• Өнөөдөр 2024-04-19

Долоон настай хүү Д.АРГАБИЛЭГ: Би англи, орос, хятад хэл сурч, өдөрт 5-10 үг цээжилж байгаа

2021-04-19,   6413

             А.ДАВААЖАРГАЛ: Хүү минь зургаан настай байхдаа “Монгол хүн ийм тэвчээртэй байдаг юм” гээд гар дээр 300 удаа суниасан

        Өдгөө долоохон настай хэрнээ дэлхийн болоод хөрш орнуудын хэлийг сурах үйлсэд шамдан өдөрт 5-10 үг цээжилж, үүнийхээ зэрэгцээ бие хамгаалах урлагаар хичээллэн, нэг удаадаа гар дээр 300 гаруй удаа суниалт хийдэг Д.Аргабилэг хүүтэй болон түүний дотны "найз", "багш" нь болох аавтай нь ярилцлаа. Тэрбээр гурван настай байхаасаа аавтайгаа хамтран Англи, Хятад, Орос хэл сурч, хажуугаар нь зураг зурах, түүхэн үлгэр сонсох зэрэг ур чадвараар өөрийгөө "цэнэглэсээр" иржээ.


-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

          -Намайг Д.Аргабилэг гэдэг. Би долоон настай. Одоо нэгдүгээр ангид суралцдаг. Би гуравдугаар сарын 1-нд буюу “Эх орончдын өдөр” төрсөн. Энэ өдөр төрсөндөө баярладаг.

-Д.Аргабилэг юу хийх дуртай вэ. Чамд чухам юу хийх хамгийн гоё санагддаг вэ?

         -Таблет дээрээс түүхэн үлгэрүүд сонсох мөн кино үзэх дуртай. Аав надад түүх ярьж өгдөг байсан. Одоогоор IQ, оюун ухаан хөгжүүлэх зүйлс хийж байгаа.

-Ямар хэл сурч байгаа талаараа ярихгүй юу. Өдөрт хэчнээн цагийг суралцахад зарцуулж байна вэ?

        -Өдөрт хамгийн ихдээ гурван цаг хичээлээ хийж байгаа. Би Hippocards аппликэйшн ашиглаж, англи, орос, хятад хэл сурч байна. Өдөр бүр энэ гурван хэлийг тус бүр 15 минут хийж, суралцдаг. Өдөрт нэг хэл дээр 5-10 үг цээжилж байгаа. Хятад хэлний нэг хачирхалтай зүйл нь хэр амьдарч байгаа тухай санаа тавьж асуухдаа “Хоолоо идсэн үү” гэх асуултаар асуудаг.

Д.Аргабилэгийн аав: Хүүхэд тоглоомонд асар их сонирхолтой. Юмаа хийхэд мотивац хэрэг болно шүү дээ. Жишээлбэл, өнөөдөр 100 суниалаа гэхэд дараагаар нь “Би шагналаа авъя” гээд 15 минут таблет дээрээс юм үздэг ч юм уу. Хүүгээ 300 удаа суниахад нь бичлэг хийгээд цахим хуудаст нь оруулсан юм. Тэрнээс хойш долоо хоногийн дараа “Чи дахиад гар дээр суниагаад рекордоо баталж чадах уу” гэж хэлтэл амжилтаа ахиулж 320 удаа суниасан.

-Өмнөдмонголчууд эх хэлээ хамгаалахаар тэмцэх үед чи "Монгол хүн ямар тэвчээртэй вэ" гэдгийг харуулж, гар дээр 300 удаа суниасан байсан. Чиний хувьд эх хэлээ хамгаалах нь яагаад чухал вэ?  

      -Монгол хүний, үндэстний хэлийг өөрсдөд нь ашиглуулахгүй байна гэдэг муухай шүү дээ. Ер нь бол 35 үсэгтэй кирилл бичиг монгол үндэстнийх биш. Тэр бол Оросоос үүдэлтэй бичиг үсэг. Харин босоо монгол бичиг бол Чингис хааны үеэс хэрэглэж ирсэн, үндэсний хэл. Эх хэлээ хамгаалах нь яагаад чухал вэ гэвэл олон зуун жил удам дамжсан, үндэсний хэл мөхөж болохгүй.

Ойрын хэд хоног суниалт хийгээгүй болохоор хэцүү байсан. 50-60 хүртэлх суниалтаас эхлээд хэцүү болж байна лээ. Хамгийн ихдээ 320 суниаж байсан.

-Д.Аргабилэг боловсролд шамдахаас гадна спортоор буюу байлдааны самбогоор хичээллэдэг шүү дээ.  Энэ спортоор хичээллэх чамд ямар байдаг вэ?

       -Байлдааны самбогоор хичээллэх надад гоё байдаг. Бие хамгаалах урлагаар хичээллэснээр өөрийгөө болон бусдыг хэн нэгэн дээрэлхсэн үед хамгаалж чаддаг болно. Гэхдээ би бусдыг дээрэлхэж болохгүй.

-Том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ?

       -Би улстөрч болох сонирхолтой. Яагаад гэвэл улстөрч болоод ядуу буурай хүмүүст туслахыг хүсдэг. Одоо Монгол Улсад хэцүү байна шүү дээ. Гэр хороололд янз бүрийн юм болж байгаа. Зарим хүн траншейнд амьдарч байна. Тэднийг хараад би тусалъя гэж боддог. Монголд утаа их, мөн ногоон талбай ховор байдаг. Мөн парк байхгүй, маш их барилгатай. Бас гурван тэрбум гаруй төгрөгөөр усан оргилуур барьсан. Хэдий тансаг ч гэлээ өвөл хөлдөөд хэрэглэхгүй болчихно. Түүний оронд ногоон талбай, “Нар төв”-тэй адил мундаг юм хийж болно.

Д.Аргабилэгийн аав: Бид хоёр төв талбайн урд барьсан усан оргилуурыг их шүүмжилдэг юм. Тухайн үед эсэргүүцлийн жагсаалд нь очиж байсан. Бид хоёр “Нар” гээд нйислэлийн есөн дүүрэг, 21 аймгийн гэр хороололд маш хямд үнээр кино театр, оюун ухаан хөгжүүлэх зүйлс, лекцийн танхим, номын сан, фитнесийн заалтай, усанд орох боломжтой төв байгуулахаар зураг төсөл гаргасан юм.

-Д.Аргабилэг аавдаа тусалж, ногоо тарих дуртай шүү дээ. Тарьсан ногоогоо зараад олсон мөнгөөрөө юу хийдэг вэ?

       -Би нэг удаа ногоо тариад, өргөст хэмхээ зараад мөнгө олсон. Аав бид хоёр хүлэмжтэй. Би тарьсан ногоогоо өөрөө усалдаг юм. Ингээд өөрсдөө ногоогоо зарж, 300-400 мянган төгрөгтэй болсон. Мөнгөөрөө өөртөө тоглоом авч, аав ээж хоёрыгоо хоолонд оруулсан.

-Монгол гэрт байх дуртай юу?

       -Би байрнаас илүү монгол гэрт амьдрах дуртай. Яагаад гэвэл монгол гэрийг эсгий, мод хоёроор л барьсан учир хүний биед муу юм байхгүй. Одоо цонхтой, орчин үеийн монгол гэрт амьдарч байгаа.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

      -Гадаа гарч тоглох, зураг зурах дуртай. Мөн таблетаар юм үзэж, Hippocards аппликкэйшн ашиглаж хэлээ сурдаг.

Д.Аргабилэгийн аав А.ДАВААЖАРГАЛ:  Би хүүдээ түүх ярьж, ном уншиж өгдөг

-Таны хүү Д.Аргабилэг ямар авьяас, ур чадвартай вэ?

