• Өнөөдөр 2024-05-01

ЖҮЖИГЧИН Р.СҮХБОЛД БУЮУ ТАГТАА

2023-08-17,   1244

         Тагтаа хочтой, дандаа хүмүүст инээд бэлэглэдэг зөөлөн дулаан, гэгээлэг нэгэн уран бүтээлч бий. Хошин зан хүн бүрд байдаг ч түүнийгээ үзүүрт нь хүртэл илэрхийлж, түүгээрээ бусдад аз жаргал бэлэглэдэг нь ховор. Тийм ч болохоор үзэгчид түүнд хайртай байдаг биз ээ.

Өвөө намайг дуудлаа

Зөндөө олон чихэр өглөө

Нэг, хоёрыг идлээ

Нэлээдийг далд хийлээ

Аяаяа тэр чихэр

Амттайхан чихэр байлаа

Аяаяа тэр чихэр

Аягүй гоё чихэр байлаа...” гэж Никитон хамтлагийн дуучин Бачкагийн хоолойг дуурайн дуулахад нь хамт сууж байсан уран бүтээлчид цөм инээд алдана. Яг ийн дуулах бичлэгийг нь анх үзэж тагтаа буюу жүжигчин Р.Сүхболдтой танилцаж байлаа.

-ЧИМХ ИНЭЭД, ЧИМЭГ ДҮР ТҮҮНИЙХ-

         Түүнээс урьд “Хэцүү анги” киноны сурагч хөвгүүн, “Мааз” хамтлагийн сахилгагүй, хөдөлгөөнтэй тагтааг эчнээ таних ч “Зүүдний чихэр”-ийг дуулдаг Тагтаа, “Нийслэл хүүхэн” киноны Сүхээ шиг мэдэхгүй л болов уу. Танил байх, ойр дотно танилцах гэдэг хоёр өөр утга. Тэгэхээр түүний эхний хоёр дүр танил байж, Сүхээ болоод Тагтаагаараа үзэгчдийн хайрыг илүүтэй татаж, таарсан, үзсэн хэн ч “Энэ ёстой нэг авьяастай залуу юм аа” гэж тогтон харж, толгой дохидог болсон гэхэд хилсдэхгүй. Сэтгүүлчийнхээ хувьд ч ялгаагүй эндээс л “Тагтаа ямар дүрд тоглож вэ, цаашлаад ямар дүрийг бидэнд үзүүлэх бол” гэж уран бүтээлчийнх нь хувьд “мөшгих” болсон юм. Бусдыг өөртөө татах хошин мөртлөө гэгээлэг чанар түүнийх байдаг.

        Тэрбээр эл дүрээсээ гадна  “Би дурламаар байна”, “Улаанбаатар би чамд хайртай”, “Манан зүсэгч”, “Нэг шөнө”, “Зуун жилийн гиюүрэл”, “Өндгөн толгойт”, “Нийслэл хүүхэн”, “Дошин дээрээ”, “Гайхамшигт ертөнц”, “Ганц бие залуус”, “Нийслэл хүүхэн-2”, “Чиний төлөө” зэрэг киноны гол болон туслах дүрд тоглосныг үзэгчид андахгүй. Ямар ч бүтээлд чимх инээд, чимэг дүрийг гаргах бөгөөд киноны зурвас хэсэгт гараад өнгөрсөн ч мартагдахгүй, санах бүрд инээд хүрч, элэг хөшим хөгжилтэй, “хөөрхөн” дүрийн эзэн. Дүр нь хөгжилтэй, хошин, гэгээлэг хувь хүний зан чанарыг цухуйлгаж, арай жаахан бүтэлгүй, хэнэггүйтлийг нэмснээр цогц болж, түүгээрээ үзэгчдийн сэтгэлд буудаг болов уу гэмээр. Сүүлд тоглосон "Хэрмэл жүжигчин" киноны дүр ч мөн тагтааг илүү тодруулж, задалж, өсгөж өгсөн байв.

