Монгол Улсын Гавьяат жүжигчин Рагчаагийн Дамдинбазар эрхмийн тоглосон киног үзэхээр цаанаа л нэг сэтгэлд дотно байдаг юм. Яг л өвөө шиг минь нөмөртэй, хайр энэрэл, хамаг сэтгэлээ дэвссэн монгол эр хүний хайрлам дүр. Хэн бүхнээс өмөөрч, өмгөөлдөг мөртлөө мөн чанартаа үгээрээ ухааруулан аргаддаг өвөөгөө санахаараа хуучны монгол кинонд гарах хөх өвгөдийн дүрийг үзэх дуртай. Тэгэх бүрд өвөөтэйгээ уулзсан шиг болж, ханхайж, хоосроод байсан сэтгэл нэг их дүүрч, давхар ухаарал аваад өндийдөг сөн.
Сайхан хүмүүс үгүйлэгддэг дээ. Түүн шиг эл жүжигчний дүрүүд сэтгэлийн дотроос байнга л нэхэгдэж, монгол хүний ууч сэтгэл, уужуу тайвуу зан, холыг харж, хоёрыг тунгаан хэлэх үгээр цэнэглэгдэх шиг болдог. Үзэх бүрд цэнгэг уснаас амсах шиг ухаан сэргэж, цэлгэр талд зогсох шиг сэтгэл тэнийнэ. Хүн чанар, хүнлэг сэтгэлээр тэтгэн тэнхрүүлсэн ийм сайхан хүнийг хуучны киноноос л үзэж байхгүй бол өнөөгийн нийгмээс олж уулзана гэдэг өвсөн дундаас зүү хайхтай л ижил болсон. Хөдөөгүүр ч тийм хөх өвгөд цөөрсөн. Урин цагт хотынхон хөдөөг зорихдоо настай хүнээс жинтэй үг сонсох гэж боддог ч төдийлөн дайралдаж, үнэт сургаал хэлэх хүн ховор болжээ. Тэгвэл өнөөд хэдийнэ мартагдсан Монгол киноны дархлагдсан хөх өвгөдийн нэг болох “Улаанбаатарт байгаа миний аав” киноны Самдангийн дүрээр монгол кино урлагийн хаалгыг цэлийтэл нээн орж ирсэн Р.Дамдинбазар гавьяатыг дурсмаар байна. Мэдээж түүний талаар хамт ажиллаж байсан уран бүтээлчид болон үгийг нь сонсож, үлгэрлэж байсан шавь нараас нь эхлээд олон сайхан дурсамж яриа хөврөх ч тэдгээрээс онцлон уудалж, тайз, дэлгэцнээ ямархан дүр бүтээж, урин дулаан тэдгээр дүрүүдийнхээ ард чухам хэн байсныг нь онцлохыг хүслээ. Үсээ толийтол самнаж, хослолоо тэвхийтэл өмсөөд, дулаан инээмсэглэл тодруулж, “Өнөөдөр нөхдөдөө ямархан инээд бэлэглэж, хэрхэн хөгжөөх тухай” бодон алхахын сацуу найруулагчаас оноосон аав, өвөө, ханийн дүрээ хэрхэн гаргахаа ч төлөвлөж амждаг нэгэн байжээ.
-Дөлгөөн төвшин, алсын хараатай монгол эр хүний үлгэр жишээ дүр-
Самдан ч түүний дөч хүрч, ухаан жигдэрсэн үеийн дүр л дээ. Тун ч тэвчээр, хүлээцтэй, буурьтай хүн. Эхнэр нь өөр хүнтэй уулзаад байгааг мэдсэн мөртлөө ул суурьтай мэдэж, асуудлын учрыг олтлоо олон таван үг ярихгүйгээр шийддэг нь киног нь үзсэн хэнд ч нэгийг бодогдуулдаг. Өөрсдийгөө жишин харж, “Самдангийн оронд байсан бол” гэж бодоход, тийм ухаан зарах хүн хэд бол. Магад зарим нь хүний үгэнд итгээд л сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргаж, амьдралаа алдаж, хамгаа нураадаг. Гэтэл Самдан ухаанаараа гэр бүлээ бүтэн хэвээр нь авч үлддэг дөлгөөн төвшин, алсын хараатай монгол эр хүний үлгэр жишээ дүр. “Хүргэн хүү” киноны суурин Балдан ч ялгаагүй нуруутай, холын бодолтой. Түүний дүрүүд угаас нэг ийм тохитой томоотой, даруу төлөв, хээгүй номхон байх юм. Магад найруулагчид “Эр хүний сайхан зан чанарыг Р.Дамдинбазар жүжигчин л гаргана даа” гэж итгэж оноодог биз ээ. Түүнд алтан үеийн аваргуудаас кинонд нь тоглоогүй найруулагч ч гэж байхгүй юм билээ. Тухайлбал, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Жигжидийн “Хүргэн хүү” киноны суурин Балдан, жүжигчин, найруулагч Б.Жамсрангийн “Нийслэл хүү”-гийн бригадын дарга, Төрийн шагналт, найруулагч Б.Балжиннямын “Ацаг шүдний зөрөө” киноны данжаад, Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдины “Улаан дарцаг” киноны партизан, найруулагч Б.Сумхүүгийн “Ичээнд нь” киноны Дугаржав, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгийн “Хатанбаатар” киноны ардын цэрэг зэрэг 30 гаруй бүтээлд хүний сайхныг өөрийн дүр төрх, харц, үйл хөдлөлөөрөө тогтуун сайхан бүтээж чаджээ, Эдгээрээс алиныг нь ч нэхэн үзэхэд, хүн чанар, хүнлэг нинж сэтгэл, хайр энэрэл, үгээ цэнэж хэлэх ухаан цөм дэлгэгдэж, үзэх бүрд оюун санаа, зүрх сэтгэл рүү нэг нэгээрээ цувран орж, цутгагдан юүлэгдэх шиг.
Сайхан уран бүтээлч ингэж л сэтгэл зүрх, ухаан бодол, хүн болох замд нөлөөлж, дүрээрээ амьдралд тулж, түшиж, тэнхээ зориг нэмдэг байх нь. Зарим хүнд бүр бүхнийг нь орлож, гүйцээж, дүүргэдэг юм байна.
-ЖИНЧИН ЯДАМ-
Дээр дурдахгүйгээр зориуд тусгайлан бичихээр онцолсон дүр нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтарын найруулсан “Гарьд магнай” киноны Ядам өвгөн. Р.Дамдинбазар гавьяат гярхай хашир жинчин өвгөний дүрийг гарцаагүй үзэгчдийн сэтгэлд шингээж, хэзээ ч мартагдахгүйгээр дархалж чадсан. Жин тээж явахдаа тэмээгээ хулгайд алдчихаад, хойноос нь нэхэхээр явах Далайцэрэнд “Бараан морь зайдан унасан, нэхий нударгатай хүн аваад явсан байна шүү” гэдэг дээ. Ердөө тэмээний бурантагийг тайлахдаа ханцуйгаараа жийргэлсэн, тэгээд ачаан дээр сандайлж суухад нь дээлийнх нь хормойд наалдсан нэхий үлдсэн байгааг нь ажиглаад л дээлийн өнгө, ханцуйг мэдсэн гэхээр аргагүй малч ухаантай монгол хүнд л байгалиас өгөгдсөн авьяас билгийг тэр чигээр нь харуулсан гэмээр. Түүгээрээ тэр аливаа наргиан хүртэл хязгаартай, тунг нь тааруулах ухааныг л олох хэрэгтэй гэж байх шиг.
Ийм л үг нь жинтэй, хийж дадсан ажилдаа хашир туршлагатай, үргэлж хэдэн алхмын цаадахыг олж харж, бодчихсон байх сайхан дүрүүд нь л бидэнд хүн байхын ухааныг зааж, хүний сайхныг сэтгэлийн дотор “зөөсөөр” байдаг билээ.
Р.Дамдинбазар гавьяат тэр үед урлагт хөл тавьж байсан уран бүтээлчдийн жишгээр ажлаа цэргээс эхэлсэн юм билээ. Төв аймгийн Бүрэн суманд төрсөн тэрбээр 20 настай цэрэгт татагдаж, Цэргийн ерөнхий сургуулийн хөгжимчнөөр гурван жил ажиллаж байгаад 1951 онд халагдахдаа Хүүхэлдэйн театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн байна. Театрт эхлээд хөгжим тоглож байгаад жүжиглэх сонирхолд хөтлөгдөж, тайзнаа “Гайхамшигт хайрцаг”, “Галсан ноён”, “Алиа Тогмид”, “Адуучин хүү”, “Тоглоом тоотойн дээр” зэрэг жүжигт олон сайхан дүр бүтээснийг тэр үеийн үзэгчид андахгүй, зарим нь бүр давтан үзсэн нь гарцаагүй. Тэрбээр 1955 онд “Бүжигчин бүсгүй Урнаа” хэмээх хүүхэлдэйн жүжгийн бүтээлээр Дэлхийн залуучууд оюутны тавдугаар их наадамд амжилттай оролцсон нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Театрт байсан энэ он жилүүд нь түүнийг уран бүтээлч болоход гол нөлөө үзүүлсэн, хөглөсөн, ихийг сурч мэдсэн хугацаа байжээ. Энэ тухай МУГЖ Н.Нэргүйбаатар “Р.Дамдинбазар гавьяат Хүүхэлдэйн театрт байж байгаад “Монгол кино үйлдвэр”-т жүжгийн анги гэж бий болоход ирсэн юм. Хүүхэлдэйн театр гэдэг бол олон өнгийн дуу гаргадаг урлаг. Тэгэхээр тэнд байсан уран бүтээлчийн нэг онцлог нь дууны олон өнгөөр тоглож сурсан байдаг. Инээдмийн кинонд дуу оруулахдаа түүнийг гүйцэх дуу хоолойтой хүн байгаагүй. Уран бүтээлчид дуу оруулдаг ч Р.Дамдинбазар гуайн хоолой нэг л өөр” гэнэ.
Тэр Монголын болон орчуулгын 400 гаруй инээдмийн кинонд ийн дуу оруулж, үзэгчдийн сэтгэлд олон сайхан дүрийг хоногшуулан ойртуулж чаджээ. Энэ гавьяаг нь Монголын төр үнэлж, 1981 онд Гавьяат цол хүртээсэн байдаг.
-САХИЛГАГҮЙ УРАН БҮТЭЭЛЧ-
Р.Дамдинбазар гуайн яваа кино группэд хөгжилтэй, хөгтэй зүйл болохгүй, үгүйдээ л инээд наргиан гараагүй түүх түүний амьдарч, ажиллаж байсан цаг хугацаанд лав байхгүй юм билээ. Кинонд хамт яваа уран бүтээлчдээсээ өглөө түрүүлж сэрээд, гутал, хувцсыг нь солиод тавьчих нь энүүхэнд гэнэ. Сэрээд бөөн шуугиан болж, “Миний хувцсыг хэн сольчихсон юм бэ”, “Алив чиний цамц миний хувцас дотор байна” гээд л шуугилдаж, хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиурыг хайцгаана. Харин энэ үед Р.Дамдинбазар гуай хэдийнэ тарьсан хэрэг нь биелэлээ олж байгааг харан, инээдээ барьж ядан зогсдог байжээ. Ийм л сахилгагүй, инээд наргианаар ахуй орчноо өнгөлж, гэрэлтүүлж, хэн бүхэнд баяр жаргал бэлэглэдэг нэгэн байжээ. Гэхдээ киноны зураг авалт эхлэхэд “Өнөө сахилгагүй хүн юу болов” гэмээр л даруу болж, дүрээ бүтээдэг байсныг нь олон уран бүтээлч дурсан ярьдаг.
1994 онд тэрбээр Соёмбо кино театрын индрээс “Намайг урьж залан сэтгэлийг минь баярлуулж байгаад би их баяртай байна. Миний бүтээсэн дүр бүхэн та нарын минь гавьяа. Энэ бүхэнд тань мэхийн ёсольё” гэсэн нь үзэгчэддээ хэлсэн сүүлийн талархал нь байж. Энэ талархлын хариуд магад үзэгчид “Харин үзэх бүрд сэтгэлийн дотор улам гүн шургалах дотно сайхан дүрийг та Монголын урлагт дархлан үлдээж чадсан шүү, бид Самдан, Гэндэн, Төмөржин, Ядам өвгөнийг хэзээ ч мартахгүй” гэж хэлсэн нь гарцаагүй биз ээ.
ЦААНАА Л СЭТГЭЛД ДОТНО БАЙХ ЮМ |
|
2025-02-08 13:30:34
2025-02-08 12:39:30
2025-02-08 12:15:21
2025-02-08 12:05:36
2025-02-08 11:34:52
2025-02-08 11:11:45
2025-02-08 08:42:58
2025-02-08 08:34:41
2025-02-08 08:27:05
2025-02-07 18:26:11
2025-02-07 16:36:35
2025-02-07 15:55:19
2025-02-07 15:32:47
2025-02-07 14:47:26
2025-02-07 14:47:00
2025-02-07 14:18:30
2025-02-07 14:06:21
2025-02-07 13:30:28
2025-02-07 13:20:04
2025-02-07 12:41:47
2025-02-07 12:36:06
2025-02-07 11:06:14
2025-02-07 11:05:44
2025-02-07 10:56:21
2025-02-07 10:54:00
2025-02-07 10:23:50
2025-02-07 10:15:01
2025-02-07 09:17:54
2025-02-07 09:00:18
2025-02-07 08:42:57
2025-02-07 08:15:00
2025-02-07 08:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
2025-02-07 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |