• Өнөөдөр 2024-04-19

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 2.3 тэрбум орчим төгрөг зарцуулна

          УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 
Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан.
 
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд санал өгсөн нийт сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу УИХ-д тангараг өргөн Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн тул Улсын Их Хурлын гишүүний орон тоо гарсан гэж үзэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйл болон Сонгуулийн ерөнхий хорооноос 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2021 оны долдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэдгийг дурдав.
 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар боловсруулсан” гэлээ.
 
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлсний дараа “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.6 хувь нь дэмжив. Дараа нь “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. 
 
Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг 2021 оны долдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан. 
Тогтоолын төсөлд Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох байгууллагаас ирсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2287344 090.0 төгрөг байхаар тусгаж, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасныг Ц.Мөнхцэцэг гишүүн танилцуулгадаа онцлов. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжив.

 

 

 


УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 2.3 тэрбум орчим төгрөг зарцуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188