Дүүгүүр хээр тэнгэрт уралдахаар давхилаа. Дүүлж байгаад, наадамчдын дэнжийг дүүргэж байгаад эргэлээ. Ламын гэгээний 380 жилийн ойн хангайн бүсийн уралдаанд ийм нэг Хонгор нутгийн гоо биетэй, хараа булаам хурдан ажнай байдгийг түмнээрээ мэдсэн. Түүнээс хойш наадам наадмын зурхайгаас эрэн бэдэрч, тоос татуулан торгон жолоо өргөхөд нь уухайлан баясаж, ийм сайхан хээрийн салхиар ханатал илбүүлсэн сэн. Тийм л тэнгэрлэг хүлэг бидний дунд байлаа, эрчлэн давхиж, дүүлэн байлаа.
Алдарт уяач С.Энхтөр “Миний төрж өссөн, өнөөдрийг хүртэл ажиллаж, амьдарч буй Баянхонгор аймгийн Баацагаан сумаас монгол төрийн наадамд анх удаа морь айрагдаж байгаа нь миний дүүгүүр хээр” гэж одоогоос гурван жилийн өмнө ярьж, эгэл нэгэн уяач догдлол дүүрэн зогсож байсан. Тэндээс л үзэгчид “Нээрээ ч тийм дээ”, “Мөн ч сайхан хээр үрээ юм” гэж моринд хорхойтой, морь сонирхогч хэн бүхэн шагшин магтаж, дүүгүүр хээрийг үзэх гэж л сүүлийн гурван жилийн баяр наадмыг зорьж, зурагтныхаа өмнө хүлээн сууж, хамтдаа салхи татуулан давхиж, дүүгүүр хээртэй баяр наадмын жилүүд байлаа.

Дүүгүүр хээр морь Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг Бөөн цагаан нуурын хөвөөнд Монгол Улсын Алдарт уяач С.Энхтөрийн адуун сүрэгт эхээс төрсөн. Хээр морины эцэг дэгдээхэй хээр азарга эцэг нь Сүхбаатар аймгаас эхийнхээ гэдсэнд ирж Баацагаан суманд төрсөн, эх нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын унаган адуу байна. 2012 онд даагандаа орон нутгийн наадамд тав түрүүлээд шүдлэн үрээ аймагтаа аман хүзүүдсэн, Хязаалан үрээ Ламын гэгээний даншигт түрүүлээд, Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг Хөгнө хан уулын өвөрт очиж тоосоо өргөн, тод манлай уяач Д.Хишигжаргалын цолны мялаалгад мөн түрүүлжээ.
Азарган соёолон аймагтаа аман хүзүүдэж Богд сумын ойд мөн аман хүзүүдээд, Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд өнгөнд гарч ирээд хөл суларсны улмаас ахиж уягдаагүй. Дэгдээхэйг 2015 оны хавар Сүхбаатар аймгийн Халзан сумын Очир багшийн хээр азарганы төл хонгор гүүг Баяндэлгэр сумын Б.Цэрэнбалтав прокурорын оруулж ирсэн Англи халтар азарганд хураалгаж гарсан байна. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Жанцангийн Дорждэрэмийн унаган хул байдас авч хураалгаад хойтон хавар нь дүүгүүр хээр хүлэг гарсан гэдэг. Дүүгүүр хээр хул гүү, хээр азарга хоёрын гал үр нь байна.
Ингээд дүүгүүр хээр Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн дөрөвт хурдалж, 2021 онд Ховд аймаг, баруун бүсийн уралдаанд түрүүлж, олон ястны өлгийд оломгүй хурднаа гайхуулсан. Дараа жил нь ч ялгаагүй ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадамд торгон жолоо өргөсөн. Мөн тэр жилээ Хан хэнтийд ч хамгийг гайхуулж, соотон хоёр чихээ сортолзуулан үеийн олон нөхдөөсөө хол тасархай түрүүлсэн. Барааны холд орхиж, анирхан талдаа ганцаараа цойлсон ажнай. Барианы зурхайд ирэхэд багшралдан шагшиж, уухайлан орилж байхад тун даруугаар толгойгоо ергөөд дөлгөөхөн нүдээ анивчиж зогссон босоо хүлэг.
