• Өнөөдөр 2024-05-06

Х.СОНДОР: Багийнхантайгаа байгаа учраас үзүүлбэрээ зоригтой үзүүлдэг

2022-12-14,   800

     Эрч хүчтэй байдал, уян налархай хөдөлгөөнөөр үзэгчдийг догдлуулдаг хөгжөөн дэмжигчдийн бүжгээр “Japan open-2022" тэмцээнээс хүрэл медаль хүртсэн “Naran NGL dance” гишүүн Х.Сондортой ярилцлаа. Арван настай бүжигчин охины хувьд бүжиглэж байхдаа хамгийн жаргалтай, хөгжилтэй байдаг бөгөөд ирээдүйд Г.Алтанзаяа багш шигээ мундаг багш болохыг хүсдэг гэнэ.  

-Азийн аварга шалгаруулах “Japan open-2022" тэмцээнд гуравдугаар байрт орсонд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 
 
        - Үнэхээр баяртай байна. Тэмцээнд амжилттай оролцох бүрдээ найзуудыгаа хараад бахархдаг. Багаараа найзуудтайгаа хамт байдаг учир  илүү зоригтойгоор үзүүлбэрээ үзүүлдэг. Ганцаараа байсан бол тэмцээнд орж чадахгүй алдаа гаргах байсан байх. Шагналаа авчхаад гэр бүлийнхэнтэйгээ хурдан уулзах юм сан гэж бодогдож, догдолсон. 
 
 -Эх орондоо буцаж ирэхэд гэр бүл, найзууд нь онгоцны буудал дээр хүлээж байсан шүү дээ. Өөрийг чинь дэмжихээр ирсэн хүмүүсийг харах ямар байсан бэ? 
 
       -Онгоцны буудлын хаалга онгойход гэр бүл, сургуулийн найзууд биднийг хүлээгээд зогсож байсан. Бүгд биднийг хүлээж байсан учраас үнэхээр гоё мэдрэмж төрсөн. Гэрийнхнийгээ хараад шууд уйлчихсан. 
 
-Яагаад хөгжөөн дэмжигчийн бүжгийн спортоор хичээллэх болсон юм бэ. Юу нь чиний сонирхлын татав?  
 
         -Би долоон настайгаа бүжгээр хичээллэж эхэлсэн. Бүжгээр хичээллэж, шинэ хөдөлгөөн сурах бүрд сонирхолтой санагддаг. Бүжгээр дамжуулж олон зүйлийг илэрхийлж болдог. Найзуудтай бэлтгэл хийж, тэмцээнд оролцох нь хамгийн сонирхолтой. Мөн бүжгээс их зүйлд суралцдаг. Хөгжөөн дэмжигчийн бүжгээр хичээллэх ньхүнийг хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай, тэвчээртэй, багаар ажиллах чадвартай болдог.  
-Байнга бэлтгэл сургуулилт хийдэг үү. Чиний сурч байсан хамгийн хэцүү хөдөлгөөн юу байсан бэ? 
 
         -Дугуйландаа долоо хоногт хоёр удаа бэлтгэл хийдэг. Харин тэмцээнд бэлдэх юм бол өдөр бүр бэлтгэлтэй байдаг. Бэлтгэлийн үеэр бэртэж гэмтэх, ядрах үе гардаг ч дуртай учраас шантарч байгаагүй ээ. Акарбат эргэх, тэнцвэрээ олох хөдөлгөөнүүдийг сурахад цаг их зарцуулдаг. Байнгын бэлтгэл, сургуулилт хийж байж сурдаг хөдөлгөөнүүд юм.  
 
-Хөгжөөн дэмжигчийн бүжгийн олон тэмцээнд оролцсон шүү дээ. Амжилтуудаасаа хуваалцахгүй юу?  
 
        -2019 онд “Mongolian national cheerleading championship” тэмцээнээс хоёрдугаар байрт орж, мөнгөн медаль хүртсэн. 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд нэгдүгээр байрт шалгарч байсан. Ялсан болохоор хамгийн дурсамжтай тэмцээн болж өнгөрсөн. Азийн аварга шалгаруулах “Japan open-2022" тэмцээнд гуравдугаар байрт орж цомын эзэн болсон. 
 
-Гадаад улсад зохион байгуулагдаж байгаа тэмцээнд оролцох ямар байдаг вэ. Хамгийн дурсамжтай зүйл нь юу байдаг вэ? 
 
         -Япон Улсад болсон -Japan 2022- тэмцээнд оролцохоор явахдаа үнэхээр их сандарч, бага зэргийн айдастай явсан. Учир нь олон орноос баг, тамирчид оролцохоор ирсэн, хүчтэй өрсөлдөгчид олон байсан. Тэднээс дутуу байх вий гэж айж байсан ч бэлтгэл сайтай байсан учраас зоригтойгоор бүжиглэж, үзүүлбэрээ амжилттай дуусгасан. Бид тэмцээнд оролцож дуусаад Токио хотоор аялсан нь хамгийн гоё дурсамж байсан. 
 
-Хөгжөөн дэмжигчийн бүжгээр хичээллэж эхэлснээр өөрт нь гарсан эерэг өөрчлөлтүүд байгаа юу? 
 
        - Аливаа зүйл илүү тэвчээртэй хандаж сурсан. Мөн уян сунгалт сайтай болж, цаг зөв зохион байгуулж сурсан. 
 
-Хөгжөөн дэмжигчийн бүжгээр хичээллэж байгаа тамирчинд анхаарах ёстой дэглэм байдаг уу? 
 
         -Цаг сайн баримталдаг, зөв хооллодог байх хэрэгтэй. Багшийн хэлсэн зааврыг сайн сонсож, тогтоох хэрэгтэй. Муу үг хэлэхгүй, үйлдэл нь бусдад үлгэрлэдэг байх ёстой. Зөв хүн болж хүмүүжих ёстой гэж багш минь байнга сануулдаг. 
 
-Х.Сондор том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ? 
 
          -Би Г.Алтанзаяа багш шигээ мундаг бүжгийн багш болно гэсэн зорилготой байгаа. Мөн алдартай бүжигчин болохыг мөрөөддөг. 
 
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье. 
 
          -Баярлалаа. 

Х.СОНДОР: Багийнхантайгаа байгаа учраас үзүүлбэрээ зоригтой үзүүлдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-07 12:35:12
    Nomin-Erdene: Их сайхан ярилцлага болжээ .Би Сондор охиныг харж байгаагүй ч хамтлагт нь бүжиглэж эхэлж байгаа.Их сайхан зорилготой сэргэлэн цовоо ухаантай охин юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-08 16:37:05
    Ayalguu: Би бас хамт үзүүлбэр үзүүлсэн би хамгийн анхны удаа гадаад руу явж байсан болохоор их түгшүүртэй байсан гэхдээ манай найзууд маань байсан учир бид нүүрээ ашиглаж 3 т орсонмгэж би бодож байна манай сондор надад бэртэнгүүт шууд гүйн ирж тусалдаг маш зөөлөн сэтгэлтэй♥️
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188