-БНСУ-ын “Universe Ticket” шоунд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Тус шоунд хэр удаан бэлдсэн бэ. Өрсөлдөөнт шоунд оролцох ямар байв?
-“Universe ticket” шоунд оролцсон гэдэг ганц тодотгол надад үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Хүн болгонд олдохгүй үнэ цэнтэй туршлага, хичээл байлаа. Тус шоунд оролцохын тулд ойролцоогоор таван сар орчим бэлдсэн. Танилцуулга бичлэг хийх, сонгон шалгаруулалтдаа бэлдэх, материал бүрдүүлэх, нэвтрүүлгийн зүгээс даалгасан даалгавруудаа гүйцэтгэх гээд бэлдэх шаардлагатай зүйл олон байлаа. “Global” гэх тодотголтой нэвтрүүлэг учраас 13 орноос ирсэн 82 охин өөрсдийн гэсэн үзэсгэлэнтэй, онцлогтой, авьяас чадвартай байсан. Тэдэнтэй нөхөрлөж нэг мөрөөдлийн төлөө хичээж байгаа нь надад утга учиртай байлаа. Өрсөлдөөн гэхээсээ илүү дүү нартай минь ижил насны охид байсан учраас бүгдийг нь дүү шигээ дэмжиж өгөхийг хүссэн. Тэднийгээ шоунаас олон зүйлсийг сурч, зорилгодоо заавал хүрээсэй гэж хүсэж байгаа.
-БНСУ-ын энтертайнментад дуучин болохоор бэлтгэгдэж байгаа юм билээ. Анх хэрхэн тус энтертайнментад орсон бэ?
-Бэлтгэгдэж эхлээд нэг жил болох гэж байна. Одоо л яг дуу, бүжиг гэж юу байдгийг ойлгож эхэлж байгаа. Ингээд харахад өмнө нь өөрийгөө дуулж, бүжиглэж чаддаг гэж боддог байснаасаа ичдэг. Зүгээр амнаасаа өнгө гаргах, биеэ хөдөлгөхөөс тэс өөр нарийн нандин мэдрэмж шаардсан зүйл гэдгийг ойлгосон. 2022 онд БНСУ-ын Элчин сайдын яам, "NTV" телевизээс зохион байгуулсан “K-pop festival Mongolia-2022” тэмцээнд оролцсоны дараа одоо харьяалагдаж байгаа энтертайнментаас маань холбогдож цаашид энэ чиглэлээр сурах сонирхолтой байгаа эсэхийг минь асуусан. Зун компанийн ажилтан Монголд ирээд надтай болон эцэг, эхтэй минь хэлэлцсэний үр дүнд шийдвэрээ гаргасан.
-Гадаадад уран бүтээлч болохоор явахад гэр бүл нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав, ээж минь намайг ямар ч шийдвэр гаргасан тултал нь дэмжиж өгдөг үнэхээр сайхан хүмүүс байдаг. Тэр дундаа мэргэжил сонголтод хэзээ ч “Ийм мэргэжил сонго” гэж оролцож байгаагүй. Үргэлж надад сонголт хийх болон түүндээ хариуцлага хүлээх боломжийг олгодог тэдэндээ үнэхээр баярладаг. Энэ боломжийг ашиглаад “Үнэхээр хайртай шүү, үргэлж баярладаг шүү охин нь” гэж дамжуулж хэлмээр байна. Хажууд нь байх үедээ ичээд байнга хэлж чаддаггүй юм л даа.
-Дуучин болохын төлөөх хамгийн хэцүү сорилтуудтай бэлтгэгдэгч байх үедээ тулгардаг гэдэг шүү дээ. Энэ тухай яривал?
-Хамгийн хэцүү үе гэдэгтэй 100 хувь санал нийлж байна. Үргэлж биеийн хүч шаардсан бэлтгэл хийнэ. Хааяа үнэхээр цуцах үе гардаг. Нуруундаа хэт ачаалал өгснөөс болоод хөл дээрээ алхаж чадахгүй болсон ч үе байдаг. Гэхдээ биеийн ачаалал гэхээсээ илүү сэтгэцийн эрүүл мэнд хамгийн чухал юм шиг санагддаг. Нийгмийн харилцаанд орж чадахгүй өдөр болгон дотуур байр, бэлтгэлийн заал гэсэн хэмнэлээр явна. Мэдээж гэр бүл, найз нөхдөөсөө хол байгаа болохоор ганцаардана. “Дэбют хийж чадах болов уу, хийсэн ч амжилттай байж чадах болов уу” гэж олон зүйлд санаа зовдог. Магад ирээдүйн талаарх эргэлзээ, “Цаг хугацаагаа хий зүйлд үрсэн байх вий” гэх айдас бүх бэлтгэгдэгчид тулгардаг асуудал байх. Туулах ёстой зүйлээ туулж, сэтгэлийн хат сурч байна гэж бодоод давахыг хичээдэг дээ.
-Өмнө нь “K-pop festival Mongolia-2022” тэмцээнд оролцож дэд байрт шалгарч байсан шүү дээ. Тухайн үеийн талаар яривал?
-Гэрт удаан хорьсон цар тахлын хөл хорио дуусаж байсан учраас юу ч хамаагүй хиймээр санагдсан, хүсэл эрмэлзэл дүрэлзсэн үе байсан. Тэгээд л нэвтрүүлгийн зарлал харсан даруйдаа бүртгүүлээд, бэлдэж эхэлсэн. Одоо бодоход миний амьдралын нэгээхэн том эргэлтийн цэг тэнд эхэлсэн юм болов уу даа. Энэ хүртэлх замын маань нэг шат нь болж өгсөн болохоор тус шоунд оролцсондоо их баярладаг.
-Та хоёр оронд болсон өрсөлдөөнт тэмцээнд оролцож үзлээ. Хэр ялгаатай санагдсан бэ?
-Үнэхээр том ялгаа харагдсан. БНСУ-ын хувьд эхнээс нь дуустал бүх зүйл нь нарийн төлөвлөгөөтэй, системтэй байсан. “Яаж энэ бүгдийг ингэж гарын алган дээрээ тавьсан мэт нарийн нямбай зохион байгуулж чадаж байна аа” гэж бодогдсон. Монголд маань ч бас энэ салбар ийм хэмжээнд хөгжвөл гэсэн бодол төрсөн шүү.

-Багаасаа дуулж бүжиглэх дуртай байв уу. Хүсэл мөрөөдлийнхөө талаар яривал. Яагаад дуучин болохоор шийдсэн бэ?
-Аав минь хөгжмийн багш мэргэжилтэй. Ааваараа дуулах болон морин хуур тоглохыг заалгасан. Ээж минь харин гоё зурдаг. Ээжээсээ урлагийн гоо зүйн мэдрэмж сурсан. Аав, ээжийнхээ ачаар урлагийг хайрлаж, хүндэлж эхэлсэн юм шиг санагддаг. “Эргэлзэх ч шаардлагагүй урлагаар явна аа” гэдэг бодол багаас минь суучихсан байсан. Солонгост ирэхээсээ өмнө жүжигчин мэргэжлээр сурна гээд СУИС-ийн жүжигчний ангид бэлдээд ур чадварын шалгалтаа өгөөд тэнцчихсэн байсан. Тэгээд гэнэтийн уулзалт товлогдоод “Дуучин уу, жүжигчин үү” гэдэг хоёр сонголт дээр ирсэн. К-поп уран бүтээлч болно гэдэг биелэх боломжгүй хүүхэд насны минь гэнэн мөрөөдөл л гэж боддог байлаа. Жүжигчин мэргэжил өөрөө нас заадаггүй мэргэжил учраас дараа нь заавал хийнэ гэж бодоод к-поп дуучны замналд ханцуй шамдан орсон доо.
-Дахин өрсөлдөөнт шоунд оролцох уу?
-Дахиад боломж олдвол өөр шоунд оролцож, өөрийгөө сорино. Залуу байгаа дээрээ хаана боломж байна вэ, тэр болгонд л өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Ялах, ялагдах нь хамаагүй тэндээс юу сурч байна гэдэг хамгийн чухал гэж боддог. Хөлс, нулимс холилдсон туршлагыг энэ үе дээрээ л хамгийн их авах хэрэгтэй гэж боддог.
-Зөвхөн монголчууд төдийгүй “Universe Ticket” шоуны үзэгчид таныг болон бусад оролцогчийг хассанд харамсаж байгаа. Энэ талаар яривал?
-Үнэхээр ийм олон хүнээс ингэж их хайр хүртэнэ гэж бодоогүй. Надад итгэл найдвар, хариуцлага өгсөн. Үзүүлэхийг хүссэн зүйлсээ үзүүлж чадалгүй эрт шоуг орхисондоо харамсаж байгаа ч гэсэн цаашид өөрийгөө харуулах олон боломж нээгдэнэ гэж найдаад тэр хүртэл өөрийгөө улам хөгжүүлээд бэлдэж байх болно. Намайг дэмждэг хүмүүсээ цаашид ч надтай хамт байгаасай гэж хүсэж байна.

-Өрсөлдөөн ихтэй салбар шүү дээ. Энэ салбарт та юугаараа онцгойрохын хүсэж байгаа вэ?
-Энэ салбарт авьяас аль эсвэл бусдыг татах сэтгэл татам чанартай байж л амжилт олох юм шиг санагддаг. K-поп гэдэг салбар дан ганц Солонгосын урлаг байхаа болиод удаж байгаа. Тэр хэрээрээ байж болох бүхий л онц содон авьяас, өвөрмөц дүр төрхтэй хүмүүс энэ салбарт орж ирж байгаа. Онцгойрч харагдана гэдэг хэцүү ч гэсэн миний хувьд өөрөөрөө байх нь хамгийн онцгой гэж бодож байгаа. Хэн нэгэн болох гэж өөрийгөө хүчлэх нь эсрэгээрээ өөрийнхөө онцлог чанарыг үгүй хийх байх гэж боддог.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.

| Б.ЭНЭРЭЛ БУЮУ ENNY: ХӨЛС, НУЛИМСТАЙ ТУРШЛАГЫГ ЗАЛУУ БАЙГАА ДЭЭРЭЭ Л АВЧ ЧАДНА ГЭЖ БОДДОГ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |