Опалын гэрт нь ормоор санагдавч даанч гэртээ байхгүй. Жүжиг төгсөхөд тэр холын хол явсан. Сайхан хүмүүс ингээд л цувран оддог, яг Опал шиг. Өнөөдөр эсвэл маргааш, тэд өдөр өдрөөр ээлжлэн буцдаг. Тэдний сайхан сэтгэл, хайр, итгэл, урам л мөнх оршиж, биднийг тэтгэн тэнхрүүлж, өндийн босгож, хайрлахад, уучлахад сургадаг гэмээр. Опал ч тэдний адил өөрт байгаа бүхнээ Сол бозо, Брэд, Глория, даатгалын эмч, цагдаад үлдээгээд, тэднийг өөрийн сайхан сэтгэлээр зөв замд нь хөтлөөд буцсан. Тэгэхээр тэр сайхан сэтгэл, Опалын дүрийг бүтээсэн жүжигчин хоёр байгаа нь харин сайхан юм даа.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан О.Энхтуул гэж даруухан мөртлөө даацтай, дандаа зүрх сэтгэл, ухаан бодолд нэгийг тунгаам дүртэй эмэгтэй тайз, дэлгэцнээ олон сайхан дүрийг бүтээж, үзэгчдийн хайрыг татан яваа. Өнөө үзэгчдийн үзэхээс халширдаг, дуу алддаг “Бүлээн нурам” киноны үзэсгэлэн гоо Мэсү охины дүрд 22 настайдаа тоглож урлагт хөл тавьснаас хойш 30 гаруй жил хувирашгүй халуун сэтгэлээр өөрийн хөдөлмөр зүтгэлээ харамгүй дэлгэж, чадвар шаардаж, шандас сорьсон дүрийг зөөллөж аргадан, эвийг нь олж гаргасаар байгаа. Найруулагчид ч авьяас билиг, ур чадварыг нь уудалсан хатуу, чанга, өөрийгөө эвдсэн дүрийг ч түүнд оноох нь бий. Аль ч дүрд тэр гудайж нугарахгүй, аргыг нь олоод л үзэгчдийн сэтгэлд хүргэчихнэ.

Тийм шартай, шамдагч болохоор нь тэр үү үзэгчид “О.Энхтуул хаана явна” гэж түүнийг эрж, хайж, дүрийг нь нэхэж, дагаж үздэг. Аргагүй шүү дээ, бага залуу наснаасаа урлагийн хаалгыг зоригтойхон татан орж ирээд, чанга хоёр дүрийг тайз, дэлгэцэд тамгалсан зүрхтэй эмэгтэй. Дэлгэцэд гоо үзэсгэлэнт Мэсүг, тайзнаа Цагаан дарь эхийн дүрийг ёстой залуу халуун насны хүсэл тэмүүлэл, чин зоригоор бүдрэлгүй тоглож, бүтэн үзүүлсэн. Мэсү бол үзэх бүрд О.Энхтуулын цэл залуу нас бидний өмнө цэлмэсхийж, "Мөн ч жаахан охин тоглож дээ" гэж хэн бүхэн эвийлэн хайрлаж, энхрийлэн дурлам дүр. Турьхан биедээ даамгүй хатуу хүтүүг үзэж, тэр хэрээр хатуужсан дүр. Тиймдээ ч үзэх бүрд цээжин цаана гал ноцоож, илчинд нь эмээнгүй дулаацаж суудаг. Ийм л болохоор үзэгчид түүнд хайртай, хайж, бүтээл харуулдан суухаас аргагүй юм. Чамбай бүтээсэн тоотой хэдэн дүрийг нь ч эргүүлж, тойруулан үзэж, ахин дахин харж, ойрхон уран бүтээлд орохгүйд нь гоморхохоос ч өөр яах билээ. Гэхдээ тэр үзэгчдийнхээ тэр их хайр хүндлэл, итгэл сэтгэлийг мэддэг болохоор арав гаруй жил алс оронд суусан ч урлагаас холдолгүй, үе, үе ирж уран бүтээлд орж, тэндээ ч зүгээр суухгүй ганц хүний жүжгийн зохиол бичиж, найруулан тавьж суусан завгүй, зүтгэлтэй нэгэн. Тийн ирэхдээ “Амьдралоги”, “Худалдагч охин” зэрэг кинонд дүр бүтээж, үзэгчидтэйгээ уулзсаар байсан. Түүний тоглосон киноны нэгэн содон дүр бол “Гэр” киноны дуучин эмэгтэй. Баян чинээлэг, алдартай дуучин мөртлөө гунигтай, ганцаардсан, хайр хүссэн эмэгтэйн дүр. Гэр бүл, үр хүүхэд хүний амьдралд ямар чухлыг харуулахыг зорьсон тус бүтээлд түүний өөрийн үзэл хамгийн их туссан, ойртсон болов уу гэж санадаг юм. Учир нь гэр амьтай, гэр бүлийнхнээ юунаас ч чухалчилдаг уран бүтээлч эмэгтэйн хувьд ёстой байгаа оносон, түүнд байх л ёстой бүтээлийн нэг.

