• Өнөөдөр 2025-02-05

БАЯРЛАЛАА, БАЯРТАЙ “ТОКИО-2020”

2021-08-09,   675

-Тэмцэж, тэвчиж, бууж өгөлгүй олимпын мөрөөдлөө биелүүлсэн 206 орны 11 мянга гаруй тамирчин-

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпын наадмыг Япон Улсын нийслэл Токио хотод долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулав.

          Долдугаар сарын 23. Японы Улсын нийслэл Токио хотын Шинжүкү тойрогт олимпын наадамд зориулан Японы архитектурч Кенгү Кумагийн загварыг ашиглаж, 1.5 тэрбум ам.доллароор бүтээсэн 70 мянга гаруй хүний багтаамжтай Олимпын цэнгэлдэхэд ээлжит зуны олимпын нээлтийн ёслол эхэлсэн юм. Нээлтийн ёслолд урилгаар 950 хүндэт зочин, 206 орны 11 мянга гаруй тамирчин оролцов.

          “Токио-2020” олимпын наадмын нээлтийн ёслолд Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах үг хэлэхдээ “Цар тахал биднийг нэгнээсээ зайгаа барьж, хайртай хүмүүсээсээ ч холдоход хүргэсэн. “Ковид-19” халдварын үе бидний урьд өмнө нь харж байгаагүй гүн харанхуй хонгилыг бүтээсэн юм. Гэхдээ өнөөдөр дэлхийд бага ч болов инээмсэглэл өгч, гэрэл гэгээ цацруулах энэ мөчийг хуваалцахаар 206 үндэстэн нэг дор цугларчээ. Цар тахлын энэ хүнд үед маш олон саад бэрхшээлийг даван туулж, энд ирсэн олон улсын тамирчдадаа баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхэн тэмцэж, тэвчиж, хэзээ ч бууж өгөлгүй өнөөдөр энд өөр өөрсдийн, өөр үндэстний олимпын мөрөөдлийг биелүүлж байна. Мөн цар тахлын эсрэг тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч нартаа баярлалаа” хэмээсэн юм. Үүний дараа Япон Улсын шигшээ багийг тэргүүлж, эмч, сувилагч нар Японы тугийг барин цэнгэлдэхийн төвд гарч ирснээр олимпод оролцож байгаа орнуудын танилцуулга эхэлсэн. Харин сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ багийн тамирчин О.Хулан, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр Монгол Улсын шигшээ багийн тугчаар ажилласан билээ.

 

-Монгол Улсын шигшээ баг “Токио-2020” зуны олимпын наадмын нэг мөнгө, гурван хүрэл медальтай өндөрлүүллээ-

          “Токио-2020” зуны олимпын наадамд Монгол Улсыг төлөөлж, олимпын спортын 10 төрөлд нийт 43 тамирчин оролцсон юм.

Ээлжит олимпын наадмын Монголын шигшээ багийн медалийн буухиаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг эхлүүлсэн. Тэрбээр олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 килограмм жинд зодоглож, эхний тойрогтоо гоц мөргөсөн. Улмаар шигшээ 16-д шалгарч, Чилийн бөх Мэри Ди Варгас Лейтэй барилдаж гарт нь өчиж цэвэр ялсан. Үүний дараа шөвгийн наймын барилдаанд Израилийн бөх Ришони Шираг мөн өчилтөөр цэвэр ялсан. Ийнхүү хэсгээ тэргүүлэн, шөвгийн дөрвийн барилдаанд Косовогийн Димтриа Красникитэй барилдаж, ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө барилдаж, цэвэр ялалт байгуулсан билээ.

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн хоёр дахь медалийг ОУХМ Ц.Цогтбаатар авчирсан. Тэрбээр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 килограмм жингийн эхний барилдаанаа Гвинейн тамирчин Мамадоу Самбатай хийж, цэвэр ялалт байгуулсан. Улмаар шөвгийн 16-д Монакогийн жүдоч Сидрик Бесситэй барилдаж, мөн л цэвэр ялсан юм. Хэсгийн аваргын төлөө Косовогийн Гжаковат таарч, вазари үнэлгээгээр өрсөлдөгчөө буулгасан билээ. Харин шөвгийн дөрөвт Японы жүдоч Оно Шохейд ялагдал хүлээсэн. Улмаар хүрэл медалийн төлөө Канад Улсын жүдоч Артур Маргелидонтой барилдаж, 32 секундийн дотор цэвэр ялж, хүрэл медаль хүртсэн юм.

