Б.Азжаргал сошиалд мандаж явсан үе бий. Гэхдээ өнгөрсөн жилээс ах нарынхаа адилаар авлигаар хөлжиж, газрын наймаанд гаршсан гэгдээд намын даргадаа бангадуулсан. Одоогоор сонгуульд горилох гэхээсээ шар усны үертээ л анхаарал хандуулж буй. “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Наранбаатар өнгөрсөн гуравдугаар сард нэр дэвшинэ гэдгээ сошиалд зарласан. Гэвч нам, нам дамжсан намтартай түүнд МАН-ыхан нүүр ч, итгэл ч өгөхгүй байгаа. Ганцаараа тойргоороо гэлдэрч яваагаас нь үзвэл гологдож хоцрох магадлал өндөр. Харин бусдынх нь хувьд хоол хийж, хүүхэд, хөгшид, хурга ишиг үнсэж бас үнсүүлж, тариаланчдад тал засаж, малчдыг магтаж, төвийн тойргийг тун идэвхтэй тойглоцгоож буй. 

НАС, НАМТРЫНХАА 20 ЖИЛИЙГ Н.ЭНХБАЯРЫН ДЭРГЭД ЭЛЭЭСЭН Б.ТУЛГА

Боомтын сайд Б.Тулга- Аав, ээж хоёр нь Ховдоос илгээлтээр Дарханд очиж суурьшсан. Тэнд Б.Тулга төрж, өссөн. 2001 онд МУИС-ийг математикч мэргэжлээр төгсөж, төрөлх Дархандаа нэг жил багшилсан. 2003 онд хотод орж ирж, ирмэгцээ МАХН-д элсэж, дараа жил нь Н.Энхбаярын цув, цүнхийг барьдаг, хар бор ажлыг нь нугалдаг, хаалгыг нь онгойлгож өгдөг шадар туслах нь болсон. Тэр цагаас хойш Б.Тулга нас, намтрынхаа 20 жилийг Н.Энхбаярын дэргэд элээж буй. Н.Энхбаярыг оймсоо гозолзуулан одоход, сэхээний өрөөнд салаавчтай хэвтэхэд, МАХН гэх хуучин бууриа сахьж ганцаардаж хоцорход, буцаад МАН-тай “дэр нэгтгэхэд” гээд бүхий л цаг хугацаанд нь хажуугаас нь холдохгүй хамт байсан. Тиймдээ ч Б.Тулга Н.Энхбаярын татаас, түлхээсээр Байгаль орчны дэд сайд, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдын сэнтийд заларч байлаа. Улмаар өнгөрсөн онд Боомтын сайдаар дахин засагт залагдсан. Өдгөө Сангийн сайд Б.Жавхлантай “сугадалцан” V тойргийг тойрч, тойглож яваа. 
 
      Цаашилбал, зөвхөн Б.Тулга ч биш, төрсөн ах Б.Хуяг нь, төрсөн дүү Б.Бүжинлхам нь ч Н.Энхбаярт хүчин зүтгэж ирсэн байдаг. Төрсөн дүү Б.Бүжинлхам нь Н.Энхбаярын “цэрэг”-үүдийн нэг, УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгийн туслах байлаа. Хожим, МАН, МАХН нэгдсэний дараа Н.Энхбаярын “татаас”-аар ЕТГ-т ажилладаг болсон. Харин төрсөн ах Б.Хуяг нь Н.Энхбаярын “Өргөө” зочид буудлын хувьчлалын хулгайд нэр, зүсээ золин голлох үүрэгтэй оролцсон. Тодруулбал, Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа буюу 2007 онд Хотын дарга “алим” Ц.Батбаяртай хуйвалдаж, нийслэлийн өмчийн “Өргөө” зочид буудлыг “Дун өргөө” ХХК-д эзэмшүүлж, харин “Дун өргөө” ХХК-ийг Б.Тулгын ах Б.Хуягт эзэмшүүлэх замаар хувьчилж авсан. Энэ хувьчлалын хулгай нь 2012 онд илчлэгдсэнээр Н.Энхбаяр баривчлагдаж, харин хил давж зугтсан Б.Хуяг инперполоор эрэн сурвалжлагдаж байлаа. Өдгөө “Өргөө” зочид буудлыг эзэмшигч “Дун өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Хуяг бүртгэлтэй хэвээр байдаг бол, эцсийн өмчлөгчөөр нь 2020 онд Н.Энхбаярын хүү, УИХ-ын гишүүн Э.Батшугар бүртгэгдсэн байдаг. 
 
Товчхондоо, Боомтын сайд Б.Тулга Н.Энхбаярт хүү Э.Батшугараас нь өөрцгүй. Мөн Б.Тулга УИХ-ын гишүүн болбол Н.Энхбаяр гишүүн болсноос өөрцгүй гэсэн үг. 

