• Өнөөдөр 2024-05-06

БНСУ-Д ЖАГССАН Б.БАДАМЛХАМ: Монгол Улсад миний хүссэн ирээдүй харагдахгүй байна

2022-12-15,   1163

           “Намайг есөн настай байхад өвөө минь надад “Монгол улс ийм том гүрэн байлаа” гэж хэлэхэд би итгээгүй. Өнөөдөр би дүүдээ талх 1000 төгрөг байлаа, бүр бүтнээр нь авч хүрдэг байлаа гэхэд итгэхгүй. Ирээдүйд үр хойч минь "Эх оронтой байсан шүү” гэдэгт итгэхгүй байх вий” хэмээн Солонгос Улсад өрнөсөн "Бид эх орондоо сайхан амьдармаар байна” тайван жагсаалын үеэр үзэл бодлоо илэрхийлсэн охины дүрс бичлэг цахим сүлжээнд тавигдсан билээ. Хүн бүрд нэгийг бодогдуулсан үг хэлсэн түүнийг Б. Бадамлхам гэдэг бөгөөд 20 настай тэрбээр Солонгос Улсад гэрээгээр ажиллахаар иржээ.  

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсад өрнөж буй жагсаалын талаар хэр мэдээлэлтэй байгаа бэ. Солонгос Улсад болсон жагсаалд яагаад оролцох болов? 
 
           -Цахим хуудсаар Монгол Улсад өрнөж байгаа жагсаалын талаар мэдээлэл авсан. Залуусыг хүйтэнд олон хоног гадаа зогсож, үзэл бодлоо илэрхийлж байгааг хараад дотор давчдаж, уйлсан. Солонгос Улс дахь монголчуудын жагсаалыг С.Золбоо ах зохион байгуулсан. Би Монгол Улсад жагсаал хийж байгаа залуусыг “Зөв зүйл хийж байгаа шүү” гэж дэмжих гэж очсон.  

 
-"Бид эх орондоо сайхан амьдармаар байна” жагсаалд хэр олон хүн ирсэн бэ. Солонгос Улсын иргэд жагсаалыг хараад ямар хариу үйлдэл үзүүлж байв? 
 
            -Баттай тоо байхгүй ч барагцаагаад 200 гаруй хүн ирсэн байх. Жагсаал 14-18 цагийн хооронд үргэлжилсэн. Биднийг жагсаал хийж байх үед хажуугаар өнгөрсөн солонгос хүмүүс манай далбааг харчхаад “Монгол хүмүүс байна” гэж ярилцахыг сонссон. Тэр үгийг сонсоод үнэндээ жаахан ичиж, Монгол Улсыг ийм байдалд хүргэсэн хүмүүст уур хүрсэн. Солонгос Улсын хэвлэлээр манай улсад болж байгаа жагсаалын талаарх мэдээ нэлээн хэдэн удаа гарсан юм билээ. Бидний жагсаалыг Солонгос Улсаас ямар нэгэн байдлаар эсэргүүцэж, хориглоогүй ээ. Жагсаал хийх бүсийг зааж өгөөд, алсаас хоёр цагдаа ажиглаж байсан. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангаж өгсөн.  
 
-Жагсаалд оролцох  болсон шалтгаан нь юу байсан бэ? 
 
         -Миний хувьд нэгдүгээр ангийн мэдлэггүй хүмүүс төр удирдаж байна. Бага ангийн хүүхдүүдэд үнэнээ хэлж, шударга байхыг заадаг шүү дээ. Төрийн түшээд дунд ийм мэдлэггүй хүн олон байгаа юм шиг санагддаг. Өвөө эмээ, аав ээж минь насаараа татвар төлсөн. Гэтэл тэрнээс нь ирээдүй болсон надад үлдсэн юм ховор байна. Уг нь үр хойч ирээдүйгээ сайхан амьдруулахын тулд татвар төлж байгаа шүү дээ. Үнийн хөөргөдөл хэтэрч байгаа ч цалин нэмэгдээгүй учраас иргэд өрнөөс өрний хооронд амьдарч, туйлдаж байгаа. Хүн чанартай байсан бол хулгайлсан тэр их мөнгөөрөө хэдхэн үйлдвэр барьж өгөх ёстой байсан юм. Хэрэв тэгсэн бол гадаад улс руу ажил хийхээр ирж байгаа иргэдийн тоо багасаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах байлаа. Ядаж л 20 настай би харь оронд байрны урьдчилгаа төлбөр олох гэж ажиллахгүй шүү дээ. Миний үеийн бусад орны  залуус хүссэн мэргэжлээрээ суралцаж байна. Тэдний унах унаа, амьдрах байр нь энгийн нэгэн хэрэгцээ байдаг. Гэтэл тэдний хэрэгцээ нь монгол залуусын хувьд мөрөөдөл нь байдаг.  
 
