• Өнөөдөр 2024-04-27

ХАЯО МИЯЗАКИ: БИ ҮЛГЭРЧ БИШ ЭЭ, ЗУРАГ ЗУРАХ ДУРТАЙ ЖИРИЙН НЭГ ӨВГӨН

2024-03-29,   323

“Spirited Away”, “My Neighbor Totoro”, “Howl’s Moving Castle”, “Princess Mononoke” зэрэг бүтээлээрээ үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээж, “Studio Ghibli”-ийн өвөө хэмээн дэлгэцийн урлагт хүндлэгдсэн Оскарын наадмын хоёр удаагийн шагналт кино найруулагч, мангака Хаяо Миязакигийн 2002 онд “Midnighteye” сайтад өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

                    Хаяо Миязаки 1941 онд Япон Улсын Токио хотод төрж өссөн бөгөөд оюутан цагаасаа манга зохиол бичиж, зурж эхлэн 1985 онд дөрвөн найзын хамт студи байгуулсан нь өдгөө дэлхий дахинд хамгийн алдартай анимейшн бүтээгчдийн нэг “Studio Ghilbli” билээ. Тус студийн “Ghilbli” гэдэг нь итали хэлээр салхи гэсэн үг бөгөөд Японы анимэ ертөнцийг өөрчлөх салхи хэмээн бэлгэдэн нэрлэсэн гэдэг. Дэлхийн дайны үеийн нийгмийн амьдрал, хор хөнөөл, эдийн засгийн сэргээн босголт хийгээд үлгэрийн орон, уран зөгнөлийг бүтээлээрээ харуулж чаддаг Хаяо Миязаки өнгөрсөн Оскарын наадмаар “The Boy and the Heron” бүтээлээрээ шилдэг анимейшний шагналыг хүртсэн бөгөөд өмнө нь 2002 онд тус шагналыг “Spirited Away” бүтээлээрээ хүртсэн байдаг. “The Boy and the Heron” анимейшнаа өөрийн сүүлчийн уран бүтээл хэмээн нэрлэсэн нэрт найруулагч Хаяо Миязаки тэр бүр олны өмнө гарч, хэвлэлд яриа өгөөд байдаггүй бөгөөд уг ярилцлагыг Японы “Midnighteye” сайтынхан түүнийг 2002 онд “Spirited Away” бүтээлээрээ Францын кино академиас шагнал авах үед уулзаж ярилцсан байна.

-КИНО МИНЬ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭЖ БАЙГАА ҮЕД НАДАД ДАГАХААС ӨӨР СОНГОЛТ ҮГҮЙ-

-Таныг кинонуудаа ямар нэгэн зохиолгүйгээр бүтээдэг гэж сонсож байсан юм байна. Энэ үнэн үү?

                  -Ерөнхийдөө үнэн. Яг кинон дээр ажиллаад, бүтээл болгохоор ажиллаж эхлэх үед зохиолоо дуусгаагүй, бүрэн болоогүй үе олон тохиолдоно. Үнэндээ надад тэр зохиолоо бичиж, дуусгах цаг, зав чөлөө байгаагүй хэрэг л дээ. Тиймээс л киноныхоо түүх, зохиолыг хаашаа яаж эргэхийг мэдэлгүйгээр киногоо хийж эхэлдэг. Хүүхэлдэйн кино хийх тухайд төгсгөлийг нь ч мэдэхгүй эхлүүлнэ гэдэг их аюултай. Гэхдээ кино маань, түүх, дурсамж минь намайг хөтөлж тэдгээр хүүхэлдэйн кино бүтсэн юм даа.

-Миний төсөөллөөр хүүхэлдэйн киног тийм ч амархан хийчихдэггүй байх. Жишээ нь, бүтээж, өсгөж буй дүрүүдээ өрөвдөх сэтгэлтэй байх ёстой болов уу гэж бодож байна?

                  -Хүүхэлдэйн кино бүтээхэд хамгийн чухал зүйл нь дүрүүдтэй харьцах миний сэтгэл санааны асуудал бус үргэлжлэх хугацаа. “Би хэр урт кино хийх вэ”, “Хоёр эсвэл гурван цаг байх уу” гэдгээ бодох ёстой. Энэ маш том асуудал. Продюсерууд маань ихэвчлэн надаас “Кино хийх хугацаагаа жилээр сунгах уу” гэж асууна. Тиймээс ч продюсертэйгээ маргалдах нь элбэг (инээв). Гэхдээ тэд надад нэг жилийн илүү хугацаа олгох гээд байгаа даа биш л дээ. Харин намайг айлгаж, ажилдаа хурдан орохыг л анхааруулж байгаа нь тэр. Миний нэг зарчим эсвэл давуу тал гэж болохоор зүйл бий. Би ажилтнуудынхаа, миний төлөө бүтээж байгаа хүмүүсийн бүтээсэн бүх зүйлийг ашиглаж чаддаг. Миний үзэл бодолтой тохирохгүй байсан ч өөр өөрийнх нь тохирох түвшинд нь аваачиж, бүтээлийг дэмий үрэлгүйгээр хамгийн сайнаар ашиглахыг хичээдэг юм.

-Тэгэхээр бүтээгдсэн дүрүүд ямар нэгэн байдлаар зохиолоос хасагдалгүй явсаар шууд киноны дүр болдог байх нь ээ?

                  -Дахин дахин давтахаас, бодож шаналахаас дүрүүд төрдөг. Миний толгойд тоймгүй олон бий. Хэн нэгэн дүрийг бий болгохдоо сайн бодож, зохиол дээрээ гаргах газруудаараа зочлох нь олон. Үүний дараа л би дүрээ зурж эхэлдэг.

-Таныг бүтээлийнхээ дүрүүдтэй маш хувийн холбоотой гэж сонссон. Мөн таны бүтээлийн гол дүрүүд залуу эмэгтэй, жоохон охин байх нь элбэг байдгийг хэрхэн тайлбарлах вэ?

 

-Яг одоо, энд хэлэхэд хэтэрхий төвөгтэй, урт хариулт байх учир “Би эмэгтэйчүүдэд хайртай учраас л” гэж хэлэхэд одоохондоо хангалттай байх аа (инээв).

 

-Киногоо бүтээж эхлэхдээ төгсгөлд нь юу болохыг мэдэхгүй байх нь том асуудал дагуулдаг байх. Харин тэр асуудлуудаас зайлсхийж, төгсгөлд нь хүртэл явахын тулд баримталдаг арга барил, дараалал бий юү?

                  -Дотоод дэг журам, шаардлагатай байх нь ямар нэг дүгнэлтэд хүргэдэг гэж бодож байна. “Spirited Away” анимейшнийг хийхэд 1415 зураг ашигласан. Төслийг эхлүүлэхдээ 1200 орчим болно гэж төсөөлж байсан ч кино өөрөө надад “1200-аас илүү байх ёстой” гэсэн хэрэг л дээ. Кино өөрөө өөрийгөө бүтээж буй тэр нөхцөлд надад дагахаас өөр сонголт үгүй.

-Таны бүтээлүүдээс, тэр дундаа саяхан үзэгчдийн хүртээл болсон “Spirited Away” анимейшнээс дурсамж, дурсахуйн ухааныг харлаа. Дурсамж гэх зүйл таны бүтээл бүрд ажиглагддаг. Харин та шинэ бүтээлээ өмнөх бүтээлүүдтэйгээ хэрхэн холбогддог гэж бодож байна вэ?

                  -Хэцүү асуулт байна. Дурсамж янз бүр байдаг. Дурсамж гэдэг зөвхөн насанд хүрэгчдийн ярьдаг зүйл биш. Насанд хүрсэн хүн үлдсэн амьдралынхаа тодорхой үеийг дурсах мэдрэмж туулж өнгөрүүлдэг бол хүүхдэд ч мөн адил дурсамж мэдрэмж бий. Дурсах гэдэг хүн төрөлхтний нэгэнтэйгээ хуваалцдаг хамгийн түгээмэл сэтгэл хөдлөл шүү дээ. Хүн амьдралдаа олон зүйлийг алддаг. Хүсээгүй алдсан зүйлээ дурсамж гэж нэрлэдэг. Дурсамж гэдэг хүний амьдралд тохиох хамгийн бодит зүйлсийн нэг. Тиймээс л би дурсамжийн хүчинд итгэдэг. Хэн нэгнийгээ алдсан зүйлийг хайрлаж, нандигнадаг.

-ҮНЭНДЭЭ БИ ИХ ГУТРАНГИ ХҮН ШҮҮ ДЭЭ-

-Өмнөх кинонуудаас тань ялгаатай нь “Spirited Away” кино логикт баригдаагүй. Зохиолчийн жинхэнэ эрх чөлөөгөөр бүтээлээ хаана ч, хэзээ ч аваачиж, илүү сэтгэл хөдөлгөм зүйлсийг бий болгосон санагдсан?

                  -Логик гэдэг урд тархиа ажиллуулж байгаа хэрэг. Хүн тархиа ажиллуулж болно л доо. Гэхдээ логиктой кино хийж болохгүй. Өөрөөр, хүн бүр логиктой кино хийдэг. Харин миний арга бол логикоос зайлсхийж, логик ашиглахгүй байх явдал. Би логикоос илүү далд ухамсрыг эрж, оюуны худгийг гүн ухахыг хичээдэг. Тэр үйл явц ямар нэгэн таг, бөглөө нээгдэж, өмнөө огтоос өөр санаа, алсын хараа оруулах шиг санагддаг. Тэр зүйлсийн тусламжтайгаар л киногоо хийж чаддаг. Нөгөөтээгүүр далд ухамсрын тагийг нь онгойлгочихвол нийгмийн, гэр бүлийн амьдралд их нөлөөлнө л дөө. Тиймээс тагийг нь бүрэн ойлгохгүй байсан нь дээр. Зохиол бичнэ гэдэг логикоос ч илүү гүн гүнзгий зүйл шаардана шүү дээ.

-Та нэгэн үе “Laputa”, Porco Rosso” зэрэг Европын нутгийг харуулсан кино хийсэн. Харин таны сүүлийн үеийн бүтээлийн байршил эргэн Япондоо ирж байх шиг. Та киноныхоо түүхийн орчныг ямар үзэл баримтлалаар сонгодог юм бэ?

                  -Надад кинондоо ашиглахаар эмхэтгэж, бэлдсэн олон газар нутаг, байршлын зураг бий шүү. Кинондоо ашиглах болохдоо продюсертэйгээ хамт сонголт хийнэ. Мэдээж, тухайн үеийн сэтгэл хөдлөл, киноны түүхээс шалтгаална. Би кино хийх, төсөл эхлүүлэхдээ газар орны зураг, баримт цуглуулдаг юм биш л дээ. Олон төрлийн газар, орныг харах, тэдний зургийг цуглуулах нь миний хобби. “Spirited Away” киноны газар орны байршлийг аль бага насандаа нийтийн халуун усны газраар үйлчлүүлэхдээ л олж, бодож явсаар хэрэгжүүлнэ. “My Neighbor Totoro”-гийн ойг ч киногоо хийхээс 13 жилийн өмнөөс бодож явсан даа.

-Таны бүтээлүүд бусад Япон анимейшнаас илүү эерэг, сэтгэл хөдөлгөсөн, хүмүүст итгэл найдвар төрүүлж, сайхан сэтгэл харуулж, илэрхийлсэн байдаг шиг санагддаг. Энэ зүйлс ч бас таны уран бүтээлээ хийх өвөрмөц арга барилуудын нэг байх?

                  -Үнэндээ би гутранги үзэлтэй хүн. Гэхдээ кинондоо гутранги үзэл шингээж, хүүхдүүд рүү чиглүүлэхийг хүсдэггүй. Аль болох хол байлгаж, нас хүрэгчид хүүхдүүдэд үзэл бодлыг тулгах ёсгүй гэж боддог. Хүүхдүүд өөрийн ирээдүйг бий болгож, өөрийн алсын хараагаар замаа олно шүү дээ.

-Та өөрийн бүтээлүүдээ хүүхдэд зориулсан бүтээл гэж дүгнэх үү?

                  -“Porco Rosso”-г эс тооцвол миний дийлэнх кино хүүхдүүдэд зориулсан шүү. Харин “Porco Rosso”-г хүүхдэд зориулсан гэж бодохгүй байна. Үнэндээ насанд хүрэгчдэд зориулсан кино хийх олон уран бүтээлч, зохиолч, найруулагч байхад би заавал томчуудад зориулж кино хиймээргүй санагдсан юм. Хүүхдийн бүтээл анхаарал хандуулж, сэтгэлийн гаргахыг хүссэн.

-Гэсэн хэдий ч таныг бүтээлийг үзэж гайхалтай мэдрэмж, таашаал авдаг сая сая үзэгч байдаг даа?

