• Өнөөдөр 2024-05-14

Ч.АВИРМЭД: ТӨРИЙН ШАГНАЛТ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.БАТБАЯР ЗОХИОЛЧИЙН "ХАЙРЫГ ХАЙРЛА" ЖҮЖГИЙН ГОЛ ДҮРИЙГ БҮТЭЭХ НЬ ЗАЛУУ ЖҮЖИГЧНИЙ ХУВЬД БАХАРХАЛТАЙ БАЙЛАА

  "Чи хүнд дурлах, хүн чамд дурлах аль аль нь зовлон" Амаржаргал Туулд нэг удаа ингэж хэлж байсан юм. Тэд угтаа нэгэндээ хайртай, гэхдээ өөрт нь байдаг тэр их хайраа мэдрүүлж, нөгөөдөө ойлгуулж амжаагүй юм болов уу. Хэн хэн нь нэгнээ өөрөөсөө түрүүнд тавьж, анхаардаг ч тэрийгээ төдийлөн илэрхийлж чадалгүй, хатуу үгс чулуудна. 

           Хүүхэд, залуучуудын театр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр зохиолчийн "Хайрыг хайрла" уянгын драмын жүжгээр дахин хөшгөө нээлээ. Тус уран бүтээлийн Амаржаргалын дүрд залуу жүжигчин Ч.Авирмэд ажиллаж байна. Түүний анхны тайз, анхны гол дүр нь хэн нэгний анхны хайр, найз,хань, хүмүүсийн сонсох дуртай дуучин Амаржаргалын дүр байлаа. Ингээд залуу жүжигчин Ч.Авирмэдтэй ярилцсанаа танд хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Хайрыг хайрла” жүжиг үзэгчдийн өмнө хөшгөө нээлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Хүүхэд, залуучуудын театр нэрийн хуудас болсон Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын  "Хайрыг хайрла" уянгын драмын жүжгээр хөшгөө нээлээ. Уран бүтээлчийн хувьд сандрал, догдлол давхацсан сайхан өдрүүд үргэлжилж байна.

-Жүжгийн бэлтгэлийн явцад Амаржаргалын дүрд хэр шунаж байсан бэ. Гол дүрд ажиллах болсноо мэдээд хамгийн эхэнд юу бодогдож байв. Тухайн үеийн сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

                -Нэр хүндтэй зохиолчийн алдартай бүтээлийн гол дүрд ажиллах болсноо мэдээд итгэж чадаагүй, мөн бага зэрэг айсан шүү. Гол дүрд ажиллана гэдэг нь хариуцлага, түгшүүр чадах ёстой гэсэн бодол юм билээ.

-Миний хувьд Амаржаргал найз, хэн нэгний анхны хайр, хань, уран бүтээлч гээд жүжигчний хувьд олон хувирах шаардлагатай дүр санагдсан. Таны хувьд Амаржаргалыг ямар залуу гэж тодорхойлох вэ?

                -Миний хувьд Амаржаргал амьдралынхаа нэг хэсэгт тохиолдох зовлонг үүрсэн, давсан эр хүн. Амьдралдаа туулах ёстой бүх зүйлээ арай туулж амжаагүй. Надаас тэс өөр зантай дүр учраас ажиллахад жаахан хэцүү байлаа. Өөрөөсөө өөр хүнийг гаргана гэдэг амаргүй юм билээ. Сургуулиа төгссөний дараах анхны тайз, анхны гол дүр учраас бүх сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байна.

-Ажиллаж буй анхны гол дүр гэлээ. Анхны гол дүр дээрээ ажиллаж байгаа өөртөө хэр сэтгэл хангалуун тоглож байна?

                -Тийм ээ, анхных. Хувь хүний зүгээс өөртөө сэтгэл хангалуун байгаа. Үзэгчид маань яаж харж байгааг сайн мэдэхгүй юм. Хүүхэд, залуучуудын театрын нээлтийн жүжгийн гол дүрд ажилласандаа өдөр бүр талархаж байгаа. Хамгийн зөв дүнг үзэгчид маань тавих байх. Миний жүжиглэлтийн оносон, алдсан бүхнийг хэлж өгөх тэднийхээ шүүмжлэлийг ухамсартай хүлээж авна.

-Театрт орж байсан үеэ дурсвал, анхны бүхэн бэрх мөртлөө догдлол дүүрэн байдаг шүү дээ?

                -Анх театртаа шалгалт өгч орсон. Шалгалтаа өгчихөөд тэнцэх болов уу, үгүй болов уу гэсэн олон бодол төрж байлаа. Дөнгөж сургуулиа төгссөн залуу уран бүтээлчийг сонгож, тэнцүүлэхэд их баярласан. Хүн бүрд сурсан мэргэжлээрээ ажиллах оргилуун их хүсэл байдаг шүү дээ.

-Ер нь тайзны уран бүтээлчээр ажиллах сонирхолтой юу. Юу нь таны сэтгэлийг энэ чиглэл рүү татах болсон юм бэ?