ЖДҮ-ЧИН, ҮХЭР-ЧИН Ж.ЭНХБАЯР

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Ж.Энхбаяр- Аав нь Говь-Алтай аймгийн Халиун, ээж нь Архангай аймгийн Чулуут сумын уугуул. Өөрөөр бол, аав талаараа У.Хүрэлсүхтэй, ээж талаараа Т.Бадамжунайтай нэг нутаг усных. Аав Ш.Жадамба нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед буюу 1992 онд 20 настай Ж.Энхбаяр “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК, “Газар” ХХК-уудыг байгуулж, 1993 оноос “Газар” ХХК-аараа Төв аймгийн Заамарт алт ухаж эхэлснээр бизнест хөл тавьсан. Түүнээс хойш Ж.Энхбаяр “Газар” ХХК-аараа Баянхонгорын Галуут, Баян-Овоо, Дорнодын Баяндун, Төв аймгийн Цээл, Сэргэлэн, Өвөрхангайн Есөнзүйл, Архангайн Булган гээд аль л алттай гэсэн газар болгоныг ухсан. Ардчиллын шуурга намжаад удаагүй, хүмүүс хөлөө олж амжаагүй шахуу байхад буюу 1995 онд Ж.Энхбаяр Монголбанканд 500 кг алт тушааж явснаа сайрхан ярьдаг. Тиймдээ ч тэр өдгөө монголын толгой баячуудын жагсаалтын эхэнд бичигддэг. Өдгөө Ж.Энхбаярын бизнес салбар бүрд бий бөгөөд Ж.Энхбаяр өөрөө Сэлэнгэ дэх үхрийн ферм, сонгууль хоёртоо л санаа тавьж буй. Сонирхуулахад, анх алт ухаж хөлжөөд, хожим нь үхэр үржүүлдэг “хобби”-той болсноороо “Гацуурт”-ын Л.Чинбаттай тун адилхан. 
 
      Ж.Энхбаяр 2008 онд 36 настайдаа аавынхаа нутаг Говь-Алтайд нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2012 оны сонгуулийн өмнөхөн Батлан хамгаалахын сайдаар томилогдож байлаа. Мөн л дэслэгч генерал аавынх нь нэр, сүрийг бодолцож ийн Батлан хамгаалахын сайд болгосон гэдэг. Түүнээс хойш Ж.Энхбаяр 2012, 2016 оны УИХ-ын сонгуулиудад улирч сонгогдсон. Гэвч 2018 онд “ЖДҮ-чин” гэх хүсэвч, хусавч арилахгүй хочтой, хар тамгатай болсон. Жилдээ 2.2 тэрбум төгрөгийн орлоготой, дансадаа 3.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 12.4 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлдэг атлаа ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлж, “Газар буудай” ХХК-аараа 950 сая төгрөгийн зээл авчихсан нь нийтэд таалагдаагүй. Дээрээс нь, Ж.Энхбаяр ЖДҮ-ээс 3.0 хувийн хүүтэй авсан зээлээ “Газар капитал партнерс” ББСБ-араа 30 хувийн хүүтэйгээр иргэдэд зээлдэж, мөнгө хүүлсэн гэгдсэн нь нийтийн уур, унтууцлыг хүргэсэн. Тиймдээ ч У.Хүрэлсүх 2020 оны сонгуулиар “ЖДҮ-чид”-ийг төлөөлүүлэн Я.Содбаатар, Ж.Энхбаяр хоёрыг өнжөөж, сонгуулийн дараа Я.Содбаатарыг Шадар сайдаар, Ж.Энхбаярын Ерөнхий сайдын Ажлын албаны даргаар, дараа нь ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилж байв.
 

ШАТАХУУНЫ “ШАХАА”-ЧИН, “ЖДҮ”-ЧИН, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н АНХНЫ 17-ГИЙН НЭГ Б.БАТТӨМӨР

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр- Увсын Тэс сумын уугуул. Оростой ойр, орц, гарц сайныг нь бодож шатахууны “шаг”-ийн бизнесээ Дарханд эхлүүлсэн учраас өдгөө Дарханых гэж андуурагдах болсон. 1992 оноос хойш шатахуун импортын “Ойн бирж” ХХК, “Тэс петролиум” ХХК-уудаа удирдаж байгаад 2000 оноос хойш Гаалийн ерөнхий газрын дарга, Татварын ерөнхий газрын даргаар тус тус ажилласан. Гааль, татвар гэх хоёр их айлыг ээлжлэн 10 гаруй жил удирдах ховорхон хувь заяа одоогоор түүнээс өөр хүнд тохиогоогүй байгаа. Тэр 2016, 2020 онуудад Дарханаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Дахин дөрвөн жил улирхаар Б.Жавхлан, Б.Тулга хоёрыг бараадан төвийн тойргоор тойрч яваа. 
 
Гааль, татварыг 10 гаруй жил удирдаад өгөхөд биш, авахад сурсан гэлтэй, алгаа дэлгэчихгээд байдаг гэмтэй. Төрөөс авсан тендерүүд, төрийн хулгайд холбогдсон хэргүүд нь түүнд олон бий. 
 
      Эхэнд дурдсанчлан, Б.Баттөмөр шатахуун “шаг”-ийн магнат. Түүний “Тэс петролиум” ХХК нь төсвийн байгууллагууд, төрийн өмчит үйлдвэр, уурхай, компаниудыг шатахуунаар хангах 82 тендерт оролцож, талд нь шалгарсан. Шатахууны “шахаа”-гаараа Ц.Анандбазарыгаа гүйцэхгүй ч хол хоцрохгүй. Сонирхуулахад, “Тэс петролиум” ХХК нь хот, хөдөөд 100 гаруй салбар колонктой. Тэр тусмаа Өмнөговь аймагт буюу “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн зам дагуу “Тэс петролиум” ХХК-ийн есөн колонк байрладаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Өмнөговь дахь нүүрс тээвэрчдийн шатахууны хамгийн том ханган нийлүүлэгч гэсэн үг. 
 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2018 онд “Хамгийн увайгүй ЖДҮ-чин”-ээр “өргөмжлөгдсөн”. Тодруулбал, Б.Баттөмөр “Мондем” ХХК-аараа ЖДҮХС-гаас 300 сая төгрөгийн зээл авсан. Ингэхдээ тухайн үед Б.Баттөмөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос “Авах ёстой юм аа авмаар байна, хурдал” гэж яаруулж байж авсан нь ЖДҮ-ийн хавтаст хэрэг дунд бий. Хувьдаа 100 гаруй салбар колонктой атлаа ардын хүүхдүүдтэй 300 сая төгрөг “булаацалдаж”, адгаж, албадаж байж авснаараа “увайгүй ЖДҮ-чин” хочтой болсон хэрэг. 
 
АТГ-аас 2022 оны сүүлчээр УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг “нүүрсний хулгай”-н анхны 17-гийн нэгээр нэр цохож зарласан. Гэтэл Б.Баттөмөр “Тавантолгойн нүүрсний уурхай хаана байдгийг ч мэдэхгүй” гэж мэлцсэн. АТГ-ын үүдэнд хэвлэлийн хурал хийж, Ардын намынхаа байраар “орь дуу” тавьж явсныхаа хүчинд “нүүрсний хулгай”-н хэргээс нэрээ сугалж авсан. Тэр хүрз нүүрс ч хулгайлаагүй юм бол АТГ-аас яагаад нэрийг нь зарласан бэ гэдэг асуулт хариултгүй үлдсэн. 
 
Сүүлийн хэдэн жил Б.Баттөмөр Ц.Анандбазарын замаар замнаж эхлээд буй. Өөрөөр бол, шатахууны “шахаа”-наасаа хотхон, хорооллын бизнес руу орж буй. Тодруулбал, Б.Баттөмөр “Ойн бирж” ХХК-аараа Дархан цаазат Богдхан уулын Нүхтийн аманд 2018 оноос хойш хэд хэдэн газар авсан. Улмаар тухайн газрууд дээрээ “Аялал жуулчлалын цогцолбор” нэрээр “А” даалгавар батлуулсан бөгөөд хотхон, хорооллын бизнест орохоор шулуудаад буй. 

ГАЗРЫН НАЙМААГААР М.ЭНХБОЛДТОЙ, ТЕНДЕРИЙН “ШАГ”-ААР Ц.ДАВААСҮРЭНТЭЙ ЖИШИГДДЭГ, ДАРХАНД ДАРХЛАГДСАН С.НАСАНБАТ

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат- Дархан-Уул аймгийн уугуул. 2012-2020 онд Дарханы Засаг даргаар, 2020 оноос хойш Дарханы ИТХ-ын даргаар ажиллаж байгаа. Товчхондоо, Дарханд дархлагдсан нэгэн. Улс төрийн хүрээлэлд УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагаар “овоглодог”. Өөрөөр бол, Д.Хаянхярваагийн хайр, халамжаар Дарханыг тасралтгүй 12 жил ноёрхож буй гэдэг. Тиймдээ ч авлига, албан тушаалын хэргээрээ “хар тамга” даруулсан Д.Хаянхярваагийн улс төрийн карьерыг үргэлжлүүлж, угсааг нь залгамжлахаар Сангийн сайд Б.Жавхлан, Боомтын сайд Б.Тулга хоёртой хамт V тойргоор тойрч яваа. 
 
С.Насанбат Дарханыг 14 жил удирдахдаа Хонгор, Шарын голын алтны ордуудыг “нинжа” нарт худалдсан, Дархан хотод газрын наймааг гааруулсан, төсвийн мөнгөөр туйлж хувьдаа дөрвөн өрөө орон сууц, Ланд-200 авч унасан, “10 хувь” хочтой болтлоо төсвийн тендерүүдийг “шагласан” гээд асар олон хэрэгт нэр холбогдсон. Газраар бол М.Энхболдтой, тендерээр бол Ц.Даваасүрэнтэй, төсвийн мөнгөөр туйлдгаараа “Эрдэнэт”-ийн Х.Бадамсүрэнтэй жишигддэг. 
 
Ганц жишээ дурдахад, С.Насанбат 2015 оны аравдугаар сард авлигын хэргээр АТГ-ынханд баривчлагдсан. Түүнийг “Өсөх урам” ХХК-ийн захирал М.Төмөртогоо гэгчээс их хэмжээний авлига авч, шинэ, хуучин Дарханыг холбосон 2.4 км авто замын 6.3 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан гэж ийнхүү баривчилж байв. Улмаар 2016 оны нэгдүгээр сард АТГ-аас С.Насанбатын хэргийг прокурорт шилжүүлсэн. Тухайн үед С.Насанбатыг аавын хаалга татуулахгүйн төлөө Д.Хаянхярваа улаа эргэтэл гүйцэсэн гэдэг. Ингээд зун нь УИХ-ын сонгууль болж, МАН үнэмлэхүй ялж, намар нь С.Насанбат дахин Дарханы Засаг даргаар томилогдож, авлигын хэрэг нь ч сураг алдарсан байдаг. 

"33 ТЭРБУМЫН ЗЭЭЛ"-ЭЭС БУЛТАЖ, БУСГАХ ГЭЖ БҮРЭН ЭРХИЙН ХАЙРАН ДӨРВӨН ЖИЛЭЭ ХИЙ ЗАРЦУУЛСАН Г.ДАМДИННЯМ

УИХ-ын гишүүн Г.Дамдинням- Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул. 1960-аад оны эхээр аав, ээж нь Дарханд суурьшиж, Г.Дамдинням тэнд төрж, өссөн. 2007 онд МУБИС-ийг төгсөж, 2008 онд Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба агсны, 2009 онд Боловсролын сайд Ё.Отгонбаярын туслах, зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Улмаар 2013-2016 онд Боловсролын зээлийн сангийн 32 мянган ам.долларын зээлээр Канадад уул уурхайн засаглалын мэргэжлээр суралцсан. Буцаж ирээд 2017 оноос одоогийн УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн уул уурхайн “Прокон майнинг монголиа” ХХК, “Вертекс майнинг партнер” ХХК-уудыг удирдаж эхэлсэн. Мөн Г.Дамдиннямын эхнэр Ц.Уянга нь Х.Ганхуягийн “Хера-Инвестмент” ХХК болон Х.Ганхуягийн ах Х.Гантулгын “Марка Коиба” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, халаас нэгтгэсэн. Улмаар Г.Дамдиням 2020 оны УИХ-ын сонгуулиар Х.Ганхуягаас “хормойдож”, хамтдаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Хэд хэдэн хамтарсан компанитай, халаас, хэтэвч нэгтэй хоёр найз “хөтлөлцөөд” Төрийн ордонд түшээгээр заларсан түүхэн тохиолдол энэ болсон. 
 
Гэвч Төрийн ордонд тохой нийлүүлсэн суухаар болсон Х.Ганхуяг, Г.Дамдинням хоёрын баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. УИХ-ын гишүүн болохынхоо хэдхэн сарын өмнө Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбумын зээл нь илчлэгдсэн. Ингээд Х.Ганхуяг, Г.Дамдинням хоёр “Вертекс майнинг партнер” ХХК-ийнхаа Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлээс бултаж, бусгах “ганцхан” ажилтай болж хувирсан. Х.Ганхуяг “надад хамаагүй, манай эгч Х.Хашчимэгийнх” хэмээн мэлзэж, харин Г.Дамдинням “надад хамаагүй, Х.Ганхуягийнх” гэж маягтай гүрийсэн. Улмаар Г.Дамдинням гүрийснээрээ гүрийж ганцаараа сугарч үлдээд, харин Х.Ганхуяг шүүгдээд цагаадсан. Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлийн хэрэг нь хаагдаж, Боловсролын сангийн 32 мянган ам.долларын зээл нь илчлэгдсэн, товчхондоо айдгаа авдартаа хийсэн Г.Дамдинням өдгөө Сангийн сайд Б.Жавхлантай хамт тойргоороо тойрч буй. 

АХУЙН ХЭРҮҮЛЭЭРЭЭ “АЛДАРШСАН” Ч.УНДРАМ

УИХ-ын гишүүн Ч.Ундрам-  Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Улаанбаатарт өссөн. Америкт ахлах сургуулиа, Англид их сургуулиа төгсөж, Японд доктор, Монголд профессор болсон. 2010 оноос хойш МУИС-д тэнхимийн эрхлэгч, албаны дарга, дэд захирлаар 10 жил ажиллаад, 2020 онд Сэлэнгэ аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Харамсалтай нь, энэ бол Ч.Ундрамын ил харагддаг, иргэдэд үзүүлдэг гял цал гаднах намтар нь. 
 
     Өнгөрсөн дөрвөн жил Ч.Ундрамаас доктор, профессорынх байхаар үг, үйлдэл гарсангүй. Харин ч эсрэгээрээ агсам тавьсан, араар тавьсан, ханиасаа салсан, хүүхдээ хүчирхийлсэн гэх мэтээр сошиалд л алдаршив. Энэ бүхнээ цайруулах гэж хаягдсан эхнэр, халамжит охин, хайрт ээжийн “дүр эсгэх” гэсээр дөрвөн жилийн хугацаагаа дуусгаж байна. Уг нь биеээ, гэрээ, төрөө засах дараалалтай. Даанч Ч.Ундрам урвуугаар нь дараалуулж буй. 
 
Сэлэнгэд хамт алт ухаж хөгжсөн, хожим охидоо төрд оруулж, Ардын намтай амьдралыг нь холбосон хоёр Чинбат бий. Нэг нь Соёлын сайд Ч.Номингийн аав “Гацуурт”-ын Л.Чинбат. Харин нөгөө нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав “Өсөх зоос”-ийн Ч.Чинбат. Аль аль нь уул уурхайд зартай, улс төрд зальтай. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат өдгөө “Өсөх зоос” ХХК-аараа Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байх Хүрэн шандын нүүрсний уурхай, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байх Эрвэй хошууны уурхай болон Дорноговь аймгийн Даланжаргал сумын нутагт байх Бор толгойн орд, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт байх Хөх булагийн ордыг тус тус эзэмшиж буй. Хөх булагийн ордоо ухаж эхлэхийн тулд Хөгжлийн банкнаас 10 тэрбумын зээл авсан байсан ч 2022 онд илчлэгдэж, олон нийт охин Ч.Ундрам руу нь “дайраад” эхэлмэгц өдөр нь шахуу төлчихсөн байдаг. Илүү ноцтой нь, Ч.Чинбат 2018 онд Тавантолгойн уурхайгаас Цагаандэл уулын боомт хүртэлх 270 км авто замын концессыг авч, Засгийн газартай гэрээлсэн. Энэ төслөө улс төрийн гацаагүй урагшлуулахын тулд охин Ч.Ундрамыгаа УИХ-ын гишүүн болгуулсан ч гэдэг. Хэрвээ энэ замыг ашиглалтад оруулчихвал хувийн уурхайнуудынх нь нүүрс хямд зардлаар хятад руу гарах боломжтой болох учраас тэр л дээ. 

