• Өнөөдөр 2024-05-05

МИСС Д.ДОЛГИОН: “MISS UNIVERSE”-ийн тайзан дээр алхаж, монголынхоо загварын түүхийн шинэ хуудсыг нээсэндээ баяртай байдаг

2023-07-29,   1739

    Дэлхийн гоо сайхны олимп гэгдэх “Miss Universe” тэмцээний анхны Монгол мисс, “Гоёл” наадмын 20 дахь топ модель Д.Долгионтой ярилцлаа.

-Сайн байна уу. Тантай уулзах таатай байна. Загварын салбарт орсон түүхийг тань асуухгүй өнгөрч болохгүй байх. Үүнээс яриагаа эхлэх үү?

          -Бяцхан охин болгон гүнж болохыг мөрөөдөж, гоёлын даашинз өмсөж, ээжийнхээ өндөр өсгийт дээр шагайгаа булгалах шахам толины өмнө эргэлддэг. Үүний л адил миний бага нас өнгөрсөн. Би дунд ангидаа загвар зохион бүтээх, оёх сонирхолтой, загварын тэмцээнд ээжээрээ туслуулаад оролцдог байсан. Ээж минь сонирхлоороо гэртээ хувцас оёдог. Тэгэхээр намайг загварын салбар руу  ээж минь хөтөлсөн гэж болно. Есдүгээр ангид байхдаа үсчин, гоо сайханчдын тэмцээнд найзынхаа модель болж, түрүүлж байсан. Үүнээс хойш загвар зохион бүтээхээс гадна өмсөж үзэхийг хүсэж, “Эра” төвд хичээллэж эхэлсэн.

-Япон Улсад бага насаа өнгөрүүлсэн гэдэг бил үү?

         -Ухаан орсон цагаасаа л Япон Улсад амьдарсан. 10 жилдээ хоёр улирал орчим Монголдоо ирж, эх хэлээ сурч байсан. Эх орондоо ирэхэд тэс ондоо соёл, орчин намайг угтаж авсан. Гэхдээ дэлхийн  олон оронд ажиллаж, амьдраад ирэхээр эх орныхоо үнэ цэнийг илүүтэй мэдэрдэг. Хэрэв надаас “Хамгийн сайхан орон аль вэ” гэж асуувал эргэлзэхгүй Монгол Улс гэж хэлнэ. Уудам тал нутаг, цэнгэг агаар, өв соёл гээд үнэхээр сайхан. Өсөж торнин амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн Япон Улсад мөн эх орон шигээ хайртай, миний хоёр дахь төрсөн нутаг гэх үү дээ.

-Таныг усанд сэлэлтийн улсын аварга болж байсан гэж сонссон. Тэр талаар  яриа дэлгээч?

       -Аав, ээж хоёр минь намайг урлаг, спортоор их хичээллүүлж, аль болох олон талаас нь хөгжүүлэхийг зорьдог байсан. Аав минь олон улсын томоохон компаниудад ажиллаж байсан IT инженер. Харин ээж минь эмч мэргэжилтэй. Миний хамгийн чухал дэмжигчид шүү дээ. Багаас минь олон зүйл зэрэг сургаж, хөгжүүлсэнд нь үргэлж талархаж явдаг даа.

-Таны цахим хуудсыг харахад аялах дуртай нь мэдэгдэж байсан. Одоо ямар газраар аялахыг төлөвлөж байгаа вэ?

        -Дэлхийн орнуудын хоорондоо ойлголцдог цор ганц хэл нь соёл урлаг. Загвар өмсөж эхэлсэн цагаасаа хойш цөөнгүй орноор аялж, ажилласан байна. Гэхдээ би эх орноороо аялах илүү дуртай. Манай гэр бүлийнхэн дэлхийгээр тарж амьдардаг болохоор зундаа Монголдоо цуглаж, аялдаг юм. Бид эх орныхоо баруун зүгийн нутгаар очиж үзээгүй. Ирэх зун Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд руу явна гэж төлөвлөж байгаа.

-Анхны томоохон тайз аль тэмцээнийх байсан бэ. Догдлол, сандрал дүүрэн байсан байх даа?

         -Ихэнх загвар өмсөгчийн анхны томоохон тайз “New face” байдаг. “Эра” төвөөр овоглон “New face” тэмцээнд түрүүлж байсан.  Тайзан дээр анх удаа гарах мэдрэмж үнэхээр сайхан. Үүнээс хойш би чадах юм байна гэсэн итгэлтэй болж, өнөөдрийг хүртэл  загварын ертөнцөд ажиллаж байна.

-“Miss Universe-2018” тэмцээнд оролцсон үеэ нэхэн дурсаач. Тусгай байрын эзэн болсон байдаг.

        -“Miss Universe” тэмцээний хувьд бид анх удаа оролцож байгаа учир бүх зүйл шинэлэг байсан. 100 гаруй орны тэргүүн мисстэй эн зэрэгцэн зогсож, эх орныхоо нэрийг дуудуулна гэдэг үнэхээр сайхан шүү дээ. Миссийн тэмцээн, загварын шоу хоёр хоорондоо асар ялгаатай. Загвар өмсөгчид тайзан дээр хэдхэн секунд гарах ч түүний ард маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Намайг “Miss Universe”-ийн тайзан дээр алхуулахын тулд 20 орчим байгууллагын 60 орчим хүн, найз нөхөд гэр бүл, ах дүү нар маань хамт оролцсон.  Долгион гэдэг хувь хүн биш, Монгол Улсын нэрээ энгэртээ зүүн олон хүний итгэл зүтгэл мөрөөдлийг өвөртлөн хичээнгүйлэн оролцож,  хоёр номинацид шилдэг тавд багтаж чадсан. Монголынхоо загварын түүхийн шинэ хуудсыг нээсэндээ баяртай байдаг.

-Загварын салбарт ороод удаагүй байхад нь сөрөг сэтгэгдэл ирэх үе байв уу?

      -Би хүнтэй муудалцах, сөрөг бодол удаан тээх дургүй. Олон л цуурхал, дайралттай таарч  байсан. Заримдаа огт ор үндэслэлгүй худал зүйлийг цахим сүлжээнд  тарааж, үүнд нь хүмүүс итгэсэн байх үе бий. Тэр болгонд маргалдаад явахыг хүсдэггүй байсан ч сүүлийн үед дуугардаг болоод байгаа. Цаг хугацаа аливаа зүйлийн үнэн, худлыг нь дэнсэлнэ. Гэхдээ бидний үеийнхэн л дуугарахгүй бол шинээр гарч ирж байгаа дүү нар минь ахиад л тийм зүйлийг давах хэрэгтэй болно шүү дээ.

-Одоо загвараас өөр салбарт  ажиллаж байна уу?

     -Мэдээж хайртай загварын салбартаа завсарлахгүй ажиллахын хажуугаар тээврийн ложистикийн салбарт  компани хариуцдаг. Мөн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллаж  байна.

-Д.Долгион гэх хүнийг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл?

        -Гэгээлэг, энэрэнгүй, хөгжилтэй.

-Гоо сайхны стандарт гэж байдаг болов уу?

       -Дэлхийн найман тэрбум хүний дунд гоо сайхан ийм л байх ёстой гэсэн ганцхан стандарт байсан бол дэндүү уйтгартай шүү дээ.  Тийм л байх ёстой гэсэн цензур хаана ч байхгүй. Хүн бүр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Харин ур чадвар, хичээл зүтгэл, өөртөө итгэх итгэл, дотоод гоо сайхнаараа ялгарах хэрэгтэй.

-Ярилцлагын төгсгөлд загвар сонирхож буй өсвөр насны охидод зөвлөгөө өгөөч?

       -Чи дэлхий дээр цор ганц, бусдыг битгий даган дуурай. Өөртөө итгэж, өөрийгөө хайрлаж чадвал амжилт чамайг хүлээж байгаа. Өөрийнхөө замаар гэрэлтээрэй.

Сонирхуулахад:

    Мисс Д.Долгион англи, хятад, япон хэлтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Маркетинг, хүний нөөцийн менежмент, Байгаль экологи хамгаалал мэргэжлээр төгссөн. “Мөн 2023 онд харвардын бизнес паблишингийн Harvard_ManageMentor” хөтөлбөрийг амжилттай төгссөн билээ.

Түүний гаргасан амжилтууд:

•“Asia Pacific Oceans 2007” тэмцээний шилдэг загвар өмсөгч,

•ERA агентлагийн 2008 оны шилдэг загвар өмсөгч,

•“New Face 2009” наадмын шилдэг загвар өмсөгч,

•“Moda Art 2010” наадмын шилдэг оролцогч,

•“TV Miss International 2010” тэмцээний дэд байр,

•“Miss Mongolia 2012” тэмцээний тэргүүн байр,

•“Miss International 2012” тэмцээний шилдэг үндэсний хувцастай мисс номинаци,

•“Kerasys 2015” наадмын шилдэг загвар өмсөгч,

•“Miss World Peace 2015” тэмцээний шилдэг 20 оролцогчийн нэг,

•“Miss Intercontinental 2015” тэмцээний үзэгчдийн таашаалд нийцсэн мисс номинаци,

•“Гоёл 2017” наадмын шилдэг загвар өмсөгч,

•“World Supermodel 2017” тэмцээний дөрөвдүгээр байр,

•“Miss Universe Mongolia 2018” үндэсний ялагч,

•“Гоёл-2020” наадмын топ модель

 


МИСС Д.ДОЛГИОН: “MISS UNIVERSE”-ийн тайзан дээр алхаж, монголынхоо загварын түүхийн шинэ хуудсыг нээсэндээ баяртай байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-29 20:29:10
    Бодол: Олон жил загварын салбартаа хөдөлмөрлөж байгаа хөдөлмөрч хэдхэн миссүүдийн нэг дээ. Сайхан бүсгүйчүүдийг сайн муу хэл ам дагадаг нь жам юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-25 14:55:21
    Mongol busgui: Saixan eej aavtai saixan busgui bainaa Mongoliin uzesgelen goo busguichuudiin yaruu aldar mandtugai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-25 11:16:22
    зочин: Энэ нөгөө Оросуудтай уулзах гэж байсан чинь нөгөөх нь бичлэг хийгээд азаартуулаад, бантсандаа гараад явдаг мисс мөн биз дээ. Энэ загварын хүүхнүүдийг бүгдийг БЗХӨ-ийн шинжилгээнд хамруулах юмсан. Бүгд нээрээ ..........-нууд
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188