       -Намайг Алтангэрэлийн Даваажаргал гэдэг. 41 настай. Ам бүл тав, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Хоёр ихэр охинтой, нэг хүүтэй. Хүү маань долоон настай, хоёр охин маань ирэх тавдугаар сард дөрвөн нас хүрнэ. Хүү маань ярианы чадвар сайтай. Нэг нас таван сартай байхдаа хэлд орж, сайн ярьдаг байсан. Ер нь сэтгэн бодох, аливаа зүйлийг өөрийнхөө тайлбарлаж, дүгнэж ярихдаа сайн. Энэ чадварыг нь би анзаараад бичлэг хийж, цахим хуудастаа оруулдаг болсон. Хамгийн анх олон хүнд хүрсэн бичлэг бол шинэ жилээр авсан бэлгийг нь “Наадах чинь юу юм” гээд асуутал “Өөрөө харахгүй юу, нүдээрээ” гэж хэлсэн нь тренд болсон. Тэгээд “Тик ток”-оор олон хүмүүс дууриаж, бичлэг хийх болсон.

-Хэзээнээс хэл зааж эхэлсэн бэ. Ер нь нэг өдрийг ямар төлөвлөгөөгөөр хэрхэн өнгөрүүлж байна вэ?

       -Би хүүгээ гурван настай байхаас ньөөрт нь цаг их гаргаж, байнга хамт байдаг болсон. Хүүдээ түүх ярьж, ном уншиж өгдөг юм. Тэгэхээр хүүхдийн сэтгэн бодох чадвар, тархи нь чөлөөтэй болдог юм билээ. Би хүүгээ оюун ухаан талаас нь хүчирхэг болгоно гэж боддог. Хоёр хөрш орныхоо хэлийг заавал сурах ёстой. Мөн хүүгээ хурдтай, хүчтэй, биеийн хөгжил сайтай болгох үүднээс суниалгаж эхэлсэн. Хүү маань Өмнөдмонголчуудыг эх хэлээ хамгаалах үед үзэл бодлоо илэрхийлээд суниахынхаа өмнө “Өмнөдмонголчуудыгаа дэмжээд монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулъя” гээд тасралтгүй 300 удаа суниасан. Гар дээр тасралтгүй 300 суниахад 13-14 минут болдог юм байна лээ. Ээж нь иогийн багш учир хүү маань дасгал хийснийхээ дараа иогоор хичээллэж, сунгалт хийдэг юм. Сүүлийн үед сунгалт хийсэр байгаад А, Б-гээр суниадаг болсон. Мөн хүү маань байлдааны самбогийн дугуйланд өнгөрсөн жилээс явж ирсэн.

-Та хүүгээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?

       -Бидний үеийн хүмүүс орон гэрээ босгох гэж гүйсээр байгаад амьдралынхаа ихэнх хугацааг алдсан шүү дээ. Харин хүүгээ автомашин, байшин зэрэг ахуйн хэрэгцээний зүйлд цагаа зарцуулахаас илүү улс, эх орондоо нэмэр болоосой гэж би хүсдэг. Тиймээс тэр талаар нь чиглүүлэх үүднээс юм ярьж өгдөг.  Үр дүнд нь хүү маань маш сайн нөлөөлөгч, аливаа зүйлийг эерэгээр шийдэхийг хичээдэг болж өсөж байгаа нь сайхан санагддаг. 


Долоон настай хүү Д.АРГАБИЛЭГ: Би англи, орос, хятад хэл сурч, өдөрт 5-10 үг цээжилж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-25 07:59:59
    Түмэндэмбэрэл: Эзэн хичээвэл заяа хичээнэ маш ирээдүйтэй хүү байна гэр бүлд нь аз жаргал хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-22 20:18:05
    Obi: WOW yamar mundag huu ve, aav ni bas sain aav bnaa Amjilt az jargal husie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-19 10:13:02
    Иргэн: Мундаг хүүд амжилт хүсье. Цаашид улам ихийг сурч мэдэж, Монгол Улсын хөгжилд тус нэмэр болох эрдэмт хүмүүн болохыг ерөөе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-19 10:11:23
    Zochin : Mundag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-19 10:11:23
    Zochin : Mundag
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188