• Өнөөдөр 2024-04-25

Сурагч З.МӨНХ-ӨЛЗИЙ: Ном намайг очиж үзээгүй газарт минь хүргэж өгдөг

2022-05-24,   1822

              Үндэсний номын баярт оролцохоор Архангай аймгаас зорин ирсэн сурагч охиныг Занабазарын Мөнх-Өлзий гэдэг. Тэрбээр ном унших дуртай хүүхдүүдийн төлөөлөл бөгөөд Архангай аймагтаа “Номын ертөнц” клубийн  ахлагч хийж  48 сурагчийг удирдан зохион байгуулдаг, хэрсүү охин. Энэ жил номын баярын  зохион байгуулагч, арын албанд ажилсан түүнийг гэрээс гарахад нь ээж аав хоёр нь "Баяртаа амжилттай оролцоорой" гээд дээл бэлдэж өгөөд явуулжээ.

-Үндэсний номын баярын мэнд хүргэе. Арын алба ажил ихтэй завгүй байна уу. Манай сайтыг уншиж байгаа найзууддаа өөрийгөө танилцуулах уу?

    -Сайн байна уу, завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Гэхдээ энэ бүгд надад туршлага болон үлдэж байгаа. Намайг Занабазарын Мөнх-Өлзий гэдэг. Би Архангай аймгийн Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 10А ангид сурдаг.

-З.Мөнх-Өлзийгийн хувьд Архангай аймгийн “Номын ертөнц” клубийн ахлагч, ном унших дуртай охин шүү дээ. Яагаад ном унших дуртай болсон бэ?

    -Манай аав ном их уншдаг хүн, ер нь гэр бүлийн гишүүд маань намайг бага байхаас эхлээд төрөл бүрийн үлгэрийн ном уншиж өгдөг байсан. Үлгэрийн ном сонсож өссөн учраас өөрөө уншиж сурахыг хүсдэг, нэг нэг үсгээр нь цээжилдэг хүүхэд байлаа. Нэгдүгээр ангид орж уншиж чаддаг болсны дараа ээж, аав хоёр Монголын хүүхдийн уран зохиолын ном авч өгч уншуулдаг болсон. Ингэж л номд дуртай, унших хоббитой болсон байх.

-Бүүр багаасаа л номонд дуртай хүүхэд байжээ. Номын юу чамайг ингэж их татсан юм бол?

         -Ном миний хүрч чадахгүй, очиж  чадахгүй газрыг дэргэд минь байгаа юм шиг, би тэр ид шидийн ертөнцөд очсон юм шигээр мэдрүүлж чаддаг. Гол дүрийн баатрыг өөрийгөө гэж төсөөлөн уншдаг учраас илүү надад хүрч, намайг дахин дахин унших сэдлийг төрүүлсэн байх.

-Олон ном уншсан байх, өнөөдрийг хүртэлх уншсан номоо тоолж байв уу?

       -Би яг ч тоолж байгаагүй юм байна, гэхдээ нэлээд болсон байгаа. Би ном бүрийнхээ төгсгөлд захиа бичиж үлдээх дуртай. Хөгжилтэй нь тэр бичсэн жижиг бичвэрүүдээ ээж, ааваасаа нуугаад авдрынхаа доогуур шургуулчихдаг. Хэзээ нэгэн цагт бичсэн шүлэг, богино бичвэр, захиагаа ашиглаад ном гаргана гэж бодож, мөрөөддөг. Номын төгсгөлд бичдэг захиа нь зохиолч эсвэл гол дүрд хаягласан, тэдэнд зориулж хэлэх үг минь байдаг.

-Номыг шимтэн уншсанаар чамд ямар эерэг өөрчлөлт гарсан бэ?

    -Ном хүнд маш их төлөвшлийг өгдөг, ном уншсан хүн боддог, сэтгэдэг болдог. Уншсан сэдвийнхээ дагуу хүнтэй ярилцахад надад баттай эх сурвалжийн мэдлэг байдаг. Ер нь сургамжтай тийм түүхийг унших их дуртай. Гол дүрийн алдаанаас бид суралцаж болно гэсэн үг шүү дээ.

-Ямар төрлийн ном уншдаг вэ?

    -Миний хувьд хувь хүний хөгжлийн ном, яруу найраг, шүлгийн түүврүүдийг их сонирхон авч уншдаг.

-Бэлгэнд ирсэн, өөрөө худалдаж авсан гээд авсан ном бүрийн түүх өөр байх. Тэр дундаас хамгийн их зорьж авсан ном нь ямар ном байв, түүхээсээ хуваалцах уу?

         -Хамгийн дурсамжтайгаар авсан ном минь зохиолч М.Пүрэвмаагийн “Манго жимстэй цай” юм байна. Өмнө жилийн номын баяраар хөдөөнөөс зорьж ирээд авч байсан юм. Энэ жилийн хувьд Ц.Оюунгэрэлийн “Америкт суралцсан тэмдэглэл” номыг худалдан авлаа.

-“Манго жимстэй цай” ном эмэгтэйчүүд, охидод чиглэсэн ном шүү дээ.  Зорьж авсан номоо уншихад  ямар мэдрэмж төрсөн бэ?

    -Би унших явцдаа дотор нь орж мэдэрч эмзэглэж уншсан, номоо нээгээд уншиж эхлээд л уйлчихна. Ном уншаад уйлж байна гэж бодохгүй найзууд ирээд “Хүүе ээ, яагаад уйлаад байгаа юм, зүгээр үү” гэж их асуудаг байсан. Номоо эхлүүлсэн цагаас хойш уншихгүй байгаа үедээ байнга догдолж, дараагийн хуудас, болох үйл явдлыг нь төсөөлсөөр байсан. Тэгээд хоёр хоногт уншиж дуусгасан.

-Ер нь номыг улайрч уншдаг уу?    

     -Номыг уншиж эхлүүлсэн бол дуусах хүртэл нь улайрч дараа дараагийн үйл явдлыг нь бодоод тайван байдаггүй. Дуусгаж байж санаа амардаг . Ер нь адал явдалт уран зохиолын номыг тэгж их уншдаг. Би нэг тийм тайван намуухан орчинд унших дуртай. Гэхдээ нэг шимтээд уншаад эхэлчихвэл хэчнээн чимээ шуугиантай орчин байсан ч хамаагүй тоохоо больчихдог. Сүүлийн үед өөртөө зорилт тавьж уншиж байна.  Анх 30 хуудас байсан бол, одоо нэг бүлэг дуусгана гэх мэтчилэн зорилготойгоор уншдаг.

-Ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгосон уу?

    -Нэгээр тогтохгүй олон мэргэжил эзэмшихийг хүсэж байгаа. Тэр дундаас сэтгүүлч мэргэжлийг илүүтэйгээр сонирхож Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг сэтгүүлчийн сургалтад суусан. Ном унших дуртай учраас зохиолч болох талаар ч бодож байна. Ер нь ном зохиолтой холбоотой, бичгийн хүн болно.

-Хэрэв зохиолч болоод ном гаргахаар болбол хамгийн анхны ном нь ямар төрлийн ном байх бол мөрөөдөл, төсөөлөл бий юү?

    -Ер нь одоо өөрийнхөө унших дуртай төрлийн дагуу адал явдалтай, сонирхол татахуйц зохиол байх болов уу.

-Номын баярын талаар анх хэзээ мэдсэн бэ. Энэ жилийн хувьд номын баярын арын албанд ажиллах ямар байв?

      -Өмнө нь номын баярын талаар мэддэггүй байсан. Хөдөө орон нутагт ийм зүйл болдгийг мэддэггүй, мэддэг ч байнга ирэх боломжгүй шүү дээ. Миний хувьд өмнө жил номын баяр болон “Номын ертөнц” клубийнхээ талаар мэдсэн. Номын клубт бүртгүүлэхэд найрсаг ааштай хоёр багш, ижил сонирхол хоббитой найзууд минь байсан болохоор  их дуртай байсан. Өмнө нь номын баярт ирээд асруудаар тойрч, худалдан аварт хийгээд гардаг байсан бол энэ жил өөрөө арын албанд нь ажиллах сонирхолтой догдлом ажил байлаа. Эхний өдрийн шөнө би догдлоод унтаж чадаагүй. Номын баярт оролцохоор болоход багш нар минь чөлөө өгч, ээж аав маань “Номын баяртаа сайн оролцоорой” гээд дээл хантааз оёж өгөөд явуулсан. Ер нь дуртай зүйл минь учраас хэчнээн бүтэн өдөржин завгүй байсан ч ядардаггүй юм билээ. Би чинь хөдөө өссөн хүүхэд хотыг сайн  мэдэхгүй шүү дээ. Тэгээд номын баяраар хүүхдүүдийн өмсөх хантаазыг оёдлын газраас авахдаа гар утаснаасаа газрын зураг хараад явсан.

-Энэ жилийн номын баяраар зочилж ирсэн иргэдээс олзуурхан харсан зүйл нь юу вэ?

    -Эцэг эхчүүд хүүхдүүдтэй хамт их ирсэн байлаа. Хүүхдүүддээ хүссэн, хайсан номыг нь авч өгөх гэж хамт хайж, халуун наранд зогсож байгаа эцэг, эхчүүдийг хараад бахархсан.

-Цаашдын зорилго мөрөөдлөөсөө хуваалцаач?

        -Одоогоор номын баярыг Архангай аймагтаа тэмдэглэн өнгөрүүлдэг болмоор байна. Бас “Номын ертөнц” клубийнхээ Архангай салбарын хүүхдүүдээ илүү идэвхтэй болгомоор байна. Анх клубээ хариуцан ажиллаж байхад өөр өөр хүсэл сонирхолтой хүүхдүүдийг нэгтгэх хэцүү байдаг юм билээ.

- Ном уншиж эхлэх гэж байгаа дүү нартаа зөвлөгөө өгөх үү?

    -Уншаад л, уншаад л байгаарай. Ном унших дургүй байсан ч гэсэн үргэлжлүүлээд уншаад байвал түүндээ дасна, дуртай болно. Эхлээд хүний зөвлөсөн бус өөрийнхөө сонирхож байгаа номыг олж уншаарай. Ном гэдэг муухан багшаас дээр зүйл, чамд  хэний ч хэлж байгаагүй олон зүйлийг заана, цааш үргэлжлүүлэх урам зоригийг өгдөг юм шүү.

-Ярилцсанд баярлалаа. Олон ном уншиж, хүссэн мөрөөдөлдөө хүрч хамгийн шилдэг адал явдалт номын зохиолч болоорой.

    -Баярлалаа.





 


Сурагч З.МӨНХ-ӨЛЗИЙ: Ном намайг очиж үзээгүй газарт минь хүргэж өгдөг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-20 18:54:15
    Зочин : Маш сайн байна өсвөр үеийнхэнд зөвөөр үлгэрлэдэг гайхалтай охин. Ном уншдаг хүн хэзээ ч муу хүн болдоггүй ээ гэж. Даруухан дөлгөөхөн тууштай охин хичээгээрэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-06 13:54:01
    zochin: Ene oxinii yariltslagiig unshaad xuuxed nasandaa ergej ochix bolloo Xuuxed nas mini Arxangai aimgiin nomiin sand nomoor amisgalj nomiin xucheer xorvoo delxiitei tanilstaj baij bilee Nomtoi naizalj yavsaar erdem nomiin xun bolson doo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-24 11:01:45
    uuganjargal: nia nia yaasan huurhun yumbe
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188