                  -Насанд хүрэгчид ч тэгж хандаж байгаа нь надад маш сайхан байдаг. Тусгайлан хүүхдүүдэд зориулж, сэтгэл зүрхээрээ бүтээсэн бүтээл маань томчуудыг ч баярлуулж, сэтгэлийг нь хөдөлгөж байгаа нь сайхан.

-Та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ. Орчин цагийн анимейшнээр түүх хүүрнэгч, үлгэрч байж болох уу?

 

-Би үлгэрч биш ээ, зураг зурах дуртай жирийн нэг өвгөн (инээв). Хүний дурсамж, хорвоо ертөнцийн түүхийн хүч чадалд итгэдэг. Хүн төрөлхтний төлөвшилд түүх, хэн нэгний дурсамж чухал үүрэг гүйцэтгэж, гайхшруулж, урамшуулж чадна гэж итгэдэг хүн.

 

-Хүүхдэд үлгэр ярьж өгөхөд, хүүхдэд зориулсан бүтээлд уран зөгнөл хэрэгтэй гэдэгтэй та санал нийлэх үү?

                  -Төсөөлөл, төсөөлөн бодох гэдэг утгаараа уран зөгнөл маш чухал гэж боддог. Бид хүүхдийн сэтгэлийг цэвэр ариун байлгахын тулд өдөр тутмын бодит байдлаас холдуулж эсрэгээрээ зүрх сэтгэл, оюунаа нээж, төсөөллөө бодит болгоход нь туслах ёстой.

-Таны “Spirited Away”, “Porco Rosso кинонд гахай болж хувирсан хүмүүсийг дүрсэлсэн байдаг. Хүмүүсийг гахай болгож хувиргах учир юу байв?

                  -Тэмээ, анааш зэрэг амьтнаас хавьгүй амархан зурагддаг болохоор (инээв). Үнэндээ гахай гэдэг нь миний хэлэхийг хүссэн зүйлтэй сайн нийцсэн гэх үү дээ. Гахайны зан авир хүнийхтэй маш төстэй. Орчин үед хүмүүс дугуй гэдэстэй гахай шиг л харагддаг болсон (инээв). Гахай хүнтэй их ойр байдаг амьтан.

-Үзэгчдийн мэддэг Хаяо Миязакиг өнөөгийн зэрэгт хүргэхэд хэн гэдэг найруулагчийн ямар кино нөлөөлсөн бэ?

                  -1950-аад оны кино, найруулагч нар намайг “бүтээсэн” гэж боддог. Тэр дундаа хамгийн их нөлөөлсөн нь Францын хүүхэлдэйн киноны зураач Пол Гримо. Өөр дэлхийн олон найруулагч надад их, бага хэмжээгээр нөлөөлсөн ч өнөөдрийн түвшинд Пол Гримогийн л нэрийг санаж, хэлж байгаадаа хүлцэл өчье.

-Нууц биш бол таны дараагийн төсөл юу байх вэ. Одоо ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

                  -Бид саяхан “Studio Ghibli”-ийнхээ музейг нээлээ. Музей гэхэд хэтийдэж магадгүй л дээ. Манай студийн зарим бүтээлийг дэлгэдэг бяцхан овоохой. Тэр музейд “Studio Ghibli”-дээ зориулж богино хэмжээний кино үзүүлэх жижиг театр байгуулсан. Театраа ч хариуцаж яваа учраас одоо музейдээ үзүүлэх богино хэмжээний кино хийхээр ажиллаж байна.

-Оскарын шагнал хүртсэн “Spirited Away” кино таны уран бүтээлчийн арга барил, ур чадварт өөрчлөлт авчирсан уу?

                  -Кино хэр амжилттай байх, үзэгчдэд хүрэх эсэхийг нь хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Тиймээс ч энэ урлагт хөл тавихаасаа л миний уран бүтээл том ч бай, жижиг ч бай үр дүнд нь миний ажиллах арга барилд нөлөөлөх ёсгүй гэж боддог байсан. Хүн том амжилтад хүрснийхээ дараа гэнэт арга барилаа өөрчлөх нь тэнэг хэрэг. Өөрөөр, миний арга барил сайн ч гэж болно (инээв).

 

 


ХАЯО МИЯЗАКИ: БИ ҮЛГЭРЧ БИШ ЭЭ, ЗУРАГ ЗУРАХ ДУРТАЙ ЖИРИЙН НЭГ ӨВГӨН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-29 16:33:27
    Гангариг : A Агуу хүн шүү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188