• Өнөөдөр 2024-04-30

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР МӨНГӨ УГААСАН УУ

2022-02-28,   1481

      -УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ХОЁР АРГААР УГААСАН УУ-
Эргэлт.мн мэдээллийн сайтын "Эрэн сурвалжлах нэгдэл"-ээс УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын Хөгжлийн банк болон хүчирхийллийн гэмт хэрэгтэй холбоотой баримтуудыг цувралаар хүргэх гэж байна. Энэ дугаарт бид Ц.Анандбазар Хөгжлийн банкнаас авсан 17.4 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой асуудлыг хөндөж байна.
         Хөгжлийн банкийг тоносон төрийн түшээдийн дуулианаас сэмхэн мултарч үлдсэн “сүйхээтэй” нэгэн бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазар. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод монгол групп” ХХК Хөгжлийн банкнаас 2017 оны наймдугаар сарын 24-нд 669.8 сая иен буюу 17.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Улмаар энэ сарын эхээр найдваргүй зээлдэгчдийн дуулиан дэгдмэгц энэ зээлээ хаагаад, уснаас хуурай гарчихаад байгаа.
 
       Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Хөгжлийн банкнаас авсан зээлээ хааж, хэл амнаас бултаж чадсан ч хууль хяналтынхнаас харин мултарч чадахгүй нь бололтой. Учир нь АТГ-ынхан Хөгжлийн банкнаас зээл авсан 73 компанийн цаад эзэд болон зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэхийг шалгаж эхэлсэн. Энэ компаниуд дунд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол групп” ХХК багтаж буй юм. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол групп” ХХК-ийн тухайд Хөгжлийн банкнаас зээл авахдаа болох ашиглах явцдаа хоёр ноцтой зөрчил гаргасан байж болзошгүй байна. 
 
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Хөгжлийн банкнаас дээрх зээлийг “Тос, тосолгооны материалын үйлдвэр барих төсөл”-өөр авсан. Хамгийн ноцтой нь, Хөгжлийн банкныхан зээлийн хэрэгжилтийн явц дундын хяналт шалгалт хийгээд “Сод Монгол групп” ХХК нь авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Үйлдвэр нь баригдаж эхлээгүй, төсөл нь бүрэн хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байна” гэж дүгнэж байжээ. Өөрөөр хэлбэл, “Сод монгол групп” ХХК Хөгжлийн банкнаас авсан 17.4 тэрбум төгрөгийн зээлээ “Тос, тосолгооны материалын үйлдвэр” барихад бүрэн зарцуулаагүй, эсрэгээрээ зориулалтын бус зүйлд зарцуулсан байж болзошгүй байна" гэж дүгнэсэн байгаа юм. Үнэндээ хайгаад ч “Сод Монгол групп”-ийн гэх тодотголтой “Тос, тосолгооны материалын үйлдвэр” манай улсын хаана нь ч алга. Ингэхээр, хэрвээ Ц.Анандбазар Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ үйлдвэр бариагүй, зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдвол энэ нь “Мөнгө угаах” гэмт хэрэг болж хувирна. 
ЭХ СУРВАЛЖ: ЗЭЭЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЙЛАН
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Хөгжлийн банкнаас анх зээл авахдаа 4.6 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 11.6 тэрбум төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүний нөөц буюу нийт 16.2 тэрбум төгрөгийн барьцаа тавьсан аж. Уг нь авах зээлийн дүнгээсээ ахиу мөнгө байрлуулж байж зээл олголт нь баталгаажих журамтай. Гэтэл Ц.Анандбазар авсан зээлийнхээ үнийн дүнгийн 86 хувьтай тэнцэх хэмжээний л барьцаа тавьсан байгаа юм. Тэгэхдээ бүр хэзээ ч дуусаж болох газрын тосны бүтээгдэхүүний нөөц гэх “баталгаагүй” барьцаа тавьжээ. Өөрөөр бол, УИХ-ын гишүүн албан тушаалаа ашиглаж, нэр төдий барьцаа тавьсан байж болзошгүй буюу албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй дүр зураг эндээс тодорч байгаа аж. 
ЭХ СУРВАЛЖ: ЗЭЭЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЙЛАН
Хэрвээ АТГ-аас шалгалт хийгээд, дээрх хоёр зөрчил нь батлагдвал УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Хөгжлийн банкны зээлээр мөнгө угаасан, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн болж таарна. 
 
Тэгвэл “Сод монгол групп” ХХК Хөгжлийн банкнаас “Тос, тосолгооны материалын үйлдвэр барина” гэж авсан 17.4 тэрбум төгрөгөөрөө юу хийсэн байж болох вэ. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий этгээдүүд, тэдний компаниудыг судалж үзээд “Сод Монгол групп” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээл хоёр замаар “угаагдсан” байж болох таамгийг гаргалаа. 

