• Өнөөдөр 2024-05-07

Ц.БОЛОРЦЭЦЭГ: АЗИЙН НААДАМД ГАНЦ Ч ХОЖИГДОЛГҮЙ АМЖИЛТТАЙ БАЙСАН Ч ХАРАМСАЛТАЙ НЬ ФИНАЛД ЯЛАГДАЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2023-10-03,   1114

            Монгол Улсын 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг “Ханжоу 2022” Азийн 19 дэх наадмаас мөнгөн медаль хүртлээ. Финалд шалгарах хариуцлагатай тоглолтын үеэр оноо тэнцсэн хариуцлагатай мөчид Цэнджавын Болорцэцэгийн торгуулийн шидэлт амжилттай болж багаа ялалтад дагуулсан билээ. Монголын шигээ багийн тамирчин Ц.Болорцэцэгтэй ярилцсанаа танд хүргэж байна.

-Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний мөнгөн медалийг эх орондоо авчирлаа шүү дээ, баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Үүний төлөө бэлтгэлээ хийж, багаараа тэмцсэн. Бид хэсгээсээ нэгээр гарч оролцсон бүх тоглолтдоо ялсан. Гэхдээ ганцхан аваргын төлөөх тоглолтдоо ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

-Тэмцээний шийдвэрлэх хожлын шидэлтийг гүйцэтгэсэн шүү дээ. Тухайн мөчид юу бодогдож байв?

                -Алдаагаа авчхаад шууд минутын амралтаа авсан. Багийнхан болон үзэгчдийн суудалд сууж байсан багш маань тайван шидээрэй гэж зөвлөсөн. Бэлтгэлийн үеэр багш нар торгуулийн шидэлтийг нямбай гүйцэтгээрэй, алдаж болохгүй шүү гэж хэлж, захисан. Бэлтгэл дээрээ хийдэг байсан шигээ хийх хэрэгтэй, ялна гээд өөртөө итгэлтэй шидсэн. Би шидэхдээ сандраагүй хэрнээ оноо авч ялсныхаа дараа саяхан ямар нөхцөлд байснаа мэдээд их сандарсан.

-С.Тулга багшаас цахимаар холбогдож заавар зөвлөгөө авч байгаа дүрс бичлэг нийтлэгдсэн байсан. Багш нь юу гэж зөвлөсөн бэ?

                -С.Тулга багш тоглолтын өмнө байнга зөвлөгөө өгдөг. Уулзаж чадахгүй бол залгаж ярина." Хамгаалалтаа сайн хийж анхааралтай байгаарай" гэж байнга хэлдэг. Багшаас авсан зөвлөгөө, төлөвлөгөөгөө усны саван дээр бичээд талбай руу гардаг. Манай багт байнга зөвлөж, тусалдаг.

-3х3 сагсан бөмбөгийн онцлогийн талаар ярихгүй  юу. Таны хувьд ямар онцлогтой санагддаг вэ?

                -3х3 сагсан бөмбөг бол их хурдан болж өнгөрдөг тэмцээн. Олон онооны зөрүүтэй хожиж, хожигдож болно. Тиймээс талбай дээр тоглож байгаа бол хэзээ ч тайвширч болохгүй. Шидэлт амжилттай болсон ч шууд үргэлжлүүлээд тоглох ёстой. Монгол тамирчид бусад орны тамирчдаас хувийн ур чадвар дутмаг учраас хором  ч тайвширч болохгүй. Нямбай тоглож, торгуулийн шидэлтээ амжилттай хийж, хамгаалалтаа сайн хийх хэрэгтэй. Тамирчнаас хурд хүрч шаарддаг төрөл л дөө.

-Сагсан бөмбөг багийн спорт шүү дээ. Багийнхныхаа талаар ярихгүй?

                -Манай баг яг нэг зорилгын дор нэгдэж, хамтарсан. Нэгэндээ “Болно шүү, чадаж байна. Хамгаалалт гоё байна ахиад нэг” гэж урам өгч, хамтдаа зорилгынхоо төлөө нэгддэг. Нэгэндээ их зөвлөгөө өгнө, эгч нь дүүгээ дэмжиж, нэгнийгээ урмаар дэмждэг. Гишүүд бүр хариуцлагатай байж, нэгнийгээ урамшуулж, зоригжуулж чадсан. Багийнхандаа хайртай шүү, та гурав хамгийн мундаг нь гэдгийг хэлмээр байна.

-Анх сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн үеийнхээ талаар ярихгүй юу. Юу нь таны сонирхлыг татсан бэ?

                -Би багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Жүдо бөхөөр хичээллэнэ эсвэл цагдаа болно гэж боддог байлаа. Дарханд шилжиж очоод тавдугаар ангиасаа эхлээд Д.Гүржав багшийнхаа сагсан бөмбөгийн бэлтгэлд хамрагдаж, тоглож эхэлсэн. Гэр бүлийнхэн минь надад зориулж хашаандаа сагсны шийд хийж өгч байлаа. Сургууль дээрээ ч гэртээ ч сагс л тоглодог хүүхэд байсан. Д.Гүржав багшийнхаа бэлтгэлд 11 дүгээр анги хүртлээ долоон жил явж, хамт бэлтгэл хийсэн. Миний баруун, солгой алхалтыг багш минь зааж өгсөн. Тоглолтын дундуур хүн хуураад шидэлтээ амжилтаа хийх үеийн мэдрэмж их гоё байдаг. Дунд ангидаа алдарт сагсан бөмбөгийн тамирчин  Stephen Curry-г их дэмждэг, тоглолтыг нь үзэж залалт, шидэлтийг нь их дуурайж тоглодог байлаа.

-Эх орноо төлөөлж олон улсын тэмцээнд явахад юу бодогддог вэ?

                -Эх орноо төлөөлж байгаа нь их бахархууштай санагддаг. Гурван сая гаруй хүн дундаас шалгарч, төлөөлж тэмцээнд явж байгаа учраас хичээх хэрэгтэй, медаль авах ёстой гэж боддог. Дарамт мэдрэхийг хүсдэггүй. Дуртай спортоороо тэмцээнд оролцож багаараа амжилт гаргахыг хичээнэ. Ард минь итгэл хүлээлгэсэн гэр бүл, найзууд, багш нар минь байгаа шүү гэж боддог.

-Сагсан бөмбөгийн спорт таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

                -Сагсан бөмбөг тоглодог болсноор хүнтэй харилцах чадвартай болсон. Хүнийг хүндлэхийг заасан. Хүнд байж болох тэсвэр тэвчээр гээд эерэг зүйлс олныг зааж, хүмүүжүүлсэн.

-Тэмцээнд оролцох бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

                -Байнгын бэлтгэлтэй байдаг. Өвөл дээд лигийн тэмцээнүүдэд оролцож, хавар зундаа 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож, бэлтгэлээ хийдэг. Азийн наадмын бэлтгэлийг шахуу хийсэн. Хамтын бэлтгэлийн өмнө гэртээ хувийн бэлтгэлээ сайн хийцгээсэн.

-Оролцож байсан тэмцээнүүд  дундаас нь хамгийн сэтгэлд үлдсэн тэмцээн бий юү. Онцолж яривал?

                -Анх аймгийн аварга шалгаруулах тэмцээнд сургуулиа төлөөлж оролцож байлаа. Манай баг 32-0 гэсэн онооны зөрүүтэй хожигдож байгаад дөрөвдүгээр үе дээр зодолдоод, хоёр баг хасагдаж байсан юм. Тухайн үед би зургадугаар ангийн хүүхэд, нэг  мэдсэн заалны буланд хүүхдүүд зодолдож байсан. Тэр үед юу болоод байгааг сайн ойлгоогүй дээ. Мөн өнгөрсөн жилийн оюутны шигшээ багийн нугалааны тоглолт санаанд орж байна. Хоёр багийн оноо тэнцүү тус тэмцээнд ялбал дөрөвт үлдэх байсан юм. О.Хулан эгч сүүлийн 3-4 секундэд оноо авч ялсан, шууд л уйлчихсан.

       Азийн наадмын Тайван Улстай хийсэн тоглолтод манайх эхлэлээ их сайн тавьсан. 18-14 онооны харьцаатай тэргүүлж байгаад бариулж, оноо тэнцүү болсон. Хүндхэн тоглолт өрнөж, одоо хэн яах бол гэж бодсон тоглолт байсан. Хамгийн сүүлийн торгуулийн шийдэлт хамгийн хэцүү нь байлаа. Одоо инээд бодохоор би юу бодож шидсэн бол гэж гайхаж байна.

-Гэр бүлд нь спортоор хичээллэдэг хүн бий юү. Охиныгоо сагсан бөмбөгөөр хичээллэж, амжилттай дүүрэн байгааг гэр бүл нь хэрхэн хүлээж авдаг вэ?

                -Эгч маань сагс тоглодог байсан. Авга эгч сагсан бөмбөгийн хоббитой, гэрт нь сагсан бөмбөгтэй холоотой олон зүйл бий. Гэр бүлийнхэн минь бүгд намайг дэмжиж урамшуулдаг. Намайг дэмждэг хүн олон байдаг учраас өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог доо.

-Олон улсын тамирчдаас хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь аль улсын тамирчин байдаг вэ?

                -Олон улсын тоглогчдоос Европ тоглогчдыг сайн гэж боддог. Бие томтой, хүчтэй, чадвар нь Ази тамирчдаас илүү нарийн байдаг. Польш, Америк, Герман Улсын тамирчид сайн байдаг бол Ази тивээс Хятад, Япон Улсын тамирчид хурдтай , хамгаалалт хүчтэй өрсөлдөгчид байдаг.

- Тэмцээнд оролцохоосоо өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ. Талбай дээр гарахаасаа өмнө заавал хийдэг зүйл бий юү?

                -Тэмцээнд орохын өмнө олон юм бодож, сэтгэл хөөрөлд автахгүй байхыг хичээдэг. Сэтгэл хөөрөлтэй талбай дээр гарвал сэтгэл зүйгээ удирдаж чадахгүй юм шиг санагддаг. Талбай дээр гарахынхаа өмнө хоёр гараа атгаад алга руугаа хэд сайн үлээчхээд гардаг даа.

-Таны дараагийн мөрөөдөл, зорилго юу байгаа вэ?

                -Одоо 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний улирал дуусаж байна. Дээд лигийн тэмцээнд аваргынхаа байр суурийг хамгаалах зорилготой байна. Хөлийнхөө бэртлийг эдгээж, бэлтгэлээ сайн хийж дараа жил зохиогдох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргаж, медаль авахыг зорьж байна.


 

 


Ц.БОЛОРЦЭЦЭГ: АЗИЙН НААДАМД ГАНЦ Ч ХОЖИГДОЛГҮЙ АМЖИЛТТАЙ БАЙСАН Ч ХАРАМСАЛТАЙ НЬ ФИНАЛД ЯЛАГДАЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 20:58:43
    zochin: Bagiin hoorhon shiiden deer onjdog ohin bla. Egch ni ih demjij hamtdaa bumbug shidej nudej ongoroidog bsn ni nudend harahdaj bna. duudee ulam ih amjilt husie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-04 17:37:39
    Tungalag: Mundag shvv ilvv ih amjilt hvsie
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188