ТҮРИЙВЧ НИМГЭН Ч ТӨРИЙН АЛБАНЫ ТӨРЛҮҮДЭЭРЭЭ БАЯН Ж.БАТЖАРГАЛ

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал- Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул. Баян-Өнжүүл сумынхаа ИТХ-ын даргаар дөрвөн жил, Төв аймгийнхаа ИТХ-ын даргаар 10 жил ажиллаад, 2016 онд засаг ноён болсон. Улмаар 2019 онд улс төрийн тайзнаас унасан М.Энхболд өөртэйгөө хүч хавсрахаар 2020 оны УИХ-ын сонгуулиар Ж.Батжаргалыг Н.Энхболдтой хөтлөлцүүлэн Төрийн ордонд оруулж ирсэн. М.Энхболдод гавьяа байгуулж магтуулаагүй ч, гай тарьж загнуулахгүйгээр дөрвөн жилийг барж буй.
 
 
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хэтэвчнийхээ зузаанаар “заал”-ндаа сүүл мушгидаг. Жишээ нь, 2022 онд 110 саяын нэг орон сууцтай, машингүй, хадгаламжгүй, хувьдаа компанигүй, дансандаа 825 мянган төгрөгтэй хэмээн мэдүүлж, хамгийн “ядуу” гишүүнээр “өргөмжлөгдөж” байв. Гэхдээ яг үнэндээ “ядуу” харагдах нь М.Энхболд, Н.Энхболд хоёроос өвлөсөн заль гэж харагддаг. МАНАН-гийн толгойлогч, монголдоо багтахгүй баян гэгдэж төрөөс “хөөгдсөн” М.Энхболд 2020 онд хоёр орон сууцтай, 400 адуутай, 600 сая төгрөгийн хураасан хөрөнгөтэй гэж тун ядрууханаар тайлагдаж байлаа. Төв аймгаас завсаргүй зургаа сонгогдож, Төрийн түшээгээр 24 жил тухалсан Н.Энхболд ч мөн хоёр орон сууц, ганц патрол жийп, 700 сая төгрөгийн хадгаламжнаас өөр гялайж, гялтайх хөрөнгөгүй гэж мэдүүлсэн. “Ядуу” харагдах нь Төв аймгаас сонгогдсон түшээгийн зуршил гэмээр. 
 
Цаашилбал, Ж.Батжаргалыг 2016 онд Төв аймгийн засаг ноён, 2020 онд Төрийн түшээ болсноос нь хойш төрлийнхөн нь төрийн алба руу хошуурцгааж эхэлсэн гэдэг. Түрийвч нь нимгэн байж болох ч төрийн албан дахь төрлүүдээрээ баян гэсэн үг л дээ. Жишээ нь, эхнэр Ц.Ариунаа нь Төв аймгийн төрийн өмчит “Хүмүүн” цогцолбор цэцэрлэгийн эрхлэгч, охин Б.Нямсүрэн нь Төв аймгийн Төрийн аудитын газрын аудитор, хадам дүү Ц.Эрдэнэбаатар нь Соёлын яамны харьяа Богд хааны ордон музейн захирал, хадам эгч Ц.Ариунсайхан нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч, төрсөн эгчийнх нь хүү Б.Насанжаргал Төв аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Б.Насанжаргалын эхнэр Г.Ариун-Уянга нь Төв аймгийн ЗДТГ-ын Нягтлан бодогч, төрсөн эгчийнх нь хүү Б.Сансар Төв аймгийн Мал эмнэлгийн газрын хэлтсийн дарга, 2020 оны сонгуулийн менежер Ч.Сарангэрэл нь Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Зуунмод хотын захирагч гэх мэт төрийн албан тухалцгаажээ. 

“ЗАЙСАНГИЙН ЗИНДААРХАЛ”-ЫГ ҮНДЭСЛЭГЧ Д.ӨНӨРБОЛОР

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор- Дарханы Шарын голын уугуул. 1996 оноос хойш “Сөүл групп”-ын Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2020 онд М.Энхболдын нөмөр, нөөлгөөр УИХ-ын гишүүнээр сонгогдсон. УИХ-ын гишүүнээр улирч сонгогдохын тулд хоол хийж, хоккей тоглож яваа. 
 
