• Өнөөдөр 2024-03-29

Э.АНУЖИН: “Зохиолгүй амьдрал” жүжгээр "Х ТҮЦ"-ийн уран бүтээлчидтэйгээ дахин баг болж байгаадаа баяртай байна

2023-01-12,   1615

     Багаасаа жүжигчин болохыг мөрөөдөж, зорилгоо биелүүлэхийн төлөө тууштай тэмцэж байгаа “Reaction”продакшны  залуу жүжигчин Э.Анужинтай ярилцлаа. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд хийлчээр сурч, багаасаа хүүхдийн нэвтрүүлэг хөтөлсөн тэрбээр 12 настайдаа “Сэрүүн хасын нууц” жүжигт тоглосон бөгөөд арван жилийн дараа ахин “Х түц” продакшнынхантай хамтарч “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийг үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Х түц” продакшнынхантай “Сэрүүн хасын нууц” жүжгээс хойш арван жилийн дараа ахин тайзны уран бүтээлд хамтарч ажиллаж байгаа юм билээ. Дахин хамтрах болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

                -“Зохиолгүй амьдрал” жүжгээс өмнө “Х түц” продакшнынхантайгаа “Сэрүүн хасын нууц” жүжиг болон нэг теле зохиомжид хамтарч ажиллаж байсан. Ах, эгч нартайгаа дахин хамтарч ажиллах болсондоо баяртай байгаа. Тэдний өгсөн итгэлийг дааж ажиллахын тулд сандарч, догдолж, "Сайн байж чадах болов уу" гэсэн айдастайгаар бэлтгэлээ хийж байна. Надад итгэж өгсөн дүр учраас алдаа мадаггүй үзэгчдэд хүргэхийг хүсэж байна.

-“Сэрүүн хасын нууц” жүжгийн багт анх хэрхэн нэгдэж байв. Хэдэн настайдаа тус уран бүтээлд тоглосон бэ?

                -Би дөрвөн настайгаасаа  урлагийн хүн болохоор шийдэж, “Цоглог” драмын дугуйланд явж эхэлсэн. Дугуйланд явдаг байсан учраас хүүхдийн нэвтрүүлэг хөтөлж, богино жүжигт оролцох боломж их олддог байлаа. “Сэрүүн хасын нууц” жүжгийн дүрийн шалгаруулалтад тэнцэж, 12 настайдаа “Х түц” продакшнынхантайгаа хамт анхны тайзан дээрээ гарч байлаа.

-Мэргэжлийн жүжигчин болоогүй 12 настай охины хувьд чадварлаг жүжигчидтэй хамт тайзан дээр гарах ямар байсан бэ?

                -Одоо бодоход багадаа илүү айдасгүй байжээ. Тухайн үед хүүхэд байсан учраас мэргэжлийн байхыг хэн ч шаардаагүй.  Одоо бол мэргэжлийнх нь хичээлийг үзээд төгсчихсөн жүжигчин учраас надаас чадвар, хариуцлага хүлээж байгаа шүү дээ. “Сэрүүн хасын нууц” жүжиг хэчнээн хүнд зохиолтой, өрнөлтэй байсан ч одоо миний мэдэрч байгаагаас хавь илүү хөнгөн сэтгэлтэйгээр тоглосон байх.

-“Reaction” продакшны “Чи надад хайртай” жүжгийн гол дүр дээр ажилласан юм билээ. “Сэрүүн хасын нууц” жүжгээс хойш удаан хугацааны дараа тайзан дээр гарах ямар байсан бэ?