         Надаас миний боломжийг хулгайлсан гэж хардаг. Миний үр хойчоос бидний сайхан амьдрах боломжийг хулгайлсан. Тэдэнд энэ улсыг хөгжүүлж болох бүх боломж байсан шүү дээ. Ард иргэдийнхээ үгийг сонсох гэхээр хурааж, идсэн хөрөнгө нь чихийг нь таглаж, эрх мэдэл нь нүдийг нь хаадаг байх.  
 
-Таны хувьд яагаад Солонгос Улсыг сонгож, зорих болсон бэ? 
 
        -Солонгос Улсад очих миний багын мөрөөдөл байсан. Учир нь аав, ээж хоёр минь намайг жаахан байхад Солонгос Улс руу ажиллахаар явж байсан. Тиймээс багадаа аав, ээжтэйгээ хамт байхын тулд ирэхийг их хүсдэг байлаа. 
 
-Солонгос Улсад гэрээгээр ажиллахаар очих ямар байсан бэ. Харь оронд ажиллаж эхлэхэд хамгийн хэцүү зүйл нь юу байв? 
 
          -Багадаа Солонгос Улсад аялж, амрахаар ирдэг байсан ч ажиллахаар ирэх үед бүх зүйл өөр санагдсан. Гэрээний ажилчдын ахлагч гэж байдаг. Анх ажилд орсны дараа тэр хүнд их загнуулсан. Миний ажиллаж байсан үйлдвэр дээр ганцхан монгол хүн нь би байлаа. Ажлаа хэчнээн сайн хийсэн ч загнуулна, цохиулна. Гадаадад ажиллана гэдэг амаргүй шүү дээ. 
 
 -Хүүхдээ харь орон руу ажил хийлгэхээр явуулна гэдэг эцэг эхийн хувьд хэцүүхэн шийдвэр байсан байхдаа. Гадаад руу ажиллахаар явах шийдвэрийг нь эцэг эх нь хэрхэн хүлээж авсан бэ? 
 
            -Гэр бүл минь миний үзэл бодлыг их хүндэлдэг. Их сургуульд сурч байгаад гарсан. Учир нь миний сурч байсан мэргэжлийн цалингаар Монгол Улсад амьдран гэсэн ирээдүй харагдаагүй. Намайг гэрээгээр ажиллахаар явна гэхэд аав, ээж минь зөвшөөрсөн, нүүрэн дээр хэцүү байгаагаа хэлээгүй ч дотроо шаналсан байх.  
 
-Монгол Улсдаа хэзээ буцаж ирэх вэ. Эх орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулна гэж боддог вэ? 
 
            -Монгол Улсаа үйлдвэрлэгч улс болоосой гэж хүсэж байна. Бидэнд баялаг байгаа хэр нь түүхий эдээ боловсруулж чадахгүй гадаад улс руу экспортолж, буцаад гадаадаас үнэтэй худалдаж авдаг. Миний Солонгос Улсад ирсэн хамгийн том зорилго нь үйлдвэрүүдэд ажиллаж байх хугацаандаа туршлага хуримтлуулж, ямар нэгэн үйлдвэрлэлийг эх орондоо эхлүүлэхийг хүссэн. Би гурван жилийн гэрээгээр ажиллахаар ирсэн. Хайртай хүмүүс дээрээ өнөөдөр ч болтугай очихыг хүсэж байгаа. Гэхдээ Монгол Улсад миний хүссэн ирээдүй байхгүй байна. Тиймээс өөрийн хүсдэг ирээдүйдээ хувь нэмрээ оруулахаар зүйл сурчхаад гэртээ харина. 
 
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
 
        -Баярлалаа.
 

БНСУ-Д ЖАГССАН Б.БАДАМЛХАМ: Монгол Улсад миний хүссэн ирээдүй харагдахгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-15 15:26:04
    zochin: yagaad ingeed ajilgui bailgaad baidag um !!!! , ajliin bair gargaachee oortoo taarsan ajil chiimeer bna
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188