Монголын дуучид Фёдор Шаляпины нэрэмжит олон улсын уралдаанд оролцохоор сонгогдсон байна. Тодруулбал, Оросын Эзэн хааны үеэс дэлхийн дуурийн тайзнаа хаан хэмээн өргөмжлөгдөж байсан баргил хоолойт дуурийн дуучин Федор Шаляпины мэндэлсний түүхт 150 жилийн ойг энэ жил ОХУ даяар соёл, урлагийн салбарт өргөн тэмдэглэх юм.
Ойн арга хэмжээний хүрээнд Федор Шаляпины нэрэмжит Олон улсын дуурийн залуу дуулаачдын анхдугаар уралдааныг Санкт-Петербург хотноо зохион байгуулахаар болсон бөгөөд эхний сонгон шалгаруулалтад 18-36 насны нийт 213 дуучид сопрано, меццо-сопрано, мөн цээл, аргил болон баргил хоолойн ангилалд өрсөлдөж тун удахгуй аравдугаар сарын 14-18-ны хооронд хоёр үе шаттайгаар явагдах энэхүү уралдаанд оролцох эрхээ таван орны 36 дуучин аваад байна.
Ф.И.Шаляпины нэрэмжит энэхүү уралдааныг Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн соёлын санаачлагын сан, Санкт-Петербургийн Улсын театр, хөгжмийн урлагийн музей,Ф.И. Шаляпины нэрэмжит Хөгжмийн театр зэрэг Оросын соёлын томоохон байгууллагууд Санкт-Петербург хотын Соёлын хорооны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулах гэж байгаагаар онцлог болно. Уран бүтээлчид нэгдүгээрт шатанд 19-20-р зууны Орос болон гадаадын хөгжмийн зохиолчдын хоёр өөр ари, домогт дуулаачийн гэр харшид болох хоёрдугаар шатанд Вольфганг Амадей Моцартын ари, ардын дуу, 19-20-р зууны хөгжмийн зохиолчийн танхимын бүтээл гэсэн гурван бүтээлийг эгшиглүүлэх болзолтой юм.
Тэгвэл, уралдааны урдчилсан сонгон шалгаруулалтад Монгол Улсаас хорь гаруй уран бүтээлчид өөрсдийн урын сангаас бүтээлээ толилуулсан бөгөөд Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин МУСТА Бямбажавын Монголхүү, Монгол Улсын Цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин МУСТА Цэнд-Аюушийн Амарболд болон Төв аймгийн " Монгол Туургатан" театрын залуу дуучин Даваагийн Дарьсүрэн нар олон улсын шүүгчдийн саналаар Д.Д.Шостаковичийн нэрэмжит Санкт-Петербургийн Улсын Эрдмийн Филармонийн Их танхимд болох уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор шалгарчээ.
Энд сонирхуулахад, Оросын алдарт дуурийн дуучин Федор Шаляпин 1873 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Оросын Казаньд эртний гаралтай тариачны гэрт мэндэлжээ. Тэрээр бага наснаасаа эхлэн гуталчин, токарчин , бичээчийн туслахаар ажиллахын сацуу сүмийн найрал дуу дуулдаг байжээ. Тэрээр өсвөр залуу үеэсээ эхлэн дуурьд сонирхолтой нэгэн болсон бөгөөд 1896 оноос эхлэн Москвагийн хувийн хэвшлийн дуурийн театрт дуулж эхэлжээ. 1901 онд Италийн Ла скала театрт хийсэн тоглолт нь амжилттай болсон үеэс эхлэн тэрээр гадаадын орнуудад тайлан тоглолтоор их явдаг болжээ. Тэрээр Оросын нэрт зохиолч Максим Горькийгийн ойрын анд нөхөр байсан бөгөөд Октябрийн хувьсгал ялснаас хойш 1922 онд Франц руу яваад тэндээ амьдрахаар үлдсэн гэдэг.
МОНГОЛЫН ДУУЧИД ФЁДОР ШАЛЯПИНЫ НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН УРАЛДААНД ОРОЛЦОНО |
|