                -“Reaction” продакшнд их сургуулиа төгсөөд орсон. Дөнгөж төгссөн шинэ жүжигчин учраас эхлээд туслах хийх байх гэж бодсон. Гэтэл продакшныхан минь надад итгэл хүлээлгэж, гол дүрээр ажиллах боломж олгосон. Хоёр ахын зүгээс зориг гаргаж, надад итгэж гол дүр өгсөнд талархдаг. Тэдний өгсөн итгэлийг хөсөрдүүлээгүй байх гэж боддог.  “Reaction” продакшныхантайгаа тайзан дээр гарах, оюутан байхдаа гарсан тайз асар ялгаатай байсан. Би дотроо “Өмнө нь тайзан дээр гарч үзэж байсан юм чинь алзахгүй байх. Адилхан л тайз шүү дээ” гэж бодоод зориглоод гартал огт өөр мэдрэмж авсан. Их сургуулиа төгсөөд гарсан анхны тайз, гэр бүлийнхэн үзэж байгаа гэх бодол илүү хариуцлагатай байх ёстой гэсэн бодол төрүүлсэн байх. Инээдмийн жүжигт тоглож байгаагүй надад асар том сорилт болж, олон хүнээс их зүйл сурсан нандин цаг хугацаа байсан. Мөн зөв мэргэжлээ сонгосон гэдэгтээ илүү итгэлтэй болсон.

-Дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаж байв уу?

                -Багадаа МҮОНТ-ийн хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байлаа. Зургаан настай байхдаа “Айлын том” теле зохимжоор анх удаа “Х түц” продакшнынхантайгаа танилцаж, хамтарч ажилласан. 2017-2020 он хүртэл “Монгол контент” компанийн “Маамуу” хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлсөн. Энэ хугацаанд ах эгч нарын дуудлагаар дэлгэц, тайзны уран бүтээлд олны хэсэг болон туслах дүрээр оролцсон.

-Хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах ямар байсан бэ. Танаас ямар ур чадвар шаардсан бэ?

                -Хөтлөгчөөс энерги, хүч их шаарддаг ажил юм билээ. Нэвтрүүлгээр дамжуулж хүүхдэд мэдлэг олгож, үлгэр жишээ нэгэн байх ёстой болдог. Тэр утгаараа ажлаа хийгээгүй байхдаа хүртэл үйлдлээ цэгнэж, зөв хүн байх хэрэгтэй болдог.  Төслийн хүрээнд хийгдэж байгаа нэвтрүүлэг учраас хүүхдүүдтэй байнга уулзаж, тэдний хувьд жинхэнэ үлгэрийн баатар болох хэрэгтэй болсон.

-Таны хувьд дэлгэц болон тайзны уран бүтээлийн ялгаа хэрхэн мэдрэгддэг вэ. Цаашид аль салбарт нь хүч үзэх сонирхолтой байгаа вэ?

                -Миний хувьд огт өөр санагддаг. Дэлгэцийн уран бүтээлийн зураг авалтын явцад алдсан тохиолдолд ахин нэг удаа бичүүлэх, тэр дундаас хамгийн сайн жүжиглэсэн үзэгдэлээ сонгох боломжтой. Гэтэл тайзны уран бүтээлийн хувьд тайзан дээр гарах бүрдээ анхааралтай байж, бүгдийг нь сайнаар харуулах ёстой ганцхан удаагийн боломж байдаг. Үзэгчдээс хариу үйлдэл нь шууд ирэх учраас илүү амьд мэдрэмж авдаг. “Reaction” продакшн тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан ажиллах зорилготой нь миний хувьд олзуурхууштай. Миний эрч хүч тайзан дээр байх үед ундарч байдаг учраас тайзан дээр гарах дуртай. Дэлгэцийн уран бүтээлд тоглосноор дүрс мөнхлөгдөн үлддэг нь таалагддаг. Тиймээс тайз, дэлгэцийн уран бүтээлийн хослуулан ажиллахыг хүсдэг.

-Хөгжимчин, жүжигчнээр төгссөн юм билээ. Ямар хөгжим тоглодог вэ. Яагаад хөгжим тоглох болсон бэ?

                -Монгол Улсын Консерваторыг хийлч, чавхдаст хөгжимчнөөр 2018 онд төгссөн. Гэр бүлийнхэн минь энэ мэргэжлээр сурахад их нөлөө үзүүлсэн. Би багаасаа урлагийн хүн болно гэж ярьдаг байсан юм билээ. Тэрнээс гадна аав минь бүжигчин учраас охиныгоо урлагийн хүн болно гэхээр таатай хүлээж авсан байх. Тэгээд аав, ээж хоёр “Охин минь нэгэнт урлагийн чиглэлээр явахыг хүсэж байгаа учир охиноо урлагаар хүмүүжүүлье. Тэр дундаа хамгийн их тэвчээр, нарийн мэдрэмж шаарддаг сонгодог хөгжим хийлээр сургая” гэж ярилцсан гэсэн. Аавын минь гаргасан нэг алсын хараа нь жүжигчнээр төгсөж байгаа тэр олон хүний дундаас онцгойрч, ялгарах нэг авьяастай, давуу талтай байг гэж бодсон юм билээ.

-Багаасаа урлагийн хүн болохыг зорьж, бэлджээ. Энэ хугацаанд шантарч, уналтад орсон үе бий юү?

                -Их сургуульд хүссэн мэргэжлээрээ сурах төсөөлснөөс огт өөр байсан.Танихгүй хүмүүстэй, мэдэхгүй орчинд суралцах эвгүй байсан. Гадаадад сурах талаар бодож, сургуулиас гарах өргөдлөө бариад тэнхимдээ орсон удаа бий. Тэр үеийг багш нарынхаа дэмжлэгийн ачаар давсан. Сүүлд “Чи надад хайртай” жүжгийн үеэр өөрийгөө үнэхээр чамласан. Хэзээ ч оролдож үзээгүй жанрын мюзикл уран бүтээл, надад хүлээлгэсэн итгэл зэргийг бодож шаналсаар байгаад уналтад орсон. Гэхдээ шантарлаа гээд хүний өгсөн итгэлийг  хөсөрдүүлэн хаяад явж болохгүй шүү дээ. Гэхдээ энэ хугацаанд хэчнээн шантарсан ч энэ мэргэжлээс татгалзах талаар огт бодож байгаагүй, зөвхөн өөрийгөө л голж, чамласан. Хэцүү үедээ хийл тоглож, өөрийгөө тайвшруулдаг.

-Үлгэр дуурайлал авдаг уран бүтээлч бий юү?

                -Миний хамгийн их хүндэлж, үлгэр дуурайлал авдаг хүн бол Монгол Улсын Гавьяат жүжигчин И.Одончимэг эгч. Жүжигчний хувиар, эмэгтэй хүний хувиар ч тэр асар их тэнхээтэй, чадвартай, хүндлэхгүй байхын аргагүй эмэгтэй байдаг. Багадаа телевизээр харж орсон нэвтрүүлэг бүрийг нь алдалгүй үзэхийг хичээж, жүжигчнийх нь хувиар хүндэлж, “Ийм мундаг жүжигчин болох юм сан” гэж хүсдэг байсан. “Сэрүүн хасын нууц” жүжигт тоглосноор хувь хүн, эмэгтэй хүнийг нь мэддэг болоод бүр их хайрлаж, хүндэлсэн. Мөн дөнгөж төгссөн надад итгэл хүлээлгэж, урам өгдөг “Reaction”продакшны хоёр ахдаа баярлаж, их зүйл сурдаг.

-Жүжигчин хүн бүрд өөрийгөө сорихыг хүсдэг дүр байдаг шүү дээ. Таны хувьд ямар дүрд ажиллахыг хүсдэг вэ?

                -Сайхан эмэгтэйн дүр бүтээхийг хүсдэггүй жүжигчин гэж байхгүй болов уу. Гэхдээ би эсрэгээсээ сайхан бүсгүй биш хэн ч хараад танихгүй  болтлоо хувирсан дүрд ажиллахыг хүсдэг. Гадаад байдал, жүжиглэлтээрээ өөрчлөгдөж “Энэ дүрд Э.Анужин тоглосон” гэж хэлэхгүй л бол мэдэхгүй тийм дүр. Мөн боломж олдвол “Сэрүүн хасын нууц” жүжгийн И.Одончимэг эгчийн ажилласан Шүэке бүсгүйн дүрд тоглохыг хүсдэг.

-Ярилцлага өсгөн танд баярлалаа.

                -Баярлалаа.


 


Э.АНУЖИН: “Зохиолгүй амьдрал” жүжгээр "Х ТҮЦ"-ийн уран бүтээлчидтэйгээ дахин баг болж байгаадаа баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-12 12:05:57
    Anujin aniagiin duu ni bn: hud medee yum bishuu dee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188