Туялзуур сэлэм нь халз тулалддаг, өндөр мэдрэмж шаардсан спорт аж. Түүнчлэн биеийн харьцаа хамаарахгүйгээр бүгд л хоорондоо өрсөлдөж, хүч чадлыг тэнцвэржүүлэх боломжийг олгодог байна. Ялангуяа бага насны хүүхэд туялзуур сэлэмний спортоор хичээллэж эхэлснээр чөлөөтэй сэтгэх, агшин зуурт өөрчлөгдөх нөхцөл байдалд өөрийгөө зөв жолоодож, удирдах чадварыг сайжруулдаг гэнэ. Мөн түргэн ууртай, омголон нэгнийг сэтгэл хөдлөлөө хянахад тусалдаг бол бүрэг ичимхий, даруухан нэгнийг зоригтой, өөртөө итгэлтэй, шийдэмгий болоход дэм болдог ач холбогдолтой юм. Биеийн хүчний “Шатар” хэмээн нэрлэгдэх энэхүү тулааны спортыг Монголд хөгжүүлж, хүүхэд, залуусыг дэлхийн давцанд бэлдэж буй “Ilden Fencing club-Илдэн туялзуур сэлэмний клуб”-ээс Монголын гэрэлт ирээдүй булангийнхаа энэ удаагийн дугаарыг бэлтгэлээ.
Илдэн туялзуур сэлэмний клубийн хаалгаар орвол хүүхдийн цангинасан дуу тод гэгч нь сонстож, багачууд зориг, тэмүүлэл дүүрэн харагдана. Тэд тулааны бэлтгэлдээ орохоос өмнө бие халаалт хийж, дасгал сургуулилтаа эхлүүлжээ. Энэ үед зарим хүүхдийн хөдөлгөөн бусдаасаа дэндүү цовоо, үйлдэл бүртээ ямар нэгэн зүйлд догдолж, сэтгэл нь хөдөлж байгаа нь илт байлаа. Тийм үйлдэл хийх хүртлээ багшийн зааврыг анхааралтай сонсож, идэвхтэйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Харин хэн ч дэг журамтай байхыг шаардаагүй байхад тэд дасгалаа хийж дуусаад л нэг эгнээнд орж, дараагийн зааварчилгааг хүлээнэ. Энэ мэтээр хүүхдүүд тайван, хүлээцтэй, шийдэмгий байдлыг хэдийнээ өөрсдийн биед шингээж чаджээ.
Илдэн туялзуур сэлэм клубийн хүүхдүүд ирэх долоо хоногт болох Улсын аварга шалгаруулах туялзуур сэлэмний тэмцээнд бэлтгэж байгаа аж. Ингээд дасгал хөдөлгөөний дараа дасгалжуулагч тулааны хувцсаа өмсөж, бэлэн байдалд шилжихийг хэлэхэд хүүхдүүд хөл нь газар хүрэхгүй гүйлдэж одов. Саяхан нүдний өмнө догдолж, сэтгэл нь хөөрч байсан бяцхан хүүхдүүд аян дайнд мордож буй дайчид мэт бяцхан гартаа сэлэм атгаж, тулааны хувцсаа хоромхон агшинд солиод гарч ирлээ. Тэд ирсэн цагаасаа үүнийг л хүсээд байж. Гэвч шууд л сэлэм атгасан бол нэгэн рүүгээ дайралт хийж, хатгах гэж яарсангүй. Тулааны өмнө өрсөлдөгч, шүүгчдээ хүндэтгэл үзүүлж ёсолно. Түүнийхээ дараа эрхэмсэг агаад хурц нүдээр өрсөлдөгч рүүгээ ширтэж, оноо авахаар сэлэмний үзүүрээр дайралт хийнэ.
Ийм байдлаар өрсөж таван оноо авсан нь ялагч болох гэнэ. Энэ үед дэвжээний хажуугаас тэднийг ажиглаж байсан нэгэн хүү “Алив урагшаа дайр, дайр. Чи хожих гэж байна шүү. Дайралтыг нь өнгөрөөж байгаад оновчтой ганц хатгалт хий. Чи чадна аа” гэж өндөр дуугаар найзыгаа зоригжуулж байсан юм. Харин дараа нь түүний тулалдах ээлж болоход дэвжээн дээр гараад дороо үсэрч, хөл дээрээ хурдтайгаар хөдөлгөөн хийж эхэлнэ. Өрсөлдөгчийнхөө зүг зоригтой шийдэмгий харц гаргаж, сэлмээ түүн рүү чиглүүлэв. Тулаан эхлэхэд түүнд ямар ч айдас байсангүй. Харин оновчтой хатгалт хийх бүртээ найзыгаа зоригжуулж байсан шигээ өндөр дуугаар авиа гаргаж байлаа. Ингэж тэр хүү өрсөлдөгчийнхөө дайралт бүрд хариу үйлдлийг тэр дор нь үзүүлж, оноо авсаар ялалт байгуулсан юм. Тэгснийхээ хойно хамгаалалтын малгайгаа авч, багш руугаа ёжтой нь аргагүй инээмсэглэв.