“СОД МОНГОЛ ГРУПП”-ИЙГ ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВААД УДААГҮЙ БАЙХАД “БАГА ТЭНГЭР” ЦОГЦОЛБОР ТӨВИЙН ШУГАМД ХОЛБОГДЖЭЭ

        “Сод Монгол групп”-ийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн аманд эзэн суугаад удаж буйг мэдэхгүй хүн үгүй биз. Өдгөө түүний “Нью тур” ХХК нь Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн аманд нийт 65 га талбайд “Бага тэнгэр” гэх цогцолбор хотхон барьж буй. Нийтдээ 160 айлын тансаг зэрэглэлийн амины хаус, 172 айлын гурван орон сууц барьж Бага тэнгэрийг амыг дүүргэж байгаа. Өнгөрсөн сард тансаг зэрэглэлийн орон сууцны барилгынх нь I ээлж ашиглалтад орж, айлуудаа хүлээж авсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР БАГА ТЭНГЭРИЙН АМАНД\2019 ОН\
Тус компани Ц.Анандбазарын ээж З.Бямбаагийн нэр дээр байдаг бол гүйцэтгэх захирлаар нь Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Намнанбаяр гэх залуу ажилладаг. 
Ц.АНАНДБАЗАР БОЛОН Ж.БАТ-ЭРДЭНЭ ХОЁРЫН ГОЛД ЗОГСОЖ БУЙ НЬ "НЬЮ ТУР" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.НАМНАНБАЯР
 
"БАГА ТЭНГЭР" ЦОГЦОЛБОР
         Тэгвэл “Сод монгол групп” ХХК дээр дурдсанчлан 2017 оны наймдугаар Хөгжлийн банкнаас 17.5 тэрбум төгрөгийн сард зээл авсан. Гэтэл хэдхэн сарын дараагаар “Нью тур” ХХК-ийнхан “Бага тэнгэр” цогцолбор хотхоныг төвийн дулаан, цэвэр бохирын шугамд холбох ажил эхлүүлж, 2018 оны аравдугаар сард төвийн дулаан, цэвэр усны нэгдсэн шугамд бүрэн холбож дууссанаа зарлаж байжээ. Ингэхдээ “Төвөөс 21 километр шугам сүлжээ татаж, цэвэр, бохир ус дамжуулах шугамд холбосон цор ганц хотхон боллоо” хэмээн нэр бүхий мэдээллийн сайтуудаар сурталчилгаа цацаж байсан аж.
Төв шугамаас салаалуулж, 21 километр хос шугам татна гэдэг хэдэн тэрбум төгрөгөөр тооцогдох хөрөнгө оруулалт байж таарна. Гэтэл энэ хөрөнгө шаардсан ажил нь “Сод монгол групп” ХХК Хөгжлийн банкнаас зээл аваад удаагүй байхад хийгдсэн нь хачирхалтай биш гэж үү. Дээрээс нь Хөгжлийн банкнаас “Сод Монгол групп”-ийг “Зээлээ зориулалтын бусаар зарцуулсан” гээд дүгнэчихсэн байдаг. 
 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН ЭЭЖ З.БЯМБАА 2019 ОНЫ ТАВДУГААР САРААС БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА АЖИЛЛУУЛЖ, БУСДАД ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЖЭЭ

         УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ээж З.Бямбаа нь 2019 онд “Энержи капитал менежмент ББСБ” ХХК-тай болжээ. Тус компани нь Банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны дөрөвдүгээр сарын 24-нд зээлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан юм байна. Улмаар автомашины болон бизнесийн 50 сая хүртэлх зээлийн 24-36 сарын хугацаатай олгож эхэлжээ. 
Банк бус санхүүгийн байгууллага мөнгө угаах хэрэгсэл болдгийг бид олон жишээгээр мэднэ. ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий төрийн түшээд тэр мөнгөө өөрсдийн ББСБ-аараа дамжуулан бусдад зээлдэж, дундаас нь хүү завших замаар мөнгө угаасан тухай сонсогдож л байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Анандбазарын ээж З.Бямбаа нь хүний их эмч атлаа гэнэт яагаад Банк бус санхүүгийн байгууллагын бизнест орох болов. Яагаад “Сод Монгол групп” ХХК-ийн Хөгжлийн банкнаас зээл авсны дараагаар Банк бус санхүүгийн байгууллага байгуулав гэдэг нь анхаарал татаж байгаа юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР МӨНГӨ УГААСАН УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-28 18:24:40
    иргэн: За тэгээд тэр Бага тэнгэрийн аманд манай Занданшатар дарга байр авчихаа биз дээ. Хямдралтай үнээр авсан нь гарцаагүй шүү. Үүнийг л МАНАН, аалзны тор гээд байгаа. Уг үндэс, буглаагаар нь утсгахгүй бол нэмэргүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-28 16:00:18
    zochin: eej buur ich luivarchin schinjtei. Chuu Anandbazar ysnii chudalch luivarchin bas erguu gaj donton .
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188