• Өнөөдөр 2024-05-10

ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Б.БАТ-УУГАН: "Дасгалжуулагч" киноныхоо дүрийн бодит хүнтэй нь уулзаж, ярилцахыг хүссэн

2022-12-07,   1492

    Дасгалжуулагч уран сайхны кино нээлтээ хийсэн цагаасаа хойш үзэгчдээс эерэг үнэлгээ авсаар байгаа билээ. Бодит түүхээс сэдэвлэсэн тус уран бүтээлийн гол дүрийн хүүгийн дүрд тоглосон Б.Бат-Уугантай ярилцлаа. 

-“-Танд энэ өдрийн мэнд хүргэе.Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. "Дасгалжуулагч" кино ажилласан хэд дэх уран бүтээл вэ?
 
         -Сайн байна уу, намайг Батхүүгийн Бат-Ууган гэдэг. Монгол Улсын консерваторыг Үндэсний хөгжимчин мэргэжлээр төгссөн. Дасгалжуулагч кино миний ажилласан хоёр дахь кино. Өмнө нь Э.Ган-Очир найруулагчийн “Дурсаж яваарай” киноны гол дүр дээр ажиллаж байсан.
 
-Кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ? 
 
         -Анх найруулагч Э.Ган-Очир ах надтай холбогдож, “Дасгалжуулагч” киног хийх гэж байгаа талаараа хэлсэн. Надад Оргилын дүрийг санал болгож, киноныхоо зохиолын уншуулахаар өгсөн л дөө. Зохиол унших үед надад хөнгөн, гэгээлэг мэдрэмж төрсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн дүр дээр ажиллах учраас өөртөө бага зэрэг эргэлзсэн. “Дүрээ гаргаж чадах болов уу” гэх асуултыг өөрөөсөө удаан асуусан. 
 
-"Дасгалжуулагч" уран сайхны кино гадаад улсад амьдарч байх хугацаанд нь нээлтээ хийлээ. Ямар санагдаж байна? 
 
         -Дасгалжуулагч уран сайхны кино энэ оны арваннэгдүгээр  сарын 25-нд нээлтээ хийлээ. Киногоо нээхээс гурван сарын өмнө гадаад улсыг зорьсон. Киноны нээлтдээ оролцож, хайртай дотнын хүмүүсийн хамт  үзэж чадаагүй нь харамсалтай, их гунигтай байсан.  
 
-Киногоо үзэж амжсан уу. Өөрийгөө дэлгэцээр харахдаа юуг илүү анхаарч үздэг вэ? 
 
          -Тус кино нээлтээсээ өмнө Улаанбаатар кино фестивальд оролцож “Шилдэг кино зохиол” төрөлд  шалгарсан. Тэр үед нь киногоо хараахан үзэж чадаагүй.Дараа нь цахимаар нээлтдээ оролцон киногоо үзэгчийн хувиар анх удаа үзсэн. Өөрийнхөө ажилласан бүтээлийг үзэхэд хамгийн эхэнд алдаа мадаг нь л их тод харагддаг юм билээ. “Энэ хэгсийг ингэх байсан юм, тэр үгийг тийм байдалтай хэлчихгүй яав даа” гээд өөртөө их шүүмжлэлтэй хандсан. Харамссан ч нэгэнт оройтсон учраас дараагийн удаа илүү анхаарна гэж өөртөө амласан. 
 
-Анхны уран бүтээл болох “Дурсаж яваарай” киноныхоо талаар яривал?   
 
           -Анх Э.Ган-Очир найруулагч манай сургууль дээр ирж дүрийн сонгон шалгаруулалт зарлаж байлаа. Шалгаруулалтад санамсаргүй байдлаар оролцож, тэнцээд анх удаа кино багийн нэг хэсэг болж үзсэн.  Дүр дээр ажиллаж байгаагүй учраас мэдэхгүй, чадахгүй зүйл олон тохиолдсон ч кино багийн гишүүд  тусалж, намайг  дэмжиж, зоригжуулж байсан. Тийм учраас л хүнд хэцүү сорилтуудыг давж чадсан байх. “Дурсаж яваарай” киноны хувьд социализмын үеийн аж амьдрал, нийгмийг харуулсан нь надад илүү сонирхолтой санагдаж, яг л цаг хугацаагаар аялж байгаа мэт мэдрэмж өгсөн. Миний амьдралд их зүйл ойлгуулж, ойлгуулсан сургамжтай кино. 

- Дасгалжуулагч киноны гол дүрийн хүүгийн түүх бодит түүхээс сэдэвлэсэн юм билээ. Энэ талаар сонсоод хамгийн эхэнд юу бодогдов. Дүрээ гаргахаар хэр судалгаа хийж яаж ажилласан бэ? 
 
             -“Дасгалжуулагч” киноны гол дүрийн хүүгийн түүх бодит түүхээс сэдэвлэсэн нь их сонирхолтой санагдсан. Тухайн түүхийн эзнийг олж уулзаж, яриа өрнүүлэн суухыг ихэд хүссэн. Дүрийн судалгаа хийхдээ  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэл зүй, тулгардаг асуудлуудыг судалж, өөрийн биеэр очиж уулзлаж сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан. 
 
- Зураг авалтын хувьд хамгийн хэцүү зураг авалт нь ямар хэсгийн зураг авалт байсан бэ. Яагаад хэцүү санагдав? 
 
            -Оргил хүүгийн дүр бол хөгжлийн бэрхшээлтэй, хичээлдээ явдаггүй, найз нөхөдгүй, ганцаардмал дүр. Дүрийн өсөлт, тухайн дүрийн сэтгэл зүй, нөхцөл байдал, зан чанарыг гаргахын тулд хувьдаа ихээхэн судалгаа хийсэн. Бүх л зүйл дээр нягт няхуур хандахыг хичээсэн. Миний  гарч буй хэсэг бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байсан. Оргил хүү өдрийг хэрхэн өнгөрүүлдэг талаар өгүүлсэн хэсэг гардаг юм.Тэр хэсэг маш энгийн боловч их зүйл бодогдуулсан хүнд хэсэг.  
 
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн дүрийг бүтээхийн тулд таниас юу шаардсан бэ. Дүрийн судалгаа хийж байх үед эмзэглүүлсэн зүйл гарч ирсэн үү? 
 
           -Хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн дүр дээр ажиллахад надаас маш их мэдрэмж болон судалгаа шаардсан. Судалгаа хийх явцдаа гайхаж бас эмзэглэсэн. Амьдарч буй нийгэм нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэдээ ээлгүй хандаж байгааг өмнө нь анзаардаггүй байсан юм билээ. Зам,үйлчилгээний байгууллага, тээврийн хэрэгсэл гэх мэт наад захын зүйлээр явахад ч Маш хүндрэлтэй байдаг.Тэд ч бас бидэнтэй адилхан түүртэлгүй нийгмийн харилцаанд орох эрхтэй шүү дээ. Алдагдаад байгаа боломжийг нь гаргаж өгч, тэднийг ойлгодог байгаасай л гэж их хүссэн.  
 
-Тус кинонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх асуудал хөндсөн шүү дээ. Үзэгчдийг хэрхэн хүлээж аваасай гэж хүссэн бэ? 
 
             -Манай киног үзэгчид болон кино шүүмжлэгчид “Хэлбэрт нь биш агуулгад нь анхаарсан кино” гэж их сайшааж байна лээ. Үнэхээр л гял цал зүйлгүй хэдий ч тун энгийн мөртөө хүнд нэг тийм онцгой часхийсэн мэдрэмж өгдөг, далд утга ихтэй, их зүйл ойлгуулах уран бүтээл. Үзэгчид өнгөц үзээд өнгөрөх биш, тогтож ойлгож, бодож тунгааж үзээсэй гэж хүсэж байна. Хүн бусдын өмнөөс зовж, бусдын гунигийг мэдэрч, өөрөөсөө өөр хэн нэгнийг ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, илүү эерэг болоосой гэж хүсэж байна.  
 
-Дасгалжуулагч” уран сайхны киноны бусад уран бүтээлээс онцгойрох зүйл нь таны бодлоор юу вэ? 
 
            -Хүн хүний кино үзээд хүлээж авах өнцөг өөр .Гэхдээ манай кино үг үзсэн хүн болгоны сэтгэл зүрхэнд оч гийх нь лавтай. Тэр болгон дурдагдаад байдаггүй нийгэмд тулгамдсан асуудлыг барьж аван үүгээрээ олон шинэ санааг илэрхийлсэнээрээ онцлог. Бид эргэн тойрондоо байдаг өдөр тутмын энгийн жижигхэн зүйлсийн үнэ цэнийг заримдаа мэдэрдэггүй шүү дээ.Гэвч маш жижигхэн, энгийн зүйлд ч гэсэн аз жаргал оршиж байдаг гэдгийг та бүхэн манай киноноос харж болно.Манай уран бүтээлийг үзэх гээд зорин ирсэн үзэгч бүр шинэлэг, гэгээлэг сайхан мэдрэмж аваад гарна гэдэгт итгэлтэй байна 
 
-Гадаад улсад суралцаж байгаа юм билээ  ямар мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа вэ.Яагаад өөр оронд очиж суралцахаар болсон бэ? 
 
           -Би хилийн чанадад жүжигчин мэргэжлээр суралцахаар зэхэж, одоогоор хэлний бэлтгэлд суралцаж байна. Гадаад улсын соёл, түүх, урлагтай танилцан,суралцаж ур чадвараа дээшлүүлэн, басхүү хувь хүнийхээ хувьд ч бас өөрийгөө илүү хөгжүүлэхийг зорьсон. Эргээд эх орондоо очихоороо мэдсэн, сурсан бүхнээ түгээн дэлгэрүүлж, олон дүү нарынхаа “Дасгалжуулагч”нь байхыг хүсэж байна. 
 
- Үргэлжлүүлэн кино жүжигчин мэргэжлээр ажиллах бодол бий юу санал ирсэн үү. Цаашдын төлөвлөгөө юу байгаа вэ? 
 
             -Манайх гэр бүлээрэй урлагийн хүмүүс. Бүгдээрээ Монгол Улсын консерваторын үе үеийн төгсөгч нар. Тэр ч утгаараа ч би ухаан орсон цагаасаа л урлагтай их ойрхон өссөн. Багадаа аавыгаа дагаад л Үндэсний урлагийн их театрт бараг л амьдардаг байлаа. УДЭТ болон Үндэсний урлагийн их театр гэдэг хоёр Байгууллага нэгэн дээвэр дор байдаг тул бүжигчид болон жүжигчдийн бэлтгэл сургуулилтыг багаасаа л харж,үзэж өссөн дөө. Жүжигчдийн ур чадвар, бэлтгэл сургуулилт, уншлага зэрэг нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн. Мөн өндөр өвөө минь театрын найруулагч байсан. Тийм ч учраас цаанаасаа л кино, драмын жүжигчин гэдэг мэргэжил миний зүрх сэтгэлийг их татдаг байлаа. Ирээдүйд урлагийн тогоон дотроо хоёр мэргэжлээ хослуулан ажиллана. Одоогоор кино санал хараахан ирээгүй байгаа гэхдээ цаашдаа энэ мэргэжлээрээ ажиллана гэсэн зорилготой ирсэн. 
 
-Таныг бүх зүйлд бэлдэж, урамшуулдаг дасгалжуулагч хэн бэ?  
 
               -Хамгийн түрүүнд гэр бүл минь намайг маш сайтар ойлгож, дэмждэг. Бас эрдэм мэдлэгээ харамгүй хайрладаг багш нар минь өнөөдрийн намайг бий болгоход их тусалсан. Үргэлж ард минь байдаг найз охиндоо их баярлаж явдаг. Энэ олон сайхан дасгалжуулагч миний амьдралд байж, намайг дасгалжуулдаг учраас өдий зэрэгтэй явж байгаа. 

ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Б.БАТ-УУГАН: "Дасгалжуулагч" киноныхоо дүрийн бодит хүнтэй нь уулзаж, ярилцахыг хүссэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-13 17:53:50
    нямаа: mundag
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188