• Өнөөдөр 2024-04-20

Б.ЦАЦРАЛ: Би сагсан бөмбөгийн спортгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй

2022-12-25,   1032

       Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт энэ улирлаас “Алдар Танан Гарьд” багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Тэрбээр ахлах дасгалжуулагч болмогцоо “Алтан Танан Гарьд”-ын дэргэд “М Гарьд” нэртэй эмэгтэйчүүдийн баг бүрдүүлсэн билээ. “М Гарьд” багийн олонх гишүүн Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт “Этүгэн” их сургуулиас ажлаа өгөхөд дагаж ирсэн оюутны лигийн тоглогчид байх аж. Тэдний нэг бол Б. Цацрал юм.  Тэрбээр Улаанбаатар хотын унаган хүүхэд бөгөөд багаасаа хөдөлгөөнтэй, сэргэлэн нэгэн байжээ. Анх байрныхаа гадаа эгч нартайгаа хамт сагсан бөмбөг тоглож сурсан. Дараа нь “Этүгэн” гэх сагсан бөмбөгийн том айлд О.Баярцогт багшийн шавь болон орж, оюутны лигийн шилдэг тоглогчдын нэг болсон. Харин одоо Дээд лигт нэгэн тод өнгө нь болж, гялалзахаар анхны лигийн тэмцээндээ оролцож байна.

     Багийнхан нь түүнийг "Ямар үед хэн байхаа мэддэг.  Талбай дээр түүнтэй хамт тоглоход үнэхээр түшигтэй байдаг. Баг дунд бусдыгаа байнга хөгжөөж явдаг нэг хүн байдаг даа тэр хүн нь Б.Цацрал" гэх юм билээ.


-Хэзээнээс сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн юм бэ?

      -Миний хувьд хүүхэд байхаасаа л энэ спортод дуртай байсан. Байрныхаа гадаа эгч нарыг тоглохыг хараад л эхлээд бөмбөг залж сураад л болсон болоогүй замбараагүй сагс сурсан. Тэгээд оюутан болоод илүү цэгцтэй дүрэмтэй нь сураад оюутны лигт тоглоод, одоо мэргэжлийн тамирчин болсон байна даа.  

-Мэргэжлийн дээд лигийн тамирчин байхаас гадна өөр ямар ажил эрхэлдэг вэ?

           -Би ДЦС-4 ТӨХК-д ажилдаг.  Анх сагсчид маань зөвхөн сагсан бөмбөгөө тоглоод амьдрахад санхүүгийн боломж хэцүү байсан. Харин одоо бол бага багаар энэ спортыг үнэлэх үнэлэмж нэмэгдэж, боломжтой болж байгаад маш их баяртай байгаа.

-Эмэгтэй сагсан бөмбөг хэр хөгжиж байна гэж бодож байна вэ?

            -Нэг үеэ бодвол эмэгтэй баг ордог тэмцээнүүд олон болоод байна. Тэрийгээ дагаад мэргэжлийн эмэгтэй сагсчид олон болж байгаа. Цаашдаа ч илүү хөгжинө гэж боддог доо. Манай багш үргэлж бидний дараагийн үеийг бэлтгэж байдаг.

-Дасгалжуулагчдын хувьд тамирчдынхаа төлөө хэрхэн идэвх зүтгэл гаргадаг вэ. Багшийнхаа талаар яриач?

      -Манай багшийг МУГД О.Баярцогт гэдэг. Бэлтгэлийн цагийг үр дүнтэй байлгахын тулд маш сайн төлөвлөгөө боловсруулж, тамирчин бүрийн онцлог, ур чадварт суурилсан судалгааг боловсруулдаг. Бидний төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулан ажилладаг. Бидний олон амжилт гаргаж, нэг баг болон нэгдэж, эв найрамдалтай, энэ олон жил сагсан бөмбөгийн спортоор бууж өгөлгүй хичээллэсний шалтгаан бол багш минь юм. Унах үед түшиг,  урам хугарах үед сэтгэлийн ташуур өгдөг тийм л хүн дээ. Одоо ингээд бодоход “баяртай багшаа” гэж хэлсэн нь олон ч “баярлалаа багшаа” гэж хэлсэн нь цөөн юм байна. Бид нарын төлөө үргэлж хичээж байдагт үнэхээр их баярлалаа.

-Тамирчдад багаасаа тоглолтыг үзэж, даган дуурайж ирсэн тамирчин байдаг. Таны хувьд хүндэлдэг тамирчин гэвэл хэнийг нэрлэх вэ?