 Харин гурав дахь медалийн өнгийг ахиулж, Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Саид Моллай авчирсан. Тэрбээр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 килограмм жингийн эхний барилдаандаа Казахстан Улсын тамирчин Хамза Дидартай таарч, цэвэр ялалт байгуулсан. Дараагийн барилдаандаа Азербайжаны жүдоч Мурад Фатиевтэй барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан билээ. Улмаар шөвгийн наймд Гүрж Улсын тамирчин Григалашвили Татог цэвэр ялсан. Шөвгийн дөрөвт Австри Улсын жүдоч Борчашвили Шамилтай барилдаж, мөн цэвэр ялалт байгуулсан юм. Улмаар Япон Улсын жүдоч Таканори Нагасэтэй алтан медалийн төлөө барилдаж, нэмэлт цагт ялагдал хүлээж, олимпын наадмын мөнгөн медаль хүртэв.

Монгол Улсын шигшээ багийн ээлжит зуны олимпоос хүртсэн сүүлчийн медалийг чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг жинд зодоглосон Б.Болортуяа авчирсан юм. Тэрбээр эхний барилдаандаа Номхон далайн орнуудын хошой аварга Гуамын Ркаела Мари Рамос Акиног цэвэр ялж, шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн наймд Пан Америкийн аваргын иж бүрэн медальт Эквадорын Луиза Элизабет Валверде Мелендресийг 13:3 харьцаагаар ялж, шөвгийн дөрөвт шалгарсан билээ. Гэвч шөвгийн дөрөвт 2018 оны дэлхийн аварга, 2017, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Японы Маюү Мүкайдад 6:3 харьцаагаар ялагдал хүлээсэн юм. Улмаар хүрэл медалийн төлөө Африкийн наадмын аварга Камеруны Жозеф Эссомбетэй барилдаж, 14:4 онооны харьцаатайгаар ялалт байгуулснаар хүрэл медалийн эзэн болсон билээ.

 

-“ТОКИО-2020” ОЛИМПЫН НААДМЫН МАРТАГДАШГҮЙ АГШНУУД-

Сэтгэл гутралын улмаас олимпоо үргэлжлүүлэхээс татгалзсан ч төгсгөлд нь эргэн ирж, хүрэл медаль хүртэв

          АНУ-ын гимнастикч Симоне Билес сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотойгоор олимпын наадмаа үргэлжлүүлэхээс татгалзсан ч эргэн ирж, хүрэл медаль хүртсэн юм. Өдгөө 24 настай 2016 оны Риогийн олимпын аварга гимнастикч бүсгүй хувийн асуудлаас үүдэж, сэтгэл гутралд орж, тэмцээндээ орохоор татгалзсан. Гэвч тэрбээр хамгийн сүүлчийн тэнцвэрийн туяаны үзүүлбэртээ орж, амжилттай гүйцэтгэж, замналынхаа долоо дахь олимпын медаль, Токиогийн олимпын хүрэл медалийн болзол хангасан юм. Энэ талаараа тэрбээр  “Би энд байхдаа маш их зүйлийг туулсан. Үзүүлбэрийн тухайд гимнастикчид бол зугаацуулагчид биш. Бид ч бас хүмүүс. Бидний хувийн амьдралын хөшигний ард ч олон зүйлс болж байдаг. Нэг талаараа би олимпоос татгалзсан үгэндээ хүрч, өөртөө, өөрийнхөө сэтгэл зүйд илүү анхаарал хандуулах ёстой байсан байж болох юм” гэжээ.

Ямайкийн эмэгтэй гүйлтийн тамирчин 100 метр болон 200 метрийн олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон

          Ямайкийн гүйлтийн спортын тамирчин Элейн Томпсон-Хера олимпын 100 метр, 200 метрийн гүйлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Тэрбээр долдугаар сарын 31-нд зохион байгуулсан 100 метрийн гүйлтэд 10.61 секундийн амжилт үзүүлж, олимпын дээд амжилт тогтоон алтан медаль хүртсэн. Тэгвэл үүнээс ердөө гурван хоногийн дараа буюу наймдугаар сарын 3-нд 200 метрийн гүйлтэд 21.53 секундийн амжилт үзүүлж, дахин нэг олимпын түүх бүтээж, алтан медаль хүртсэн билээ. Энэ талаараа Элейн Томпсон-Хера “Би ийм гайхалтай өдрийг харж чадна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Би 100 метрийн гүйлтэд түрүүлснийхээ дараа үнэхээр их баярласандаа унтаж ч чадаагүй. Гэтэл дахин 200 метрийн гүйлтэд түрүүлсэн. Тэгэхдээ бүр хоёуланд нь олимпын амжилтыг эвдсэн. Би одоог хүртэл ийм зүйл болж байгаад үнэхээр итгэхгүй байна. Зүүд юм шиг л” хэмээжээ.

13 настай олимпын аварга “төрөв”

          Зуны олимпын наадамд шинээр нэмэгдсэн дугуйт тэшүүрээр гулгах тэмцээнд Японы 13 настай тамирчин Нишия Момижи алтан медаль хүртэв. Тэрбээр дугуйт тэшүүрээр гулгах тэмцээний төрөлд нийт 15.26 оноо цуглуулж аварга болсон юм. Нишия Момижи 13 насандаа алтан медаль хүртсэн түүхэн дэх хоёр дахь аварга болсон. Тэрбээр медалиа хүртсэнийхээ дараа өгсөн ярилцлагадаа Би дэлхийн бүх хүмүүс мэддэг алдартай тамирчин болмоор байна. Мөн 2024 онд Парист болох зуны олимпод ч гэсэн түрүүлэхийг хүсэж байна гэсэн юм.

Хоёр өөр орны тамирчид олимпын алтан медалиа хуваалцав

          Өндрийн харайлтын тэмцээнд оролцсон хоёр өөр орны тамирчид олимпын алтан медалиа хуваалцав. Олимпын наадмын өндрийн харайлтын тэмцээнд оролцсон Катарын тамирчин Мутаз Баршим, Италийн тамирчин Жанмарко Тамбери нар алтан медалийн төлөөх өрсөлдөөндөө 2.37 метр дээгүүр харайсан ч дараагийн шат болох 2.39 метрийн өндөрт хэн нь ч харайж чадаагүй юм. Гэтэл Мутаз Баршим, Жанмарко Тамбери хоёр дахин харайх оролдлого хийхийн оронд холбогдох албаны хүн дээр очиж, “Бид медалиа хувааж, хоёулаа алт авч болох болов уу” гэж асуужээ. Алтан медалиа хуваалцаж болохыг сонссон хоёр өөр орны тамирчин тайзан дээр баярлан үсэрч байгаа нь “Токио-2020” олимпын онцлох агшнуудын нэг байв.

Эмма МакКеон олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн эмэгтэй тамирчдыг тэргүүлж эхлэв

          Австрали Улсын усанд сэлэлтийн спортын тамирчин Эмма МакКеон “Токио-2020” олимпын наадмын 50 метрийн чөлөөт сэлэлт, 100 метрийн чөлөөт сэлэлт, 4х100 метрийн холимог буухиа сэлэлтийн төрөлд алтан медаль, 50 метрийн эрвээхий сэлэлт, 4х100 метрийн чөлөөт сэлэлт, 4х200 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Улмаар Эмма МакКеон зуны олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн эмэгтэй тамирчдын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн билээ.

Абэ ах дүүс нэг өдөр, нэг дэвжээн дээр алтан медаль хүртсэн

          Япон Улсын жүдо бөхийн тамирчид болох Абэ Хифүми, Абэ Үта нар нэг өдөр, нэг дэвжээн дээр гарч, алтан медаль хүртэж түүх бүтээсэн. “Токио-2020” олимпын наадмын хоёр дахь өдрийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -52 килограммд Абэ Үта, эрэгтэйчүүдийн -60 килограмм жинд Абэ Хифүми нар алтан медаль хүртэж, ах дүү нар олимпын наадмын нэг өдөр, нэг татами дээр тэргүүлсэн анхны тохиолдол болж, дэлхий дахиныг гайхшруулсан юм. Уг үйл явдлын дараа ах дүү Абэг гаднын хэвлэлүүд “Наран улсын нар урьд өмнө нь олимпын наадамд хэзээ ч ингэж гэрэлтэж байгаагүй. Ах, дүү Абэ Наран улсын бахархал болсон хамгийн том нарнууд байлаа” гэсэн юм.

Наоми Осака олимпын бамбарыг асаалаа

          Япон ээжтэй, Хаити аавтай Японы теннисний спортын супер, Японы баатар хэмээгддэг Наоми Осакаг “Токио-2020” зуны олимпын наадмын бамбарыг асаасныг олон улсын хэвлэлүүд онцолсон. Олимпын наадам эхлэхээс өмнө сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотойгоор эмчлүүлж байсан түүнийг эрүүл ард түмнийхээ өмнө ирж, олимпын бамбарыг асаасныг онцолж байгаа аж.

 

-БАЯРЛАЛАА “ТОКИО-2020”-

          “Ковид-19” цар тахлын тархалттай холбоотойгоор “Токио-2020” зуны олимпын наадмын нээлт эхлэх хүртэл цуцлагдах магадлал өндөр байсан. Нэг жилийн хугацаанд хойшлогдоод байсан олимпын наадмыг зохион байгуулах хорооноос амжилттай зохион байгуулж, АНУ-ын шигшээ баг нийт 113 медальтайгаар тэргүүлж, ээлжит зуны олимпын наадмыг өндөрлүүлэв. Үүний араас БНХАУ-ын шигшээ баг 88 медальтайгаар удаалж байгаа бол наадмыг зохион байгуулагч Япон Улсын шигшээ баг нийт 58 медальтайгаар гуравдугаар байр эзэлсэн юм.

          Цар тахлын улмаас цуцлагдах магадлал өндөр байснаас гадна олимпын наадмын эргэн тойронд хэд хэдэн онцлох үйл явдал болж өрнөсөн. Олимпод оролцох тамирчид халдвараас сэргийлэх, тусгай Олимпын хотхонд байрлаж, зохион байгуулагч орноос тамирчдыг жолоочгүй нийтийн тээврээр цэнгэлдэх рүү тээвэрлэж байлаа. Мөн олимпын нээлт болон хаалтын үйл ажиллагааны үеэр 1800 гаруй дрон ашиглаж, 3D хэмжээст үзүүлбэр үзүүлсэн нь түүхэн дэх анхны тохиолдол болж үлдсэн юм.

          Мөн энэ удаагийн зуны олимпод ОХУ-ын баг, тамирчид эх орныхоо албан ёсны төрийн далбаа, нэрийг ашиглаагүй юм. Спортын арбитрын шүүхээс ОХУ-ын улс төр тамирчдаа допинг хэрэглэхийг дэмжсэн, уг хэрэгт холбогдсон тухай зарлаж, хориг арга хэмжээ авсан. Улмаар ОХУ-ын баг, тамирчид эх орныхоо нэр, туг, төрийн дууллаа ч ашиглах эрхгүй болсон. ОХУ-ын баг, тамирчид ОХУ-ын Олимпын хорооны нэр дор 32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпод оролцсон юм.

          “Токио-2020” олимпын наадмын хаалтын үйл ажиллагаанд Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах “Цар тахлын цаг үе эхэлснээс хойш бүх дэлхий анх удаагаа нэгдэн нийлж чадлаа. 32 дахь удаагийн олимпод оролцсон бүх тамирчин дэлхий дахинд маш үнэ цэнтэй бэлэг өгсөн. Тэр бол итгэл найдвар” хэмээжээ. Тэрбээр олимпын наадмын хаалтыг албан ёсоор зарлаж, япон хэлээр “Баярлалаа, баяртай “Токио-2020” хэмээж, цааш нь үргэлжлүүлэн франц хэлээр “Сайн уу, “Парис-2024” гэсэн юм.

 

 


БАЯРЛАЛАА, БАЯРТАЙ “ТОКИО-2020”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188