Түүнийг Төрбат гэдэг. Харахад жижигхэн биетэй, намхан хүү боловч гартаа сэлэм атгасан цагт өөрөөсөө ч том биетэй нэгнийг өчиггүй хатгаж, ялалт байгуулах чадвартай тийм нэгэн дайчин нэгэн. Тэр илдэн туялзуур сэлмийн клубт хичээллээд найман сар болсон ч улсын шагналт байрын эзэдтэй эн тэнцүү өрсөлддөг аж. Харин тулааны дундуур Төрбатыг ятгаж, түүнтэй ярилцах завшаан олдов.
-Яагаад туялзуур сэлмийн спортоор хичээллэх болсон бэ?
-Би дөрөвдүгээр ангид суралцдаг. Хүмүүс намайг жижигхэн биетэй юм байж яаж тулалддаг юм л гээд байдаг. Туялзуур сэлмийн спорт миний сонирхлыг маш их татаж байсан болохоор би хичээллэж эхэлсэн. Хичээллэж эхлээд найман сар болж байна.
-Энэ спортоор хичээллэх нь чамд ямар өөрчлөлтийг авчирч байна вэ?
-Спортоор хичээллэж, бие бялдартаа анхаарах нь чухал. Туялзуур сэлэм намайг илүү чадварлаг, дайчин болгодог болохоор би энэ спортод илүү дуртай. Мөн туялзуур сэлмээр өрсөлдөхөд бэртэл гэмтэл авах нь бага байдаг болохоор аюулгүй.
-Тулалдаж байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?
-Туялзуур сэлэм хүүхдүүдийн төсөөлдөг шиг энгийн сэлэмнээс өөр юм байна лээ. Бас өрсөлдөгчөөсөө огт айдаггүй. Дэвжээн дээр тулалдах мэдрэмж хамгийн гоё.
-Урьд нь уралдаан тэмцээнд оролцож байв уу?
-Өмнө нь уралдаан тэмцээнд оролцож байгаагүй болохоор энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн миний анхны тэмцээн. Тийм учраас шагналт байранд шалгарахын тулд би бэлтгэлээ сайн хийж байгаа. Найзууд маань намайг шагнал авна гэдэгт итгэлтэй байгаа. Тэднийхээ итгэлийг алдахгүй.
-Улсын аваргын тэмцээнд байр эзлэх нь чиний зорилго юм уу?
-Үгүй ээ. Би туялзуур сэлэмний дэлхийн аварга болтлоо энэ спортыг хэзээ ч хаяхгүй. Шантрахгүй улам хичээсээр байвал би дэлхийн олон рекордыг эзэмшинэ. Хамгийн дээд хязгаарт нь хүрнэ. Аав, ээж маань ч надад итгэж байгаа.
-Ялагч болох мэдрэмж ямар вэ?
-Энэ клубт надаас мундаг ах, эгч нар байгаа. Тэд бүгдээрээ том шагнал авч байсан. Гэхдээ би нэг удаа тэдний нэгтэй тулалдсаар байгаад ялж байсан. Ялагч болох хамгийн гоё.
Энэ үед түүний цовоо төрхөнд ялалтын гал дүрэлзэж, юугаар ч хязгаарлагдаагүй итгэлийнх нь цаана дэлхийн аварга болох мөрөөдөл нь улам бүр бадарч байлаа. Тэрний урам зориг, итгэл найдварыг хэн ч эвдэхийг зүрхлэхгүй. Гагцхүү бяцхан тамирчин өөрийн хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлийнхээ үр дүнд анхны тэмцээнээсээ медаль горьдож суугаа нь энэ. Тиймдээ ч бидэнтэй ярилцаж дуусаад л тулаан руугаа яаран гүйсэн юм.
Сэлэмтэй бяцхан дайчдыг өдөр бүр бэлтгэлдээ яаран ирж тулалдахын хүслэн болгосон дасгалжуулагч бол тэдний багш Б.Ээлт болон Юрий Анисимов юм. Биднийг очиход хүүхдүүдийнхээ өмнө зогсоод тэдний хийж буй үйлдэл, илэрхийлж буй сэтгэл хөдлөлд нь автаж, инээмсэглэн зогсоо харагдсан юм. Хийж байгаа дасгал бүрийг нь зөвлөж, тэдэнтэй ярилцана. Тулааны үед хувцас хэрэглэлийн аюулгүй байдалд сайтар анхаарч, дайчид ямар байх ёстойг үргэлж анхааруулж байсан юм.
