Дэндэвийн Чимэд-Осор насан залуугаараа театр, киноны урлагт 40 гаруй жил хөдөлмөрлөж, урлагийн ертөнцөд өөрийн өргөө гэрийнхээ хана буйрлаж, тооно өргөхдөө дагалдан жүжигчнээс Ардын жүжигчин хүртэл өсөж өндийжээ.
“Энэ хүн жинхэнэ жүжигчний амьдралаар насан туршдаа амьдарсан тул тэр чигээрээ амьд нэвтэрхий толь шиг байв. Энэ хүн ой сайтай, ухаалаг нэгэн тул над мэтийн юм үзэж, нүд тайлаагүй балчир хүмүүст амьд лавлах, зоригжуулагч байлаа. Энэ хүн орчин үеийнхээ амьсгалаар ямагт амьсгалж байсан тул урлагийг үнэлэх, хайрлах сэтгэлийг байнга дэврээж байлаа. Энэ хүн залуучуудад хайртай байсан тул тэднийг ямагт дэмжиж, халамжилж байлаа. Д. Чимэд-Осор сэтгэлийн тэвчээртэй, гайхалтай хатуужилтай хүн байв. Далан насны босгонд хоёрхон жил дутуу байхдаа “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэнд тоглохдоо сэтгэлийн хүчийг гайхалтай, тод томруун гаргасан юм” хэмээн түүний найз дурсамж дэлгэн бичсэн байдаг. Эндээс Д.Чимэд-Осор гэх жүжигчний хатуужил, мэргэжилдээ үнэнч, өр зөөлөн сэтгэлтэй хүмүүн байсныг тодхон харж болохоор байна.
Хэд дахин үзсэн ч уйдахааргүй кино, хэзээ ч сэтгэлээс гарахааргүй дүр гэж бий. Монголын кино урлагийн ертөнцөд дархлагдсан, дахин давтагдашгүй тэр л дүрүүд үзэгчдийн сэтгэл зүрхэнд хамгийн тод үлдэж, гэгээн орон зай бүтээдэг. Цэнхэр дэлгэцээр гарах бүрдээ үзэгчдэд аав эсвэл өвөө шиг нь дотно санагдах дүр олон бий. Хөдөөгийн буйдад эгэл жирийн амьдралаар амьдардаг мөртлөө, эрдэмтэн мэргэдээс дутахааргүй мэдлэг боловсролтой гэдгээ өөрийнхөө хийж буй үйлдэл, хэлж буй үгээрээ тод томруунаар харуулж чадах тийм л дотно дүрийг Монголын өмнөө барьдаг нэрт жүжигчид амилуулан, бүтээсэн байдаг. Тэдний нэг бол яах аргагүй Д.Чимэд-Осор.
-“ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ” КИНО-
Урагш ягжийсан хөх эрүү нь он удаан жил эдлэгдэж, усанд байн байн бамбайтлаа хөөж, наранд яхиршин татаж, хөв хөх болсон завины эрүүтэй нэн төстэй ажээ. Салхинд сэрвэгэнэх буурал үс нь хавар цагийн өлөн цагаан хагд өвсийг санагдуулна. Тэр өвгөн тайрга тайрга бөгтгөнөн алхалж, амандаа үглэх нь үерийн усны шуугианд өөрт нь бараг үл сонсогдоно” гэж идэр залуу наснаасаа жар гаруй насалтлаа алба амины ажил амжуулж, олон түмэнд тус хүргэж яваа жирийн монгол эрийн өгөөмөр сайхан сэтгэлийг зохиолч Д.Мягмар Үер тууждаа Дэнзэн өвгөний дүрээр дүрсэлсэн байдаг. Энэхүү туужаар 1980 онд “Хүний сайхан сэтгэл” хэмээх нэртэй кино бүтэж, дэлгэцэд гарч эхэлснээс хойш сайхан сэтгэлд өвгөний дүрийг хүн бүр хайрлах болсон.
-“ХОНИНЫ НАЙР” КИНОНЫ ВАНДАН-
"Хонины найр" киноны Вандан өвгөний дүр Д.Чимэд-Осор гуай тоглосон билээ. Зөрүүд, ааштай, зожиг өвгөн хэрнээ хүн чанартай малч ухаантай мундаг хөгшин. Тухайн үеийн малчидын тод төлөөлөл.
Д.Чимэд-осор жүжигчин, найруулагч. Ардын жүжигчин Сайн ноён хан аймгийн Өөлд бэйсийн хошуу, одоогийн Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Хөшгийн цагаан толгой гэдэг газар 1912 онд мэндэлж, 20 нас хүртлээ мал маллаж, айлд зарагдан улаа нэхэх ажлыг хийж яваад 1932-1934 онд сумын анхны хоршоонд галч,манаач, хамтралын жинчин, мал туугч зэрэг ажлыг хийж явахдаа 1932 оны зэвсэгт бослогын үеэр эвлэлийн ажилтан байснаас эсэргүү нарт баригдаж явжээ.
Үзэл сэтгэл өөдрөг тэнүүн
Д.Чимэд-Осор гуай 1934 онд Ардын цэргийн албанд мордож, Зэвсгийн төв газарт зарлага, жагсаалын даргаар хоёр жил албаа хаасан гэдэг. 1936 онд Улсын Төв Театрт орж, театрын түр сургуульд суралцан В.Борейшогоор жүжигчний уран чадварын хичээл заалгаж Ч.Долгорсүрэн, С.Гэндэн, Ө.Рэнцэнноров нарын хамт төгсчээ. Д.Чимэд-Осор театрт олон дүр амилуулсан бол 1939 онд “Сүрэг чоно” кинонд анх тоглосноос хойш кино хэмээх дэлгэцийн урлагт авьяас билэг, уран чадварлаг тоглолт, үнэмшилтэй олон сайхан дүрээрээ ард олны сэтгэл зүрхэнд хоногшсон юм. 1945 онд “Цогт тайж” кинонд хятадын шүлэгчин, эрдэмтэн, Цогт тайжийн орчуулагч, цэцэрлэгч өвгөн Ли Син Саны дүрийг уран чадварлаг, аядуу эвсэг, бусдыг элгэмсүү зөөлөн дууны өнгөөрөө ямагт татаж чаддаг үнэмшилтэй сайхан бүтээсэн. Улаан малгайттай хөөрөлдөж байсан эрдэм номын суутан, зан сайт цэцэрлэгч өвгөн “Миний цэцгүүдийг…” гээд үгээ хэлж дуусгалгүй дайсны сэлмэнд цавчигддаг дүр олны зүрхэнд үүрт хадагдсан юм. 1942 онд “Сүхбаатар” кинонд Богд хаан, хатантайгаа заларч явааг харуулсан олны хэсэгт Сүхбаатарыг Гамингууд эрж баривчлах гэтэл сүсэгтэн олны бужигнаан дунд ишиг тэвэрсэн гуйлгачин содон харагддаг.Энэ бол Д.Чимэд-Осор.Дүрийг том,жижиг гэж голж шилдэггүй, ямарч дүрийг амьлуулж чаддаг, тэр дундаа жижиг дүрийн мастер байсныг түүний тоглосон олон дүрээс харж болно.Тэрээр 1939 онд “Сүрэг чоно”, 1940 онд ”Анхдугаар хичээл”, 1942 онд ” Сүхбаатар”, 1945 онд “Цогт тайж”, 1956 онд ”Бидэнд юу саад болж байна”, 1958 онд “Гурван найз”, 1959 онд Морьтой ч болîîсой”, ”Ардын элч”, 1961 онд ”Үүрээр”, 1966 онд “Төөрсөөр төрөлдөө”, 1968 онд “Өндөр ээж”, ”Өглөө”, 1973 онд Тунгалаг тамир”, ”Тэмцэл”, 1975 онд “Эх бүрдийн домог”, 1976 онд Хонины найр”, 1977 онд “Давааны цаана даваа”, 1980 онд ”Хүний сайхан сэтгэл”, 1981 онд ”Хатанбаатар”, 1983 онд “Сахиус уу сахиул уу”, 1987 онд “Мандах нарны туяа”, зэрэг кинонуудын гол ба туслах дүрүүдэд тоглосон.
Үг хэл элгэмсэг дулаан, Үйлдэл төрх эерүү зөөлөн, Үзэл сэтгэл өөдрөг тэнүүн, Эргэн дурсахад сайхан. Хүн хөх өвгөн бол яах аргагүй Д.Чимэд-Осор гуай мөнөөс мөн билээ.
МОНГОЛ КИНОНЫ ДАРХЛАГДСАН ХӨХ ӨВГӨД VI |
|
2025-02-06 19:32:42
2025-02-06 18:07:19
2025-02-06 17:35:55
2025-02-06 16:44:33
2025-02-06 16:32:10
2025-02-06 16:16:15
2025-02-06 15:46:58
2025-02-06 15:33:05
2025-02-06 15:05:19
2025-02-06 14:57:24
2025-02-06 14:40:00
2025-02-06 13:55:11
2025-02-06 13:51:17
2025-02-06 13:30:28
2025-02-06 13:28:30
2025-02-06 12:24:32
2025-02-06 11:33:03
2025-02-06 11:13:24
2025-02-06 10:43:05
2025-02-06 10:40:10
2025-02-06 10:34:13
2025-02-06 09:50:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |