• Өнөөдөр 2024-03-29

Б.Дэлгэрмаа: АН-ын эгэл жирийн гишүүд итгэл үнэмшилгүй болж байна

АН-ын гишүүн асан, улстөрч Б.Дэлгэрмаатай ярилцлаа.

-АН-ын дэд даргын албыг хашиж байсан та энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Харин сүүлд ИЗНН-д элсэж, “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшихээр боллоо. Чухам яагаад намаасаа гарсан юм бэ?
-Тийм ээ, би намаасаа гарах өргөдлөө албан ёсоор АН-д өгөөд, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж баталгаажуулсан хариугаа авсан. Энэ үеэр ИЗНН-ын удирдлагаас санал болгож “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшинэ үү гэж хүсэлт ирүүлсэн. Нэлээд бодож тунгаасны эцэст тэдний саналыг зөвшөөрсөн.  Тус нам үүссэн цагаас эхлээд авлигын эсрэг тууштай тэмцэж байгаа байр суурь миний итгэл үнэмшилд нийцсэн учир саналыг хүлээн авсан.
 
-Таныг намын даргатайгаа таарамжгүйгээс ийм шийдвэр гаргасан гэх мэдээлэл гарсан. Нөгөө талаар АН-аас квот өгч, нэр дэвшүүлэхгүй байсантай холбоотой юм биш үү? 
-АН-ын дарга, ер нь бүх намын дарга юуны өмнө, бодлоготон байх ёстой. Макро түвшинд асуудлаа томоор харж сэтгэх олон талын боловсрол мэдлэгтэй, янз бүрийн байр суурь бүхий хүмүүсийг нэгтгэх чадвартай, бусдын үзэл бодолд хүлээцтэй хандах зэрэг манлайлагч байвал зохино. Түүнээс нэг талын урсгал бүхий мэдээлэл авах буюу бүдүүлгээр хэлэхэд “хов жив”-ээр ажлаа явуулдаг байж хэрхэвч таарахгүй. Үйл явцыг зөвхөн “хов жив”-т тулгуурлаж дүгнэх явдал улстөрчдийн дунд түгээмэл болсон нь манай үеийн эмгэнэл.
 
Энэ нь ганц АН-д төдийгүй төр, засгийн зарим удирдлагад ч түгээмэл ажиглагдаж байна. Үүнийг “вакумжилт” буюу улстөрчдийн бодит амьдралаас тасарсан, тойрон хүрээлэгчдийн хий хоосон магтаалд автсан байдал гэж ойлгодог. АН бие дааж нэр дэвшинэ гэсэн С.Баярцогт, эсхүл З.Энхболдын тойрогт “ясаа цайтал үзэх”-ээ зарласан Э.Бат-Үүл зэрэг хүмүүстээ тойрог өгч намын залууст халтай бодлогоо үргэлжлүүлсэн. Би залууст боломж олгох үүднээс үүнийг хүсээгүй.
 
-Энэ удаагийн сонгууль  өндөржүүлсэн бэлэн байдлын үед болох гэж байгаагаараа онцлог. Хэр шударга, тэгш эрхийг хангасан сонгууль болно гэж харж байна вэ?
-Өнөө үед дэлхий дахинаараа онцгой нөхцөлд амьдарч байна.Эрх баригчид үүссэн нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эрх мэдлээ хэвээр үлдээх бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаа. Гараанаасаа эхлэн шударга бус нөхцөлөөр эхэлж байгааг бүх нам, улс төрийн хүчин ойлгож мэдэрч байгаа шүү дээ. Эрх баригчдад ээлтэй бусад намд халтай байдал нь шударга, тэгш сонгууль болно гэдэгт эргэлзээ төрүүлж байна. 
 
-2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд маш олон бие даагч нэр дэвшиж байна. Уг нь томсгосон тойрог олон мандат гэх сонгуулийн тогтолцоо бие даагчид болон гуравдагч хүчин гарч ирэхэд хязгаарлагдмал гэдэг шүү дээ. Гэтэл яагаад ингэж олноороо бие даан нэр дэвшиж байна вэ. Энэ нь намын төлөвшил, зохион байгуулалтын асуудалтай холбоотой юу?
-УИХ сонгууль бүр өөрийн онцлогтой байдаг. Энэ жилийн сонгуулийн нэг онцлог нь, таны асуултад байна. МАНАН засаглал Монголын ард түмнийг туйлдуулж, хүн амын гуравны нэгээс илүү хувийг ядууралд хүргэсэн, эрх мэдлээ хувийн зорилгод тултал ашиглаж авлига, хээл хахуулийг төрийн хэмжээнд залсныг сонгогч хүн бүрийн яс маханд мэдрүүлсэн тул улс төрийн хоёр намд итгэх итгэл буурснаас гуравдагч хүчин, бие даагчид руу ханарах үзэгдэл ажиглагдаж байна.
 
-АН-ын лидер гэгдэх хэд хэдэн хүн бие даан нэр дэвшихээр болж, заримыг нь нэр дэвшүүлэлгүй өнжөөлөө. Нам дотроо хагаралтай байна гэж үзэж болох уу?
Би АН-аас нэгэнт гарсан тул одоо энэ намын тухай ярих нь илүүц биз ээ. Хамгийн харамсалтай зүйл бол АН-ын эгэл жирийн гишүүд итгэл үнэмшилгүй болж байна. 
 
-Энэ удаагийн парламент олон жил яригдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Үндсэн хуультай уялдуулан 40-өөд хуульд өөрчлөлт оруулах ажил бий. Иймд дараагийн парламентыг илүү мэргэжлийн хүмүүс байх нь зөв гэж үзэх хүн байна. Та УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын тусгаар тогтнолд халдсан үйлдэл гэж хуульч хүний хувиар үзэж байгаа. Би олон жил Үндсэн хуулийн эрх зүйгээр дагнасан улс төрч хүний хувьд энэхүү нэмэлт, өөрчлөлтийг шинэ парламент бүрэлдсэний дараа даруй өөрчлөх ёстой гэж үзэж байна. Үндсэн хуулийн 6.2-д орсон “төрийн нийтийн өмч” хэмээн хаана ч байдаггүй “нэр томъёогоор” газар, байгалийн баялгийг эзэнгүйдүүлж, бэлчээрийн мал аж ахуй мөхөх ирмэгт очих, газар нутгаа харийнханд алдах зэрэг эрсдэл дагууллаа. Энэ мэтчилэн заалт бүрийн талаар шүүмжлэл өрнүүлж болно.
 
-Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өмнөх алдаагаа засаж чадсан уу. Хэр чамбай хууль болсон бэ?
-Парламентын засаглал, улс төрийн намыг бэхжүүлсэн гэх мэт үзэл суртал их явсан л даа. Гэтэл эсрэгээр ард түмний итгэлийн мандатыг аваагүй Засгийн газар бий болох (дөрвөн сайдаас бусад нь УИХ-ын гишүүн нэгэн зэрэг байж болохгүй) боломжийг бүрдүүлснээр үндсэндээ сул дорой хууль тогтоох байгууллага, хүчирхэг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага–Засгийн газар, бэлгэдлийн шинжтэй Ерөнхийлөгч гэсэн үндсэндээ хагас ерөнхийлөгчийн засаглал бүхий хэлбэрт шилжсэн. Нэртэйгээр нь Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нь дээр.
 
Учир нь, бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь Засгийн газраа тэргүүлээд өөрийн багаа бүрдүүлээд, харин түүнийг “зогсоох, сөрөх” институц нь парламент буюу УИХ байх ёстой. Нөгөөтэйгүүр, бид шүүх эрх мэдлийн байгууллагуудын томилгоог Ерөнхийлөгчөөс салгахгүйгээр айдас, хүйдэст автсан нийгэм л болно. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл харилцан тэнцэлтэй, бие биенээ хянаж чаддаг байвал ардчилсан төрийн тогтолцоо руу дөхнө.
 
-Та бидний эвсэл ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэв. Мөрийн хөтөлбөрөө улс орны хөгжлийн бодлого, эдийн засгийн засгийн нөхцөл байдалтай хэрхэн уялдуулсан бэ?
-Юуны өмнө шинэ Үндсэн хууль буюу Дээд хуультай болох. Ингэснээр бид улс төрийн тогтолцооны шинэчлэлийг хийх боломж үүснэ. Нам төвтэй төр бус, иргэн төвтэй улс болох. Хамгийн товчоор иргэндээ, хүндээ чиглэсэн мөрийн хөтөлбөр гэж тодорхойлоё. Иргэдээ тохилог, орчин үеийн инженерийн дэд бүтэцтэй орон сууцтай болгох, баталгаатай амьжиргааны эх үүсвэртэй байх, жижиг, дунд бизнесүүдээ төрийн дарамтаас ангижруулах, олигархуудаас салах, байгаль, түүний баялгийг зөв зохистой ашиглах зэрэг олон том хөгжлийн бодлого шингэсэн мөрийн хөтөлбөртэй орж байгаа.  Миний уриа “Эрхэм төрийн иргэн, Тунгалаг төрийн түшээ” Та бидний Эвслийн мөрийн хөтөлбөртэй нийцүүлж би өөрийн уриаг “Эрхэм төрийн иргэн, Тунгалаг төрийн түшээ” гэсэн юм.
 
-УИХ-д суух эмэгтэйчүүдийн квот бага байна гэх нь бий. Ер нь эмэгтэйчүүдийн квотыг нэмэх талаарх таны байр суурийг сонсмоор байна?
-УИХ, Засгийн газарт чадалтай, туршлагатай, өөрийн гэсэн байр суурьтай эмэгтэйчүүд олноор орж ирээсэй гэж хүсдэг. Энэ жилийн сонгуулиар эмэгтэйчүүд нэр дэвшсэнийг харахад хэдийгээр 20 хувийн квотыг намууд хангасан ч олон мандаттай томсгосон мажоритар тогтолцоогоор эмэгтэйчүүд, залуучууд, шинэ хүмүүс сонгогдох магадлал бага байдаг. Харамсалтай.
 
-Өнгөрсөн хугацаанд та ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан. Энэ хугацаанд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ямар бодлого баримталж ажиллав?
-Монгол Улс ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай байсан. Миний хугацаа 2019 онд дуусахад Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болж хөгжсөн. Энэ бол хамгийн том үнэлэмж, амжилт. Хоёр хөрштэй тогтоосон дипломат харилцаа хамгийн дээд түвшинд хүрсэн гэж хэлж болно. 2016 оны зургадугаар сарын 23-нд ШХАБ-ын Дээд түвшний уулзалтын үеэр Ташкент хотноо Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн Тэргүүн нарын түвшинд “Эдийн засгийн хөгжлийн коридорын хөтөлбөр”-ийг баталж гарын үсэг зурсан.
 
Тус хөтөлбөр 31 заалттай. Аялал жуулчлал, эрчим хүч, дэд бүтэц, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин зэрэг бүхий л салбарыг хамарсан маш чухал баримт бичиг юм. Гурван жил Элчин сайдаар ажиллахад Монгол-ОХУ-ын хүмүүнлэг, батлан хамгаалах, хил орчмын худалдаа, хөдөө аж ахуйн чиглэлээр багагүй амжилт олсон хэдий ч худалдааны тэнцэл манай талд ашиггүй байсан хэвээр. Энэ талаар манай гадаад бодлогод дорвитой өөрчлөлт хийх шаардлага байгаа нь харагдсан.

Б.Дэлгэрмаа: АН-ын эгэл жирийн гишүүд итгэл үнэмшилгүй болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188