• Өнөөдөр 2024-04-27

Ц.ЦЭРЭНЧИМЭГ: ОЛОН УЛСЫН БОДИБИЛДИНГИЙН ТЭМЦЭЭНИЙГ ШҮҮХ БҮРЭН ЭРХТЭЙ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА

2023-12-03,   1567

            Монгол Улс анх удаа бодибилдингийн олон улсын тэмцээнийг шүүх эрхтэй шүүгчидтэй боллоо. Энэхүү анхдагчийн нэг бодибилдингийн тамирчин, шүүгч Ц.Цэрэнчимэгтэй ярилцлаа. Тэрбээр энэхүү спортоор зургаан жил гаруй хугацаанд хичээллэжээ. Ингэхдээ үргэлж тэмцээний шүүгч болохыг хүсдэг байжээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Олон улсын бодибилдингийн шүүгч болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Энэ төрөлд шүүгч болсон анхдагчийн нэг юм билээ?

                -Энэ жилийн Испани Улсад зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр шүүгчийн давхар шүүлтийн шалгалт өгч олон улсын тэмцээн шүүх эрхээ авлаа. Энэ нь манай үндэсний холбоо олон улсын шүүгчтэй болж “IFBB”-н олон улсын тэмцээнүүдийг мөн шүүх эрхтэй болж байгаа юм. Надтай хамт Х. Оюунтуяа мөн шалгалт өгч тэнцэн албан ёсны хоёр Олон Улсын шүүгчидтэй боллоо. Урд нь Монголоос нэг шүүгч байсан ч олон жилийн өмнө шүүгч ээ больсон. Тиймээс IFBB-д Монгол Улсыг төлөөлөөд БНСУ-ын шүүгч Монголын нэрийн өмнөөс шүүдэг байсан юм.

-Шүүгч бодлохын тулд тухайн төрлөө сайн мэддэг байх хэрэгтэй  шүү дээ. Энэхүү спортоор хэр удаан хичээллэж байгаа вэ?

                -Мэдээж шүүгч хүн ангилал болгоныг мэддэг байх хэрэгтэй. Мөн тодорхой ангиллыг илүү их судалсан нь ч байдаг. Миний хувьд энэ спортоор хичээллээд 6-7 жил болсон байна. Мэдээж би анх энэ спортод орсноосоо хойш судалж эхэлсэн. Өөрөө тэмцээнд ордог байсан учраас “шүүгч нар яг юу харж шүүж байна. Би юун дээрээ ажиллах ёстой вэ, тайзан дээр хэрхэн биеэ авч явах вэ” зэргийг харж ажиглаж, судалдаг байсан.

-Шүүгч болохын тулд хэр удаан хугацаанд хичээв. Шүүгч болсноор цаашид ямар боломжууд нээгдэж байгаа вэ?

                -Олон улсын шүүгч болсноор ангилал болгон өөр өөр учраас тэмцээнд бэлдэж байгаа тамирчдад шүүгч, дасгалжуулагчийн хувиар олон улсын стандарт жишигт нийцүүлж хэрхэн бэлдэх Монголын шүүлтийн стандартыг сайжруулах гээд олон том боломжууд нээгдэж байгаа юм.

-Анх яагаад  бодибилдингийн спортоор хичээллэхээр шийдсэн бэ. Хэр хугацаанд энэ спортоор хичээллэж байгаа вэ?

                -Анх манай найз, дүү н.Бадамханд фитнест дагуулж очсоны дараа илүү сонирхож, хичээллэж эхэлсэн. Хичээллэх тусам өөрийгөө сорьсон сонирхолтой спорт байсан л даа. Тэсвэр тэвчээрийн спорт. Өөрөө өөрийгөө ялах мэдрэмж үнэхээр гоё. Бусад хичээллэж байгаа хүмүүсийг, тамирчдыг бас хүндэлмээр сайхан шүү.

-Танд энэ спортоор хичээллэж эхэлснээсээ хойш хүрэхээр тавьсан зорилго байсан уу. Хүрсэн болов уу?

                -Мэдээж хэд хэдэн зорилго биелсэн. Би дөрвөн удаагийн бодибилдингийн улсын аварга, Азийн олон тэмцээний шагналт байрууд бий. Хамгийн их мөрөөдөж байсан олон улсын шүүгч болох мөрөөдөл минь биелсэн. Биелээгүй байгаа зорилго ч олон байна.

-Бодибилдингийн спортоор хичээллэснээр танд гарсан эерэг өөрчлөлтүүд нь юу байсан бэ?

                -Эерэг өөрчлөлтүүд бол нэлээн гарсан шүү. Эрч хүчтэй болж хэр баргын юманд шантрахааргүй,  хүчтэй, гоо зүйтэй, өөртэй итгэлтэй, эерэг хандлагатай болдог.

-Бодибилдингээр хичээллэдэг хүмүүсийг  таатай хүлээж авдаггүй хүмүүс байдаг шүү дээ. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? 

                -Тэмцээнд яг бэлдээд өөхөө хассан эмэгтэй хүн хэт булчинтай харагддаг байх л даа. Хүмүүс хүүхэд төрүүлж чадахгүй болно гэдэг. Гэхдээ хүүхэд төрүүлж чадахгүй болсон жишээ одоогоор сонсоогүй байна. Элдэв янзын эм бэлдмэл хэрэглээгүй л бол энгийн амьдралдаа эргэж ороод хүүхэд төрүүлсэн эмэгтэй тамирчид зөндөө л байдаг шүү дээ. Хэлбэргүй харагдахын хувьд бол тухайн хүний өгөгдөлтэй холбоотой байх. Бүх л төрлийн ангилал дээр гоо зүй гэж байх ёстой. Энэ спорт чинь өөрөө гоо зүйн спорт шүү дээ.

-Хүчний дасгал хөдөлгөөн, тэсвэр тэвчээр шаардсан спорт учраас шантрах үе гардаг байх, түүнийг яаж даван туулдаг вэ?

                -Эхэндээ фитнест дурлаад байгаа хэрнээ заримдаа өөрийгөө хүчлээд дасгалаа хийсэн өдрүүд олон л байсан. Бэлтгэлээ таслахгүй байж миний бие өөрчлөгдөнө гэж би бат итгэдэг. Энэ ч үнэн хөдөлмөрлөж байж үр дүн нь харагддаг спорт л доо. 

-Өдөрт хэдэн цагийг бэлтгэлдээ зарцуулж байна вэ?

                -Одоогоор би шүүгч, дасгалжуулагчийн ажил дээрээ төвлөрч байгаа болохоор миний бэлтгэл зарим тохиолдолд цалгардаад л байна. Ер нь бол өдөрт кардионы цаг тусдаа дан бэлтгэл нь 1:30-2 цаг орчим болдог.

 -Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?

                -Олон улсын тэмцээнийг сайн шүүдэг туршлагатай шүүгч болох зорилготой байна. Мэдээж олон улсын шүүгч болсон учраас үзсэн харсан сурснаа монголын тамирчдадаа зааж сургах дэлгэрүүлэх бодолтой байна. Эцэст нь Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбоо хөгжлийн бодлогоо зөв тодорхойлсоор үндэсний холбооны тамирчдад олон улсын тэмцээн уралдааны үүд хаалга томоор нээгдэж эхэлж байна. Холбооны удирдлагууддаа баярлалаа.

 


Ц.ЦЭРЭНЧИМЭГ: ОЛОН УЛСЫН БОДИБИЛДИНГИЙН ТЭМЦЭЭНИЙГ ШҮҮХ БҮРЭН ЭРХТЭЙ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-05 12:46:00
    Хүрэлчулуун: Хүн хичээвэл үр дүн гаргаж чадна гэдгийг миний найз харуулж чадлаа .Чамаараа бахархаж байна .Амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-04 11:04:24
    Shinetuya: Mini egch hamgiin mundag n shuu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188