• Өнөөдөр 2024-05-06

Лигийн шилдэг холбогч Г.ТӨРМАНДАХ: Волейболын холбогч тухайн тоглолтын найруулагч байдаг

2022-12-13,   3567

        “Баянхонгор корунд гео” баг Волейболын Үндэсний дээд лигийн тэмцээнд арав дараалан ялалт байгуулж, түүхэн амжилт тогтоохын зэрэгцээ лигийн аварга болсон билээ. Дээд лигийн "Шилдэг холбогч"-оор шалгарсан спортын дэд мастер Г.Төрмандахтай ярилцлаа. Тэрбээр тамирчин ах нартайгаа волейболын тэмцээн үзэж, хамтдаа бэлтгэл хийсээр энэхүү спортыг сонирхож, хичээллэж эхэлжээ. 

 -Волейболын Үндэсний дээд лигийн аваргаар шалгарахын зэрэгцээ, “Шилдэг холбогч” болсон танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?
 
          -Сэтгэл өндөр байна. Байгуулаад удаагүй багийн хувьд үнэхээр том амжилт үзүүллээ. Гараанд гарч тоглосон анхны лигийн тэмцээнээсээ “Шилдэг холбогч” шагналыг хүртсэндээ баяртай байна. Миний хувьд өмнө нь сэлгээнд суудаг байсан ч энэ жил талбайд гарч тоглолоо. Өөрийгөө нээсэн, сорьсон дурсамжтай тэмцээн байлаа. Лигийн эхний тойрогт манай баг төдийлөн гар нийлж чадахгүй, ойлголцол муутай байсан. Харин дараагийн тойргоос нэгнийгээ мэдэрч, ойлголцож эхэлсэн. Нэгнийхээ тоглолтыг ойлгосон учраас сайн тоглолт үзүүлж чадсан гэж бодож байна.  
-Аваргын төлөөх финалын тоглолт хэрхэн өрнөсөн бэ. Өрсөлдөгч багийн давуу тал нь юу байв? 
 
        -Аваргын төлөөх тоглолтод би хуучин багийнхаа эсрэг тоглолоо. Сүүлийн шатны тоглолтонд манай баг санасандаа  хүртэл  сайн тоглож чадаагүй. Биеийн ядаргаа болон сэтгэл зүйн байдалтай холбоотой асуудал л даа. “Hasu MegaStars” багийн хувьд гурав дахь удаагаа финалд шалгарч байгаа учраас биднээс илүү сэтгэл зүйн хувьд тогтвортой, туршлагаараа илүү байлаа. Тэр ч утгаараа хүндхэн тоглолт болж өнгөрсөн. Гэхдээ бид ялалт байгуулсан. 
 
-Яагаад волейболын спортоор хичээллэх болсон юм бэ? 
 
      -Энэхүү спортоор хичээллэж эхэлсэн нь волейболын тамирчин хоёр ахтай минь салшгүй холбоотой. Багаасаа хоёр ахыгаа дагаж волейболын тэмцээн үзэж, бэлтгэл хийхэд нь бөмбөгийг нь зөөдөг байлаа. Тэгж л волейболын спортод дуртай болсон доо. Багадаа хашаандаа өдөржин байшингийн хана руу бөмбөг шидэж, тоглодог хүүхэд байсан юм. 
 
-“Баянхонгор корунд гео” баг байгуулагдаад удаагүй гэсэн. Богино хугацаанд хэрхэн бэлтгэлээ хийсэн бэ? 
 
       -Бид өнгөрсөн есдүгээр сард багаа бүрдүүлсэн. Өмнө нь баг болж хамтарч үзээгүй хүмүүс учраас нэгэнтэйгээ ойлголцох бэлтгэлийг түлхүү хийсэн. Хамгаалалтад байрлалаа хэрхэн авах, холболт, довтолгоогоо яаж хийх тал дээр ярилцаж, бэлдэцгээсэн. 
 
 -Волейболын спортоор хичээллэх нь ямар сайн үр дүнд хүргэсэн бол? 
 
        -Биеийн бүх булчинг ажиллуулдаг спорт учир бие бялдар өв тэгш болж, уян хатан байдал нэмэгддэг. Сэтгэл зүйн хувьд ч тогтвортой болгодог. Бөмбөг агаарт байх цаг мөчид ямар шийдвэр гаргахаас багийн оноо хамаардаг учраас зөв шийдвэр гаргахын тулд сэтгэл зүйн эрүүл мэнд маш чухал. Сандарч, тэвдэж буруу шийдвэр гаргахгүйн тулд тамирчид сэтгэл зүйгээ тогтвортой байлгахыг хичээдэг. 
 
-Волейболын спортыг өөрийнхөө тодорхойлбол?
 
        -“Волейбол бол торон дээрх шатар” гэж нэг хүн хэлж байсан юм. Холбогчийн хувьд аль довтолгооны хувилбарыг сонговол бид оноо авч чадах вэ, гэдгийг анхаардаг. Бөмбөг агаар дээр байхад эсрэг багийн хамгаалалт болон довтлогчоо хардаг. Довтлогчийн бэлэн байгаа эсэхийг харж, мэдэрч байж дараагийн алхмаа шийддэг учир гүйлгээ ухаан шаардсан спорт.  
 
-Волейболын холбогч багтаа ямар үүрэгтэй байдаг вэ? 
 
         -Холбогч тухайн тоглолтын найруулагч нь байдаг. Багаа удирдаж, довтолгооны зөв хувилбарыг зохиодог. Багтаа оноо авах эсэх нь холбогчийн шийдвэр, төлөвлөгөөнөөс шалтгаалдаг. Тиймээс волейболын багт холбогч хамгийн чухал үүрэг хүлээдэг.  
 
-Танай багийг дэмжиж байгаа үзэгчдийн сэтгэл хөдлөл, дэмжлэг тоглолтод хэр нөлөө үзүүлдэг вэ. Тэдний алга ташилт дунд тоглоход ямар мэдрэмж авдаг вэ? 
 
  -Оноо авах үед биднийг дэмжиж, алга таших нь улам чанга сонсогддог. Тамирчин хүний сонсдог хамгийн гоё, эрч хүч өгсөн чимээ бол дэмжигчдийнх нь хоолой юм.  
 
-Мэргэжлийн тамирчин болж, байнга бэлтгэл сургуулилт хийх боломж танд гарч байна уу. Тамирчид зөвхөн бэлтгэлдээ анхаарч чадалгүй өөр ажил хийх тохиолдол их байдаг шүү дээ? 
 
       -Монгол Улсад дээд лигт оролцож байгаа тамирчдыг л мэргэжлийн тамирчин гэж буруугаар ойлгодог. Монголын нөхцөлд багийн хөгжил гэх мэт асуудлаас шалтгаалж тамирчин байхын хажуугаар ажил хийх шаардлага гардаг. Гэхдээ жил ирэх тусам багуудыг санхүүжүүлэх байгууллага олон болж байна. Тиймээс зарим тамирчин зөвхөн бэлтгэлдээ анхаарал хандуулж, мэргэжлийн тамирчин болох боломжтой болсон.  
 
-Энэхүү спортоор хичээллэж эхлэхдээ өөртөө тавьж байсан зорилго мөрөөдөлдөө хүрсэн үү. Дараагийн зорилго юу байгаа вэ?  
 
       -Миний зорилгын 50 хувь биелэсэн. Монгол Улсынхаа шигшээ багийн гишүүн болж, олон улсаас медаль хүртэхийг зорьж байгаа. 
 
 -Ярилцлага өгсөн танд баярлалаа. 
 
        -Баярлалаа. 

Лигийн шилдэг холбогч Г.ТӨРМАНДАХ: Волейболын холбогч тухайн тоглолтын найруулагч байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-12 16:17:16
    Цогзолдулам: Таа нартаа улам их амжилт хүрэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-29 10:27:59
    Uyanga: Uneheer mundag zaluu toglogch. Ulam ih amjilt husei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 20:45:21
    Аналист: Багаа сольсон нь зөв шийдвэр байсан. Өндөр холбогч монголд маш их хэрэгтэй. Амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 16:22:19
    Үнэнч дэмжигч: Хамгийн мундаг нь шүү❤️
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 14:21:14
    Лхамаа : Амжилт дэмждэг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 13:35:13
    Зочин : Мундаг хүү шүү, баяр хүргэе. Өндрөөс өндөр олон амжилтын эзэн болоорой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 12:34:50
    YUBO: Төрмандах сайн найруулж, маш сайн холбон тоглосон. Амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-13 12:11:07
    Тармандахын гэргий: Ханьдаа хайртай шүү
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188