• Өнөөдөр 2024-05-14

ТУЛГАА НАЙРУУЛАГЧ ТУН ЧИГ ЗАВГҮЙ Л...

         Үргэлжийн завгүй Тулгаа найруулагч өнөөд ч завгүй л явна. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд олон ангит киногоор дагнаад давгүй сайхан байгаа. Угаас даруухан урдах ажлаа л хийчихдэг түүнд найруулагчийн ажил нь зохисон гэж жигтэйхэн. Дүрд ч ялгаагүй дээ, “Сайн аав” киноны таван хүүхэдтэй эгэл жирийн таксины жолоочийн дүрээс эхлээд “Зөрлөг” киноны сүүний наймаачин будилуу Тайванаа, “Намрын синдром” киноны айлгүй дарга, “Онцгой даалгавар” киноны хөгжилтэй дүр гээд уужуу тайван, ухаалаг, хөгтэй, бүтэлгүй, будилуу дүрүүдэд нь үзэгчид хайртай. Хаа нэг нээрээ, дарга, босс, мафийн толгойлогч болсон харагддаг. Ийм л нэг халзан толгойгоо тойруулан илээд, ичингүйрэх мэт дулаахан инээмсэглэхээс өөрөөр элдэв маяг, ямба үгүй зөөлөн дөлгөөн уран бүтээлч Монголын урлагт бий.

     Тэр өөрийгөө салхинд найгах голын намуухан бургастай зүйрлэсэн байна лээ. Үнэхээр ч дүрээс ангид бол чанга дуутай, эг маггүй нэгэн биш. Ихэнхдээ л инээж, хэн нэгнийг “явуулж”, хөгжөөж суудаг, уужуу тайван зан чанартай ч гэх юм билээ. Аргагүй тийм уужим тэнүүн байж бүтээлээ дэлгэж, уран бүтээлчдээ хөглөж, тэдэнд урагшлах урам зориг өгдөг байх. Ах, найруулагч, аав, багшийн хайраар тэр уран бүтээлчидтэйгээ харилцаж, тэднийг ойлгож, дэмждэг нэгэн.

-ТЭР МӨНХИЙН БОДОГЧ, ШАНАЛАГЧ-
 
             Юугаа бодож, шаналдаг вэ гэж үү. Мэдээж тухайн найруулах гэж байгаа бүтээл ээ л. Удаан бодож, зовоож, шаналгаж бүтээл төрдөг тухай нэг бишгүй ярьсан байдаг, тэр. Аргагүй тэгж гэмээнэ үзэгчдийн тархи, зүрхэнд очиж, тэнд удаан амьдарч, цаашлаад тухайн бүтээлээр амьсгалдаг байх. Үзэх нэгэнд ийн киногоо үлдээхийн тулд хамаг байдгаа барж, бүхнээ шавхаж л бүтээлээ төрүүлдэг биз ээ. Найруулсан бүтээлийнхээ тухай тэр “Жил өнгөрөх тусам хийсэн киногоо чамлаад байдаг юм билээ. Зохиол түүнийг илэрхийлж байгаа аргачлалын хувьд “Дэлхийд дурласан сар” кино намайг их зовоосон. Олон ч зөрчил, шаналантай. Тэр бүрийг нарийн гаргах гэж хичээсэн” гэжээ. Аргагүй найруулагч гэдэг чимхлүүр ажил гэдгийг кино найруулдаггүй хүн ойлгодоггүй байх. Тэгэхээр С.Баттулга найруулагч мөнхийн бодогч, шаналагч, түүнийгээ нэрэгч юм. “Ийм нэгэн дурлал I,II” , “Надтай гэрлээч”, “Жексон амьд”, “Худалч залуу”, “Голланд сарнай”, “Гурван найз”, “Ар хударга”, “Их хотын залуус”, “Өнөр бүл өнөө цагт”, “Гурван найз эргэж ирсэн нь”, “Гэнэтийн зочид”, “Бүтэн амьдрал”, “Амьдралын урт замд” зэрэг бүтээл ч түүнээс ийм л процессоор төрсөн биз ээ. Ингээд найруулсан бүтээлээс нь харахад, хөгжилтэй, хөнгөн, адал явдалтай кино илүүтэй зонхилж байгаа бөгөөд өөрийнх нь хэлснээр дотоод ертөнцтэй нь холбоотойгоор урган гараад байна уу гэмээр. 
       