Б.Ээлт “Би туялзуур сэлэмний спортоор хичээллээд арван жил болж байна. Харин дасгалжуулагч хийгээд зургаан жилийг өнгөрүүлсэн байна. Бид одоогоор багачуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэлээ хангаж байгаа. Саяхан Монголын туялзуур сэлэмний клубуудын хооронд болсон тэмцээнд найман насны ангилалд Ундрал охин маань мөнгөн медаль хүртсэн. Мөн түүний эгч Ундрам хүрэл медаль хүртсэн. Хүүхдүүд маань нас насандаа медаль хүртээд л эхэлчихсэн. Туялзуур сэлмээр хичээллэж эхэлснээр баруун, зүүн тархи хөгждөг. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнт шатар гэж үздэг. Бие даан шийдвэр гаргах, хариу үйлдэл үзүүлэх, ялалт, ялагдлыг мэдрэх зэрэг олон давуу талтай. Бага насны хүүхдүүдэд бэртэл гэмтэл учруулахгүй гэдгээрээ онцлогтой. Тэр тусмаа хүүхэд бага байх тусмаа аливаа зүйлийг илүү хурдан хүлээж авдаг. Асуудалтай нүүр тулж, өөртөө итгэлтэй байдлыг бий болгож чаддаг” гэлээ.
Мөн Илдэн туялзуур сэлэмний клубийн туслах дасгалжуулагчаар ажиллаад удаагүй байгаа Оросын Холбооны Улсын иргэн Юрий Анисимов багш бол хүүхдүүдийн хичээлийг илүү сонирхолтой болгож, сурах хүсэл эрмэлзэлд нь хамгийн их нөлөөлж буй нэгэн аж. Түүнчлэн Юрий Анисимов Москвагийн насанд хүрэгчдийн туялзуур сэлэмний аварга, Оросын Холбооны Улсын аваргын мөнгөн медалийн эзэн гэнэ. Тэрбээр “Би 20 жилийн өмнө энэ спортоор хичээллэж эхэлсэн. Гэвч тодорхой шалтгааны улмаас хэсэг завсарлаад байсан. Саяхан туялзуур сэлэмний спортоо дахин үргэлжлүүлэн хичээллэж, дасгалжуулагчаар ажиллаж байна. Хүүхдүүд маань маш идэвхтэй, сэргэлэн. Би хүүхдүүдтэй ажиллаж дуртай. Тэдний хандлага, чадварыг харах маш сонирхолтой байдаг” гэв.
Тулааны спорт зөвхөн эрчүүдэд зориулагдаагүй аж. Ялангуяа туялзуур сэлэмний спорт хэнийг ч өндөр нам, хүйс зэргээр нь ялгалгүйгээр тэгш, шударга өрсөлдөөнийг бий болгодог талбар юм. Дэвжээнд тулалдаж буй хүүхдүүд бүгд өөр, өөрсдийн онцлогтой. Тэдний байрлал, сэтгэл хөдлөл, оноо авах чадвар гэх мэт нь тус, тусын онцлогтой. Энэ дундаас нэгэн охины тулалдах чадвар бусдаас бага зэрэг илүү онцгойрон харагдана.
Тулааны талбар дээр гарч ирсэн өрсөлдөгч бүрийг чадварлаг байдлаараа ялан дийлж, эмэгтэй хүний хаанаас тийм гардаг бол гэмээх зоригтой шийдвэрийг үйлдэл бүртээ өгүүлнэ. Тиймдээ ч зөв цагтаа, зөв үйлдэл хийж, өрсөлдөгчөө мэдэрч, яаралгүйгээр алхам, алхмын үнэ цэнээр ялалтыг өөртөө авч байлаа. Түүнийг Индранил гэнэ. Тэрбээр мөн л Илдэн туялзуур сэлэмний клубыг сонгож хичээллэхдээ олон амжилтын эзэн болж чаджээ. Даруу дөлгөөн боловч дайчин байдлаа дэвжээн дээр огт алддаггүй аж. Тэрбээр “Би 13 настай. Туялзуур сэлмээр хичээллээд таван жил болж байна. Өмнө нь Франц улсад энэ спортоор хичээллэж эхэлсэн. Туялзуур сэлмээр хичээллэж эхлэх нь надад хамгийн амар, амгалан байдлыг мэдрүүлдэг. Би тулааны талбар дээр гараад зөвхөн оно авахын тулд бүхнээ зориулдаг. Тэгж байж ялалт надад ирнэ. Би Франц Улсад өөрийн насны ангилал дахь олон тэмцээнд байр эзэлж байсан л даа. Харин энэ удаа Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд өөрийгөө бэлтгэж байгаа. Заавал амжилт гаргана гэж бодож байна” гэв.
Туялзуур сэлэмний харшилдах чимээ, тулааны уур амьсгал Илдэн клубийн хүүхдүүдийн урам зориг, итгэл найдварыг улам хурцалж байлаа. Тэд зөвхөн ялалтаар амьсгалж, ялалтаар бүхнийг төсөөлдөг. Гэхдээ нөхөрсөг, ихэмсэг, дайчин төрхөө цаг ямагт алдахыг хүсдэггүй. Өөрсдийн гэсэн зорилготой, үнэ цэнтэй. Зөв цагт зөв нүүдэл хийж амжилтын амтыг мэдрэхийн төлөө хором бүрд өөрсдийн бяцхан гараараа тулалдаж байдаг. Ийм нэгэн сэлэмтэй дайчид өдөр бүрийг эрэлхгээр энд өнгөрөөж байлаа.
| СЭЛЭМТЭЙ ДАЙЧИД |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |