• Өнөөдөр 2025-02-25

Д.Гансаруул дэлхийн яруу найргийн "Struga poetry evenings" их наадамд оролцоно

2023-08-13,   707

                  Бүгд Найрамдах Хойд Македони улсын Струга хотноо энэ сарын 24-нд "Struga Poetry Evenings" 62 дахь удаагийн Олон улсын яруу найргийн их наадам эхэлнэ. Энэ удаагийн наадамд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Д.Гансаруул эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
 
             Наадмыг зохион байгуулагчид "Дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн том яруу найргийн наадмын нэг болох яруу найрагчдын энэхүү алдартай цугларалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Дайнтай хэцүү цаг үед хүн төрөлхтөн бид эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх учиртай. Тиймээс наадмыг зохион байгуулахад онцгой хүчин чармайлт гаргаж байна" гэж онцолжээ. 
 
          Мөн "Struga Poetry Evenings" дэлхийн яруу найргийн их наадамд Монголын яруу найрагчид жил бүр амжилттай оролцдог бөгөөд Г.Мэнд-Ооёо, А.Эрдэнэ-Очир, Дан.Нямаа, Ц.Буянзаяа, Д.Галсансүх, Г.Аюурзана нарын нэрт яруу найрагчид уг наадамд хүрэлцэн ирж оролцож байсныг дурдсан байна. Яруу найрагч Д.Гансаруул "Зүрхний нандин эмзэг уяа чамдаа” туурвилзүйн бүтээл (2007 он), “Саранд гандсан хөшиг” яруу найргийн түүвэр (2009 он. Монголын Зохиолчдын эвлэлийн Анхны номын уралдаанд шалгарсан ном), “Сарны тосгон” яруу найргийн түүвэр (2014 он), “Цоохор майлзын түүх” триллер, акмейст, детектив шүлгийн түүвэр (2017 он) тус тус хэвлүүлсэн. 2019 оноос эхэлж "Da.Gansaruul" хуудсаараа үргэлжилсэн үгийн бүтээлүүдээ уншигчдад цувралаар хүргэж байгаа билээ.
 
          Тэрбээр Монголын Зохиолчдын эвлэлийн шинэлэг, шилдэг бүтээлд олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг 2019 онд хүртсэний сацуу Монголын Урлагийн зөвлөлийн “2020-2021 оны Онцлох уран бүтээлчээр шалгарч байжээ. Мөн Японд төвтэй Азийн эрх чөлөө, ардчиллын төлөөх эв нэгдлийн зөвлөлөөс 2020 оны “Азийн хүний эрхийн шагнал”-ыг олгосон байна. 
 

Д.Гансаруул дэлхийн яруу найргийн "Struga poetry evenings" их наадамд оролцоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188