• Өнөөдөр 2024-04-27

АЯ ЭГШИГТ ХӨТЛӨГДСӨН АЭРОБИКЧИД

2022-12-25,   904

         ...Тэд бол хөдөлгөөн, хэмнэл, мэдрэмжийн бяцхан эзэд. Ая, эгшгийн өндөр хэмнэлд бүжиг, спортыг хослуулагчид. Тэр ч утгаараа бэлтгэлийн талбар дээрх хувийн орон зайгаа мэдэрч, хурдтай хэмнэлд өөрсдийн сэтгэл зүрхээрээ биеийн хэлэмжийг илэрхийлдэг. Хэн ч алдах эрхгүй нэг минут тэдний хувьд хамгийн үнэ цэнтэй. Хэрэв тэрхүү нэг минутын төлөө өдөр бүр хөлсөө дуслуулж чадвал энгэртээ медаль зүүж, эх орныхоо нэрийг олон улсад таниулж чадах гэнэ. Өнөөдрийг хүртэл бэлтгэлийнхээ цагийг таслаж үзээгүй цовоо охид бэлтгэлийн жижигхэн заалаа жижиг гэж гололгүй, өөрсдийн ур чадварт л санаа зовж, хичээсээр иржээ. Хэн ч тэднийг энэ хаалга руу хөтлөөгүй аж. Зөвхөн өөрсдийн урам зоригийн жижигхэн ертөнцөөр хүсэл мөрөөдлөө цуглуулж яваа бяцхан аэробикчид юм. 

        Эртний Грекийн үеийн олдвор болох ваар савны бөөрөн дээр хөгжим тоглон бүжиглэж байгаа охидын дүрсийг судлаачид тогтоосон байдаг. Түүнчлэн эртний Грект өвчнийг хөгжмөөр анагааж байсан тухай мэдээ баримт ч байдаг аж. Харин хөгжлийнхөө явцад хүний бие бялдрыг эрүүл чийрэг хүч тэнхээтэй, гоолиг сайхан болгоход хөдөлгөөн тэр дундаа гимнастик зайлшгүй чухал болох нь тогтоогдсон байна. Чухамдаа энэхүү хэрэгцээнээс  гимнастик үүссэн бөгөөд хожим хөгжмийн хэмнэл түүнд тохирсон хөдөлгөөн хоёрын хослолоос аэробик үүсчээ. Тэр дундаа тамирчнаас маш өндөр ур чадвар шаарддаг сохирхолтой спортын төрөл юм. Харин бид Монгол Улсад энэхүү спортыг хөгжүүлж, тив дэлхийд амжилт гаргахаар зэхэж буй “Шинэ өнөөдөр” сургуулийн дэргэдэх Аэробикийн клубын бяцхан тамирчдаас Монголын гэрэлт ирээдүй булангийнхаа энэ удаагийн дугаарыг бэлтгэлээ. 

      “Шинэ өнөөдөр” сургуулийн дэргэдэх аэробикийн клубын охидууд 12:00 цагт бэлтгэлийн өрөөндөө цугларч хөгжим, хэмнэлээс огт холдолгүй хоёр цагийг өнгөрөөнө. Охид бага, дунд гэсэн хоёр насны ангиллаар хуваагдаж, ээлж ээлжээр бэлтгэлээ хийх аж. Харин тэд өнгөрсөн сард Казакстан Улсад зохион байгуулагдсан олон улсын клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, таван хүрэл медалийг эх орондоо авчирч бахархам амжилтыг үзүүлжээ. Тиймдээ ч бэлтгэл дээрх охидын харц дайчин, хөдөлгөөн хурц атлаа эрхэмсэг харагдаж байлаа. Энэ үед тэдний бэлтгэлийг дэргэдээс нь харж суусан сургуулийн сурагчид “Тэд ямар гоё харагдаж байна аа. Яаж ингэж нэг зэрэг хөдөлгөөнөө хийж чаддаг байна. Би ч бас аэробикчин болмоор санагдчихлаа” гэсээр алга ташин ширтэж байв. Тэд үзэгчдийн таашаалд ингэж л нийцэж чаддаг. Түүнчлэн хөдөлгөөн бүр нэг хүн шиг байх нь багийн чадварыг тодорхойлно. Багийн гишүүн өөрийн хөдөлгөөнийг хэмнэлд тааруулахын зэрэгцээ бусдыгаа мэдрэх нь хамгийн чухал гэнэ. Аэробикийн клубын сурагчид насны ангиллаар хуваагдаж хичээллэдэг учраас охид нэгнийгээ дэмжиж, уриалах нь элбэг. “Дүү минь сайн байна” “Эгч ээ та ч бас мундаг байлаа” гэх мэтчилэн завсарлагааны үеэр чухал яриа өрнүүлнэ.