      -Монголын сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр, хөрөнгө оруулалт оруулсан дээд үе, багийнхаа эгч нарыгаа хүндэлдэг.  Ер нь сагсан бөмбөг өнөөдрийн хэмжээнд хүрэх хүртэл цаг хугацаа, залуу насаа зориулсан бүхий л хүмүүсийг хараад, талархаж явдаг даа. Тэд байгаагүй бол монгол сагсчид олимпод оролцох хүртэл энэ спорт хөгжихгүй байх байсан.

-Тамирчдын бэлтгэл сургуулилт хэрхэн явагддаг вэ. Сагсан бөмбөгийн спорт танд юуг суулгаж, өгсөн гэж боддог бэ?

       -Дасгалжуулагчийн төлөвлөгөө, графикийн дагуу бэлтгэл ордог. Бэлтгэлийн ангиллын хувьд хүчний бэлтгэл, гүйлт, системийн бэлтгэл гэсэн хэлбэрээр явдаг. Сагсан бөмбөгийн спорт надад багаар ажиллах чадвар, хүмүүжил, нээлттэй харилцаа, хүндлэлийг суулгаж өгсөн гэж боддог. Ер нь сагсан бөмбөгийн спортгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй.

-Шинэ улирал эхлэх бүрд их догдолдог байх даа?

     -Энэ жилийн багийн хувьд оюутны лигийн “Этүгэн Ирвэсүүд” багийн тамирчдад суурилж, ОУХМ Д.Ганзул Б.Өнөрзаяа Э.Ариунтунгалаг У.Энэрэл гэх туршлага, ур чадвартай тамирчид “М Гарьд” багт нэгдсэн. Энэ улирлын тухайд анхны өндөр шагналын сантай, дээд түвшний багуудаас бүрдсэн учир сэтгэл догдлол, хүлээлт, догдлол дүүрэн байгаа. Анхны бүхэн үгээр илэрхийлэмгүй сайхан, мартагдашгүй байдаг шүү дээ. /инээв/

-Талбай дээр таны биеэ авч яваа байдал, сэтгэл хөдлөл, үйлдэл бүр үзэгчдийг татаж чаддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

    -Талбайд бид өрсөлдөгч хэдий ч биенээ хүндлэх ёстой. Маш өрсөлдөөнтэй, тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж сэтгэл хөдлөл өндөр байх тохиолдлууд байдаг ч эсрэг багаа хүндэлж тоглохыг хичээдэг.

-Анх лигийн тамирчин болоход гэр бүл тань танаар их бахархсан байх даа, энэ талаар яриач. Танай гэр бүлд танаас өөр сагс тоглодог хүн бий юу?

     -Манайх спортын гэр бүл. Намайг энэ спортод өвөө маань хөтөлж оруулсан. Анх бөмбөг бариад, зааланд орсноос минь хойш гэр бүл маань өдийг хүртэл амжилтын минь ард алгаа ташиж, ялагдлын минь ард тайвшруулсаар ирсэн. Анхны лигт тоглоход миний өмнөөс тэд маань маш их баярлаж байсныг тодоос тод санаж байна. Одоогоор гэр бүлдээ сагсан бөмбөг тоглодог хүн би л байна.

 -Та өөрийгөө ямархуу зан ааштай хүн гэж боддог бэ?

          -Нээлттэй, хөгжилтэй байхыг эрмэлздэг. Хааяа сэтгэл дундуур байх үедээ найзуудтайгаа утсаар ярьдаг.

-Мэдээж ялагдах үеийн мэдрэмж хэцүү шүү дээ. Тэр үедээ юу боддог вэ?

  -Ямар ч тэмцээн, уралдаанд баярын нулимс, хожигдлын нулимс гэж бий. Тамирчдын хувьд сэтгэлзүй гэдэг маш чухал. Тухайн тоглолтод ямар алдаа гаргаснаа тэмцээний дараа сайтар боддог. Дараа нь алдаагаа дахиж давтахгүй байх тал дээр ажиллаж шууд бэлтгэлээ хийдэг дээ.

-Тэмцээн болох өдөр өмсгөлөө өмсөөд, талбайдаа гарах мэдрэмж сайхан байдаг байх. Та талбай дээр тоглож байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?

    -Дуучин, бүжигчин, боксчин аль нь ч байсан өөрийн хүсэж байсан тайз, ринг, талбайдаа гарахад сайхан байдаг байх. Түүний адил талбайдаа гарахад мөрөөдөл минь биелсэн мэт санагддаг. Үнэр байсан бол тэр мэдрэмжээ тайлбарлаж чадах байх. Дөнгөж лигт тоглож эхэлж буй залуу тамирчны хувьд цаашид хийх, бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.

          -Баярлалаа.

 


Б.ЦАЦРАЛ: Би сагсан бөмбөгийн спортгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188