Түрүү жилийн Хэнтийн баяр наадамд түрүүлэн ирэхэд С.Энхтөр уяач унаач хүүхдээ үнсээд, түрүүлэн ирсэн дүүгүүр хээрдээ малгайгаа аван мөргөж байсныг нь харсан наадамчид “Мөн ч хурдан буян юм даа” гэцгээж байсан. Тийм л хүлэг байв. Гэсэн ч энэ жилийн баяр наадамд дүүгүүр хээрийг уралдуулсангүй, сэрвээний өндөр нь хүрэхгүй нь гээд сэтгэлгүй нөхөд хасаад орхисон. Тэр наадамдаа ирчихээд л буцсан. Дахиад тоосоо өргөх, түмнээ цэнгүүлэх байсан ч тэгсгээд эргэсэн. Харин хамгийн сүүлийн уралдаандаа буюу Хэнтийн баяр наадамд айргийн гуравт хурдалсан. Хан хэнтийн зүлэгт ногоон тал түүний тоосоо өргөх сүүлийн тал байлаа. Одоо харин байхгүй. Илүү олон уралдаанд хурдаа сойхоор хол замд гарчихсан. Уясан эзнээ уйлуулаад, уйлуулж өндөлзүүлсэн түмнээ гунигтайхан үлдээгээд давхисан.
Тэнгэрийн хүлэг тэнгэртээ заларч, эндэхээс цэлгэр талд давхихаар явсан. Эзэн нь түүнд үгээ хэлж, эргэн төрөхийг ч гуйхдаа,
“Энгүй хурдан буян чи минь
Энэхэн насанд минь надад л заяасан
Хүүхэд насны минь хүслийг биелүүлж, төр түмний баяр наадам, түүхэн ойд түрүүлж, Монголын морины их олимп хурдад түрүүлж, их түүхийг бүтээж, Монголын ард түмний хайртай хүлэг болсон, их түүхийг үргэлжлүүлэхээр төр түмнийхээ их баяр наадамд зорин ирсэн ч хариуцлагагүй нөхдийн буруугаас төрийн их наадамдаа мордолгүй буцсан. Хааны өндөр довонд, төрийн зарлигт наадамд мордож, үнэнхүү хурдан гэдгээ харууллаа.
Адуу адууны сор нь байсаан чи
Агуу түүхийг бүтээж чадсаан чи
Ирсэн шигээ буцдаг хорвоод явах өдрөө хүртэл олж, шинийн 15-ныг сонгожээ, чи
Эх нутагтаа эргэн төрөөрэй
Энэ насанд минь дахин заяагаарай” гэж нулимстай бичээд үдсэн. Дүүгүүр хээр гэж ийм л нэг борооны үүл шиг богинохон үзэгдсэн хурдан хүлэг бидний дунд байлаа. Түүнд зориулан бичсэн дууны шүлэгт
“Эрэмгий шонхорын нүд нь давхил дундаа цавчилгүй
Их л алсын барааг хараачлан цойлж хөтөллөө
Эрчит дөрвөн туурайгаар хөрст газраа адислан
Эвхэрч нумарсан давхил нь сэтгэлийн галыг бадраав аа...” гэж тодотгосон байна. Үнэхээр ч эвхэрч нумарсан давхил нь сэтгэлийг галыг бадрааж, морьд хайртай хэн бүхний хайрыг татсан хүлэг байлаа, дүүгүүр хээр.
| ТӨРИЙН ТҮМЭН ЭХ ДҮҮГҮҮР ХЭЭР |
|
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
2026-06-29 18:00:00
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
2026-06-29 17:09:05
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам ирэх сарын 23-25-нд болно
2026-06-29 16:45:03
“Амвэй” компани шинэ оффисоо нээж, бизнес эрхлэгчдийг дэмжих замаар Монголын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна
2026-06-29 12:46:23
Ц.БОЛОРМАА: 2017 ОНООС ХОЙШ ТӨРӨЛТ БАЙНГЫН БУУРАЛТТАЙ БАЙНА
2026-06-29 12:26:05
А.СОЛОНГО: ОРОН НУТАГТ АХМАД НАСТАН, ХҮҮХДҮҮД ҮЛДЭЖ, ЗАЛУУЧУУД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛААНБААТАР РУУ НҮҮЖ БАЙНА
2026-06-29 11:42:18
“Улаанбаатар ММС Энержи” баг “FIBA 3x3 Grand slam” тэмцээнд 2-р байрт орлоо
2026-06-29 07:46:49
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-06-29 07:08:19
АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ
2026-06-29 07:00:18
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, “ХОВД”-ЫН Г.НЯМДАВААГИЙН БЭР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН 20 ХУВИЙГ АТГАЖ БАЙНА
2026-06-29 07:00:00
ЖҮДОЧИД “ЧИНДАОГИЙН ГРАН ПРИ”-Д ЧАМЛАЛТТАЙ БАРИЛДЛАА
2026-06-29 07:00:00
ТАНИЛЦ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТЭТГЭЛГИЙН БОЛОМЖУУД
2026-06-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |