-Та монголчуудын анх оролцсон Токиогийн 1964 оны олимпын наадамд барилдсан. Анх удаа олимпод оролцоод наймдугаар байрт шалгарч байжээ. Тэр олимпын дурсамжаасаа ярьж өгөхгүй юу?
-Монгол Улс 1962 онд ОУОХ-ны гишүүн орон болж олимпын наадамд оролцох эрхтэй болсон юм. Тэгээд 1964 оны Токиогийн олимпод анх удаа оролцсон түүхтэй. Тэр үеийн хүмүүст олимпын тухай ямар ч ойлголт байгаагүй. Тухайн үед Монголд чөлөөт бөхийн спорт хөгжиж эхлээд удаагүй байсан үе. Харин 1963 онд Болгар Улсын Софи хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-д анх орсон юм билээ. Би тэр тэмцээнд ороогүй. 1964 оны Токиогийн олимпын сорилт тэмцээн хийж шалгарсан арван бөхийг Болгар, Ардчилсан Германд хамтарсан бэлтгэл, олон улсын тэмцээнд авч явсан юм.
Хамтарсан бэлтгэлээс бид их юм сурч, гадаадын бөхчүүдийн талаар бага зэрэг танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэлтэй болсон. Германд болсон олон улсын тэмцээнээс медаль авсан бөх олимпод явна гэсэн болзол тавьсан. Тус тэмцээний хамгийн хөнгөн 52 кг-ын жинд би, 57 кг-д Б.Сүхбаатар, 70 кг-д Д.Сэрээтэр бид гурав алтан медаль авсан юм. Ж.Мөнхбат аварга, жижиг Санжаа хоёр мөнгөн медаль хүртсэн. Ингээд бид хэд олимпод явах болзлоо бүрэн хангасан.
-Манай улс олимпод хэдэн төрлөөр оролцсон бэ. Японд онгоцоор очсон уу?
-Токиогийн олимпод манай улс чөлөөт бөх, дугуй, хөнгөн атлетик, гимнастикийн төрлөөр оролцсон. Биднийг олимпод явахын өмнө Ю.Цэдэнбал дарга хүлээн авч уулзаж, үүрэг даалгавар өгсөн. “Та нар Японд очиж олимпын наадамд оролцох гэж байна. Сахилга бат, дэг журамтай явах хэрэгтэй. Улс, эх орныхоо нэр хүндийг хамгаалж яваарай. Япон манай улсын заналт дайсан” гэсэн маягийн юм ярьлаа.
Бид Буянт-Ухаагаас онгоцоор нисэж ОХУ-ын Хабаровск хотод буусан. Тэндээс вагонд суугаад Владивосток хот хүрээд Находка боомтоос усан онгоцонд суугаад далайгаар хоёр өдөр, нэг шөнө явж Япон Улсад хүрсэн. Бидэнд үнэхээр сонин сайхан мэдрэмж төрсөн. Хорвоо дэлхий гэж ямар сонин, хачин юм байдаг бэ гэдгийг онгоц, галт тэрэг, усан онгоцоор явж мэдэрсэн. Биднийг НАХЯ-ны төлөөлөгч хүн дагаж явсан. Мөн Япон хэлтэй орчуулагч бас байлаа. Бараг л тамирчдаасаа илүү олон албаны хүмүүс явж билээ. Японы эрэгт биднийг буухад монгол хэлтэй япончууд угтаж авдаг юм байна. Тэдний ахмад хүмүүс нь харин дайны үед Япон руу гарсан, тэнд их дээд сургуульд монгол хэлний багш хийдэг Өвөр Монголчууд байв.
Олимпын тосгоны талаар ямар ч ойлголтгүй явсан биднийг харуул хамгаалалтай 10 га том хашаатай “Олимпын хотхон”-д аваачлаа. Олимп эхэлтэл бид тэнд 10 гаруй хоног байрласан. Тэнд Ази, Европ гээд орон, орны амтат хоол элбэг. Байр болгоны гадна унадаг дугуй байна. Тэр дугуйг унаад дуртай газар руугаа явж болно. АНУ, Орос, Турк, Иран зэрэг 30 гаруй орны шилдэг бөхчүүд цугларсан байлаа. За тэгээд олимпын наадам эхэлсэн. Товчхон хэлэхэд бид анх удаа олимпод оролцож байгаа гэхэд боломжийн амжилт гаргасан.
Мөөеэ аварга гурав ялж долдугаар байрт, би Герман, Цейлоны бөхийг хожиж, хоёр ялж, нэг хийлж, хоёр ялагдаад наймдугаар байрт орсон. Гуравдугаар тойрогт ЗХУ-ын бөх дэлхийн гурван удаагийн аварга Али Алиев гэдэг мундаг бөхтэй таарч оноогоор ялагдсан. Дараа нь Туркийн бөх дэлхийн хошой аварга Янил Мазад цэвэр ялагдсан. Манай албаны хүмүүс, гадаадын тамирчид дасгалжуулагчид биднийг анх удаа олимпод оролцож байгаа гэхэд үнэхээр сайн байна гэж магтсан. Тэр талаарч японы хэвлэл сонинд бичсэн байлаа. Тийм л маягтай анхны олимпод оролцсон түүхтэй.
-1968 онд Мексикийн Мехикогийн олимпоос та монголын тамирчдын олимпын анхны хүрэл медалийг хүртсэн. Хоёр дахь олимподоо орсон та бүхэн нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан гэдэг үнэхээр гайхамшигтай амжилт шүү. Мексиктэй ойролцоо уур амьсгалтай өндөрлөг газар Завхан аймагт бэлтгэл хийсэн нь амжилтад нөлөөлсөн гэдэг байх аа?
- “Токио-1964” олимпын дараа бид 1965, 1966 оны ДАШТ-д оролцсон. 1967 оны ДАШТ Энэтхэгт болсон юм. Тэр ДАШТ-ээс Ж.Мөнхбат аварга Монголын чөлөөт бөхийн тамирчдын дэлхийн аваргын анхны хүрэл медалийг хүртсэн. Ингэж Монголын чөлөөт бөхийн түүхийг эхлүүлсэн хамгийн анхны том амжилт тэр байлаа. Харамсалтай нь би ДАШТ-ий өмнөх бэлтгэл дээрээ эгмээ хугалаад орж чадаагүй. Жаахан азгүй юм болсон.
Тэр ДАШТ-ий дараа Намын төв хорооноос удирдамж, чиглэл өгөв. Түүнд “Та нар ДАШТ-ээс медаль хүртэж байгаа юм чинь одоо олимпоос медаль авна шүү. Та нарт боломж байна” гэсэн. 1968 оны олимпын бэлтгэлд гарахын өмнө ЗХУ-аас шинэ мэргэжилтэн И. В. Лосик багшийг авсан. Тэр хүн өөрөө хөнгөн жинд барилдаж явсан ДАШТ-ий медальтай бөх байлаа. Тийм болохоор ЗХУ-ын шигшээ багийн тамирчдын хийдэг бэлтгэл, сургуулилалтаар биднийг бэлдсэн. Бидэнд тэр багш хэвтээ барилдааны арга техникийг маш сайн зааж сургасан.
Олимп болох Мехсик Улс далай түвшинээс дээш 2500 м-ийн өндөрлөгт оршдог. Тийм болохоор олимпын бэлтгэлийг Отгонтэнгэрийн амралтад 40 хоног хийсэн. Бид Завхан руу 1968 оны наадмын дараа явсан болохоор зуны нимгэн хувцастай, ганган залуучууд хотоос гарлаа. Завханд очоод нэг хоноод цааш явав. Тэгсэн нүүр, нүдгүй цасан шамраг тавьчихдаг байгаа. Ачааны машинд дэвжээгээ ачаад гарсан хүмүүс ёстой нэг барьц алдсан. Хамаг л зузаан гэсэн хувцсаа цүнхнээсээ гаргаж өмссөн.
Отгонтэнгэрийн амралтад очсон чинь баруун аймгийн настангууд ирчихсэн байв. Тэд үстэй дээлтэй байсан. Ийм битүү цастай, хүйтэн газар гадаа дэвжээгээ засаад яаж бэлтгэл хийж болох юм гээд бид үнэхээр сэтгэл, санаагаар унасан. Тэгсэн долоо хоногийн дараа тэнгэр цэлмээд нар гарч цас хайлсан чинь хачин сайхан ногоон өвс, ургамал цухуйж гараад ирдэг байгаа. Бид эхний хоногуудад дасан зохицохгүй, нойр хүрдэггүй ээ. Хамраас цус гарах, зүрхний ачаалал ихсэх, ядрах зэрэг сөрөг зүйл гарав. Гэхдээ бид долоо хоногоос хойш дасан зохицож бэлтгэлээ амжилттай хийж чадсан.
-Таныг Мехикогийн олимпод 52 кг-д явуулахыг шийдээгүй байсан юм уу?
-Би олимпод 57 кг-д барилдах бодолтой байв. Тийм болохоор жингээ нэлээд нэмчихсэн 64, 65 кг хүрчихсэн байсан юм. Гэтэл 12-13 кг хасаж 52 кг-д орно гэдэг амаргүй хүнд, бэрхшээлтэй асуудал байсан л даа. Жижиг биетэй туранхай хүмүүст арван килограмм хасна гэдэг хэцүү. Өөх ихтэй, тарган бүдүүн хүмүүсийн жин амархан хасагдана. Тэгээд би жин хасахгүй гэдгээ багш нарт хэллээ. Дон Колов, Тбилисийн олон улсын тэмцээнд би 57 кг-д барилдаж хүрэл медаль хүртчихсэн байсан болохоор энэ жиндээ барилдах сонирхолтой байлаа.
Зөвлөлтийн мэргэжилтэн, манай гурван багш “За чамаас ганц юм гуйх хүсэлт байна. 52 кг-д барилдвал чамд медаль хүртэх боломж байгаа. Бид судалгаа хийж үзсэн. Чи Монгол Улсдаа хайртай хүн бол ганцхан удаа эх орныхоо төлөө жингээ хас” гэв. Би “ Энэ олон килограммыг хасаж чадахгүй байхаа” гэж хэллээ. Тэгсэн тал талаасаа соён гэгээрүүлэх янз бүрийн зүйл ярьж байна аа. Хэрэв чи жингээ хасаж чадахгүй бол чиний оронд өөр хүнийг барилдуулна гэв. Тэд цаг гаруй намайг ятгаж байж, за гэж зөвшөөрүүлж чадсан.
-Мехикогийн 1968 оны олимпод тантай цуг 52 кг-д С.Сүрэнжав гуай явсан байдаг байх аа?
-Намайг жингээ хасаж чадахгүй бол С.Сүрэнжавыг оруулна гэж нөөц тамирчнаар авч явсан. Мехсикт очоод жингээ хассаар байгаад 52 кг болгож чадсан. Олимпын дэвжээнд долоон тойрог барилдаан хийсэн. Эхний хоёр тойрогт оноогоор ялсан. Гуравдугаар тойрогт Туркийн бөх олимпын шагналт байртай, Европ тивийн хошой аварга Эсенчелитэй таарч түүнийг цэвэр ялчихлаа. Тэр үед гадаадын бөхчүүд монголчуудыг хэвтүүлээд авчихвал амархан ялж болно. Харин босоогоос тэднийг унагана гэдэг амаргүй гэж ярьдаг байж билээ.
Бид ЗХУ-ын мэргэжилтэн багшийн ачаар хэвтээ барилдаанд үнэхээр сайжирч чадсан. Би Туркийн бөхийг хэвтээгээс сармай татах мэхээр цэвэр дарсан юм. Тэр ялалт надад медаль хүртэж боломж байна гэсэн итгэлийг төрүүлсэн. Гэтэл дөрөвдүгээр тойрогт Италийн бөх Грасситай таарлаа. Тэр өмнөх олимпын дөрөвдүгээр байрын шагналтай бөх. Тэр үед таван минут барилдаад нэг минут амраад дахиад таван минут барилддаг. Нийт 10 минут барилддаг дүрэмтэй байсан юм.
Жин хассан хүнд арван минут гэдэг маш урт хугацаа дуусаж өгөхгүй их хүнд. Би эхний гурван минутад Италийн бөхөөс гурван оноод аваад тэргүүлж явлаа. Үүнийг ялах нь ойлгомжтой юм байна гэсэн бодол төрсөн. Хөлд ороод толгой уургалах үед нь би түүний гараас нь татсан юм. Тэгсэн чинь нөгөөх чинь заль гаргаж, худлаа орхилоод гараа бариад хэвтээд өгчихлөө. Эмч ирээд нөгөөхийг чинь үзээд сүүд болов. Шүүгч нар зөвлөлдөж яриад сарвуунаас гадагш нь нугалж татсан. Хориотой мэх хийсэн гээд намайг ялагдуулж Италийн бөхөд цэвэр ялалтыг заачихдаг байгаа.
Би дэвжээн дээр уйлаад суучихлаа. Түүнд нэг ч оноо алдаагүй яваа хүн яалаа гэж түүний хурууг нугалж дархав. Дүрэмд тэр хориотой мэх ч биш. Хэрэв намайг сарвууг дарсан гэж байгаа бол сануулж болно. Торгоод барилдуулах ёстой байхгүй. Багш, дасгалжуулагч нар очиж шүүгч нарт зарга мэдүүлсэн чинь түүнийг нь огтхонч тоогоогүй. Харин танайхыг харж үзсэн шүү. Танай бөхөд ялагдал өгч дараагийн тойрогт барилдуулах эрх өгсөн. Хэл ам гаргаад байвал багаар чинь хасна шүү гэж сүрдүүлээд өнгөрсөн. Багш нар багаараа хасагдчихгүй тулд чимээгүй болсон. Тэгээд би олимпын дэвжээнээс хөөгдөөд буусан даа.
-Тэгэж сэтгэл, санаагаар унасан байж дараагийн тойрогт яаж амжилттай барилдаж чадсан юм бэ?
-Сэтгэл санаагаар навс унасан. Юун олимпоос медаль хүртэх бодол. Хамаг юм орвонгоороо эргэх шиг болов. Тэр үед ялалт бүрт оноо өгдөг дүрэмтэй байсан юм. Би эхний гурван тойрогт ялаад шагналын зургаан оноотой явсан. Италийн бөхөд луйвардуулж цэвэр ялагдал хүлээгээд зургаан оноосоо хасуулж, шагналын ганцхан оноотой болчихлоо. Тухайн үед дүрэм их сонин байсан.
1970 онд Д.Сэрээтэр оноогоор зургаа ялж, нэг ч хожигдоогүй байж шагналын оноо дутуу гэдэг дүрмийн заалтаар хасагдаж зургадугаар байрт шалгарч байсан түүх бий. За тэгээд л би шагналын ганцхан оноотой үлдсэн болохоор сэтгэл дундуур байлаа. Багш нар намайг сэтгэл санаагаар дэмжиж байнаа хөөрхий. “Чи гол өрсөлдөгчөө цэвэр ялж чадсан шүү дээ. Дараагийн тойрогт заавал цэвэр ялалт ав. Хөлд нь ороод хэвтээгээс цэвэр ялал” гэж захив.
Тэгээд дараагийн тойрогт Европын аваргын хүрэл медальтай Унгарын бөхийг цэвэр яллаа. Аз болж түүний дараагийн тойрогт барилдалгүй хийлж ялалт авсан. Тэгээд Баруун Германы Неффтэй барилдав. Неффийг цэвэр ялах юм бол шууд медаль дээр буух боломжтой байв. Оноогоор ялах юм бол надад ямар ч ашиггүй би хасагдах аюулд орно. Тэр үеийн бид хоёрын барилдааны бичлэгтэй баримтат кино одоо байдаг юм. Би түүнээс оноо авч хамгийн сүүлд хөлд нь орж цэвэр шидсэн. Тэр босож чадахгүй болж билээ. Нуруу нь гэмтсэн. Эмч нар ирж сугадаад дэвжээнээс буулгаж билээ.
Тэгэж л би медалийн болзол хангаж, дэвжээнээс буугаад бие халаалтын заал руу доош орсон. Д.Сэрээтэр, Т.Артаг, Ж.Мөнхбат гурав медалийн төлөө барилдах гээд байж байсан. Тэр гурав намайг барилдахын өмнө “Чи ялж медалийн болзол хангаж, салхи хагалчих юм бол бид гурав медаль авна шүү” гэж хэлж байсан юм. Намайг хараад нөгөө гурав чинь бөөн баяр болсон. Тэвэрч аваад баяр хүргэсэн. Тэр үед Ж.Мөнхбат аварга АНУ-ын бөхийг ялах юм бол мөнгөн медаль, ялагдвал медальгүй үлдэх эгзэгтэй байдалтай байв. Мөөеө намайг тэвэрч баяр хүргээд “За би, энэ муу Америкийг дэлгээд өгнө өө” гээд гараад явсан. Тэгээд Ж.Мөнхбат аварга, Д.Сэрээтэр, Т.Артаг нар гурвуулаа ялж олимпын медальтан болсон доо. Ингэж анх удаа бид дөрөв олимпын медальтан болсон юм.
-Олимпоос таныг медаль хүртээд ирэхэд танд Монгол Улсын гавьяат тамирчин болгоогүй байдаг. Т. Артаг агсан та хоёрыг 4000 төгрөгөөр шагнасан гэл үү?
-Мехикогийн олимпын өмнө Д.Сэрээтэр, Ж.Мөнхбат хоёр гавьяат тамирчин болсон байсан. Энэ шагнал нь тэр хоёрт маш том урам, сэтгэл зүйн хүч болсон байх. Мөөеөг ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн гэж Д.Сэрээтэрийг Тбилис, Дон Коловын олон улсын тэмцээнд түрүүлсэн гэж гавьяат тамирчин болгосон юм. Т.Артаг бид хоёр олимпоос хүрэл медаль хүртсэн ижил амжилт гаргасан. Тэр үед гавьяат тамирчин болно гэдэг тамирчдын ганц мөрөөдөл байлаа. Тэгсэн бид хоёрыг 3000 төгрөг, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнасан. Тэгээд л болоо. Өөр зүйл байхгүй.
Тэр үед одоогийнх шиг орон сууц, машин тэрэг өгөх шагнал гэж байсан биш. Тэрнээс хойш сэтгэл санаа, амжилтын хувьд зогсонг байдалд орчихсон. Дахиад жин хасаж олимпод орно гэхээр дийлэхгүй. Дээшээ барилдана гэхээр дээд жиндээ дасахад тодорхой хугацаа орно. Тэрнээс болж сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон шүү. Харин олимпод тавдугаар байрт шалгарсан Ө.Эрдэнэ-Очирыг гавьяат тамирчин цол тэмдэгээр шагнасан юм. Хүнд жинд их сайн барилдсан. Жиндээ орохын тулд олон литр ус ууссан гэдэг утгаар нь шагнасан юм билээ.
Олимпын тавдугаар байрт шалгарсан хүнийг гавьяат тамирчин болгоно гэдэг зөв зүйтэй асуудал гэж бид үзсэн. Тамирчин хүний хөдөлмөрийг үнэлж байгаа болохоор бид барьцаагүй. Тэр хүн чинь үнэхээрийн сайн барилдаж байж тавдугаар байрт шалгарч байгаа шүү дээ. Багтаа шагналын оноо авчирсан. Манай баг 19.5 оноогоор олимпод дөрөвдүгээр байрт шалгарсан түүхэн амжилт гаргасан юм.
-Та тэгээд хэзээ гавьяат тамирчин болсон юм бэ?
-1970 онд миний гар гэмтээж шөрмөс тасарсан. Хуруу тэнийхээ больсон. Одоо хүртэл яг хэвээрэй. Хагалгаанд 2-3 удаа орж байлаа. Түүнээс хойш юун барилдах манатай болсон доо. Тэгээд 26 настайдаа “Алдар” нийгэмлэгт дасгалжуулагчийн ажилд шилжсэн. 1971 онд “Алдар” спорт хороо намайг МУГТ тодорхойлсон. Тэгж л гавьяат тамирчин болсон юм. Харин Т.Артаг маань 1990 онд ардчиллын буянгаар гавьяат тамирчин болсон.
-Та багадаа хэр ноцолдог хүүхэд байв даа?