       Харин хамгийн бага тамирчин Анхням охин, эгч нарынхаа дэргэд даруухан мөртлөө сэргэлэн харагдана. Хөдөлгөөн бүрийг анхааралтай харж, ирээдүйн өөрийгөө төсөөлж байгаа мэт ширтэнэ. Түүнийг ингэж суух зуур ярилцахыг хүсэхэд тэрбээр “Намайг Анхням гэдэг. Би “Шинэ өнөөдөр” сургуулийн хоёрдугаар ангид суралцдаг. Аэробикээр хичээллэх нь хамгийн гоё. Би өдөр бүр бэлтгэлдээ ирэх дуртай. Улсын аваргын тэмцээнд оролцож гуравдугаар байр эзэлж байсан. Анх тэмцээнд оролцож байр эзлээд аэробикд улам дуртай болсон. Би дандаа энэ спортоор хичээллэнэ ээ. Одоо дахиад медаль авахын төлөө хичээх болно. Хамгийн бага нь ч гэлээ би эгч нар шигээ мундаг байж чаддаг. Багшийнхаа үгэнд ч бас сайн ордог. Саяхан Казакстан Улс руу тэмцээнд оролцохоор явахад хамгийн гоё дурсамжтай байсан” гэв. Тэр бэлтгэлдээ ирсэн цагаас хойш хөгжмийн хэмнэлд ганцаар бүжиглэсээр л байсан бяцхан тамирчин. Өөртөө тун итгэлтэй бөгөөд хичээнгүй нэгэн аж. 

УНДРАЛ: МАГАДГҮЙ НАМАЙГ ӨӨРЧЛӨХ СПОРТ АЭРОБИК БАЙСАН

       Аэробик яг л тэдний хүсдэг бяцхан мөрөөдөл нь болж чаджээ. Өглөө бүр хөдөлгөөнөө мартахгүйн тулд бодож сэрдэг. Өдөр бүр бэлтгэлийн цагаа хүлээж догдолдог. Хэдийнээ амтанд нь дассан чихэр шиг, аэробик тэдний мөрөөдлийнх нь амт болсон байв. Тэдний нэг болох Ундрал нь таван жил аэробикийн клубд хичээллэж, мөрөөдөлдөө хүрэх замаа тодорхойлжээ. Түүнчлэн таван жил хичээллэхдээ өөрийгөө бүрэн өөрчилж, үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлж буй бас нэгэн гэрэлт ирээдүйг бүтээгчдийн нэг гэнэ. Тэрбээр “Би энэ спортоор хичээллэж эхэлснээр хүн бүртэй нээлттэй харьцаж, өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг болсон. Магадгүй намайг өөрчлөх спорт аэробик байсан. Мөн бие бялдрын хувьд ч өөртөө бүрэн өөрчлөлт хийж чадсан гэж боддог. Би энэ спортоор хичээллэхээс өмнө чөлөөт цагаа дэмий өнгөрүүлэх нь их байсан л даа. Харин хичээллэх шийдвэр гаргасныхаа дараа чөлөөт цаг маань зав боловсон өнгөрөх болсон. Яагаад ч юм би өөртөө зөв шийдвэр гаргаж чадсан гэж боддог. Тэмцээнд заавал байр эзлэх ёстой гэж боддог ч гэлээ өөрийгөө сорих нь хамгийн чухал санагддаг. Тэгж байж илүү их амжилтад хүрнэ. Би удахгүй олон улсын том тэмцээнд оролцож заавал байр эзлэх болно. Тиймээс одооноос хамгийн сайнаараа хичээж байгаа. Харин шантармаар үе цөөнгүй байсан. Гол нь давж гарах нь чухал юм байна лээ” гэлээ.  Ирээдүйд олон улсын тэмцээнд оролцож эх орныхоо нэрийг гаргаж чадна гэдэгтээ бүрэн итгэл тээсэн Ундрал охин дайчин бас чадварлаг. Үе тэнгийн хүүхдүүд болон бэлтгэлийнх нь дүү нар ч түүнээс үлгэр дуурайлал авсаар иржээ. 

     Тэд бол хөдөлгөөн, хэмнэл, мэдрэмжийн бяцхан эзэд

     Ая, эгшигийн өндөр хэмнэлд бүжиг, спортыг хосуулагчид. Тэр ч утгаараа бэлтгэлийн талбар дээрх хувийн орон зайгаа мэдэрч, хурдтай хэмнэлд өөрсдийн сэтгэл зүрх, биеийн хэлэмжийг илэрхийлдэг. Хэн ч алдах эрхгүй нэг минут тэдний хувьд хамгийн үнэ цэнтэй. Хэрэв тэрхүү нэг минутын төлөө өдөр бүр хөлсөө дуслуулж чадвал энгэртээ медаль зүүж, эх орныхоо нэрийг олон улсад таниулж чадах гэнэ. Өнөөдрийг хүртэл бэлтгэлийнхээ цагийг тасалж үзээгүй цовоо охид бэлтгэлийн жижигхэн заалыг жижиг гэж гололгүй, зөвхөн өөрсдийн ур чадварт л санаа зовж, хичээсээр иржээ. Хэн ч тэднийг энэ хаалга руу хөтлөөгүй аж. Зөвхөн өөрсдийн урам зоргийн жижигхэн ертөнцөөр хүсэл мөрөөдлөө цуглуулж яваа бяцхан аэробикчид юм. Тэдний нэг Ганчимэг охин Казакстаны олон улсын тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, эх орон , ээж аавынхаа алдрыг цуурайтуулжээ. 

