• Өнөөдөр 2025-04-02

УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН АВСТРАЛИ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СЮЗАН ЛАЯНС НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ

2024-10-16,   3689

             Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс нар 2024 оны аравдугаар сарын 16-ны өдөр Төрийн ордонд өргөтгөсөн уулзалт хийв.
 
            Талууд Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө гэдгээ нотолж, энэхүү харилцаа нь ардчиллын үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж байгааг харилцан тэмдэглэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянсын айлчлал нь хоёр улсын  парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.
     
      Хоёр улсын иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж ирсэн тул уг айлчлалын хүрээнд Нийгмийн хамгааллын болон Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар болсныг талууд сайшаан тэмдэглэсэн юм. 
 
       Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс, Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа нь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн ардчиллын үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж, нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжин тэлж байгааг онцоллоо. 
 
      Тэрбээр сурган хүмүүжүүлэх салбарт арвин туршлагатай хүний хувьд хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд, цаашид Монголд хэрэгжүүлж буй мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, жендэр, иргэний нийгмийг чадавхжуулах Австралийн төслүүдийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэхэд Австралийн Парламентын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлэв. 
 
          Ийнхүү өргөтгөсөн уулзалт ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх төдийгүй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түвшинг ахиулах зорилтод чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болсон гэдэгт талууд санал нэгджээ.

УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН АВСТРАЛИ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СЮЗАН ЛАЯНС НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188