-ДҮРСГҮЙ ХҮҮХЭД ШИГ ТҮҮНИЙ БҮТЭЭЛҮҮД-
 
    Хамгийн сүүлд найруулсан “Амьдралын урт замд” киногоор жишээ татъя. Бидний дунд байдаг эгэл жирийн нэгэн амьдралыг ахын хайраар дамжуулан харуулснаараа үзэгчдэд ойр бүтээл байлаа. Ер С.Баттулга найруулагч үзэгчдэд их ойр, дэргэд уран бүтээлч. Мэдээж үзэгчдээсээ хол зогсож байгаад бүтээл туурвидаг уран бүтээлч гэж үгүй биз.Тэр дундаа найруулагч хүн юунд түрүүнд үзэгчдээ бодож, тэдэнд юу хэрэгтэй, ямар мэдээлэл, санааг өгөхийг хүсэж байгаагаа тодорхойлж, томьёолдог болов уу. Нэг тийм дүрсгүй, гэхдээ хэрсүү хүүхэд байдаг даа. Яг тийм бүтээл түүнээс төрдөг. Хөгжилтэй юм шиг мөртлөө хүнд юм бодогдуулсан тийм л бүтээл түүнийх. Магад найруулагчийнх нь нэрийг мэдэхгүй байсан ч бүтээлийг нь үзээд "Энэ С.Баттулга найруулагчийн бүтээл байна даа" гэж төвөггүй таахаар ч юм шиг. Тэр тийм л ил цагаан, илэрхий найруулагч. Мөнхүү “Миний муу аав”, “Хоёр хоёрын тав” зэрэг киноны зохиолыг бичсэн юм, юмны дөртэй уран бүтээлч. Зохиол бол найруулагчийн гол амь. Энэ ч утгаар тэр зохиолд хачин нямбай, нягт ханддаг хашир найруулагч.

    Түүний үндсэн мэргэжил нь жүжигчин. Харин найруулагчийн ажлыг сонирхлоороо сурч л дээ. Тэрбээр 2001 онд сургуулиа төгсөөд шууд мэргэжлээрээ ажиллаагүй юм билээ. Ингээд дөрөв гаруй жил завсарлаж байгаад 2005 онд “Толбо” гэх анхны киногоо найруулж байсан гэдэг. Анхны эл бүтээл нь хэдийгээр бүтэлгүйтсэн ч гэсэн кино урлагт нэг мөр хөтөлж, "Сайхан бүтээл найруулах сан" гэх хүслээр хөтөлсөөр өнөөдөртэй золгож, үнэхээр тэр өөрийн өнгө өнгө аяс, ая дангтай олон сайхан бүтээлийг үзэгчдэд хүргэж чаджээ. Одоо ч үргэлжлүүлэн хүсэл мөрөөдлөө биелүүлж, бодож, төлөвлөж, найруулсаар л байна.     

БУДИЛУУ ТАЙВАНАА БУЮУ С.БАТТУЛГА 

     С.Баттулга найруулагчийн тоглосон уран бүтээл дотроос өөрийнх нь зан чанар  хувь хүн талтай нь төстэй, хамгийн ойр буух дүр бол "Зөрлөг" киноны Тайван аа. Бүтэлгүй, будилуу, буруу зөрүү ойлгож, холион бантанг нь хутгадаг ч сайхан сэтгэлтэй, тусч залуугийн энэ дүр бол яг л тэр өөрөө. Харин Тайванаагаас ялгаатай нь тун хашир, хянамгай, нямбай уран бүтээлч. За гэвэл ёогүй, нөхөрлөсөн бол нөхөрлөсөн, хамтарсан бол хамтарсан, тийм нэг жудагтай, журамтай найруулагч.Том ч ах. Хэнд ч нөмөртэй, түшигтэй. Энэ л зан чанар, байдлаараа өдгөө Монголын урлагт дэлгэцийн бүтээлийн архаг найруулагч, авьяас билэгтэй уран бүтээлч хүү нь болж яваа болов уу. Өөр найруулагчид харин түүнд тохирох дүрийг яг оноож, үзэгчдийг түүний дүрээр дамжуулан инээлгэж, бүр "Энэ ёстой янзын золиг шүү" гэтэл нь тааруулдаг.  
 