-Би Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн. Эцэг, эхээс наймуулаа. Дандаа банди нар голдуу хүүхдүүд л дээ. Тэр үеийн хөдөөний хүүхдүүд зав гарвал ноцолдоно. Би өөрийнхөө төрсөн ахтайгаа нэг ангид сурдаг байв. Манай ах надаас илүү сайн барилдана. Уян хатан биетэй. Унаа холтой хүүхэд байсан. Зургадугаар ангид байхад ах сургуулийн тэмцээнд барилдаж түрүүлж, би шөвгийн дөрөвт үлдээд унаж байлаа.
Хөдөөний дээлтэйгээ хүүхдүүд сургуулийнхаа гадна их барилдана. Барилдаж ноцолдоод дээлийн энгэр заамаа урчихна. Тэр үед уранхай дээлтэй, сахилгагүй хүүхдүүдийг багш нар дагуулаад анги хэсүүлж, жигшүүлж, шийтгэдэг байлаа. Тэгсэн ч хаширахгүй дахиад барилдаж, ноцолдоод дээл, хувцасаа урчихна. Сургууль амрахаар сумын төвийн хүүхдүүд гол төлөв манай гадаа өнжинө. Өдөржин барилдаж, адуу малтай ноцолдоно.
Тэр үед ах, бид хоёр их сахилгагүй дэггүй байсан. Дэрсэнд нуугдаж байгаад айлуудын үхэр, бярууг сүүлдэж чирэгдэж үйл тамыг нь үзнэ. Авгайчууд ээж, эмээ хоёрт хов хүргэнэ. Гэсэн ч бас л хаширахгүй. Сахилгагүй гэдэг данстай хүүхдүүд байлаа. Ер нь хөдөөний хүүхдүүдийг амьдрал ахуй орчин нь бөх болох суурь болдог. Адуу, малтай ноцолдож өссөн хүүхдэд бяр тэнхээнээс гадна мэдрэмж их сайн суудаг. Ааштай, догшин адуунд өшиглуулж, тийрүүлэхгүй харьцах сурах, эмнэг морийг уургалах, бугуйлдах, чихдэж байгаад хазаарлаж мордоод, булигуулж сургана. Морины дэлийг засах, хөөвөрлөх, унага татах, айраг бүлэх зэрэг нь бүгд спортын дасгал хөдөлгөөн байгаа юм.
Үргэлжлэл бий...
Ч.ДАМДИНШАРАВ: Багш нар З.Ойдовын мэх техник, арга барилаас заах юм бол олимп, дэлхийн аваргууд төрнө |
|
2025-07-12 16:05:42
2025-07-12 16:01:37
2025-07-12 15:50:55
2025-07-12 15:06:54
2025-07-12 14:43:23
2025-07-12 14:41:22
2025-07-12 14:16:13
2025-07-12 14:14:38
2025-07-12 13:12:09
2025-07-12 11:43:39
2025-07-12 11:37:52
2025-07-12 11:22:56
2025-07-12 10:08:52
2025-07-12 09:47:33
2025-07-12 09:27:52
2025-07-12 09:17:28
2025-07-12 08:42:27
2025-07-12 07:00:00
2025-07-12 07:00:00
2025-07-12 07:00:00
2025-07-12 07:00:00
2025-07-12 07:00:00
2025-07-12 07:00:00
2025-07-12 06:00:00
2025-07-12 06:00:00
2025-07-11 18:24:21
2025-07-11 17:35:10
2025-07-11 17:06:28
2025-07-11 16:42:38
2025-07-11 15:36:59
2025-07-11 14:49:07
2025-07-11 14:39:59
2025-07-11 14:10:49
2025-07-11 14:07:09
2025-07-11 13:45:12
2025-07-11 13:20:02
2025-07-11 12:29:43
2025-07-11 12:10:28
2025-07-11 12:00:00
2025-07-11 11:53:59
2025-07-11 10:48:20
2025-07-11 09:22:24
2025-07-11 08:57:03
2025-07-11 08:04:28
2025-07-11 07:00:00
2025-07-11 07:00:00
2025-07-11 07:00:00
2025-07-11 07:00:00
2025-07-11 07:00:00
2025-07-11 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |