Монголын урлагт эгэл даруухан төрх, энгийн дуу хоолойгоороо хит болсон тэдний тухай юу ярих билээ дээ. Ямар ч гоёчлол, гангарал үгүйгээр тайзнаа гараад ирэхэд л үзэгчид тэднээр дүүрч, дуу хуурт нь жаргадаг. Тийм хувь тавилан, хүний сэтгэлийн орон зайд дуулсан дуугаараа хэзээ ч хуучрахгүйгээр амьдрах хувь ерөөл аргагүй тэднийхээ.
Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан гэхэд л хэн бүхэн толгой дохиж, дууг нь ард түмнээрээ дагаад дуулчихна даа. Ердөө нэрийг нь хэлэхэд л цааш олон таван үггүйгээр ард түмний хайр хүндлэлд маргаангүй багтаж, мадаггүй хоногшин үлдсэн. Хаанахын ч тайзнаа гараад ирэхэд л дуу алдан угтаж, хамгийн дотно хүнтэйгээ уулзсан мэт баярлан хөөрч угтдаг дэндүү их хайрыг тэд ард түмнээс хүртсэн. Сэтгэл зүрх, ухаан бодлыг нь дуугаараа хөглөн жаргаасныхаа хэрээр хариу талархал авч, дөнгөж дуулж эхэлж буй бага залуу тэднийг өлгийдөн авч, бойжуулж, ард түмний хайр энэрэлд өдий зэрэгт, хүний дайд хүрсэн гэхэд хэтийдэхгүй. Ийм учрал тохиол хүн бүрд тохиохгүй. Гэхдээ энгийн бүхэн, чин сэтгэлээс урсах юу ч хүний сэтгэл зүрхэнд очиж чаддаг аа гэдгийн тод жишээ тэд юм. Хүүхдээрээ шахам урлагт орж ирээд л оюутан ахуй цагаасаа хамтран дуулахад нь ард түмэн шууд л хүлээгээд авчихсан.
“Санах л юм даа чамайгаа
Саналаа гээд чиг яах уу дээ
Сар сарын уртыг
Саатуулж яаж барья даа” гэж үнэн зүрхнээсээ хайр шингээн дуулахад нь сонссон хэн бүхэн хайр сэтгэлээ үгүйлж, даган дуулж, дараагийн уран бүтээлийг нь хүлээсэн. Удаа ч үгүй
“Үрээ гээд бодохын зуурт
Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ”,
“Энэ өдөр бидэн хоёрын хайрын өдөр өө
Энэ хайр бидэн хоёрын насны хайр аа” гээд л ар араас нь хөтөлсөн тэдний цаг хугацаа, орон зай Монголын урлагт дэндүү тусгай. Ямар сайндаа л хөдөөнөөс дуучин болохоор Соёл урлагийн их сургуулийг зорьсон хүүхдүүд “Жавхлан Баясгалангийн ангид орьё” гэж хэлэх нь олонтаа байсан гэдэг.
Үнэхээр ингэж хүрч, хоногшиж, ард түмний хайр энэрэлд амьдарч, тэдний итгэл сэтгэлийг даасан шиг даан явж чаддагийг өөрсдөөрөө том үлгэрлэсэн. Тэгвэл өнөөдөр тэд Монгол Улсын Гавьяат жүжигчин, зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын “Ханьсахын заяа” дууг шинэчлэн дуулахад л үзэгчид нэрхийсэн алга ташилтаар хүлээн авч сонсож, өнөөд ч хуучраагүй дуунд нь хайртай гэдэг нь илэрхий байна. Ингэж бүдгэрч, мартагдахгүйгээр, дундарч, дуусашгүйгээр хүний сэтгэлийн аялгуу эгшгийн орон зайд том амьдарч, аль ч цаг үед хит дуучин байна гэдэг аргагүй ард түмний хайранд бүрэн багтаж, бүтэн амьдарсны илэрхийлэл мөн.

Дөч гаруй насанд дөрөө шүргэж, өнөөдөр хоёул амьдралын олон өнгөд сүлэгдэн ирсэн ч тэртээ он жилүүдэд жаахан хоёр хүүхэд тайзнаа гарч ирээд л дуулж эхэлсэн тийм гэгээн үеэр нь ард түмэн төсөөлөн өнөөдөр ч хайраар угтан, даган дуулж байна. Саяхан даа, тэдний анх урлагт гарч ирж байсан үеийн бичлэг сошиал орчинд гарахад хүн бүр л хайрлан үзэж, “Яг ийм л хүүхдүүд гарч ирж байлаа” гэцгээж байсан. Үнэхээр ч үл ялиг ичингүйрэлтэй ч хайраар төөнөсөн, дуулахдаа томоос том зоригтой залуус галын дэргэд суугаад дулаан харцаар нэгнээ ширтэн дуулсан, малгайгаа доош нь дарж тоглож наадсан цэл залуугийн төрх байдал нь хүн бүрийн дурсамж, хайрыг сэрээн хөтөлж байна лээ. Тийм ээ, тэд энэ он жилүүдэд захирал, гишүүн, аав, ээж, ах, эгч болж амьдарсан ч ард түмний хайраас алхам ч холдоогүй, тэдний бат бөх, зузаан, дулаахан, хэзээ ч хувирашгүй хайранд нь мөнхөд дуу хуураараа өлгийдүүлсэн хүмүүс ээ. Хэдхэн хоногийн дараа С.Жавхлан гавьяат “Дулаахан намар” тоглолтоо хийнэ. Тэд ч мөн хамтдаа дуулна. Ард түмэн өнөө л хэвээр, анх гарч ирж байсан шиг нь л “Мөнхрөх ч биш дээ хоёулаа”, “Хонгорхон үр минь”, “Насны намар”-аа даган дуулж, жаргах биз ээ. Монголын урлаг, тэр дундаа нийтийн дууны түүх замналыг ярихад С.Жавхлан, Т.Баясгалан гэсэн холбоо хоршил мэт нэргүйгээр, тэдний дуулсан дуугүйгээр ярих аргагүй. Харин ч цаг улирах тусам үнэ цэн нь нэмэгдэж, ардын дуу шиг аманд аялагдаж, хүний зүрх сэтгэлийн далайд цэлэлзэн мэлтэлзэх нь лавтай. Сайхан залуу нас, дуулах хүсэл мөрөөдлөөс өөр зүйл үгүй энгийгээс энгийн хоёр хүүхдийг хүлээж аваад, юм бүхнмйг нь дүүргэж, нэмж өгсөн ард түмний гавьяа ч энд их бий.
АРД ТҮМЭНДЭЭ ЭГЭЛ ДУУ ХООЛОЙГООРОО ХАЙРЛАГДСАН С.ЖАВХЛАН, Т.БАЯСГАЛАН ХОЁР |
|