     Монголчууд залууг буруу зөрөг дээр буулгаж будилдаг ч эцэст жинхэнэ хайр сэтгэлийг учруулдаг Сүүний Тайванаа, "Сайн аав" киноны бүгдийг зохицуулж, хайрлагч аавынх дүрийг үзэх дуртайгаас гадна хаа нэгтээ тааралдвал "Өө, Тайван аа явна."Сайн аав" киноны таван хүүхдийн аав залуу явна" гэх зэргээр таньж, хайрладаг билээ. Энэ бол дүр нь түүнд тун нийцэж, тэр ч өөрөө сайхан тоглосны илрэл биз ээ. Ингээд харахаар Сувидын Баттулга гэж том биетэй ч хүүхэд шиг зантай, эгэл даруу, зөөлөн салхи шиг эл эрхмийг хайрлаж, тоглох болон найруулах бүтээлийг нь тэсэн ядан хүлээж суугаа. Тэгэхээр будилсан ч бүгдтэй нь хүлээн  авч хайрладаг. Тэрбээр "Нэг үе өөрийгөө чамлаж, "Жүжигчин болж чадахгүй дээ" гэж бодож байсан надад итгэл хүлээлгэсэн Тайвнаагийн дүрдээ их хайртай. Тэр дүр надад өөртөө итгэх итгэл өгсөн юм. Мөн “Сайн аав” кинонд таксины жолооч, энгийн сайхан аавын дүр бүтээсэн. Түүний дараагаар хүмүүс намайг эерэг, сайхнаар хардаг болсон. Яг л энэ киноны сайн аавын дүртэй адил энгийнээр хардаг юм шиг байна лээ. “Өнөөх сайн аав явж байна” гээд л их олон хүн эерэг сэтгэгдэл хэлсэн шүү. Миний хувьд ч мөн зөв, сайхан гишгэж явсан тэр хүний мөрөөр гишгэж, "сайн аав"-ын дүр бүтээсэндээ талархаж явдаг" гэж ярьсан байдаг.
 
ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧДИЙН "ДОТНЫ НАЙЗ"
             Түүнийг анзаарахад залуу уран бүтээлчидтэй их ажиллаж, тэднийг хурцалж, бэлтгэж, зөвлөдөг уран бүтээлч юм билээ. Аргагүй шинийг эрж хайна гэвэл шинэ үетэйгээ хамтарч, тэднээс суралцаж, өөрөө мөн сурсан мэдсэнээ хуваалцдаг болов уу. Сүүлийн үед сургуулиа төгсөөд удаагүй байгаа шинэ залуу уран бүтээлчдийг анхны дүрээр нь өлгийдөн авч, урлагт хөл тавьж, уран бүтээлч болох замыг нь нээж байгаа харагддаг. Тухайлбал, "Гэнэтийн зочид", "Амьдралын урт замд" кино бол тэр чигтээ залуу уран бүтээлчид. Тэднийг дагуулж, өсгөж, алмааз шиг гялтганаж байгаа сайхан насан дээр нь өнгөлж, цаашдын урт бүтээлийн замд нь том урам өгч байгаа найруулагч. Өөрөө ч "Би уран бүтээлч болгонтой өөрөөр харьцдаг. Гол нь сайн ойлголцож, чанартай бүтээл гаргах нь чухал. Зандруулмаар байгаа жүжигчинд сайхан зандраад өгдөг. Тэгж байж тэр хүний сэтгэл хөдлөл нь илэрдэг. Эсрэгээрээ зандрахаар дотоод сэтгэлээ гаргаж чадахаа больдог жүжигчин байна. Тиймээс миний баримталдаг зарчим уран бүтээлчидтэйгээ ойлголцох юм. Түүнээс биш найруулагч гэхээр л хөмсгөө зангидсан, орилсон тийм хүнийг хэлэхгүй шүү дээ" гэсэн. Энэ бол аль ч салбарын дунд үеийнхний баримталж, бодох зүйл. Арав, хорь гаруй жил урлагт ах, эгч нараасаа суралцаж явсан тэд өдгөө өөрсдөө зааж, зөвлөж, шинэ залуу үеэ бэлтгэж, төлөвшүүлж, бие даагаад уран бүтээлд оролцоод явахад нь дөрөө болох нь зүйтэй. Үүнийг С.Баттулга найруулагч ихэд баримталж байна уу гэмээр харагддаг.
 
 

ТУЛГАА НАЙРУУЛАГЧ ТУН ЧИГ ЗАВГҮЙ Л...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-13 10:24:40
    eee: danda oyuni hulgai teged bas nairulagch gechihje
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188