                -Тайзны уран бүтээлүүдэд түлхүү ажиллах сонирхолтой. Миний хамгийн оносон зүйл нь Хүүхэд, залуучуудын театрт шалгаруулалт өгч, тэнцсэн үйл явдал. Тус театрт шалгаруулалт өгсөн учраас л нээлтийн жүжгийн гол дүрд ажиллах боломжтой болсон шүү дээ. Миний хувьд тайзны уран бүтээлчид алдах эрх байхгүй. Үзэгчдийн өмнө дүрээрээ л амьдрах хэрэгтэй. Алдсан тохиолдолд засах ямар ч боломжгүй. Энэ нь миний илүү их дурладаг шалтгаан байх.

"ХАЙРЫГ ХАЙРЛА" ЖҮЖИГ ХОЖИМ НЬ ХАРАМСАХГҮЙН ТУЛД ӨМНӨ НЬ ХАЙРЛАХ ЁСТОЙГ ХАРУУЛНА

-МУСТА Д.Оюунтуул таны гэргийн дүрд ажиллаж байгаа шүү дээ. Туршлагатай уран бүтээлчтэй хамтарч ажиллаж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Дэлгэцээр үзэж өссөн, хүндэлдэг жүжигчинтэйгээ хамтарч ажиллах миний хувьд их аз завшаан байлаа. Миний хамтрагч Д.Оюунтуул эгч байгаад байгаа. Учир нь, залуу жүжигчин надад олон зүйл зааж өгч байна. Үнэхээр түшигтэй хүн, Д.Оюунтуул эгчдээ маш их баярлалаа.

-Уран бүтээлчийн хувьд үзэгчдийг “Хайрыг хайрла” жүжгээс юуг ойлгоосой гэж хүсэж байна?

                -“Хайрыг хайрла” жүжгийг залуучууд, хосууд үзэх ёстой байх. Жүжгээс минь багахан ч гэсэн ухаарч, харилцааныхаа тулгарч буй асуудалд шийдэл олох байх. Манай жүжиг хожим нь харамсахгүй байхын тулд өмнө нь ойлгож, ухаарах ёстойг ойлгуулахыг хичээж байгаа.

-Авирмэдийн хувьд хайрыг хэрхэн хайрладаг вэ. Гэр бүл харилцаа юун дээр тогтдог юм шиг санагддаг вэ?

                -Миний хувьд гэр бүлийн харилцаа хайр, итгэл, нэгнийгээ ойлгох дээр тогтдог гэж боддог.  Нэгнийгээ ойлгож, ярилцахгүй л бол хосын харилцаа бат оршиж чадахгүй гэж боддог. Гэргийтэйгээ их ярилцаж, ойлгохыг хүсдэг. Адилхан урлагийн хүн учраас миний ажлыг ойлгож, дэмждэг хүн. Би залуу хүн учраас залуу гэр бүлүүдэд ямар асуудал тохиолддогийг мэддэг. Тиймээс залуучуудыг бие биеэ ойлгож, ярилцдаг байгаасай л гэж хэлмээр санагддаг.

-Театрын нээлтийн өдөр ахмад уран бүтээлчдийн өмнө жүжгээ тоглосон шүү дээ. Тухайн үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

                -Үнэхээр сандармаар тайз байсан шүү. Уран бүтээлийг нь үзэж өссөн, хүндэлдэг хүмүүсийнхээ өмнө жүжиглэнэ гэдэг залуу уран бүтээлчийн хувьд аймар хэр нь догдолмоор юм билээ.

-Жүжигчнээр ажиллахыг хүсэж, зорьж байсан бол мөрөөдөлдөө хүрч жүжигчин гэж дуудуулан ажиллах ямар байна?

                -Анх гэр бүлийнхэн минь жүжигчин болохыг төдийлөн дэмждэггүй байлаа. Жүжигчин болох мөрөөдөлдөө хүрэхийн тулд аливаа саад бэрхшээлийг давсаар л байх болно. “Жүжигчин Ч.Авирмэд” дуудуулах, үзэгчдэдээ ёслох мөч сайхан юм билээ.

-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

                -Түүхэн сэдэвтэй уран бүтээлд ажиллахыг багаасаа хүссэн. Миний дараагийн ойрын зорилго энэ юм даа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

    -Баярлалаа.


Ч.АВИРМЭД: ТӨРИЙН ШАГНАЛТ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.БАТБАЯР ЗОХИОЛЧИЙН "ХАЙРЫГ ХАЙРЛА" ЖҮЖГИЙН ГОЛ ДҮРИЙГ БҮТЭЭХ НЬ ЗАЛУУ ЖҮЖИГЧНИЙ ХУВЬД БАХАРХАЛТАЙ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-29 18:51:53
    Dd: Ene tester yag. Haana baidag yum bol doo SHD-Iim 5-r horoond gesen neg. goyo baishingiin zurag as eer medeelel oldsongui
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188