Хэрэв танд хэн нэгнийг оюун ухаанаасаа арилгах боломж байсан бол та үүнийг хийх үү? Тунгалаг оюуны мөнхийн гэгээ (Майкл Гондри, 2004) кино ёс зүй, гүн ухааны асуултыг хүмүүст эргэцүүлэн бодож, шийдвэрлэхийг оролдоход хүргэдэг бүтээл юм. Мартахыг хүссэн дурсамжууд, хайр дурлалд тулгардаг асуудлын дурсамжийг хүчээр арилгавал тухайн хүнд ямар хоосон орон зай үлдэхийг сонирхолтой, содон байдлаар дүрсэлж чадсан. "Тунгалаг оюуны мөнхийн гэгээ" гэх нэр нь үүрдийн гэрэл гэгээ, аз жаргалыг, санахыг хүсэхгүй байгаа дурсамжийг ч тунгалаг, цэвэр хэвээр байлгах буюу эдгээрийг нэгтгэснээр бидний хүсээгүй, муухай хэмээн тодорхойлдог дурсамж аз жаргалтай тэнцэж болно гэдгийг ойлгоно.
Жоел валентиний өдөр Клемийн ажил дээр түүнд бэлэг өгөхөөр очсон боловч найз охин нь түүнийг танихгүй байхаар зогсохгүй өөр нэгэн үл мэдэгдэх залуутай дотно байхыг Жоел ажиглана. Энэ явдлаас юуг ч ойлгоогүй Жоелийн хэцүү байдлыг тэвчээгүй найз нь түүнд Клем өөрийг нь дурсамжаасаа арчуулсан гэдгийг хэлдэг. Эхэндээ байж боломгүй мэт санагдаж Клемд уурласан, гомдсон сэтгэлээр өөрөө ч бас Клемийг ой санамжаасаа устгуулахаар шийддэг. Дурсамж дотроо аялж, бас түүнийгээ устгуулж байхдаа Жоел үнэн хэрэгтээ эмчид ярьж байсан шигээ Клемийг үзэн яддаг бус харин ч түүнтэй байсан хором мөч бүр түүний амьдралд хэрхэн гэрэл гэгээ, аз жаргал өгч байсныг ойлгодог. Хэдийгээр Жоел зогсоохыг оролдож тэмцсэн ч бүтэлгүйтэж, эцсийн эцэст Клем түүний ой санамжаас алга болно. Маргааш нь тэрээр ажиллаа таслан хаа нэгтээ очсон нь Клемтэй анх уулзсан газартаа бүр үл таних Клем гэх цэнхэр үстэй, цоглог бүсгүйтэй (дахин) танилцана.
Тунгалаг оюуны мөнхийн гэгээ нь туйлдаа хүртэл шантраад, уйлж алхах өдрүүд, жаахан хүүхэд шиг инээж баярласан мөч, хэцүү зүйл тохиолдоод, ойр хавьд ямар ч чимээ сонсогдохгүй гүн аниргүйд ганцаардаж суухдаа сэтгэлээ дэвтээх олон дурсамжууд одоо байгаа таныг бүтээдэг гэх санааг илэрхийлнэ. Яаж ч мартах гэж оролдсон бай дурсамжид хөвөх олон мэдрэмжүүд тэднийг дахин учруулсан юм. Энэ бүхэн "Inside Out" хүүхэлдэйн киног санагдуулам.
Гунигтай дурсамжгүйгээр аз жаргалтай дурсамж үлдээж чадахгүй. Аз жаргалтай дурсамжгүйгээр гунигтай дурсамжийг авч чадахгүй.
Б.Сувданцэцэг
ТУНГАЛАГ ОЮУНЫ МӨНХИЙН ГЭГЭЭ |
|