Д.Өнөрболор тун удахгүй Төрийн ордонд болох “газрын наймаа”-ны нээлттэй сонсголд гарцаагүй дуудагдах хүмүүсийн нэг. Мөн “Зайсангийн зиндаархал” гэгчийг эхлүүлсэн хүн бол Д.Өнөрболор. Тодруулбал, Д.Өнөрболор 2000-аад оны эхээр М.Энхболдын газрын “ченж” байсан Б.Наранхүүгээс БЗД-ийн 1-р хороо, Чингис зочид буудлын арын 1.0 га газрыг авч, тус газар дээрээ “Рояал кастле” хотхон, “Сөүл” бизнес төвийг барьснаар тансаг зэрэглэлийн барилгын бизнесээ анх эхэлсэн түүхтэй. Дараа нь Д.Өнөрболор зэлүүд шахуу байсан Зайсангийн амыг тансаг зэрэглэлийн хотхон, хорооллоор дүүргэхээр ханцуй шуусан. Зайсан толгойн урд талын газруудыг бүхэлд нь туслах Г.Идэрхүүгийнхээ “Бизибий” ХХК-ийн нэр дээр авсан.  Улмаар Д.Өнөрболор Зайсан толгойн урд хаяг дэрлүүлэн “Роял Грийн Вилла” хотхон, “Сөүл Роял Каунти Вилла” хотхон, “Роял Кровн Вилла” хотхон, “Роял Хилл Каунти” хотхон гэх тансаг зэрэглэлийн дөрвөн хотхон барьж худалдсан. Зөвхөн “Роял Хилл Каунти” хотхон л гэхэд 9.9 га эзэмшил газартай, 29 хаустай гэхээр тэр Зайсангийн амны “эзэн” гэдэг нь тодорхой харагдана.

ТОРНЫ ЦААНААС ТӨРИЙН ОРДОНД ЗАЛАРСАН АНХНЫ ТҮШЭЭ Ж.ЭРДЭНЭБАТ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат- Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул. 2000-2008 онд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж, мөнгөний “авдар”-ных нь түлхүүрийг найман жил атгасан. 2008-2012 онд Сэлэнгийн засаг ноёноор дөрвөн жил суусан. Улмаар М.Энхболдын ээжийнх нь нутгийнх гэдгээ ивээлд нь багтаж, 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ингэж М.Энхболдтой сүжирснээрээ хожим Сангийн сайд, Ерөнхий сайд болж мандах, торны цаана сууж гундах эхлэл нь тавигдсан түүхтэй. 
 
Ж.Эрдэнэбатад зурагдсан пянз шиг болсон ч заавал сануулж байх ёстой хэрэг бий. Тодруулбал, Ж.Эрдэнэбат 2016-2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс, найз Х.Бат-Эрдэнэ нартайгаа хуйвалдаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Нарийн сухайтын нүүрсний уурхайн хажууд байх “Улаан сайр-II” гэх ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгосон нь 2020 онд илчлэгдэж, сонгуулийн сурталчилгааныхаа тайзан дээрээс баривчлагдан торны цаана сууж байлаа. Хэрийг эргэн сануулахад, Засгийн газраас Өмнөговь аймгийн Тост, Тосон бумба, Сэлэнгэ аймгийн Ноён уул болон Булган аймгийн Тэшиг сумын нутгийн зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтад авч, тухайн байршлуудад олгогдсон байсан уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Улмаар тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудад нөхөн олговор хэлбэрээр өөр байршилд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Ж.Эрдэнэбат 2017 оны есдүгээр сарын 13-нд нөхөн олговрын зориулалтаар олгох тусгай зөвшөөрлийн талбайн солбицол батлах тухай тогтоол гаргаж, улмаар “Элбэг орд” ХХК-д Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт XV-20923 дугаартай “Улаан сайр-I” , XV-20922 дугаартай “Улаан сайр-II” талбайг тус тус олгосон байдаг.
 
  Гэтэл үүнээс гурван сарын дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Элбэг орд” ХХК нь XV-20922 дугаартай, 1463.8 га талбай бүхий “Улаан сайр- II” хайгуулын тусгай зөвшөөрлөө Ж.Эрдэнэбат, түүний Ж.Эрдэнэтөгс хоёрын хамтран эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-д шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа Нарийн сухайтын нүүрсний уурхайтай хаяа залгаа “Улаан сайр-II” ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Элбэг орд” ХХК-д өгч, улмаар Ерөнхий сайдаас буусныхаа дараа тус орд газрыг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгөө хамтран эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-даа буцаан шилжүүлж авсан гэсэн үг. 
 
   Улмаар Ж.Эрдэнэбат, Ж.Эрдэнэтөгс нарт “Улаан сайр-II” тусгай зөвшөөрлөө ашиглах санхүүжилт хэрэгтэй болсон. Тиймээс Ж.Эрдэнэбат 2018 оны долдугаар сарын 5-нд “Улаан сайр-II  тусгай зөвшөөрлөө өөрийн найз “Алтай групп”-ийн Ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Бэст лэнд майнинг” ХХК-д шилжүүлсэн.Товчхондоо, Ж.Эрдэнэбат мянга сайхныг амалсан ч мөн чанарыг нь илтгэх ганц жишээ бол энэ. 

“МӨНГӨНИЙ АВДАР”-ЫН СЭВТЭЙ МАНААЧ Б.ЖАВХЛАН 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан- Аав Л.Болд нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул. Дархан хотын нэхий эдлэлийн үйлдвэрийн даргаар илгээлтээр очоод ажиллаж байх үед нь Б.Жавхлан мэндэлж, тэнд дунд сургуулиа дүүргэсэн. Улмаар 1990 онд аав Л.Болд нь буцаад Сүхбаатар аймгийнхаа Засаг даргаар шилжин томилогдож, тэнд Б.Жавхлан ахлах сургуулиа төгссөн. Уугуул, суугуул хоёр нутагтай ч 2016, 2020 онуудад Дарханд нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр улирч сонгогдсон. Улмаар Худалдаа хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч байсан, тоо, тооцоондоо Ардын намынхан дотроо архай дөнгүүр гэгдэж 2021 онд Сангийн сайдаар томилогдсон. Гэвч улсын мөнгөний авдрыг сандайлж суугаа Б.Жавхлан ашиг сонирхлын асар их зөрчилтэй. Банкаар дамжсан, банктай холбоотой хулгай, луйвар бүхэн Б.Жавхлан руу хөтлөх гээд байдаг гэмтэй. Тэр тусмаа татварын төлөгчдийн 130 тэрбум төгрөгийг “залгичхаад”, засагтай заргалдаж, өдий хүртэл өгөхгүй гүрийж байгаа “Чингис хаан” банктай Б.Жавхлан олон сэжүүрээр холбогддог. Бид өмнө нь энэ сэжүүрээр цуврал нийтлэлүүд бэлдэж байсан бөгөөд дэлгэрэнгүйг энд дарж уншаарай. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

V ТОЙРОГ: НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, ЖДҮ-ИЙН ДЭЭРЭМ, БАНКНЫ ЛУЙВАР, ШАТАХУУНЫ ШАХАА, ГАЗРЫН НАЙМААНЫ “ХАР ТАМГА”-ТАЙ МАН-ЫН 10 ГОРИЛОГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 16
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-14 15:10:17
    Бандага: За АН-аас бас ийм мэдээ юу байна?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 10:22:37
    Эрка: МАНаас одоо хэн ч дэвшсэн ард түмэн тэдэнд итгэх итгэлээ нэгэнт алдсан одоо ахиж итгэх нь бараг үгүй болсон ард түмний дунд явах хар ярианд бол МАНыг дэмжинэ гэж ярьж байгаа бүү хэл ярилцаж байгаа хүн бүр МАНыг байхгүй болоосой гэсэн сэтгэлтэй хүмүүс байна даа! МАН нь сүүлын үед урл хөрштэй их зузаарч тэдэнд ая тал илтээр засаж Монгол хүныг Хятад хүнээс дорд үзэж, баталсан баталхаар зэхсэн хууль бүгд Монгол хүны амьдар эрхэнд халдсан шийдвэрүүд байсаар атал Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар нь чих дүлий нүд сохор яваад байхаар МАНыг Хятадад дагаар орсоныг гэрчлээд байгаа мэт тэр нь ч үнэн юм билээ. Одоо сонгуулийг хар машинаар тоолох юм бол дайн ч гархад бэлэн болсон байгаа, бид чинь оюун ухаантай хүн учраас сонгуулиа гараар тоолж явуулах нь зүйтэй гэж бодож байна. Хэрвээ хар машин энэ сонгуульд оруулбал би ч бас хатуу тэмцэнэ гэж хэлмээр байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 10:22:36
    Эрка: МАНаас одоо хэн ч дэвшсэн ард түмэн тэдэнд итгэх итгэлээ нэгэнт алдсан одоо ахиж итгэх нь бараг үгүй болсон ард түмний дунд явах хар ярианд бол МАНыг дэмжинэ гэж ярьж байгаа бүү хэл ярилцаж байгаа хүн бүр МАНыг байхгүй болоосой гэсэн сэтгэлтэй хүмүүс байна даа! МАН нь сүүлын үед урл хөрштэй их зузаарч тэдэнд ая тал илтээр засаж Монгол хүныг Хятад хүнээс дорд үзэж, баталсан баталхаар зэхсэн хууль бүгд Монгол хүны амьдар эрхэнд халдсан шийдвэрүүд байсаар атал Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар нь чих дүлий нүд сохор яваад байхаар МАНыг Хятадад дагаар орсоныг гэрчлээд байгаа мэт тэр нь ч үнэн юм билээ. Одоо сонгуулийг хар машинаар тоолох юм бол дайн ч гархад бэлэн болсон байгаа, бид чинь оюун ухаантай хүн учраас сонгуулиа гараар тоолж явуулах нь зүйтэй гэж бодож байна. Хэрвээ хар машин энэ сонгуульд оруулбал би ч бас хатуу тэмцэнэ гэж хэлмээр байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 10:22:36
    Эрка: МАНаас одоо хэн ч дэвшсэн ард түмэн тэдэнд итгэх итгэлээ нэгэнт алдсан одоо ахиж итгэх нь бараг үгүй болсон ард түмний дунд явах хар ярианд бол МАНыг дэмжинэ гэж ярьж байгаа бүү хэл ярилцаж байгаа хүн бүр МАНыг байхгүй болоосой гэсэн сэтгэлтэй хүмүүс байна даа! МАН нь сүүлын үед урл хөрштэй их зузаарч тэдэнд ая тал илтээр засаж Монгол хүныг Хятад хүнээс дорд үзэж, баталсан баталхаар зэхсэн хууль бүгд Монгол хүны амьдар эрхэнд халдсан шийдвэрүүд байсаар атал Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар нь чих дүлий нүд сохор яваад байхаар МАНыг Хятадад дагаар орсоныг гэрчлээд байгаа мэт тэр нь ч үнэн юм билээ. Одоо сонгуулийг хар машинаар тоолох юм бол дайн ч гархад бэлэн болсон байгаа, бид чинь оюун ухаантай хүн учраас сонгуулиа гараар тоолж явуулах нь зүйтэй гэж бодож байна. Хэрвээ хар машин энэ сонгуульд оруулбал би ч бас хатуу тэмцэнэ гэж хэлмээр байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 10:22:35
    Эрка: МАНаас одоо хэн ч дэвшсэн ард түмэн тэдэнд итгэх итгэлээ нэгэнт алдсан одоо ахиж итгэх нь бараг үгүй болсон ард түмний дунд явах хар ярианд бол МАНыг дэмжинэ гэж ярьж байгаа бүү хэл ярилцаж байгаа хүн бүр МАНыг байхгүй болоосой гэсэн сэтгэлтэй хүмүүс байна даа! МАН нь сүүлын үед урл хөрштэй их зузаарч тэдэнд ая тал илтээр засаж Монгол хүныг Хятад хүнээс дорд үзэж, баталсан баталхаар зэхсэн хууль бүгд Монгол хүны амьдар эрхэнд халдсан шийдвэрүүд байсаар атал Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар нь чих дүлий нүд сохор яваад байхаар МАНыг Хятадад дагаар орсоныг гэрчлээд байгаа мэт тэр нь ч үнэн юм билээ. Одоо сонгуулийг хар машинаар тоолох юм бол дайн ч гархад бэлэн болсон байгаа, бид чинь оюун ухаантай хүн учраас сонгуулиа гараар тоолж явуулах нь зүйтэй гэж бодож байна. Хэрвээ хар машин энэ сонгуульд оруулбал би ч бас хатуу тэмцэнэ гэж хэлмээр байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 10:22:33
    Эрка: МАНаас одоо хэн ч дэвшсэн ард түмэн тэдэнд итгэх итгэлээ нэгэнт алдсан одоо ахиж итгэх нь бараг үгүй болсон ард түмний дунд явах хар ярианд бол МАНыг дэмжинэ гэж ярьж байгаа бүү хэл ярилцаж байгаа хүн бүр МАНыг байхгүй болоосой гэсэн сэтгэлтэй хүмүүс байна даа! МАН нь сүүлын үед урл хөрштэй их зузаарч тэдэнд ая тал илтээр засаж Монгол хүныг Хятад хүнээс дорд үзэж, баталсан баталхаар зэхсэн хууль бүгд Монгол хүны амьдар эрхэнд халдсан шийдвэрүүд байсаар атал Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар нь чих дүлий нүд сохор яваад байхаар МАНыг Хятадад дагаар орсоныг гэрчлээд байгаа мэт тэр нь ч үнэн юм билээ. Одоо сонгуулийг хар машинаар тоолох юм бол дайн ч гархад бэлэн болсон байгаа, бид чинь оюун ухаантай хүн учраас сонгуулиа гараар тоолж явуулах нь зүйтэй гэж бодож байна. Хэрвээ хар машин энэ сонгуульд оруулбал би ч бас хатуу тэмцэнэ гэж хэлмээр байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 19:35:53
    Туул: Сонгоё гээд бодсон ч сонгогдох хүн алга байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 17:37:00
    Дорж: Ёстой ичих булчирхайгаа зараад идчихсэн хулгайчууд юм аа газрын гаваар орогсод
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 13:13:30
    Энхтайван: 76 гын эрүүл хулгайч биш хүн бхгүй төр ажиллаж бгаа бүгд ижил 33 жил идэж бгаа улс бдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 09:10:30
    Зочин: Ичдэггүйн байхдаа насаараа УИХ гишшүн боллоо юу хийж гийгүүлсийн. Гутамшиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 08:56:00
    Zochin: Ene humuusiig songohgui
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-11 08:03:11
    Иргэн: За даа эдгээр нөхдүүдээс тоож харах, торойж үлдэх хүн үнэндээ алга аа. Хүн хэр хэмжээгээ, тэмээ тэнгээ мэддэггүй гэдэг үг бий. Гэхдээ өөрөө өөрийгөө голох хүн гэж хаа байхав дээ...дур дураа голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй ээ гэж... ар гэрээрээ тоглодог хүнээр, ард түмэн өөрсдийгөө тоглуулна ч гэж юу байхав. Хүн хөлтэй, хэлтэй юм болохоор явж л байхаас, ярьж байхаас даа. 100 чавганц уралдахад 1 чавганц түрүүлнэ гэдэг... хэн нэг нь гарах л байхдаа...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-10 21:50:07
    Иргэн: Энэ хэдээс өлгөөд авчих юм 1ч алга Төв аймгийнхан юу хийсэн гэхээр Н.Энхболдыг 6 удаа сонгодог байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 16:50:42
    gal: nyamaaiin ehnboldiig l songoj bolohgui!!! turiin albyg turliin alba bolgoson songodog jishee bolson hun shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 16:23:25
    Хм: Энэ хэдээс сонгох хүн алгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-09 14:50:50
    irgen: Edgeet hun durstei nohduud ard tumniig unheer doromjilj chadaj bgaam shuu, ingeed yavaad baij chadna l gej bodoj baih shig
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188