• Өнөөдөр 2024-04-27

А.ОТГОНТӨГС: Олон дүрээр амьдардаг учраас жүжигчин болохыг хүссэн

2023-01-15,   1949

          “Шилжилт” уран сайхны киноны Цэнгэлийн дүрээр үзэгчдийн танил болж, “Халуун шоколад”,"Дурлах санал" зэрэг киноны дүрүүдийг чадварлаг бүтээсэн залуу жүжигчин А.Отгонтөгстэй ярилцлаа. Түүний тоглосон “Бужо” олон ангит кино саяхан нээлтээ хийсэн билээ. Тэрбээр хоёр жил хүлээлгэсэн “Бужо” киноныхоо дараагийн ангийг үзэгчидтэй адил догдлон хүлээж байгаагаа дурдсан юм.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Үзэгчид таныг  “Шилжилт” уран сайхны киноны Цэнгэлийн дүрээр таньдаг болсон шүү дээ. Тус кинонд анх хэрхэн тоглох болсон юм бэ?

                -Танд болон уншигчид энэ өдрийн мэнд хүргэе. Зургаан жилийн өмнө “Шилжилт” уран сайхны киноны дүрийн сонгон шалгаруулалтад орж байлаа. Өмнө нь “Завсарлаагүй хичээл” кинонд тоглож байсан учир шалгаруулалтад бусад хүүхдээс арай туршлагатай оролцсон байх. Цэнгэлийн дүр тамхи татахаас бусдаас надтай олон талаараа төстэй байсан. Шалгаруулалтад орсны дараа надтай холбогдож, Цэнгэлийн дүрд тоглох болсныг хэлсэн. Удалгүй киноны уншлага, зодооны бэлтгэл хийж эхэлсэн.

-“Шилжилт” кино залуу найруулагчийн бүтээл байсан шүү дээ. Үеийн залуустайгаа кино бүтээх ямар байсан бэ?

                -Киноны хамт олон кино хийе, тоглоё, бүтээе гэсэн хүслээр нэгдсэн эрч хүч дүүрэн залуус байсан. Кино хийхэд санхүү, зураг авах талбай, танил тал гээд дурдаад дуусахгүй их асуудалтай тулгарсан. Гэхдээ найруулагч Б.Нямдаваагийн зорилго, бусдын сэтгэлээр киноныхоо ард гарсан. Манай кино театрт нээлтээ хийгээд төд удалгүй буусан. Арга ч үгүй дээ, олонд танигдаагүй уран бүтээлчид тоглосон учраас хүмүүс зорьж үзэх нь ховор байсан байх.

-Хүмүүс бүтээсэн дүрээр нь таньж эхлэхэд ямар байсан бэ?

                - Кино театраас буугаад кино маань шууд л цахим хуудаст  тавигдсан. Кино гарсны дараа намайг харсан хүмүүс "Сайн уу, Хоншоортой банди минь" гэдэг болсон. Тэгж л анх киногоо хүнд хүрч эхэлснийг мэдсэн дээ. Мөн “Шилжилт” кино арван жилийн сайхан дурсамжуудыг харуулдаг, хүмүүст эргэн сануулдаг учраас гэр бүлээрээ үздэг хүн олон байдаг юм билээ. Хүмүүс таньдаг болсны дараа олон нийтийн газар явахдаа үг, үйлдлээ илүү хянадаг болсон. Хүн таньдаг болох тусам худал мэдээллүүд их гардаг юм билээ. Миний талаар инээдтэй цуу яриа олон гарна, тэр бүрд нь тайлбар хийгээд байх шаардлага байдаггүй. Намайг чинь "Нүүрээ будаж явдаг, давхраагаа оёулсан, олон найз охин сольсон" гээд янз янзын л ярина шүү дээ. Би чинь амьдралдаа хүнтэй үерхэж үзээгүй хүн шүү дээ. Олонд танигдахад сайн тал ч бий, муу тал ч бий.

-Дараа нь ямар уран бүтээлд ажилласан бэ?

                - “Шилжилт” уран сайхны киноны дараа “Дурлах санал” УСК, “Халуун шоколад” контент, “Шилжилт 2” УСК, "Хун галуу" Хятадын түүхэн кино, сүүлд ажилласан "Bujo miniseries" одоо  Voo tv-гээр гарч байгаа кинонд чадлынхаа хэрээр дүр бүтээхийг оролдлоо.

- “Бужо” олон ангит кино нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болоод удаагүй байна. Удаан хүлээсэн уран бүтээлийнхээ эхний ангийг үзэх, өөрийгөө харах ямар байсан бэ?