-“МААЗ” ХАМТЛАГИЙН ТАГТАА-

       Нийлэхээрээ л нэгнээ “явуулж”, тоглоом наадам хийж, нэр хоч өгдөг хүмүүс бол найзууд. Хүний чин үнэн төрх, дотоод сэтгэлийг нээгчид нь тэр. Р.Сүхболдын уран бүтээлийн гараа, өдгөө үзэгчдийн хайртай уран бүтээлч болох замын эхэнд хамтдаа зогсож, хөглөж, хөөргөж, хүсэл мөрөөдлөөрөө хамтдаа жигүүрлэж байсан нөхөд нь жүжигчин Р.Жанчив, Төмөрөө, Р.Отгонбаяр. Анх “Хэцүү анги” кинонд хамт тоглож, хамтдаа Соёл урлагийн их сургууль гэх урлагийн том айлд шалгалт өгч,  шалгалтдаа унахдаа ч хамтдаа байж, “Дараа жил дахин шалгалт өгнө” гэж хүсэж зорьсон зүйлийнхээ төлөө шантрахгүйгээр зүтгэж, тэнцчихээд хамтдаа хөөрөн гүйж явж. Ийн нөхөрлөхдөө тэд Р.Сүхболдод “тагтаа” гэх хочийг өгч. Энэ тухай тэр “Миний нүд тагтаатай адил юм шиг байгаан. Тэгээд ч надад тагтаа их бэлгэдлийн нэр шиг санагддаг. СУИС-д шалгалт өгөөд хариугаа хүлээж суухад толгой дээр минь тагтаа бааж байсан. Би тэр явдлыг их бэлгэшээн боддог. Тагтаа өөрөө энх тайвныг бэлгэддэг амьтан. Энэ ч утгаар байгаа газарт минь хүмүүс эвтэй найртай, амар амгалан байгаасай гэж боддог” гэсэн байдаг. Ингэж л тагтаа хочийг авч, дараа нь нөхдөөрөө “Мааз” хамтлагийг үүсгэж, “Би дурламаар байна” гэж дуулж байсан. Тагтаагийн өөр нэгэн имиж нь гитар тоглодог нь. Хаана ч гитараа тоглоод л инээд хөөр цалгиаж, дуулж суудаг. Анх түүнд гитар тоглохыг “Guys” хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч А.Төгсбаяр зааж өгч, “Би дурламаар байна”, “Эмзэг хайр” зэрэг “Мааз” хамтлагийн хит дуунуудыг зохион өгч дуулуулсан нь уран бүтээлч болох хүсэл мөрөөдөлтэй, бүтээлээ хаанаас нь эхлэхээ мэдэхгүй “хөвгүүд”-д том зам жимийг татаж, хөтөлжээ. Ингэж л бидний хайртай ”Мааз” хамтлаг үүсэн бүрэлдэж, хөнгөн хэмнэлтэй мөртлөө сэтгэл хөглөсөн олон хит дууг төрүүлж.

-ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЗОРИГТОЙ АЛХАЖ ЧАДДАГ-

Тагтаа багаасаа л С.Жавхлангийн дуунуудыг сонсдог, улаан фэн нь байж. Түүний дуулах дуртай болсон нь ч С.Жавхлантай холбоотой бөгөөд урлагийн хүн болох хүслийг эндээс өвөртөлжээ. Мөн хөгжимчин ээж нь түүнд урлаг, хөгжимд дурлах эх ундарга болсон байна. Ингэж л Р.Сүхболд буюу Тагтаа гэх уран бүтээлч төрөн гарч, өдгөө бага багаар өөрийгөө нээн харуулж, өөрийн чадвараа үзүүлсээр л байна. Түүнд өшөө ч сонин содон мөртлөө өөрийнх нь хүсдэг шиг үзэгчдийн хайр талархлыг хүлээсэн дүр бий. Амьдралын төлөө хөдөлмөрлөж чаддаг, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтой алхаж чаддаг нэгэн гэдэг нь ч ярианд нь ил байдаг. Зах дээр гутлын наймаа ч хийж, Солонгос Улсад ч ажиллаж, киноны арын албанд ч юм, юм хийчихдэг нэгэн юм билээ. Тэгээд зах дээр ажиллаж байхдаа “Сайн жүжигчин болох юм шүү” гэж өөртөө хэлж, өөрийгөө хурцалж бэлддэг байж. Ийм л болохоор зорьсондоо хүрч чаддаг, өөрт оногдсон авьяас мэдрэмжээрээ үзэгчдийг дүүрэн сайхан “ундаалдаг” нэгэн тэр юм.

ААВ "ТАГТАА"

        Тэр мөн хоёр охины аав. Тэр “Аав болохоос өмнө их завтай, ганц бие тагтаа байсан. Гэр бүлтэй болсны дараа тагтаагийн хажууд жижигхэн дэгдээхэй гараад ирсэн. Миний бүх үйлдлийг харж байгаа учраас би хаашаа ч юм дураараа нисээд байж болохгүй. Иймээс чадлынхаа хэрээр маш сайн халамжлаад, хөөрхөн, жаргалтай эмэгтэй тагтаа болж өсөж, торнихыг нь харахыг хүсэж байна” хэмээн зүйрлэж, мөнхүү хошин байдлаар ярьсан нь сонирхол татсан юм. Ийм л сайн аав, “тагтаа”.


ЖҮЖИГЧИН Р.СҮХБОЛД БУЮУ ТАГТАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188