ГАНЧИМЭГ: БИ АЭРОБИКИЙН ОРГИЛД НЬ ХҮРНЭ

-Яагаад энэ төрлийн спортоор хичээллэх болсон бэ? 

-Надад энэ спортын аяны хэмнэл болон хөдөлгөөн нь таалагддаг. Би аэробикээр хичээллээд хоёр жил болж байгаа. Өмнө нь спортын гимнастикаар хичээллэдэг байсан. Харин түүний дараа Ичинхорлоо багш маань намайг энэ клубд урьсан л даа. Анх хичээллэх сонирхолгүй байсан ч анхны тэмцээндээ байр эзлээд урам авсан. Энэ л миний цаашид хичээллэх шалтгаан байсан. 

-Аэробикийн тэмцээн өрсөлдөөн ихтэй санагддаг уу? 

-Ая нь хурдан хэмнэлтэй. Нэг л хөдөлгөөнөөсөө хоцорвол алдаа гарна. Дээрээс нь хөгжмөө сайн сонсох нь чухал. Үүнийг л сайн баримталбал тэмцээнд өрсөлдөгчөө ялж чадна гэж боддог. Би Казакстан Улсад болсон тэмцээнээс хоёр мөнгө нэг хүрэл медаль авсан. Анхны олон улсын тэмцээн байсан учраас найзуудтайгаа их дурсамж үлдээсэн. 

-Олон улсын тэмцээнээс байр эзлэх мэдрэмж ямар байсан бэ? 

-Монголынхоо нэрийг мандуулж, аав ээжийнхээ алдрыг цуурайтуулах хамгийн сайхан юм байна лээ. Миний амжилт Монголын амжилт л гэсэн үг. Би Казакстаны олон улсын тэмцээнээс хос, гурвалсан төрлөөр медаь авсан. Анх удаа оролцоод гурван медаль авсан болохоор өөрөөрөө бахархаж байсан.

-Цаашид энэ төрлийн спортоор чиний хүрч болох оргил хаана вэ? 

-Багш нар маань намайг хөдөлгөөн хурдан тогтоодог гэдэг. Түүнийгээ би анзараадаг л даа. Хамгийн чухал нь гүйцэтгэл, түүнийгээ л сайн хийвэл медаль хүртэх боломжтой. Тийм учраас энэ давуу талаа улам сайжруулж эх орныхоо нэрийг дахин өндөрт мандуулмаар байна. Би аэробикийн оргилд нь хүрнэ. Түүнийхээ төлөө хичээх болно гэж мөрөөддөг. 

       Түүний энэ итгэл дүүрэн харц мөрөөдөлдөө хүрэхэд ойрхон байгааг эрхгүй харуулна. Мөн түүний амжилт эх орных нь амжилттай дүйцдэг. Ийм хичээнгүй, цовоо нэгнийг дайчин, итгэлтэй болоход хүргэсэн түүний багш Ичинхорлоотой ярилцлаа. Тэрбээр “Би аэробикийн ОУХМ зэрэгтэй. Би яг л энд байгаа шавь нар шигээ есөн настай байхдаа спортын гимнастикаар хичээллэсэн л дээ. Одоо хүүхдүүдээ харахаар яг л тэр үе маань төсөөлөгддөг. Хүүхдүүд маань их хичээнгүй, цовоо. Бид оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргасаар байдаг. Ялангуяа бага насны хүүхэд амжилт гаргах бүртээ цааш тэмүүлэх асар их урам зориг авдаг шүү дээ” гэлээ. 

   “Шинэ өнөөдөр” сургуулийн дэргэдэх аэробикийн бяцхан тамирчдын нэг өдөр ийм. Тэдний гэрэлт ирээдүй өдөр бүр энд гялалцаж, тэд ч ирээдүйнхээ төлөө хичээсээр байна. Урам зориг, итгэл найдвар дүүрэн харц тэднийг үргэлж амжил руу дөтөлж байдаг нь энэ.  

 

АЯ ЭГШИГТ ХӨТЛӨГДСӨН АЭРОБИКЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-26 21:38:25
    Gantulga: Bagsh bolon bytshan aerobic.chideer baharhaj bn
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188