                -“Бужо” уран сайхны киноны зураг авалт 2021 оны наймдугаар сард эхэлж, 2023 онд нээлтээ хийлээ. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, киноны нээлт хойшилсон учраас хүлээлт их байлаа. Нээлтийн үеэр киноныхоо эхний ангийг үзээд өндөр сэтгэгдэлтэй гарч ирсэн. Өөрийгөө хараад “Арай ч дээ, надаас ийм муухай зан гараад байх даа яах вэ дээ” гэж бодсон. Хөгжилтэй нь тус кинонд тоглох үедээ жин нэмчихсэн байсан юм. Тиймээс дэлгэцээр таагүй харагдах вий гэж санаа зовсон ч төсөөлснөөс хавь илүү дажгүй гарсан. “Бужо” үнэхээр сайхан кино болсон байна лээ. Дараагийн ангиа хүлээгээд, догдлоод сууж байна.

-“Бужо” олон ангит кино солонгос киноны хувилбар шүү дээ. Солонгос хувилбарыг нь үзсэн үү. Дүрийн судалгаагаа хэрхэн хийсэн бэ?

                -Үзэгчдийн зүгээс “Гадаад кино хуулбарласан байна. Солонгос киноны хэв маягтай юм” гэсэн шүүмж ирсэн байна лээ. Манай кино “KBS” телевизийн албан ёсны эрхтэйгээр хийгдсэн монгол хувилбар нь шүү дээ. Дүрийн судалгаа бол солонгос хувилбарын дүрийг судалж, найруулагчтайгаа ярилцаж, дүрээ дахин найруулж ажилласан. 

-Монголын кино урлагт хүмүүс нэлээн шүүмжлэлтэй ханддаг энэ тал дээр тан бодол юу вэ. Залуу жүжигчин, үзэгчийн хувьд хэрхэн шат ахих вэ?

                 -Миний бодлоор монголын кино зохиолууд үнэндээ муу. Үзэгчид хөгжсөн энэ цагт киноны үйл явдал талд нь ороход төгсгөлийг харсан, төсөөлсөн байдаг. Зарим уран бүтээлч үзэгчдийн шүүмжлэлийг хүлээж авч чадахгүй "Чи өөрөө кино хийгээд үз", "Хийсэн нэгнээ битгий муул", гэдэг. Одоо цагт зориод үзсэн кино нь үзэгчийнхээ анхаарлыг татаж чадахгүй бол өөр уран бүтээлчийн хийсэн киног  ч үзэх хүнгүй болно шүү дээ. Нөгөө талаар үзэгчид жүжигчдийг "Ур чадвар муу байна" гэж заримдаа ярьдаг. Жүжигчинд дүрээ бүрэн судалж, намтар дээр нь ажиллах цаг гаргаж өгдөггүй. Олны танил  жүжигчид өглөө нь цагдаа хувцас өмсөж, оройн уранхай ноорхой хувцас өмсөж архичны дүрд тоглоно. Хувцас солигдсон болохоос дотор хүн солигдож амжаагүй учир час хийсэн хэдэн үгээ ч хэлж чадахгүй байгаа харагддаг. Уг нь  бол монголын жүжигчид дунд чадвартай хүн олон бий. Энэ тал дээрээ анхаарвал жаахан ахих болов уу.

-Жүжигчин болохоор шийдсэн тухайгаа ярьж өгөөч?

                -Жүжигчнээр сурсан бол сайхан л байна. Тэгсэн бол санал ирсэн кино болгонд оролцон тоглох цаг завтай байх байлаа. Жүжигчин бол нэг амьдрах амьдралдаа их олон мэдрэмжийг авч чадах өвөрмөц мэргэжил гэж боддог. Жүжигчин хүн хаан, харц, ард, гэгээнтэн, алуурчин, баатар, доожоогүй жаал гээд ямар ч дүр оногдсон тухайн дүрээ судалж, тэр дүрээр амьдардаг болохоор жүжигчин болохыг хүсдэг.

-"Бужо" киноны дараагийн ангиа хүлээж байгаа үзэгчдийнхнээ сонирхлыг татах, үзэх шалтгаан хэлж өгөхгүй юү?

                - Анх удаа л жүжигчин мэргэжлийн хэцүүг мэдэрсэн. Би өөрийгөө нэлээн чийрэг гэж боддог байсан юм. Харанхуй шөнө арваннэгдүгээр сард голын хүйтэн ус руу живж байгаа үзэгдлийн зураг авалт хийлгэхээр хэдэн удаа орсон. “Найруулагч аа, болсон уу” гэхээр “Ахиад нэг яваад үзье” гэнэ. Хүйтэн усанд орчихоод жүжиглэнэ гэдэг хэцүү юм билээ. Энэ мэт сонирхолтой үйл явдал олон гарах учир үзэгчид маань тухлан сууж үзээрэй.

- Ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

          -Баярлалаа.

 


А.ОТГОНТӨГС: Олон дүрээр амьдардаг учраас жүжигчин болохыг хүссэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188