• Өнөөдөр 2024-05-07

Т.ИВЭЭЛЖАРГАЛ: БИ ХҮҮХДҮҮДИЙН ХЭЛЭХИЙГ ХҮССЭН ЗҮЙЛИЙГ ДАМЖУУЛСАН, ХЭН Ч НАДАД ЗААГААГҮЙ

2023-10-02,   2390

         “Манай сургууль 1500 гаруй хүүхэдтэй боловч 640 хүүхдийн багтаамжтай сургалтын байранд хичээллэдэг. Хичээлээс гадуур үйл ажиллагаагаар хөгжих хэрэгтэй гэж боддог ч орон зайн хүртээмж муу байна. Зарим тохиолдолд коридорт хичээлээ хийж байна” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлэх гэсэн үгээ хэвлүүхэн хэлж буй сурагч охины дүрс бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн. Түүнийг Т.Ивээлжаргал гэдэг бөгөөд Булган аймгийн хүүхдийн зөвлөлийн дарга, Нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч билээ.

-Сайн уу, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт айлчлах үеэр чи сурагчдаа төлөөлж үг хэлсэн шүү дээ. Айлчлахыг нь дуулаад, сургуулийнхаа нөхцөл байдлыг хэлье гэж зэхэж байв уу?

            -Ерөнхий сайд манай аймагт ирэх тухай би өмнө нь дуулаагүй ээ. Хичээлээ тарсны дараа харих гэж байхад сургуулийн нийгмийн ажилтан залгаад “Ивээлээ аймагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирсэн. Иргэдтэй уулзалт зохион байгуулж, санал асуулга явуулж байгаа. Очоод санал бодлоо хуваалцаж болно шүү” гэсэн. Мэдээд шууд уулзалт болж байгаа газарт очсон. Миний хэлсэн үг олон хүнд хүрнэ гэж бодоогүй. Олон асуудал тулгарч байгаагаа шийдэж чадах хүнд нь хүргэх л бодолтой байсан. Хүмүүс миний дүрс бичлэгийг үзээд урам авахаар олон үг хэлсэн байсан. Илүү хичээх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

-Ерөнхий сайдад хандаж үг хэлж байгаа болохоор сандарсан уу?

            -Үг хэлэх үедээ их сандарсан. Монгол Улсыг удирдаж, чиглүүлж шийдвэр гаргадаг хүмүүст хандаж үг хэлж байгаа шүү дээ. Нүүр тулж уулзаагүй учраас арай бага сандарсан байх. Хүмүүс “Хоолой чинь чичрээд байсан уйлах гээд байсан юм уу” гэж их асуусан. Уулзалт болсон заал хүйтэн байсан учраас жаахан даараад хоолой чичирсэн. Аймгийнхаа бүх хүүхдийг төлөөлж үг хэлж байгаа учраас жаахан хэцүү санагдсан. Гэхдээ ганцхан миний үзэл бодол биш, намайг дэмжиж адилхан зүйл хүссэн олон хүүхэд байгаа учраас итгэлтэйгээр үг хэлсэн.  Цаанаас өгсөн гурван минутын хугацаанд багтааж үгээ хэлэхийн тулд хурдан ярьсан.

-Цахим сүлжээнд хүнээр үгээ бэлдүүлж, цээжилсэн байна гэх сэтгэгдэл олон байсан. Хэлэх үгээ хэрхэн бэлдсэн бэ?

            -Багш нартайгаа ярилцаж, асуудлаа гаргасан. Гэхдээ миний хэлэх үгийг хэн ч бичиж, зааж өгөөгүй ээ. Миний амьдарч байгаа орчин учраас ямар асуудлууд тулгарч байгааг би сайн мэднэ шүү дээ. Үндсэн асуудлаа барьж үгээ өөрөө бэлдсэн. Өдөр 13:00 цагаас очоод Ерөнхий сайдыг үг хэлж байх үед нь яаж ярихаа бодож бэлдсэн. Удаан бэлдэх цаг байгаагүй ээ. “Хэлэх бүх үгийг нь хүн зааж өгөөд цээжлүүлээд оруулчихсан байна. Хүчээр ярьж байна” гэж хүлээн авсан хүмүүс олон байна лээ. Муухай санагдсан. Хэдий бид хүүхэд ч адилхан сэтгэж, бодож чадна. Хүүхдүүд ч гэсэн томчуудтай адилхан хэлэх гэсэн үгээ хэлж чаддаг шүү гэдгийг хэлмээр санагдсан.

-Хэлсэн үгийг нь сонсоод ямар нэгэн шийдвэр, арга хэмжээ авах талаар ярьсан уу. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

            -Үг хэлсний дараа их мундаг ярилаа гэж магтсан. Гэхдээ хэн ч шийдвэрлэнэ, арга хэмжээ авна гэж хэлээгүй.

-Ирээдүйд ямар нийгэм бий болоосой гэж хүсдэг вэ?

            -Бүх хүмүүст өнөөгийн нийгмийн хар бараан, болохгүй бүтэхгүй зүйл хүрч байгаа учраас нийгмээ хар бараанаар л харж байгаа байх. Би ч мөн адил нийгэмд маань болохгүй зүйл нь олон болж байна гэж хардаг. Гэхдээ ирээдүй маань гэрэлтэй гэж итгэдэг. Учир нь миний үеийн хүүхдүүд цоглог, ирээдүйгээ гоёор төсөөлдөг. Хамтдаа хичээгээд болно гэж боддог. Үеийнхэндээ сайнаар нөлөөлж, зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хүсдэг. Бүхнийг гэгээлгээр боддог доо. 

-Булган аймгийн хүүхдийн зөвлөлийн дарга гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

            -Бүх аймагт хүүхдийн зөвлөл байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Аймгийн хүүхдүүдээ төлөөлж тэдний дуу хоолой болж сайн үлгэр дуурайлал үзүүлэх үүрэгтэй. Өнгөрсөн жил Булган аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганаар мөрийн хөтөлбөрөө танилцуулаад  хүүхдийн зөвлөлийн дарга гэх эрхэм үүргийг хүлээн авч сонгогдсон. Удахгүй миний албан үүргийн хугацаа дуусна.

-Удаан бэлдээгүй гэхэд цэгцтэй ярьж байсан шүү дээ. Илтгэх урлагаар хичээллэдэг үү?

            -Илтгэх урлагаар хичээллэдэггүй. Бага ангийн багш маань их шүлэг цээжлүүлдэг, хэл яриаг минь цэгцэлдэг байсан юм. Хүүхдийн зөвлөлийн дарга болсон учраас олон хүнтэй харилцаж, бусдаас зөвлөгөө авдаг учраас бага зэрэг цэгцтэй ярьдаг болсон байх.

-Хүүхэд нийгэмд дуу хоолойгоо хүргэж, асуудал шийдвэрлэхэд туслах боломж хэр байдаг вэ?

            -Насанд хүрсэн хүмүүс заримдаа “Хүүхэд юм бол хүүхэд шиг бай. Асуудлаас хол бай. Хэтэрхий том хүн шиг харагдах гээд байна. Мөрөөрөө хичээлээ хий” гэж хэлдэг. Хүүхдийн зөвлөлийн дарга болоод миний харсан нэг асуудал байсан л даа. Нэг ажил хийх гэхээр “Тэр даргатай уулзаж тийм зөвшөөрөл ав. Одоо тэр хүний гарын үсэг хэрэгтэй” гэдэг. Зарим тохиолдолд бусад насанд хүрсэн хүмүүст зөвшөөрөл өгч байгаа хэр нь биднийг зөвшөөрөл авах гэхээр “Хүүхдүүд юм чинь чадахгүй” гэсэн хандлага гаргадаг. Хүүхдүүд  ч гэсэн үүрэг хариуцлага гэж мэддэг, хариуцлага хүлээлгэвэл дааж чаддаг гэдгийг хэлмээр санагддаг. Бид нар хүүхэд юм чинь гээд хойш суугаад л байвал юу ч мэдэхгүй байж байгаад гэнэт том хүн болчихно шүү дээ. Үүрэг хариуцлага хүлээх насан дээрээ хойш суусаар байгаад ямар ч чадваргүй болчихвол хэцүү шүү дээ.

-Хүсэл мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцаж болох уу?

            -Миний мөрөөдөл их энгийн. Нийгэмд өөрийн эзлэх байр сууриа олоод аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Аавынхаа зөвлөгөөг дагаад инженер болохыг хүсэж, бэлдэж байгаа.


 

 


Т.ИВЭЭЛЖАРГАЛ: БИ ХҮҮХДҮҮДИЙН ХЭЛЭХИЙГ ХҮССЭН ЗҮЙЛИЙГ ДАМЖУУЛСАН, ХЭН Ч НАДАД ЗААГААГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 21:02:26
    Золоо: Ивээлжаргал эрч маш хөөрхөн сайхан сэтгэлтэй мундаг эгч таньд амжилт хүсий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 19:27:10
    Баасай: Ёстой зөв шударга ярьсан.Дүүд амжилт хүсье. Үргэлж гялалзаж яваарай дүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 19:12:34
    Enhmonh : Ystoi mundg bulgan ugaasaa jhn hogjil muutai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 09:56:15
    Anu: Mnai bulgn hogjil muutei.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-02 09:48:05
    Xajia: huurhnen❤️❤️
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188