• Өнөөдөр 2024-04-26

МОНГОЛ КИНОНЫ ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, ДАРХЛАГДСАН ХӨХ ӨВГӨД-III

2023-06-30,   895

Сайхан хөх өвгөд гэж байдаг даа. Өнөө цагт бол хэдийн мартагдчихсан. Урт гаансаар тамхиа сорж, туулж өнгөрүүлсэн он жилүүд нь магнайн үрчлээсэнд нь тогтож, алсыг ширтэж, жинтэй цөөн үг хэлэх буурал хөх өвгөд хөдөө л гэхээс хот суурин газар бол хэзээ ч байхгүй дүрх төрх. 

   Харин тийм нэг буурал хөх өвгөдтэй байсан гэдгийн хамгийн том жишээ бол хуучны монгол кино. Ингээд өгүүлэхээр уншигч таны санаанд “Ирж яваа цаг” киноны Багаяа, “Тод магнай”, “Тэнгэрийн амьтан” киноны хашир уяач өвгөн, “Үер” киноны Дэнзэн, “Хөдөөгийн Баясгаланкиноны Ширнэн гээд цөөн дүр бууж байгаа болов уу. Үнэхээр тэд л жинхэнэ хөх өвгөдийн дүрийг үлдээсэн шиг үлдээсэн. Тэгэхдээ бүр тэдний санаа алдалт, гуниг шаналал, уужим тэнүүн сэтгэл, баярт царайг нь хүртэл тэр хэвээр нь мөнхөлсөн.

-"ТОДМАГНАЙ" КИНОНЫ БУУРАЛ УЯАЧ-

  “Тод магнай” киноны уяач Төгс-Очирын дүр бол монгол ахуй соёлоо буй биеэрээ тээсэн, морьд хачин хайртай, нарийн тооцоотой, малч ухааны эрдэмтэй, хашир уяачийн дүр. Олон жил магнайдаа тоосгүй түрүүлж хурдалсан хөгшин хээр морио тэр үр хүүхэд шигээ хайрлаж, сойно.

  Тэр ч бүү хэл “Хөгшин хээр минь уйлж байна уу даа” гэж сэтгэл санаа, баяр гунигийг нь хүртэл мэддэг нь эрхгүй олон жилийн дадал туршлага, морих таних, шинжих уяачийн эрдэм гэмээр. Гэхдээ киноны турш ганц уяачийн эрдэм мэдлэгийг харуулж байна уу гэвэл үгүй. Өнөө бидний яриад байгаа монгол эр хүний жудаг, уужуу тайван зан, холч ухаан, дотроо бодолтой өвгөний хамгийн сайхан дүрийг тэр киноны турш үзүүлж, буурал өвгөдийн төлөөллийг эрхгүй харуулдаг. Түүний дараа “Тэнгэрийн амьтан” кинон дээр мөн л буурал уяач өвгөний дүрийг дахин давтан үзүүлж, Монголын урлагт буурал өвгөн уяачийн дүрээр үлдсэн. 

                                              -"ТЭНГЭРИЙН АМЬТАН" КИНОНЫ ДАНЗАН-

      Буурал уяач цаг ямагт морьтой ярина. "Тод магнай" дээр ч тэр, эл кинонд ч тэр. Тус кинонд холоос нутагтаа гүйн ирсэн хүлгийг гол дээр унаж ирээд, "Аргагүй ээ, чи ийм их ус үзээгүй, рашаан даа" гэж хэлнэ. Тэгээд "Хатан эх ус минь, баян лус минь, эрдэнэ мэт ховор хүлэг энэ өдөр гал голомтыг минь гийгүүлэн орж ирэв ээ, ганц хүүд минь хань болог, газар нутагт минь чимэг болог, ивээлдээ багтааж хайрла" хэмээн цаашлаад өнөөх хүлгээ уул, усандаа даатгаж, хангай дэлхийтэйгээ ярина. Харин олон жил хурдалж байгаад хурдлахаа больж, харьсах хүлгийн талаар "Хурдан хүлгийн яс ч болов нутагтаа байвал өлзийтэй гэдэг" гэж нас өндөр болсон морийг ч хайрлаж сууна. Ингэж л морьны төлөө үймэрч, өмөрч, бодож, ухаанаа сийлж, сэтгэлээ чилээж суух бор өвгөний дүрийг "Тэнгэрийн амьтан" кинонд гаргасан шиг гаргасан.
 

Тэгвэл тус бүтээлд нэрт жүжигчин Жамбаагийн Занабазар тоглосон юм. Ардын жүжигчин, төрийн шагналт Д.Жигжид найруулагч”Ардын элч” киноны ардын элчид тоглох хүнийг хайж яваад, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас Ж.Занабазарыг олсон тухай түүх, домог шиг яригддаг. Өөрөөр хэлбэл тэрбээр мэргэжлийн сургууль төгсөөгүй ч урлаг гэх их айлын томоохон уран бүтээлд дүрээ мөнхөлж, сайхан хөх өвгөний дүрийг дархалж чадсан уран бүтээлч. Ард түмний шударга, мөнхүү хэрсүүжсэн элч байна гэдэг энгийн даруу нэгний л гаргах дүр. Найруулагчийн энэ л хүсэл түүний эгэл даруу дүрээр гарсан нь өдгөө бидний хайртай Дарьбазар. Ийм нэг даруухан мөртлөө даац ихтэй дүрээрээ Монголын урлагийн хаалгыг цэлийтэл нээн ороод, “Тунгалаг тамир”, “Эх бүрдийн домог”, “Гологдсон хүүхэн”, “Говийн зэрэглээ”, “Талын цуурай”, “Өндөр ээж”, “Загийн алим”, “Тод магнай”, “Үүр цайхын өмнө”, “Байлдааны даалгавар”, “Тэнгэрийн амьтан”, "Загийн алим", “Ач тус атаа хорсол”, “Хайрхан өндөр хаана байна”, Нар хиртсэн жил”, “Говийн зэрэглээ” зэрэг 30 гаруй бүтээлд гол болон туслах дүрд тоглосон байдаг. "Загийн алим" киноны ухаантай, ажилдаа шаргуу бригадын Дэнзэн даргын дүрийг гаргаж, илгээлтээр мал маллахаар зорьж байгаа залууст зааж зөвлөж, дөнгөж сургуулиа төгссөн залуусыг зөв амьдралын замд чиглүүлж байгаа түүний дүр бий. Харин Ж.Занбазарын дараагийн нэгэн зурвасхан мөртлөө сонин, ардын элч байсан үеэсээ арай ахимаг насны дүр бол “Өндөр ээж” киноны цагдаагийн даргын дүр. Жолооч Зундуй архи ууж, улсын машин эвдэж сүйтгэдэг. Үүнийг өндөр ээж мэдэж, хотод түүн дээр очиж, даргатай нь уулздаг. Өндөр ээж “Зундуйг суллачихгүй юу даа хүү минь, та л мэддэг хүн нь юм гэнэ лээ” гэдэг хэсэгт ээжийнх нь сэтгэлийг бодоод, хүүг нь сулладаг даргын хэсэг байдаг шүү дээ. Ингэж кинонд гол роль мэт туслах дүрийг тэр бүтээснийг ерөнхийлөн харвал ухаалаг, даруу дүрийг бүтээсэн нь тоглосон уран бүтээлүүдээс нь илт. 

 

      Тэр залуудаа ч, буурал өвгөн болсон хойноо ч бодож, жинтэй үг дуугардаг дүр байсан, тэр л хэвээр. Хуучны монгол киноноос түүний эгэл даруу дүрүүдийг салгаж ойлгохын аргагүй. Тэр дундаа морь хэмээх тэнгэрлэг амьтны тухай мэдэж тоглосон уран бүтээлээс түүний нүдний харц, царайны хувирал, баяр гуниг дэлгэцийн хальсанд тэр л хэвээр үлдсэн сайхан хөх өвгөдийн нэг бол яах аргагүй нэгт яах аргагүй тэр багтана.

-ӨРТӨӨЧИН ДАРЬБАЗАРААС ТЭМЦЭГЧ БОЛЖ ХУВИРСАН НЬ-

    “Ардын элч” киноны Дүлзэн Дарьбазарын эхнэр Ариунаад сэтгэлтэй болж, түүнээс нөхрийг нь холдуулахын тулд ноёны хатанд хэлж, Дарьбазарыг цэрэгт явуулж байгаагаар кино эхэлдэг. Ингээд олон жил цэрэгт байсан Дарьбазар цэргээс халагдан ирэх байдлаар үйл явдал өрнөнө. Өөрөөр хэлбэл, ажилч хичээнгүй, ааш зан сайтай өртөөчин Дарьбазарын амьдрал цэрэгт явж, манжууд хүрээнд олноор түрэн орж ирснээр үйл явдал өөрчлөгдөж, эх оронч, чин зоригт, шударга Дарьбазарыг тодотгон үзүүлнэ. Түүний тэмцэл цэрэгт явахгүй гэснийхээ төлөө амиа алдсан нөхрийгөө аваад, ноёдтой сөргөөлцөж байгаагаар илэрнэ. Ийм нэгэн эгэл ард тэмцэгчийн дүрийг тэрбээр гаргасан дүр юм.  Нөхцөл байдлын хүндийг бодож, Сүхбаатарт бичиг хүргүүлэхээр болдог. Тэдний дунд байж, төлөвлөж байгаа бүх хэргийг нь мэдсэн Дүлзэн ноёнд хамаг нууцыг нь задруулснаар хэрэг бишдэнэ. Ингээд Дарьбазар уг бичгийг авахаар зугатаж, эхнэр, хүүхэд хоёроороо дайлгаж, өөрөө замыг нь төөрүүлээд, цэрэг нарын гарт амиа алддаг. Өөрөөр хэлбэл, дайнд явж дайтаагүй ч хүн ардынхаа төлөө эцсээ хүртэл тэмцсэн эгэл ард байсан гэдгийг бид Дарьбазарын дүрээс харж болно. Тэгвэл Ж.Занабазар энэ дүрийг тун сайн гаргаж, яг л эгэл жирийн баатарыг үзүүлж чадсан юм. Үүгээрээ ч Монголын ард түмний бахархалт, хайртай дүр болж чадсан юм.  Харин нас ахисан хойноо бол сайхан хөх өвгөний дүрийг гаргасан. Үнэхээр сайхан хөх өвгөдөө үгүйлэх бүртээ "Тод магнай", "Тэнгэрийн амьтан" хоёр киног үзэхэд эрхгүй ийм л хүмүүс байдаг даа гэж нэхэн дурсаж, сэтгэлд нэг дулаахан, дүүрэн мэдрэмж төрөх болов уу. 


МОНГОЛ КИНОНЫ ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, ДАРХЛАГДСАН ХӨХ ӨВГӨД-III
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188