• Өнөөдөр 2025-12-19

Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна

     Монгол ёс, түүх соёлыг өвлөн уламжлагч төрөлд оны онцлох хүүхдийн нэгээр тодорсон Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийн аравдугаар ангийн сурагч Г.Гантуяатай ярилцлаа. Түүний хувьд сурын харваагаар хичээллээд дөрвөн жил болж байгаа гэнэ.

-Оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсанд баяр хүргэе. Онцлох хүүхэд болж, шагнал авахаа хэзээ мэдсэн бэ?
 
        -Баярлалаа. Дөрвөн хоногийн өмнө сургуулийн менежер ээж рүү маань залгаж хэлсэн. Анх сонсоод дотроо гайхах, баярлах хоёрын дунд байсан. Учир нь, тэр олон мянган хүүхдээс онцлох болж чадсан гэхээр яах аргагүй л гоё санагдсан.
-Монгол Улсын Ерөнхий сайдаас цомоо гардаж авч байхад ямар мэдрэмж төрсөн бэ. Чамд мөн Ерөнхий сайд юу гэж хэлсэн бэ?
 
        -Аавынхаа нэрийг дуудуулаад төрийн ордонд шагнал авах нь миний мөрөөдөл байсан. Мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байгаа. Ерөнхий сайд сурлагын амжилт хүсэж, сур харваагаар тууштай хичээллэж, улам их амжилтын эзэн болоорой гэдгийг онцлон хэлж байсан.
-Аав, ээж нь хамгийн их баярласан байх. Ам бүл хэдүүлээ вэ?
 
         -Тийм ээ. Аав, ээж гэр бүлийнхэн маань их баярласан. Манайх ам бүл тавуулаа. Намайг ойлгож, дуртай, сонирхолтой бүхэнд минь чиглүүлж, тусалж, дэмждэг аав, ээждээ үнэхээр баярлаж явдаг.
 
-Монголд ёс, түүх соёлыг өвлөн уламжлагч төрөлд онцлох хүүхэд боллоо шүү дээ. Сур харваагаар хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
 
       -Дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд олон амжилт гаргасан. Тэдгээрээс дурдвал 2024 онд сумынхаа анхны Аймгийн Идэр мэргэн болсон. Харин энэ жил Төрийн наадамдаа түрүүлж аймагтаа анхны Улсын Идэр мэргэн болж чадсан. Дуртай зүйлээрээ хичээллээд амжилт гаргана гэдэг хамгийн сайхан мэдрэмж.
 
-Сур харвахад юу нь хамгийн сайхан бэ?
 
      -Сур харваа бол хүнийг тогтвор суурьтай болгож, тайван дөлгөөн зан чанарт сургадаг. Мөн суралцаж, бэлтгэл хийж байх явцад сэтгэл санаа засаж, сайхан бодолд хөтөлдөг болохоор хичээллэх дуртай. Жил ахих тусам л энэ спортын үнэ цэн, үр өгөөжийг мэдэрч, хүртэж байна. Улам ч илүүг суралцаж, хичээх болно оо.
 
 -Наадмаар сур харвасан юм билээ. Монгол наадамдаа оролцох хамгийн гоё байсан байх?
 

        -Тийм ээ. Наадам бол бидний хүсэн хүлээж, бахархан баярладаг том баяр шүү дээ. Энэ жил анх удаа улсын хэмжээний харваанд орж байгаа болохоор их сандарсан. Гэхдээ аавынхаа  захиж хэлсэн үгийг бодоод, сайн харвахыг хичээсэн. Амжилттай харваж түрүүлсэндээ баяртай байгаа. Аав минь намайг анх сур харваанд хөтлөн оруулж, энэ сайхан амжилтуудыг гаргах эхлэл болсон. Аавдаа дахин талархаж байгаагаа илэрхийлье.

 
-Цаашид сур харваагаар тууштай хичээллэж, нэртэй харваач болох хүсэлтэй байдаг байх?
 
      -Мэдээж тэгэлгүй яах вэ. Сур харваагаа орхихгүйгээр цаашдаа улам хичээнэ ээ. Мөн Монголын ирээдүй болсон үе тэнгийн найзууд, бяцхан дүү нартаа Монгол өв соёлоо алдахгүйгээр авч яваарай гэж хэлмээр байна.
 
-Ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ?
 
     -Эмч болохыг хүсдэг. Энэ ч үүднээс хими, биологийн сонгонд сууж, мөн бие даан суралцаж байгаа. Эмчээр суралцаж төгсөөд ажиллахын хажуугаар сур харваагаараа амжилт үзүүлээд явна гэж боддог.
 
-Үлгэр дуурайлал авдаг харваач бий байх. Ямар цолтой, хэн гэдэг хүн байдаг вэ?
 
      -Сур харваж эхэлсэн цагаасаа хойш “Энэ хүн шиг мэргэн харваач болох юм сан” гэж хардаг, үлгэрлэл авдаг хүн бол Монгол Улсын Даяар Дуурсах Мэргэн Б.Пунсалдулам.  Зөв үедээ сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, оновчтой мэргэн харваж чаддаг нь бахархал төрүүлдэг.
 
-Тун удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Өвлийн өвгөн нэг хүслээ хэлээч гэвэл ямар хүсэл хэлэх вэ?
         -Аав, ээж минь өвдөхгүй,  эрүүл саруул байгаасай л гэж хүсмээр байна. 
-Тэдэндээ болон багш, ангийнхандаа шинэ жилийн мэнд дэвшүүлж, баярлаж, хайрлаж явдгаа хэлэх нь зүйтэй болов уу?
 
        -Тийм ээ. Аав, ээждээ охин нь их баярлаж явдаг шүү. Та хоёр минь байгаагүй бол энэ сайхан амжилтуудыг бүтээж чадахгүй байсан байх. Хайртай шүү. Мөн багш нар, ангийнхандаа шинэ жилийн мэнд хүргэе. Тусалж, дэмжиж, урам хайрладагт баярлалаа.
 
-Ярилцсанд баярлалаа. Сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
   
     -Баярлалаа

Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188