Тийн явсаар Опалаар сүүлийн хоёр жил ч ёстой хэн бүхэнтэй уулзах шиг болж байна аа. Үзэх бүрд сэтгэл дулаан оргиулж, салж театраас гарамгүй Опалын дүрд ажиллаж, өнөө өөрийг нь нэхэн байсан, бүр олон бүтээлд тоглохгүй л бол ханахгүй байсан үзэгчдээ тэр хачин их баярлууллаа. Түүний нэг нь үүнийг бичиж суугаа сэтгүүлч би юм. Намдуу яриатай, налгар бүтээлтэй, уран бүтээлд жинтэй түүнийг хэзээ, ямар дүрээр гарч ирэх бол гэж хүлээж л байлаа. Гэхдээ хүүхэд зантай, хүнийг хайрлахаас өөр зүйл мэддэггүй эмэгтэйн дүрээр уулзана гэж төсөөлж ч байгаагүй. Харин түүнийг энэ насанд нь тун тохирсон, тэр л байхаар дүрээр найруулагч М.Батболд бидэнтэй уулзуулж чадсан. Тэр өөрийгөө ч мөн Опалын дүрээс харсан гэсэн. Тэдний энэ учрал тохиол, гарцаагүй нэгнээ олж тайзнаа гаргасан зохицолд нь халуун баяр хүргэмээр байна. Үнэхээр Монголын урлагт Опалыг л бүтээх гэж О.Энхтуул гэж жүжигчин тэртээ 30 гаруй жилийн өмнө хонгор зүстэй охин том зоригтойгоор алхан орж, түүхэн кинонд дөрөө мулталсан мэт. Опалтай уулзуулахын тулд төдийгөөс өдий хүртэл эргэж буцахгүйгээр, урлагаас холдолгүйгээр явж ирсэнд тань баярлалаа.

М.Батболд найруулагч ариунаас ариун, тув тунгалаг, гэгээнээс гэгээн сэтгэлтэй Опалын дүрийг хэн гаргах бол гэж бодохдоо “Аан, Опал гэдэг чинь О.Энхтуул эгч юм байна” гэж дүрээ олж байсан тухай уншигч та хэдийнэ сонссон байх. Сайхан байгаа биз, түүнийг бодоод олдог. Тэгэхээр найруулагчийн эрэл, удаан уулзаагүй санан үгүйлсэн, дахин уран бүтээлээр нь уулзахыг хүссэн үзэгч хоёрын үзүүр нэгдэж тэр тайзнаа Опалын дүрээр гарч ирж, энэ дүрээрээ энэ намар дахин уулзаж байна. Герман Улсад олон жил болж, тэнд амьдарч байгаа ч өөрт тохирох дүрд хүрч ирээд л тоглодог сэтгэлтэйд нь үзэгчдийнх нь өмнөөс талархлаа. Үүгээрээ урлагт халуун элгэн сэтгэлээ бат уясан нь ч илэрхий. Тэгээд л гэрэлтсэн нүд, гэгээн инээмсэглэлтэй Опал бидний өмнө зогсож, бурханд залбирсан юм.
Гэр нь өнөө мөдгүй нурах гэж байгаа, өөрөө ч ноорхой хувцастай тэрэг түрэн амьдардаг ч Опал Кронкий хатагтай хань бараа хайж, гэрт нь хэн нэгэн ирэхийг хүлээдэг. Тиймээс л үзэгчийн хувьд Опалынд очмоор, амттай цайнаас нь уугаад “Яаж энэ амьдралд, энэ хүмүүсийн дунд үргэлж сайхан сэтгэлтэй, гэнэн имтгэмтгий орших вэ, үнэндээ бид тийм байхыг хүсдэг ч төдийлөн чаддаггүй шүү дээ. Сайхан сэтгэл, хүн чанар, хүүхэд шиг араншинг хууран мэхлэгч олон. Тийм байхад үргэлж инээж зогсож чадна гэж үү. Опал та эргэн тойрноо хараач дээ” гэж асууж, ярилцмаар болдог юм.

Тэр мэдээж ийн хариулна. “Үгүй ээ, охин минь, сайн хар, сайхан хүмүүс дүүрэн байна, гол нь нэгэндээ итгэх хэрэгтэй, биенээ хайрлах хэрэгтэй” гээд л гэрэлт дулаахан харцаараа энэрэн харна. Опалыг ингэж мартахгүй болтол өрөвдөн хайрлатал, бүр нэхэн дурстал ойртуулж, дэргэд байгаа мэт, хаа нэгтээ гэрэл нь асаалттай тэр хөгшний байшин байгаа мэт итгүүлтэл амилуулж чаджээ. Угтаа тайзнаа эрт гарсан. “Опал” -аас ч урьд “Тамын дурлал” жүжгийн Абин, Т.Уильмс “Хүслийн трамвай” жүжгийн Бланш, Д.Равжаагийн “ Саран хөхөө” жүжгийн Сэрсэнмаа, “Атга нөж” жүжгийн Бөртэ-Үжин, “Би эмэгтэй хүн”, “Шөнө амталсан нулимс” зэрэг 30 гаруй уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглосныг нь үзэгчид андахгүй ч та бол урлагт ч амьдрал ч Опал, өөр хэн ч биш. Ихэнх нь сайхан сэтгэлээ гээн алхаж байгаа энэ нийгэмд бүгдийнх нь дотор сэтгэлийг нь буцааж амилуулж, бөхөлж уяж буй сайхан сэтгэлтэй эмэгтэй.

| "БҮЛЭЭН НУРАМ" КИНОНЫ "МЭСҮ"-ГЭЭР ЭХЛЭЭД "ОПАЛ"-ААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙГААД БАЯРЛАЛАА, О.ЭНХТУУЛ |
|
Г.Отгонжаргал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулав
2025-12-29 15:10:09
Ч.Отгонбаатар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
2025-12-29 14:55:49
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин болов
2025-12-29 14:31:06
Хоошорюү С.Бямбасүрэн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэв
2025-12-29 14:14:58
Спортын тайлбарлагч С.Шижирбат “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2025-12-29 14:06:19
“Бишрэлт Хоромхон” клуб “U11” насны аваргын цомыг өргөв
2025-12-29 13:50:30
2025-12-29 13:39:35
"Эрдэнэс тавантолгой" ХК 268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ
2025-12-29 13:13:01
ЗУРВАС: ХЭЗЭЭ Ч БИЕЛЭЭГҮЙ АРВАНХОЁРДУГААР САРЫН АМЛАЛТ
2025-12-29 11:40:42
Б.Энх-Оргил Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2025-12-29 11:05:41
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглох бөхчүүд
2025-12-29 10:40:00
“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруултад урьж байна
2025-12-29 10:15:36
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-29 08:00:00
Б.Мөнгөнзул шатрын дэлхийн аваргыг 7.0 оноотойгоор тэргүүлж явна
2025-12-29 07:05:00
"ОЮУНЛАГ ЭРГЭЛТ МЕДИА ГРУПП"-ИЙН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025-12-29 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-29 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-12-29 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-12-29 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-12-29 07:00:00
МОДОН ЧАРГААР ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРДЭГ РЭНЧИНЛХҮМБИЙН “УЛААН ХАЦАРТНУУД”
2025-12-29 07:00:00
2025-12-28 12:55:38
Дэлхийн хамгийн урт хурдны авто замын туннель ашиглалтад орлоо
2025-12-28 10:28:48
Тувагийн Чингис Салбырын, Д.Оганнисяныг хүнд цохилтоор яллаа
2025-12-28 09:40:03
Чөлөөтийн мастерууд Буриадын тэмцээнээс медаль хүртлээ
2025-12-28 07:10:00
О.Энхсайхан хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа
2025-12-28 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |